Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0116

 

 

 

 

 

 

    2022         02          23                                    128/ШШ2022/0116

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Л,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н нарын хоорондын нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгосон төрийн албаны болон цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг шийдвэрлүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл гаргагч Ч.Л-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргад өгсөн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж анх маргажээ.

2. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-оос “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргад өгсөн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхдээ Ч.Л-ыг цэргийн байнгын тэтгэвэрт гаргах, Ч.Л-ад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль тогтоомжид заасан хугацаагаар бодож олгохыг хариуцагчид даалгуулах” хэмээн тодруулж, харин “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаандаа тасгийн алба хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам тогтмол хяналт тавьж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн, тэдний ажлын үр дүнг бодитой үнэлж дүгнээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй гэж үзэж маргаан бүхий тушаалыг гаргасан бол, нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг өөрөө олж мэдсэн, маргаан бүхий тушаалыг албан ёсоор мэдэгдээгүй хэмээн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гарган шүүхэд хандсан байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

4.1. 2018 оны 07 дугаар сарын 14-15-ны өдөр тус аймгийн Туул тосгоны амралтын газарт иргэн н.Ө нь нас барсан байна гэх дуудлагын дагуу зохих ёсоор ажилласан боловч 2019 оны 02 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналтаас дэд хурандаа н.Б гэж хүн албаны шалгалт явуулж, “нас барсан иргэний цогцсыг ар гэрт нь явуулсан” гэх шалтгаанаар 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/149 дүгээр тушаалаар албан тушаал бууруулж, уг хэрэгт холбогдолгүй надад үндэслэлгүйгээр арга хэмжээ авсан.

4.2. Цагдаагийн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа өргөдөл, гомдлын, үндсэн дээр албаны шалгалт хийж, зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэдэг. Гэтэл цагдаагийн албан хаагч н.Баттөмөр миний албаны ажиллагаатай холбоотойгоор гомдол гаргасан зүйл байхгүй, албан тушаал бууруулахад гомдол байна уу гэж надаас асуухад ямар нэгэн алдаа, дутагдал, ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй байсан тул тухайн үед тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн байсан болохоор татгалзах зүйлгүй гэсэн гарын үсэг зурсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т “... өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр ажлаас халсан нь  сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байхад нотлогдож баримтжуулсан зүйл байхгүй байхад 82.1.1 дэх заалтыг буруу хэрэглэж, субьектив хандлагаар намайг ажлаас халсан нь хууль бус үйлдэл ба хууль зөрчсөн.

Албаны шалгалт хийгээд зөрчлийн шинж байдлыг үнэлж дүгнээд Зөвлөлийн хуралдаанд гаргасан санал нь “цол бууруулах” гэж бичээд танилцуулж гарын үсэг зуруулсан байтал Ерөнхий газрын даргын саналаар ажлаас халсан зэрэг нь хүн бүр хуулийн өмнө тэгш байх, шударга ёсны зэрэг Үндсэн хуулийн зарчмуудтай зөрчилдөөд зогсохгүй, Төрийн албаны хууль, цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэмд харшилж байна.

4.3. Тэтгэвэрт гарах хүсэлтийг минь шийдвэрлээгүй байх хугацаанд Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт ирсэн төлөвлөгөөт бус шалгалтын шалгагч дэслэгч н.Баттөмөр надаас тайлбар авсан. Уг тайлбартаа мал хулгайлах гэмт хэрэгт холбогдон урд өмнө нь надад шалгуулж байсан этгээдүүдтэй ямар холбоотой талаар асууж гарын үсэг зуруулж авсан. Ингээд Цагдаагийн ерөнхий газрын төлөвлөгөөт бус шалгалтын дүнг хэлэлцэх хурал болохыг надад мэдэгдээгүй, тэтгэвэрт гарах хүсэлтийг минь шийдвэрлээгүй ажлаас халсан. Ажлаас халсан талаар албан ёсоор бичгээр мэдэгдээгүй, ажлаас халсан нь үндэслэлгүй хууль бус, хууль, холбогдох журмыг зөрчсөн гэж үзэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халсан талаар утсаар олж мэдээд бичиг хэргийн ажилтнаасаа хуулбарын хувийг авсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд ажлаас халсан тушаалыг албан ёсоор мэдэгдээгүй, бичгээр өгөөгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын хууль бус тушаалын улмаас ажиллах, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж, өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна.

