| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0184/З |
| Дугаар | 221/МА2025/0675 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2025/0675
Б.Ж-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч:Шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б
Нэхэмжлэгч:Б.Ж
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: Г.Цс
Нэхэмжлэлийн шаардлага: “СБД, ** дугаар хороо, Ит 1/2 дугаар байр 31 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Цсгийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаар бүртгэлтэй гэрчилгээг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2025/0184/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэрээр:
1.1.“ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг баримтлан иргэн Б.Жаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “СБД, ** дугаар хороо, Ит 1/2 дугаар байр 31 тоот хаяг байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Цсгийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаар бүртгэлтэй гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Тус шүүхийн шийдвэрт: "Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр хороололд орон сууцны зориулалтаар баригдаж буй 18 м.кв талбайтай 31 тоотын гараашийг бүртгүүлэхээр гуравдагч этгээдээс гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт хуульд нийцсэн, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байх бөгөөд СБД, ** дугаар хороо, Ит 12 дугаар байр 31 тоот хаяг байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Цсгийн нэр дээр бүртгэсэн бүртгэл болон өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай бүртгэлтэй гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв."
2.1. Улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай бүртгэл хууль бус болох нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ", тус хуулийн 5.1.2-д "бүртгэл үнэн зөв байх" гэж хуульчилсан. Энэ нь бүртгэлийн хувийн хэрэгт тусгагдсан бүх мэдээлэлд хамааралтай бөгөөд үл хөдлөх эр хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг хувийн хэрэгт бичиж, хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан улсын бүртгэгчийн ажиллагаа үнэн зөв байдлын баталгаа болдог.
Гуравдагч этгээд Г.Цс нь Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр хороололд орон сууцны зориулалтаар баригдаж буй 18 м.кв талбайтай 31 тоотын гараашийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд болох 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Ү-220301**** дугаартай "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг"-т дараах баримтууд авагдсан байдаг. Үүнд: 1. 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36/2005 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт /46 авто зогсоолтой/, 2. "АИ" ХХК-ийн гаргасан Авто зогсоолын 2 жагсаалт, 3. 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай "АИ" ХХК-ийн алба бичиг,
2.2.Гэтэл гуравдагч этгээд мэдүүлэгт хавсаргасан дээрх баримт бичгүүд хуурамч болох нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02/627 дугаартай Архивын ерөнхий газрын ирүүлсэн 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36/2005 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актад: "барилгын хүчин чадлыг зоорины давхартаа 40 машины гарааштай гэж Улсын комисс хүлээн авсан. Ү-220301**** дугаартай хувийн хэрэгт авагдсан 2005 оны 03 дугаар сарын 11- ний өдрийн 36/2005 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг 46 машины гарааштай болгож засварласан байдаг.
Мөн хувийн хэрэгт "АИ" ХХК-ийн гаргасан Авто зогсоолын 2 тусдаа жагсаалт байдаг. Нэгдүгээр жагсаалт нь нийт 45 автомашины зогсоол бүхий жагсаалт тус жагсаалтад "тайлбар: 31-р зогсоол гэж байхгүй. Нийт 45 зогсоол" гэж тусгасан байдаг. Хоёр дох жагсаалт нь нийт 46 автомашины зогсоол бүхий жагсаалт уг жагсаалтад 31-р зогсоол багтсан байдаг. 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36/2005 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг 46 машины гарааштай болгож засварласны дагуу нийт 46 машины зогсоол бүхий хуурамч жагсаалтыг хувийн хэрэгт хавсаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай "АИ" ХХК- ийн Үл хөдлөх хөрөнгийн газарт гаргасан алба бичиг:
Тус албан бичигт: "Танайд явуулсан албан бичгээр 31-р зогсоолын талбайг хасаж манаачийн байр болгохоор төлөвлөсөн боловч нийслэл эрүүл ахуйн газрын шаардлагад тохирохгүй зөвхөн гараашаар ашиглаж болохыг мэдэгдсэн..." гэж тусгагдсан нь тухайн барилгын зураг төсөлд 31-р зогсоолыг төлөвлөөгүй бөгөөд зөвхөн манаачийн байр хэлбэрээр төлөвлөсөн болохыг харуулж байна. Хожим тухайн хэсэгт манаачийн байраар ашиглах боломжгүй нөхцөл үүсэхэд орох гарах гарцгүй сул талбайг 31-р зогсоол болгож өөрчилсөн нь харагдаж байна. Мөн 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дах хэсэгт "Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана", тус хуулийн 13.5.5-д "барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;" гэж заасан гэтэл тус хувийн хэрэгт дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг байдаггүй.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах", тус хуулийн 14.1.6-д "энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол;" гэж хуульчилсан. Гэтэл хуульд заасны дагуу мэдүүлэгт хавсаргах баримтыг хавсаргаагүй нь мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байтал тус мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн нь хууль бус байна.
