Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/186

 

Ц.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч А.Сандагдулам,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/1350 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Аы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1908039501193 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Цийн А, 1972 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Мишээл” хотхонд манаач ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 7 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “Мишээл” хотхоны харуулын байранд түр оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” үйлчилгээний төвийн автобусны буудал дээр иргэн Н.Оыг газар савж унаган амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аы цагдан хоригдсон 139 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ааас 6.219.620 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эд олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эаас цалингийн зээлтэй холбоотой 6.000.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэлгүй орхиж, Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн буруутай үйлдлээс болж хүний амь насанд хүрсэндээ маш их харамсаж, гэмшиж, хохирогчийн ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Одоогоор хохирол төлөх боломжгүй болохоор очсон хорих ангид ажил хийж, учруулсан хохирлоо төлж барагдуулахаа амлаж байна. Шийтгэх тогтоолын 3 дугаар хуудасны Ц.Цолмоннямын мэдүүлэг, 4 дүгээр хуудасны Шүүх эмнэлгийн “Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь дагз хэсгээр савж унахад үүсэх боломжгүй “ гэх дүгнэлтэнд, мөн “хохирогч Н.О нь 2019 оны 7 дугаар сарын 25-нд түргэн тусламжийн эмчид үзүүлж тусламж авсан бөгөөд 26-нд хагалгаанд орж, 28-ны өдөр өөд болсон” гэх мэдүүлгүүдийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, эхнэр, бага насны охиныг минь болон ар гэрийн амьдралыг минь харгалзан үзэж, тухайн ялаас хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Аы өмгөөлөгч А.Сандагдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.А давж заалдах гомдол гаргасан ба тус гомдлыг өмгөөлөгч миний бие дэмжиж оролцож байна. Ц.А нь гэм буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсдаг. Гагцхүү хэрэг үйлдсэн үйлдлээ санахгүй байгаа нь бэрхшээлтэй байдаг. Гэмт хэрэг үйлдчихээд түүнийгээ санахгүй байгаа хэрэг бус, эрүүл мэндийн байдалтай холбоотой зарим зүйлийг санадаггүй. Урьд нь мотоциклийн авто осолд орсноос болж мартах явдал нь үүссэн байдаг. Хэрэг үйлдсэн, тэндээс яваад автобусанд сууж байснаа санадаггүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд тухайн өдрийн үйл явдлуудыг хэсэгчлэн санадаггүй. Мөн шүүгдэгч хэргийн зарим нотлох баримтуудад эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Үүнд, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн “гавал тархины битүү гэмтлийн улмаас хохирогч нас барсан” гэсэн дүгнэлтэд маргадаггүй. Харин хавтас хэргийн 94-96 дугаар талд байх 1223 тоот дахин шинжилгээгээр “талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь дагз хэсгээр савж унахад үүсэх боломжгүй” гэж дүгнэсэн байхад гэрч нар “талийгаач нь ар дагзаараа савж унасан” гэж мэдүүлдэг. Түүнчлэн, шинжээч эмч Болороогоос гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж асуулт асууж тодруулахад “асуусан асуултынх нь дагуу хариулсан” гэж тайлбарладаг. Учирсан гэмтэл нь “зулайн баруун хэсэгт хүч үйлчилсний улмаас үүссэн” гэж дүгнэсэн. Хавтас хэргийн 60 дугаар талд, гэрч Батболд “талийгаач өөрөө унасан” гэж мэдүүлдэг. Эдгээр мэдүүлэг, дүгнэлтүүд эргэлзээ төрүүлэхүйц байх тул шүүх үнэн зөв дүгнэлт хийж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд хариуцлагаас зугтах, зайлсхийх санаагүй байгаа. Анх 7 дугаар сарын 31-ний өдөр баривчлагдсанаасаа хойш өдийг хүртэл цагдан хоригдсон учраас хохирол төлбөр барагдуулж чадаагүй болно. Анх шүүгдэгч хийсэн хэргээ санахгүй байсан учраас эргэлзээ үүсч, улмаар ямар ч арга хэмжээ аваагүй. Харин дараа нь хурааж хуримтлуулсан хөрөнгөгүй, тусалж дэмжих хүнгүй учраас өөрөө хохирлоо төлж барагдуулна гэдэг. Түүнчлэн, шүүгдэгч нь сүүлийн 5 жилийн хугацаанд гэр бүлтэй болж, охинтой болсон. Гэр бүлийн хамт амьдарч байсан боловч ажил эрхлэх шалтгааны улмаас хөдөө явж, харуул хамгаалалтын ажил эрхэлж байсан. Иймд шүүгдэгчийн цаашид хохирол төлбөр төлж барагдуулах, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн үед прокурорын тогтоолоор дахин шинжээч томилсон байдаг. Уг тогтоолын “ар дагз хэсгээрээ унахад тухайн гэмтэл үүсэх боломжтой юу” гэсэн асуултанд шинжээч “ар дагз хэсгээрээ унахад тухайн гэмтэл үүсэх боломжгүй” гэж хариулсан. Харин талийгаачийн цогцост хийсэн үзлэгээр “зулайн баруун талаар хүч үйлчлэхэд энэ гэмтэл үүсэх боломжтой” гэсэн шинжээчийн тайлбараар тогтоосон байдаг. Эрүүгийн хариуцлагын хувьд, шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны шатанд “тухайн өдрийн үйл явдлыг огт санахгүй байна” гэж мэдүүлдэг. Гэвч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн шүүгдэгчийн хувийн байдлын хувьд, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хохирол төлбөр төлөгдөөгүй байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд, шүүгдэгч ямар ч шалтгаангүйгээр талийгаачийн биед халдаж амь насыг нь хохироосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” үйлчилгээний төвийн автобусны буудал дээр хэд хэдэн удаагийн санаатай үйлдлээр иргэн Н.Оыг толгойн хажуу болон ар дагзаар нь савж унагаах үйлдэл хийснээс тархинд нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эын “...Аав ... “аавынх нь тархиар хатгуулаад байна. Аав нь үхлээ, толгойн эм байна уу” гэсэн. ...Аавыг гэрт оруулаад толгойн эм өгөөд хэвтүүлсэн. ...22 цагийн үед гэртээ ирэхэд аав доошоо харсан байдалтай хурхираад унтаж байсан. ...Маргааш өглөө нь ... сонин хүржигнээд байгаа юм шиг хурхираад байсан. ...Очиж ... үзэхэд аавын амнаас хүрэн өнгийн зүйл гарсан байсан ба ухаан алдсан байсан. ...Эмч нар үзээд, томограф зураг аваад “...Ер нь бол найдваргүй байна, нэг хагалгаанд орж үзвэл үзэх юм. ...” гэсэн. ...Хагалгаанд орж гарч ирээд хоёр хоноод ... нас барсан. ...” /хх 30-39/,