4.4. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр цагдаагийн дарга Д.Болдсайханд цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан боловч Цагдаагийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн н.Нямсүрэн 4 сар дутуу байна гээд хойшлуулсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Цагдаагийн газрын даргад дахин цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар орж цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүсэлтийг минь хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Цагдаагийн газрын даргын 30/3569 дүгээр албан бичгээр миний цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүсэлт, материалыг Цагдаагийн ерөнхий газарт явуулсан гэх боловч Цагдаагийн ерөнхий газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Гантулга нэр дэр 30/3581 тоот явуулсан хариу ирээгүй гэх шалтгаанаар материал явуулаагүй хоцроосон. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын бичиг хэргийн ажилтан Ш.Батсүх явуулсан албан бичгийн хариу ирээгүй талаар нотолсон хуудас бичиж өгсөн ба Төрийн албаны тухай хуулийн 46.3-д зааснаар хүсэлтээ гаргасан байхад хариу өгөөгүй, дээд шатны байгууллага, албан тушаалтан шийдвэрлээгүй нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжээ тогтоолгуулах, цэргийн байнгын тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг бичгээр гаргасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд огт хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхгүй юм...” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчид цол бууруулах арга хэмжээ авсан атлаа Цагдаагийн ерөнхий газарт ирсний дараа ажлаас халах арга хэмжээ авсан байдаг. Нэг гаргасан зөрчилд нь холбогдуулан дараалаад хоёр өөр арга хэмжээ авсан. Нэхэмжлэгчийг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр ажлаас халж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын н.Баясгалан гэх хүн утсаар мэдэгдсэн байдаг. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Шүүхээр маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад өргөдөл гомдлыг үндэслэн ажлаас халсанд нэхэмжлэгчийн хувьд гомдолтой байгаа.

Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд томилогдоод 6 сар болж байсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Гэхдээ нэхэмжлэгчийн өөрийнх нь хэлж байгаагаар тухайн албан тушаалд томилогдоод 3 сар 10 хоног болж байсан гэсэн. Өөрөөр хэлбэл шинэ ажил хүлээж аваад тухайн ажилдаа дадлагажаагүй байсан. Түүнчлэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг нэхэмжлэгчийн хариуцах ёстой ажил үүрэгт хамаарахгүй асуудлаар явуулж, ажлаас халсан. Мөн шалгалтаар ирсэн хүмүүс нь чамд цол бууруулах арга хэмжээ авах санал оруулсан, тиймээс чи шалгалтын явцтай маргах хэрэггүй гарын үсгээ зурчих, бид очоод чиний цолыг бууруулаад, тэтгэвэрт гаргана гэж хэлсэн байдаг.

Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

6. Хариуцагч Х.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Л нь Төрийн албаны тухай хуулийн 37  дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 37.1.18 дахь заалтыг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасныг баримтлан албанаас халж, “цагдаагийн хошууч” цолыг хураасан. Ч.Л нь тасгийн алба хаагчдын ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн, тэдний ажлын үр дүнг бодитой үнэлж дүгнээгүй, албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй нь тогтоогдсон.

Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөдөг.

Мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.3-д “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно”, 97 дугаар зүйлийн 97.1-т “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна”, 82 дугаар зүйлийн 82.1.1-т “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж тус тус зохицуулжээ.