2.3. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д". Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино", гэж хуульчилжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хууль бусаар Г.Цсгийн нэр дээр СБД, ** дугаар хороо, Ит 12 дугаар байр, 31 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ү-220301**** дугаартай гэрчилгээ олгож бүртгэсэн нь иргэн Б.Ж өөрийн өмчлөлийн 30 дугаар зогсоолыг эзэмшиж, ашиглах боломжгүй болсон. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар 31-р зогсоол нь 30-p зогсоолоор дамжин орох боломжтой байтал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны актын үндэслэл, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт, тайлбар хийгээгүй, маргаанд хамаарах хуулийн зүйл, заалтыг хэргийн нөхцөл байдалд хэрхэн тайлбарласан талаар шийдвэрт тусгаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй зэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хэргийн шийдвэрт нөлөөлсөн. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дох хэсэгт "нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах;" заасныг үндэслэж 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2025/0508 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Б.Жаас “СБД, ** дугаар хороо, Ит 1/2 дугаар байр 31 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Цсгийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаар бүртгэлтэй гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан.
2.Нэхэмжлэгчээс “...31 тоот авто зогсоолыг хууль зөрчин барилгын зураг төсөлд анхнаасаа байгаагүй, авто зогсоолын хэмжээ нь 18.5 м.кв хүрдэггүй, орох, гарах хэсэггүй, хууль бусаар тус авто зогсоолд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон тул тус 31 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргажээ.
3.Хариуцагч захиргааны байгууллагаас “...”АИ” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр бүрдүүлэн өгсөн жагсаалтыг шалган үзэхэд 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаартай үйлчилгээ орон сууцны барилгыг зарж борлуулах эрх олгосон тухай албан бичигт уг барилга 46 авто зогсоолтой болохыг тодорхойлсон бөгөөд уг 46-д 31 тоот авто зогсоолыг “АИ” ХХК-ийн нэрийг бичсэн байна.” гэж тайлбарлажээ.
4.Гуравдагч этгээд Г.Цс нь “АИ” ХХК-иас 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаар “Захиалгат орон сууц худалдах ба худалдан авах гэрээ”-г байгуулан Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр хороололд орон сууцны зориулалтаар баригдаж буй 18 м.кв талбайтай 31 тоотын гараашийг худалдаж авчээ.
4.1.Хариуцагч бүртгэлийн байгууллагаас СБД, ** дугаар хороо, Ит 1/2 дугаар байрны 31 тоот хаягт байрлах 18 м.кв авто зогсоолыг гуравдагч этгээд Г.Цсгийн нэр дээр анх улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохдоо дараахь баримт бичгүүдийг үндэслэн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаарт бүртгэж 2008 оны 03 дугаар сарын 25-ний өдөр гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байна:
-Г.Цсгийн 2008 оны оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгсөн мэдүүлэг[1],
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэл[2],
-Г.Цсгийн “...31 тоот зогсоолын төлбөр тооцоо дууссан тул гэрчилгээ гаргаж олгож өгнө үү” гэх өргөдөл[3],
-Хорооны Засаг даргын тодорхойлолт[4], Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар[5],
-Монгол Хятадын хамтарсан “АИ” ХХК-ийн төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт[6],
-Монгол Хятадын хамтарсан “АИ” ХХК-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгуулах тухай хүсэлт[7],
- Захиалгат орон сууц худалдах ба худалдан авах тухай 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаар гэрээ[8],
- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10/2005 дугаар акт[9],
-Авто зогсоолын фото зураг[10],
-Авто зогсоолын план зураг[11],
-“АИ” ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн газарт гаргасан 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “...31-р зогсоолыг хасаж манаачийн байр болгохоор төлөвлөсөн боловч эрүүл ахуйн газрын шаардлагад тохирохгүй зөвхөн гараашаар ашиглаж болохыг мэдэгдсэнтэй холбогдуулж 31-р зогсоолыг Г.Цсд худалдсан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож өгнө үү” гэх хүсэлт[12],
-“АИ” ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн газарт гаргасан 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаар “АИ” ХХК-ийн барьж байгаа 122 айлын үйлчилгээ орон сууцны барилга 46 машины гарааш бүхий үйлчилгээ орон сууцны барилгыг худалдах, зарцуулах эрхийг Монгол талын гүйцэтгэх захирал Т.Хсд олгосон” албан бичиг[13],
-Авто зогсоолын жагсаалт[14],
-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36/2005 дугаар акт[15].
