Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 60

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00237/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 425 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дархан-Өргөө” политехник коллежид холбогдох

          “Цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Б.Ц-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ц-гаас:

            Би “Дархан-Өргөө” политехник коллежид цахилгаанчнаар 2012 оноос 2018 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажлаа чанарын өндөр түвшинд хийж ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан. 2018 оны 01 дүгээр сард сургууль амраад захирал тушаалаар хариуцлагатай жижүүр томилсон. Тушаалын дагуу Б.Б-н хамт сургууль дээр ирээд дотуур байр болон өрөө тасалгаануудаар ороод тог цахилгаан шалгаад явж байтал дотуур байрны арын гэрэл шатсан байсан түүнийг янзал гэсэн үүрэг авсан боловч тухайн үедээ багаж байхгүй байсан учир маргааш нь ирээд янзалъя гэж хэлээд явсан. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дотуур байрны арын гэрлийг янзалсан. Тухайн үед П.Б- жижүүрээр гарч байсан. Орой нь янзалсан гэрлээ ажиллаж байгаа эсэхийг шалгахаар сургууль дээр ирсэн. Сургуулиас гараад явж байгаад С.Б-тай таарсан. П.Б- С.Б-ын утасны дугаар луу залгаад ирэхдээ нэг шил архи аваад ирээрэй ах нь айгаад байна гэж хэлсэн. Сургуулийн гражид С.Б- машинаа оруулаад би хичээлийн байранд дохиолол тавьчхаад явж байтал захирал орж ирсэн. Захирал бид нартай юу ч дуугарахгүй чигээрээ хажуугаар гараад заал руу орсон. Захирал цаанаас би наад хоёртой чинь тооцоотой гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд С.Б- бид 2 жижүүрийн дэвтэрт архи уугаагүй гэдгээ бичээд гарын үсэг зураад явсан. Дараа нь намайг сургууль дээр архи уусан архи уухад уруу татсан гээд үндэслэлгүй ажлаас халсан. Иймд ажилдаа эгүүлэн орж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэнгээс: 

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тоот тушаалаар “Хариуцлагатай жижүүр, хуваарь”-ийг гаргасан. Тус хуваарийн дагуу сургуулийн захирал С.Б- 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эргүүл хийхэд сургуулийн жижүүрээр ажиллаж байсан П.Б-, ажилтан С.Б-, цахилгаанчин Б.Ц- нар нь согтуу сургуулийн дадлагын газраас гарсан бөгөөд захирал С.Б-ыг хараад баганын араар нуугдах үйлдэл гаргасан. Яагаад согтуу явж байсан талаар захирал тодруулахад нийтээрээ амарсан байхад ажил үүргээ гүйцэтгэж байсан жижүүрийг уруу татан ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэж, жижүүрийг архидуулан, сургуулийн дадлагын газарт хувийн машинаа багаж хөлдсөн нэрийдлээр оруулж ирсэн байдаг дээрх үйлдлүүд нь сахилгын зөрчлийг давтан гаргасан хэмээн үзэх үндэслэл болж байна. Энэ тухай жижүүрийн дэвтэр дээр бичиж баримтжуулсан байдаг. Маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 08.00 цагаас дараагийн жижүүр Б.Б-гээс ажлаа хүлээн авахад өчигдөр орой машинтайгаа сургууль дээр орж дадлагын газар машинаа жаахан байлгая гэхээр нь зөвшөөрч сургуулийн хашаагаар машиныг нь нэвтрүүлж, дадлагын газарт байлгаж байгаад гурвуулаа ганц юм уугаад гараад ирсэн чинь захиралтай тааралдсан. Архи уусан болохоор С.Б- гэр бүлийнхээ хүнийг дуудсан байсан. Захирал явсны дараахан С.Б-ын гэр бүлийн хүн ирээд машинаа бариад явсан гэж хэлсэн бөгөөд бичлэгийг захиргаа аж ахуйн менежер П.Аюурзана, жижүүр Б.Б- нар үзсэн. Тэр 3 хүний архи уусныг нотолж гэрчилж байна. Эдгээр үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалт, сургуулийн дотоод журмын 5.10.5, Хөдөлмөрийн гэрээний 2.1.1, 2.1.10, 4.2.3 зүйл заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж ажлаас чөлөөлсөн. Сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг ноцтой зөрчиж, ажил үүргээ гүйцэтгэж байсан жижүүрийг уруу татан ажлын байранд хамтран архидалт зохион байгуулсан. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан С.Б-д хариуцлага тооцон 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллаж байсан П.Б- сургуулийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байранд бусадтай хамтран архидалт зохион байгуулж ажлын хариуцлага алдан, ноцтой зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн учир 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгч Б.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 425 шийдвэрээр:

             Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-гийн хариуцагч “Дархан-Өргөө” политехник коллежид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц- давж заалдсан гомдолдоо:

            Би 2012 оноос 2018 оны 01 дүгээр сар хүртэл “Дархан-Өргөө” политехник коллежид цахилгаанчнаар тасралтгүй ажиллаж ирсэн. Тус сургуульд 5 жил ажиллах хугацаанд, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргахгүй ажиллаж ирсэн. Сургуулийн багш ажилчид 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл амарсан тул захирлын үүрэг гүйцэтгэгч С.Б- амралтын хугацаанд слесарь, бид хоёрыг утсаа салгаж болохгүй, байнга сургуулиа эргэж хариуцлагатай ажиллаарай гэж үүрэг болгосны дагуу би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16.00 цагт хийсэн ажлаа орой 20.00 цагт шалгаж явахдаа С.Б-тай таарч хамт сургууль орж коридорт явж байгаад захиралтай таарсан. Захирал коридорт зөрөхдөө бидэнтэй уулзаж огт ярилцалгүй атлаа П.Б-, С.Б- нартай намайг архи уусан байсан гэж гүтгэн хэлмэгдүүлж ажлаас халсанд гомдолтой байна. Шүүхэд нотлох баримт бүрдүүлж өгөхдөө захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээ зассан байсан. Би өөрөө ямар зөрчил гаргаснаа мэдээгүй, хурлаар намайг оруулж зөрчил гаргасан гэх үндэслэлээ хэлээгүй жижүүр П.Б-г ганцааранг нь дуудан оруулаад хуралдаж, тушаал гаргасан. Тухайн үед би яагаад ийм тушаал гарсныг асуухад Б.Ц- ч хамааралгүй байсан, түүнийг халахгүй бол С.Б- барьцана тиймээс хамт халах хэрэгтэй гэж захирал хурлын үеэр ярьсан. С.Б-, С.Б- хоёрын таарамжгүй харьцаанаас болж би хэлмэгдэж, хохирч байна. Сургуулийн камерын бичлэгт бүх зүйл үнэ зөвөөр бичигдсэн байхад гэрч н.Аюурзана бичлэгтэй зөрүү худал мэдүүлэг өгч “Захирал С.Б-, Б.Ц-, С.Б-, П.Б- нартай нүүр тулж уулзаад толгой дохиод ярилцаж байсан” гэсэн мэдүүлгийг үндэслэлгүй байхад шүүх үнэлсэн. Би санаатайгаар ямар нэгэн баяр ёслол тэмдэглэх гэж зориудаар архи авчирч, жижүүрийн ажлыг алдуулаад сургуулийн орчинд аливаа нэг зөрчил гаргаагүй. Энэ байдлыг захирал зөрчил гэж үзсэн бол зөрчилтэй П.Б-г яагаад авч үлдээд С.Б- бид хоёрыг архи уусан гэж онцолж байгаа нь ойлгомжгүй юм. П.Б-гийн нийгмийн даатгалын дэвтрийг барьцаалж шүүхэд гэрчийн мэдүүлгийг бидний талд өгсний дараа дэвтрийг өгнө гэж хэлсэн байсан. Энэ талаар П.Б- бидэнд өөрөө ярьсан. Гэрчүүд мэдүүлэг өгөхөд С.Б- нөлөөлсөн нь тодорхой байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг нягтлан шалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ц- “Дархан-Өргөө” политехник коллежид холбогдуулж, цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн тогтоогдсон үйл явдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