Ч.Л нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.18-д “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэснийг зөрчсөн. Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн алба хаагчийн өргөсөн тангараг, ёс зүйн дүрмээ зөрчсөн алба хаагчид оногдуулсан шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ч.Л-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн төв байгууллагын дарга нь байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах эрхтэй байдаг. Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс Говь Алтай аймгаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд 2019 оны 10 дугаар сард төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн. Тус шалгалтаар байгууллагын үндсэн үйл ажиллагаа, тасаг болон албаны үйл ажиллагаа, албан хаагчийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэсэн. Мөн цагдаагийн албан хаагчтай холбоотой санал, гомдлыг хүлээн авч шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Шалгалтын ажлын хэсгийн зүгээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан албаны үйл ажиллагааг “дутагдалтай” гэж  дүгнэсэн. Мөн хэв журмыг хамгаалах тасгийн алба хаагчдын ажлыг хүн тус бүрээр нь дүгнэж үнэлгээ өгөхөд нэхэмжлэгч нь “D” буюу дутагдалтай гэсэн үнэлгээ авсан. Нэхэмжлэгчийн хувьд ажлын хэсгийн өгсөн шалгалтын үнэлгээтэй тухайн үед маргаагүй тул шалгалтын дүн баталгаажсан. Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн хурлаар Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгчийн цолыг бууруулах санал гаргаж байсан. Тухайн саналыг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах шийдвэрийг гаргасан. Учир нь нэхэмжлэгчид 2018 онд хоёр удаа сахилгын шийтгэл оногдуулсан, 2019 онд нэг удаа албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байсан тул албан тушаалаас халах шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгчийн хувьд цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэсэн үйл баримтууд тогтоогдсон. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байсан. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар Цагдаагийн төв байгууллагын дарга нь алба хаагчийг албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл оногдуулах, албанаас халах эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Цэргийн тэтгэвэрт гарах хүсэлтийг Говь-Алтай аймагт төлөвлөгөөт шалгалт явагдаж байх үед нэхэмжлэгч гаргасан байдаг. Уг хүсэлтийг Цагдаагийн газар хүлээн авсан хэдий ч нэхэмжлэгчийг тэтгэвэрт гаргах шийдвэрийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга гаргахгүй. Өөрөөр хэлбэл материал нь Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст ирж хянагдаад Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тэтгэвэрт гарах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Энэ асуудал нь шийдвэрлэгдэж амжаагүй байхад хяналт шалгалтын дүнг танилцуулж, тухайн албан хаагчид хуульд заасан сахилгын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эрүүгийн хэрэгт шалгагдсан гэдэг асуудал нь маргаан бүхий захиргааны актаас тусдаа асуудал юм. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар 20 жил ажилласан эмэгтэй, 25 жил ажилласан эрэгтэй нь хэзээд тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг. Тэгэхээр заавал энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл 25 жил нь гүйцсэн бол 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө тэтгэвэрт гарах эрх нь нээлттэй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

8. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хэсэгчлэн үндэслэлтэй байна.

9. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулан үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Л-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгчийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.1. Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржавт, Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Албаны шалгалт явуулсан тухай” танилцуулсан, уг танилцуулгад:

“...Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Г.Батнасангаас гаргасан “Миний дүү Г.Өнөрбаян учир битүүлгээр нас барсныг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Л нар хэргийг шалгахдаа хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан, энэ талаар тус Цагдаагийн газрын даргад хандахад үл тоож ёс зүйгүй харьцсан” гэх өргөдөл гомдлыг хүлээн авч, шалтгаан нөхцөлийг тогтоох Аюулгүй байдлын хэлтэст авагдсан алба хаагч нартай холбоотой мэдээ мэдээллийг шалган баримтжуулах зорилгоор албаны шалгалт явуулснаар,