гэрч Ө.Мөнхжаргалын “...Улаан фудболктай, бор ... саарал өмдтэй, өндөр махлагдуу ах ... сууж байсан согтуу ахыг заамдаад, сандлаас нь босгож ирээд буудлын боржуур руу унагаачихсан. ...Газар унасан ах хэвтсэн чигээрээ л байгаад байсан. ...Нөгөө улаан фудболктай ах газар унагаасан ах дээр очоод ... энгэрээс нь заамдаж, цээжин биеийг нь өндийлгөж босгож ирснээ дагзаар нь арагшаа түлхээд газар савуулаад унагаасан. ...Улаан фудболктай ах хохирогчийг энгэрээс нь заамдаад биеийг нь өндийлгөж байгаад “май” гээд түлхээд дагзаар нь хойшоо савуулсан. Дагзаараа их хүчтэй савагдсан. ...” /хх 6З/,

гэрч О.Хашхүүгийн “...Улаан фудболктай ах нь нөгөө согтуу ахыг ... заамдаж аваад, угз татаад, тиймэрхүү хүч хэрэглэсэн үйлдэл үзүүлээд байсан. Улаан фудболктай ах нөгөө согтуу ахыг заамдсан чигээр нь татаад буудлын хажууд дагзаар нь савуулаад газар унагаасан. ...Дагзаараа савагдаж унасан ах газар унасан чигээрээ хэвтээд байсан. ...Улаан фудболктай ах газар унасан нөгөө ах дээр дахиж очоод энгэрээс нь заамдаж, цээжин биеийг нь газраас өндийлгөж байгаад арагш нь дагзаар нь дахиад савуулаад унагаасан. ...” /хх 71/,

гэрч Ц.Цолмоннямын “...50 гаран насны эрэгтэй хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, ... малгайны дээд хэсэгт нь улаан өнгийн толбо мэт зүйл болчихсон байхаар нь малгайг нь аваад үзэхэд толгойн баруун талын дагз орой хэсгээс цус гарсан байдалтай байсан. ...” /хх 51/,

гэрч М.Маналжавын “...Тэр ах дээр очоод юу болсон талаар асуухад “ах нь хүнд зодуулчихлаа, ...” гэсэн. ...Толгойн дагзны орой хэсгээр бага зэрэг цус шүүрч ... байсан. ...” /хх 53/,

гэрч Р.Баасандоржийн “...Тэр хүний толгойн зулайн хэсгээс бага зэрэг цус шүүрч гарч байхаар нь “та яасан юм бэ?, хүнд зодуулсан юм уу” гэж асуухад асуултад тодорхой хариулаагүй. ...” /хх 59/,

гэрч И.Батболдын “...Цайвардуу богино үстэй, ногоон өнгийн цамцтай, хар хөх өнгийн өмдтэй согтуу өвгөн автобусны зогсоол дээр бүсэлхийнээс дээш хэсэг нь явган хүний зам дээр, бүсэлхийнээс доош хэсэг нь машин зам дээр, дээшээ харсан, ам нь ангайсан байдалтай хэвтэж байсан. ...” /хх 60-61/,