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар гаргуулсан Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02/627 дугаартай албан бичгээр[16] ирүүлсэн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36/2005 дугаартай акт[17]-д “40 машины гарааштай” гэсэн байх хэдий ч хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас гуравдагч этгээд Г.Цсгийн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2008 онд улсын бүртгэлд бүртгэх үед “46 машины гарааштай” байсан болох нь дээр дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 36/2005 акт, “АИ” ХХК-иас Үл хөдлөх хөрөнгийн газар гаргасан 2005 оны захиран зарцуулах эрхийг олгосон албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6.Дээрх үйл баримтаас дүгнэхэд, гуравдагч этгээдээс маргаан бүхий 31 тоот авто зогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэх мэдүүлгийг 2008 онд гаргахдаа хавсарган өгсөн баримтуудад “46 авто машин гарааштай” байсан, мөн тэдгээрт маргаан бүхий 31 тоот гарааш орсон нөхцөл байдлыг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байхад уг маргаан бүхий улсын бүртгэл үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш буюу шүүхийн журмаар 2025 онд авагдсан Архивын байгууллагаас ирүүлсэн “40 машины гарааштай” гэх баримтаар гуравдагч этгээдийн өмчлөлд маргаан бүхий авто зогсоолыг зөрүүтэй баримтыг үндэслэн бүртгэсэн гэж хариуцагч улсын бүртгэлийн байгууллагыг шүүхээс буруутгах үндэслэлгүй юм.
7.Иймд хариуцагч улсын бүртгэлийн байгууллагыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 13.5.1-т “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:”, 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.8-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол”, 15 дугаар зүйлийн 15.4-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана” гэж тус тус заасныг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн “өөрийн өмчлөлийн авто зогсоолоо ашиглах, эзэмших боломжгүй болсон” гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус бүртгэл үйлдсэн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
8.Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, 11 дүгээр хороолол */* дүгээр байрны 30 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анх Д.Дс нь 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Аи” ХХК-тай “Захиалгат орон сууц худалдах ба худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авч, Ү-220301**** дугаар улсын бүртгэлийн дугаарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан бөгөөд Д.Дсгээс 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Гб-т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгч тус өдрөөр үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг олгосон бөгөөд Д.Гб-с нэхэмжлэгч Б.Жд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлэн өгч мөн өдрөөр үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг олгосон үйл баримтууд тогтоогдож байна.
9.Үүнээс үзвэл нэхэмжлэгч Б.Жыг 30 тоот зогсоолыг худалдан авахаас өмнө 31 тоот зогсоолын өмчлөх эрх гуравдагч этгээдэд үүсэж бүртгүүлсэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 711 дүгээр шийдвэрийн “... “АИ” ХХК автомашины зогсоолоо худалдан борлуулсан нь буруу биш бөгөөд 31 тоот зогсоол руу орох автомашин өөрийнх нь зогсоолын талбайгаар өнгөрдөг байрлалтай зогсоолыг мэдсээр байж нэхэмжлэгч 30 тоот зогсоолыг худалдан авсан байдал тогтоогдож байна. “АИ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Д.Гб-ыг 30 тоот автомашины зогсоол өмчлөх эрхээ эдлэхэд нь саад болсон байдал үгүй байна.” гэх дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
10.Энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын хууль бусаар Г.Цсгийн нэр дээр СБД, ** дугаар хороо, Ит 12 дугаар байр, 31 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ү-220301**** дугаартай гэрчилгээ олгож бүртгэсэн нь иргэн Б.Ж өөрийн өмчлөлийн 30 дугаар зогсоолыг эзэмшиж, ашиглах боломжгүй болсон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
11.Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хойшилсон шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ж нар нь биечлэн оролцсон бөгөөд дараагийн шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан талаар мэдэгдсэн.
Улмаар тус өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, түүний өмгөөлөгч Э.Ж нарын хүсэлтэд хавсарган ирүүлсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн “шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас” нь 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн баримт байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хурлын товыг хүсэлтэд дурдсан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хурлаас өмнө мэдэгдсэн байна гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг тэдгээрийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 19 дэх тал
[2] Хэргийн 1-р хавтас 21 дэх тал
[3] Хэргийн 1-р хавтас 22 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 23 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 24 дэх тал
[6] Хэргийн 1-р хавтас 25 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 26 дахь тал
[8] Хэргийн 1-р хавтас 27 дахь тал
[9] Хэргийн 1-р хавтас 28 дахь тал
[10] Хэргийн 1-р хавтас 30 дахь тал
[11] Хэргийн 1-р хавтас 31 дэх тал
[12] Хэргийн 1-р хавтас 32 дахь тал
[13] Хэргийн 1-р хавтас 18 дахь тал
[14] Хэргийн 1-р хавтас 34-37 дахь тал
[15] Хэргийн 1-р хавтас 38-40 дэх тал
[16] Хэргийн 1-р хавтас 190-191 дэх тал
[17] Хэргийн 1-р хавтас 192-194 дэх тал