“Дархан-Өргөө” политехник коллежийн захирал 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б/10 дугаартай тушаалаар  тус сургуулийн цахилгаанчин Б.Ц-г 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр сахилгын зөрчилтэй байх хугацаандаа ажлын байранд согтуугаар нэвтэрч, архидалт зохион байгуулан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг удаа дараалан зөрчсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Энэхүү тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн гаргажээ.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр цуцлахдаа түүний гаргасан сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон байх үүрэгтэй.

Ийм учраас шүүхэд гомдол гарсан тохиолдолд гаргасан тушаалынхаа  бодит үндэслэл болон  хуульд нийцэж гарсан болохыг нотлох үүрэгтэй.

Хэрэгт ажил олгогчийн Б.Ц-гийн сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон баримтууд авагдаагүй байна.

Сахилгын зөрчлийг хурлаар хэлэлцсэн гэх тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн боловч уг тэмдэглэлээс хэлэлцэгдсэн байдал тогтоогдохгүй байна.

 Өөрөөр хэлбэл хэзээ хаана ямар зөрчил гаргасан нь  хөдөлмөрийн дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн мөн энэ нь ямар баримтуудаар тогтоогдсон гэх мэтчилэн.

 Хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар цуцлах асуудлыг хэлэлцэх , өөрөөр хэлбэл ажилтныг ажлаас халах асуудал хэлэлцэж байгаа тохиолдолд түүнийг байлцуулан тайлбарыг нь авсан байх  нь хөдөлмөрийн гэрээ болон  хөдөлмөрийн тухай хуулийн агуулгад нийцнэ.

Үйл явдал болсон өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус сургуулийн сургалтын албаны ажилтан С.Б- хувийн шалтгаанаар сургууль дээр ирэхдээ тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан П.Б-гийн гуйлтаар 1 шил авчирч,  сургуулийн гражид ууцгаасан байх бөгөөд тэр үед ажил үүргээ гүйцэтгэж явсан нэхэмжлэгч Б.Ц- цуг явж байгаад сургуулийн захиралтай таарсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхэд ажилтан гомдол гаргасны дараа ажил олгогч сахилгын зөрчил гаргасныг тогтоолгохоор шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх ажиллагаа хийлгэсэн байна.

Ийнхүү шүүхээр бүрдүүлсэн баримтуудаар Б.Ц- нь ажлын байранд архи ууж архидан согтуурах ажиллагаа зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Ц- ажлын байранд архи ууж, зөрчил гаргасан гэдэг нь тухайн үед сахилгын зөрчилд холбогдсон, шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн С.Б-, П.Б-, тус сургуулийн жижүүр Б.Б-, Захиргаа аж ахуйн албаны менежер П.Аюурзана нарын мэдүүлэг, нотлох баримтаар ирүүлсэн камерын бичлэг зэргээр нотлогдохгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг зөрчил гаргасан этгээдүүдэд архи хундагалж өгсөн нь архидан согтуурахыг зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлтэй нийцэхгүй бөгөөд архи захисан болоод авчирсан хүмүүс тодорхой байхад хундагалж өгсөн хүнийг зохион байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай гэж үзнэ.

Аливаа ажил олгогч этгээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа зөрчил гаргасан үйл явдлыг хөдөлшгүй баримтаар тогтоосны эцэст шийдвэр гаргах учиртай.

Маргаан үүссэн нөхцөлд шүүхэд өөр бусад баримт нөхөн гаргаж өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар  нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь  үнэлэхэд эргэлзээтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ц-г өмнө нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй. Харин ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацаанд төлөх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хангах нь зүйтэй .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1287 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-г “Дархан-Өргөө” политехник коллежийн цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Дархан-Өргөө” политехник коллежид даалгаж, нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-гаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ                                 

                                                                                                                   Л.АМАРСАНАА