шинжээч эмч О.Болороогийн “...амь хохирогчид учирсан гэмтэл нь зулайн баруун хэсэгт хүч үйлчилсний улмаас үүссэн. ...Хохирогч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд гавал тархины гэмтлийн шинжүүд нь бүдгэрдэг. Энэ үед эмчийн үзлэгээр 100 хувь тодорхойлох ямар ч боломжгүй. ...” /хх 98-99/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1657 дугаартай “...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, баруун зулайн чамархайн яс, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цус хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг, бага тархины аалзан хальс доор тархмал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн урд ба дунд хэсэг, мөн уртавтар тархины гүүр хэсэг ба 2 хажуу ховдлын хажуу дээд хана, эдийн цэгчилсэн цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тохой, цээж, зүүн шилбэний гадна дээд, уруулын зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтлүүд болно. ...Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...” /хх 81-87/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1223 дугаартай “...Урьд гаргасан 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1657 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачийн цогцост баруун зулай чамархайн яс, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цус хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг, бага тархины аалзан хальс доор тархмал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн урд ба дунд хэсэг, мөн уртавтар тархины гүүр хэсэг ба 2 хажуу ховдлын хажуу дээд хана, эдийн цэгчилсэн цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тохой, цээж, зүүн шилбэний гадна дээд, уруулын зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь дагз хэсгээр арагш савж унахад үүсэх боломжгүй. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд тархины хатуу хальсан доорх цусан хураа нь нэмэгдэж тархийг дарах хүртэлх хугацаанд идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Дээрх талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлсэн ч амьдрах боломжгүй байжээ. Учир нь, тархины гүүрний хэсэг болон ховдлуудад цус харвасан тохиолдолд мэс заслын эмчилгээ хийсэн ч амь нас аврагдах боломжгүй байдаг. ...” /хх 94-96/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх 5-6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх 7-9/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16, 21-22/, яллагдагчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-28/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх 64-66/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Аыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Аы согтуурсан үедээ, амь хохирогч Н.Оыг хэд хэдэн удаагийн санаатай үйлдлээр савж унагаах үйлдэл хийснээс тархинд нь хүнд гэмтэл учруулан амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн буюу гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироосон байдалд дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Ц.Аы “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, эхнэр, бага насны охиныг минь болон ар гэрийн амьдралыг минь харгалзан үзэж, тухайн ялаас хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Хэрэгт буй баримтаас үзэхэд, мөрдөн байцаалтын шатанд тухайн гэмт хэргийн үйл явц болон өрнөлийг биечлэн харсан гэрч Ө.Мөнхжаргал, О.Хашхүү нар хэрэг учралын талаар мэдүүлдэг бөгөөд эдгээр мэдүүлэг нь гэрч Ц.Цолмонням, М.Маналжав Р.Баасандорж И.Батболд нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогджээ.

Хохирогчийн бие махбодид хүнд буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулдаг.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Аыг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн автобусны буудал дээр иргэн Н.Оыг газар савж унаган амь насыг хохироож, хүнийг алсан гэж үйл баримтыг дүгнэж яллах дүгнэлт үйлджээ.

Хавтас хэрэгт авагдсан гэрч Ө.Мөнхжаргал, О.Хашхүү нарын мэдүүлгээр хохирогч Н.Оыг шүүгдэгч Ц.А нь заамдаж замын боржуур дээр болон цээжин хэсгээс өргөж байгаад ар дагзаар нь савж унагаасан үйлдлийн улмаас тархинд нь хүнд гэмтэл учруулан хүнийг алсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Аы удаа дараа хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогч Н.Оын биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсаны улмаас нас барсан нь шалтгаант холбоотой бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтээр тогтоогджээ.

Хүнийг алах гэмт хэргийн субъектив тал нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа мэдэж байх явдал бөгөөд Ц.А өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн амь насанд ноцтой хор уршиг учрахыг ухамсарлаж мэдсэн атлаа удаа дараагийн үйлдлээр түүнд зориуд хүргэсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 1223 дугаар дүгнэлтэд “Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь дагз хэсгээр арагш савж унахад үүсэх боломжгүй” гэж дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч прокурорын асуусан асуултанд “Амь хохирогчид учирсан гэмтэл нь зулайн баруун хэсэгт хүч үйлчилсний улмаас гэмтэл учирсан. Зулайн баруун хэсгээр савагдаж унахад үүсэх боломжтой” талаар тайлбарлажээ.

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн “...Газар савж унаган амь насыг нь хохироосон. ...” гэсэн хэргийн үйл баримтыг “...хэд хэдэн удаагийн санаатай үйлдлээр /заамдаж замын боржуур руу баруун чамархай хэсгээр нь болон дагзаар нь савж унагаасан/ савж унагаах үйлдэл хийснээс тархинд нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон.” гэж өөрчилсөн бөгөөд яллах дүгнэлт үйлдсэн болон шийтгэх тогтоолд тусгагдсан хэргийн үйл баримтаас давсан дүгнэлт хийгээгүй болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.А нь амь хохирогч Н.Оыг заамдаж замын боржуур дээр болон дагзаар нь савж унагаан хүнд гэмтэл учруулсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогджээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1350 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Аы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1350 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Аы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