Эрүүгийн цагдаагийн тасгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Л нь  хэргийн газрын үзлэгийн багт ажиллахдаа иргэнд зүй бус шаардлага тавьж, ар гэрээр нь цогцос тээвэрлүүлж Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2012 оны 385/а/278 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид хэргийн газрын үзлэгт хамтран ажиллах журам”-ыг зөрчсөн, Цагдаагийн байгууллагын “Хэргийн газрын үзлэг хийх /код-206/ журам”-ын 206.3.1-ийн “м” хэсэгт заасны дагуу биечлэн сурвалжилга хийх, мэдээ, мэдээлэл цуглуулах чиглэлээр ажилласан эсэх нь тодорхойгүй, тэмдэглэл, илтгэх хуудас цуглуулах чиглэлээр ажилласан эсэх нь тодорхойгүй, “Тэмдэглэл, илтгэх хуудас үйлдэх /код-245/ журам”-д зааснаар илтгэх хуудас бичээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2-д заасан “Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй, үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 2.4.1-д “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг хүлээцтэй харьцах”, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.12-д “Хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бол”, 12.15-д “Цагдаагийн төв байгууллагаас тогтоосон үйл ажиллагааны журмыг зөрчсөн” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж,

Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Лад Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 6.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-д зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулахаар санал гаргаснаар,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах, цагдаагийн цол хураах тухай” Б/148 дугаар тушаалаар, цагдаагийн хошууч Ч.Л-ыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгчийн ажлаас чөлөөлж, 03 дугаар сарын 05-ны өдрөөс мөн газарт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн мөрдөгчөөр томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

10.2. Энэхүү /10.1-д заасан/ үйл баримтыг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0500 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байх ба тэрээр “эрүүгийн мөрдөгчөөр томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан” энэ үйл баримттай маргаагүй байна.

10.3. Харин дээрх үйл баримт нь одоо маргаж буй Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/935 тушаалын үндэслэлтэй холбоогүй, тодруулбал, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дээрх үйл баримтын /зөрчлийн/ хүрээнд арга хэмжээ авч байгаа талаар огт дурдагдаагүй, цаг хугацааны хувьд өмнө нь болсон үйл баримт болох нь тогтоогдож байна.

10.4. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ энэ талаар дурдан маргасан тул шүүхээс дүгнэлт өгч, маргааны зүйлд шууд хамааралгүй, тусдаа хэрэгжсэн захиргааны үйл ажиллагаа болохыг тэмдэглэж, дээрх зөрчлийн дагуу нэхэмжлэгчийг албанаас халсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж, маргаан бүхий тушаалаар шийдвэрлэгдээгүй асуудлаар маргасан нь үндэслэлгүй гэж үзлээ.

10.5. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ч.Ц “Эрүүгийн тасгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Л-ад холбогдуулан явуулсан албаны шалгалтын үр дүнгийн тухай” 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн илтгэх хуудсаар,

“...Эрүүгийн тасгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Л нь “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирж танхайрсан” гэх асуудалд албан шалгалт явуулж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7 дахь хэсэг, Цагдаагийн албаны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.2 “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, ялгаварлан, гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан, доромжлох, сүрдүүлэхгүй байх”, 2.4.6 “ажлын байранд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явахдаа болон согтууруулах ундаа хэрэглэсэн”, Сахилгын дүрмийн 12.14. “Алба хаагч ажил тасалсан, шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр дур мэдэн ажлын байраа орхин явсан бол” гэж заасныг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.4-д зааснаар цагдаагийн цолыг бууруулах саналтайг илтгэн танилцуулж” Цагдаагийн газрын даргад хүргүүлснийг,

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлд тусган шийдвэрлэхдээ, “Эрүүгийн цагдаагийн тасгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Л-ын цэргийн байнгын тэтгэвэрт гарахыг хүссэн өргөдлийг дэмжиж холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах”-аар заажээ.

10.6. Ийнхүү уламжлан шийдвэрлэсэн асуудал нь Цагдаагийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шийдвэрлэгдээгүй байх ба харин түүнийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/424 дүгээр тушаалаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан байцаагчаар томилж, цагдаагийн хошууч цолыг хэвээр үлдээж, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр албан тушаалын тодорхойлолтыг нь баталжээ.

Нэхэмжлэгч нь энэ үйл баримттай мөн маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

10.7. Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржаваас Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт явуулах удирдамжийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталж, уг шалгалт нь “тус Цагдаагийн газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, зохион байгуулсан ажлын явц, үр дүн, Цагдаагийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилт, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаал, шийдвэрийн биелэлт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлыг 2018 онтой харьцуулан шалган зааварчилж, үнэлэлт, дүгнэлт өгөх” зорилготой болохыг тодорхойлсноор,

Шалгах ажлын чиглэлийн 3.1-д “нийтийн хэв журам хамгаалах тасгийн үйл ажиллагаа”-г нийт 10 үзүүлэлтээр шалгахаар удирдамжид заагджээ. Энэ шалгалтын дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ажил нь 65,5 оноо буюу “дутагдалтай” гэж, мөн Тасгийн алба хаагчдад өгсөн үнэлгээгээр хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн хошууч Ч.Л нь нийлбэр оноогоор 67.6 үнэлгээ авсан, тайлбар хэсэгт нь: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалаар “Албан тушаал бууруулах” сахилгын арга хэмжээ, мөн Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар үр дүнгийн 40 хувиар” гэсэн байх ба нэхэмжлэгч нь гарын үсгээ зурж танилцсан баримт хэрэгт авагдсан байна.

10.8. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Б-т 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт явуулсан тухай” танилцуулга” хүргэгдсэн ба уг танилцуулгын дүгнэлт хэсэгт:

“...Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн хошууч Ч.Л нь тасгийн алба хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, зохих заавар, чиглэл өгөх, алба хаагчдын ажлын үр дүнг бодитой үнэлж дүгнээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, албан тушаалын тодорхойлолтын нэгдүгээр зорилтын 1.1, 1.5, хоёрдугаар зорилтын 2.1, 2.5, 2.8, гуравдугаар зорилтын 3.1 дэх хэсэгт заасныг хангалтгүй биелүүлсэн...” гэж бичигдсэн бол,

Санал хэсэгт: “Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн хошууч Ч.Л-ад Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт зааснаар “Албан тушаалын сарын үндсэн цалинг 3 /гурав/ сарын хугацаатайгаар 20 /хорин/ хувиар бууруулах, ажлын байрыг өөрчлөх” гэжээ.

10.9. Маргаан бүхий захиргааны акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/935 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5. “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох,  сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, халах”, 8.4. “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1. “цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах”, 21.1.12. “цагдаагийн дээд цолноос бусад цолыг олгох, сэргээх, бууруулах, хураан авах”, 97 дугаар зүйлийн 97.1. “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг үндэслэн гарсан байх ба нэхэмжлэгчийг “ажиллаж байх хугацаандаа тасгийн алба хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам тогтмол хяналт тавьж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн, тэдний ажлын үр дүнг бодитой үнэлж, дүгнээгүй албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй” хэмээн буруутгаж, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13. “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.18. “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийн болон  Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1. “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэх цагдаагийн алба хаагчийн зөрчил, нэхэмжлэгчийг уг зөрчлийг гаргасан гэж үзэж, түүнд сахилгын арга хэмжээ оногдуулжээ.

10.10. Алба хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, уг зөрчил нь ноцтой зөрчил мөн эсэхийг нягтлан шалгахын тулд “албаны шалгалт”-ыг явуулдаг байна. Хууль зүйн сайдын  2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Журам батлах тухай” А/238 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам” болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын нэгдүгээр бүлэгт багтах журам батлах тухай” А/246 дугаар тушаалын дагуу нэхэмжлэгч Ч.Л-ын ажиллаж байсан Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар болон Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс тус тус нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчилд албаны шалгалт явуулж байсан, түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ /37.1.1, 37.1.13/ зөрчсөн нь дээр дурдсан байдлаар нотлогдож, түүнийг цагдаагийн албанаас халсан үйл баримт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагчид холбогдох хууль тогтоомжоор харьяа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой тухайлбал, цагдаагийн албан хаагчид сахилгын арга хэмжээ авах, албанаас халах арга хэмжээ авах бүрэн эрхийг олгосон, үүний дагуу арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.

10.11. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа надад мэдэгдээгүй, гардуулаагүй гэх авч Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2993 дугаар мэдэгдлээр: “албанаас халж, цагдаагийн хошууч цолыг хураасан”-ыг мэдэгдсэн байна. Мөн нэхэмжлэгч нь өөрөө олж мэдсэн гэж үзэхэд сөрөг нөлөөлөл бүхий тушаал гарсан өдөр нь мэдсэн байх ба тушаал мэдээгүй байснаас үүсэх үр дагавар гараагүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

11. Нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргад өгсөн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхдээ Ч.Л-ыг цэргийн байнгын тэтгэвэрт гаргах, Ч.Л-ад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль тогтоомжид заасан хугацаагаар бодож олгохыг хариуцагчид даалгах тухай” шаардлагыг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэж зохих хариу өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

11.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр болон 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Б-д хандан цэргийн байнгын тэтгэвэрт гарахыг хүсэж өргөдөл гаргасан бол,

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Б-т хандан цэргийн байнгын тэтгэвэрт гаргах өргөдлийг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга цагдаагийн хурандаа С.Б-т хандан “...ажилд буцаан авч 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж тогтоолгон цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүсэлттэй байна” хэмээн өргөдөл, хүсэлт гаргасан нь баримтаар хэрэгт авагдсан, хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “өргөдөл, хүсэлт гаргасан эсэх”-тэй маргаагүй байна.

11.2. Тэрээр 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өргөдөлдөө “би улсад нийт 25 жил 2 сар ажилласан” гэж бичсэнээс үзвэл, түүний 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан цэргийн байнгын тэтгэвэрт гарах өргөдөл нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/ “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй” гэснээр ажилласан жилийн хугацаа 25 жилээс доошгүй байх шаардлагыг хангаагүй байж болохоор байна.

11.3. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцад ёс зүйн болон холбогдох хуульд заасан зөрчил гаргасан гэх нөхцөл байдалтай давхцан түүнээс “тэтгэвэрт гарах” өргөдлөө гаргасан байдаг. Тодруулбал, нэхэмжлэгчийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирж танхайрсан” гэх үйлдэлд нь албаны шалгалт явуулахтай зэрэгцэн, мөн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийж, түүнийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэх үетэй зэрэгцэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр болон 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус өргөдлөө гаргасныг түүний ажиллаж байсан Цагдаагийн газар нь зөвлөлийн хурлаараа тухай бүр нь хэлэлцэж Цагдаагийн ерөнхий газарт уламжлахаар тогтож байжээ.

11.4. Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдлийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 30/3569 дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст нэхэмжлэгчийн цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж өгөхийг хүссэн өргөдлийг холбогдох материалын хамт хүргүүлэхээр, мөн өдрийн 30/3581 дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад ажилласан жилийн лавлагааг гаргуулахаар тус тус албан тоот явуулсан нь хэрэгт авагдсан байна.

11.5. Хариуцагч нь цагдаагийн төв байгууллагын даргын хувьд, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1. “цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах”, 21.1.2. “цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” зэрэг бүрэн эрхтэй, нөгөө талаас нэхэмжлэгч нь цагдаагийн алба хаагч байх хугацаандаа Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1. “цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд  заасан баталгаагаар хангагдана”, 83.2. “цагдаагийн алба хаагч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна” зэргээр алба хаагчийн баталгааны хүрээнд мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1. “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэлээр цагдаагийн алба хаагч тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй бөгөөд ...” гэж зааснаар “цэргийн байнгын тэтгэвэрт гарах” эрхтэй байна.

11.6. Маргаан бүхий энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох тушаал гарахаас өмнө нэхэмжлэгчийн гаргасан “цэргийн байнгын тэтгэвэрт гарах өргөдөл” хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна. Харин нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өргөдөл нь маргаан бүхий тушаалыг гарсны дараа байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “албанаас халах”-аар шийдвэрлэгдсэн тул уг өргөдөлд хариу өгөөгүй гэж тайлбарлах авч, цэргийн байнгын тэтгэвэрт гарах эрх хэзээд нээлттэй, маргаан бүхий актад хамааралгүй гэж тайлбарласан нь хоёрдмол санаатай байна.

11.7. Иймд дээрх үйл баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр  “2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргад өгсөн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхдээ Ч.Л-ыг цэргийн байнгын тэтгэвэрт гаргах, Ч.Л-ад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль тогтоомжид заасан хугацаагаар бодож олгохыг хариуцагчид даалгах тухай” гэж тодруулсан шаардлагыг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ шүүх, нэхэмжлэгчийн шаардсанаар шууд ханган даалгах боломжгүй, түүнчлэн шүүхээс хариуцагчийн хуульд заасан бүрэн эрхэд халдах үндэслэлгүй, харин маргаан бүхий холбогдох асуудалд зохих хариу өгөхийг даалгах нь зүйтэй байна. Хариуцагч нь цаг хугацааны хувьд сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө Цагдаагийн ерөнхий газарт хандан гаргасан өргөдлийг шийдвэрлэж зохих хариу өгөхдөө нэхэмжлэгчийн олон жил цагдаагийн албанд ажилласан байдал зэргийг харгалзан үзэх, тийнхүү шийдвэрлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

11.8. Нэхэмжлэгч нь цагдаагийн алба хаагч байсан ба үүгээрээ Цагдаагийн албаны тухай хуульд заасан баталгааг эдлэх, уг хуулийн дагуу өргөдөл, хүсэлтээ дээд шатны удирдлагадаа тавьж шийдвэрлүүлэх эрхтэй, харин энэ үйл баримтад хамааралгүй буюу албан ажилдаа хайнга хандсан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн үйл баримт нь тусдаа байх бөгөөд зэрэгцэн шийдвэрлэгдэх боломжгүй үйл баримтууд болохыг дурдаж байна. Мөн нэхэмжлэгч нь иргэн хүний хувьд ч гэсэн гаргасан өргөдөл, хүсэлтийнхээ хариуг шаардах эрхтэй болно.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 06/5721 дүгээр албан бичгээр “Ч.Л-д холбогдох гомдол мэдээлэлд эрүүгийн 191600092 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна” гэж ирүүлснээр болон  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Улмаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 20/А дугаар Прокурорын тогтоолоор: “Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч Ч.Л нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж малын хулгайн хэргээр шалгагдаж байсан Э.Д-г дарамталж 2017 оны 11 сарын үед адууны бүтэн мах авсан гэх үйлдлийг шалгахад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 5-10, 5-9 тоот хашаануудад байх иргэдээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, адууны мах хүргэж өгсөн гэх хашаанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна. Ч.Л нь нь 2018 оны 7 сард малын хулгайн хэргээр шалгагдаж байсан Э.Д-н төрсөн ах Э.А-г дарамталж 1 тооны эр ямаа авсан гэх үйлдэл нь гэрч Г.Э, Д.Д, хохирогч Э.Д нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэвч Э.Д нь Ч.Лын 96030-тай скайтелын дугаар луу өөрөө сайн дураараа залган ирж 1 ямаа ав гэж хэлж өгсөн болох нь хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна...” гэж ирүүлжээ.

Энэ тохиолдолд дээрх үйл баримт нь маргаан бүхий захиргааны актад холбогдохгүй боловч шүүхээс нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” шаардлагад хамаатуулан уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг ба харин шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шаардлагаасаа татгалзсанаар энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй болсныг тэмдэглэж байна.

           12.2. Нэхэмжлэгч Ч.Л өөрийгөө төлөөлүүлэхээр Д.С-д 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан бүх эрхийг олгосон ба ингэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон гэж үзэхээр байна.

           Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай” шаардлагаасаа татгалзсан нь бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байна гэж шүүх дүгнэж, мөн хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж шийдвэрлэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 83 дугаар зүйлийн 83.2, 97 дугаар зүйлийн 97.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Л-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад өгсөн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхдээ Ч.Л-ыг цэргийн байнгын тэтгэвэрт гаргах, Ч.Л-ад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль тогтоомжид заасан хугацаагаар бодож олгох талаарх асуудал /өргөдөл/-д зохих хариу өгөхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН