| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0185/э |
| Дугаар | 2023/ШЦТ/217 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цээл овогт Жумдаанбавуугийн Володъя, Шарнууд овогт Оюуны Эрдэнэцогт нарт холбогдох эрүүгийн 2221002730150 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуульд жижүүр ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг, Найрамдлын 27-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цээл овогт Жумдаанбавуугийн Володъя /РД: ЖИ 82112710/.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Халхгол сумын уурын зууханд галч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг, Тэгш дүүрэнгийн 25-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар,
мөн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хорих ял оногдуулж, ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Шарнууд овогт Оюуны Эрдэнэцогт /РД: ЖИ 84041212/.
Шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 66-10 ДОА улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт байрлах агуулахаар ашиглаж байсан “Хуучин сургуулийн спорт зааланд” нэвтэрч, сантехникийн 29 ширхэг трубаг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,365,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Володъяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч О.Эрдэнэцогт шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.Санжсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Халхгол сумын хуучин цэцэрлэгийн байр буюу жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих байрны төвийн дулааны шугамыг холбох ажилтай ирсэн. Манай байгууллага нь хуучин сургуулийн байранд хадгалж байсан сантехникийн 33 ширхэг трубагаа хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний бие хуучин сургуулийн спорт зааланд байсан 33 тооны трубаг анх алдсан талаараа 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн. Мэдсэн даруйдаа Халхгол сумын нэгдэл ТӨҮТААҮГ-ийн нягтлан Г.Ганборгилоос асуухад 2022 оны 05 дугаар сарын 28-ны өглөө эвдэрсэн байж магадгүй талаар надад хэлсэн. ...6 метр урттай, 20-50 хооронд диаметртэй трубанууд байсан. Би өөрийн ашигласан болон хийгээгүй үлдсэн трубануудаа тус бүрээр ангилж үзэхэд 33 ширхэг дутуу байна гэж би өөрөө тоолсон юм. Би өөрөө алдаж тоолсон байж болно. Миний алдсан гэх трубаг Халхгол сумаас урагш 300-400 орчим метр зайд байрлах зүчээнд байх бууцыг ухаж байгаад нуусан байсан. Тухайн зүчээнээс ухаж гаргаж ирэхэд 29 ширхэг труба гарч ирсэн бөгөөд миний алдсан труба мөн байсан. Тухайн трубануудыг 3 метр болгон тайрч тасалсан байсан бөгөөд тухайн трубануудыг тооцож үзэхэд 29 ширхэг труба болж таарч байсан. Би өөрөө тоолохдоо алдсан байж магадгүй. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 45-46/
Гэрч Г.Ганборгил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 05 цагийн орчим өөрийн үржүүлж буй зөгийн аж ахуй руу хуучин сургуулийн спорт заалны хажуу талын замаар явсан. Тэр үед спорт заалны хаалганы цүү нь эвдэрсэн, цоож нь цүүндээ өлгөөтэй, нэг талынх нь цүү нь эвдэрсэн, хаалга нь дэлгээтэй онгорхой байсан. Тэгэхээр нь би спорт зааланд орж харахад “Ган-Октаэдр” ХХК-ийн хучиж орхисон сантехникийн трубанууд нь багассан, хучсан хучлага нь хажуу тийшээ болчихсон байсан...” гэжээ. /хх-ийн 53-54/
Гэрч Ж.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эхнэр Б.Батжаргалын хамтаар 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймаг руу яваад хоноод ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд 12 ширхэг труба малын хашааны ард талд хураалттай байсан. ...Би 66-10 ДОА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг 2019 онд сумын иргэн Баттулга гэх залуугаас 12,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь Баттулгын ах Энхцолмонгийн нэр дээр байдаг. 2018 онд орж ирж байсан машин. Би одоогоор нэрээ шилжүүлээгүй байгаа юм. Тэрнээс биш ямар нэг төлбөр тооцоо бол байхгүй. Би бэлэн мөнгийг нь өгөөд авч байсан юм. Ж.Володъя нь миний төрсөн ах намайг байхгүйд зөндөө унаж явдаг. Надад хэлэх ямар нэг шаардлага байхгүй, унаад явж болно. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. 66-10 ДОА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл одоо гэрийн гадаа буюу Халхгол сумын 1 дүгээр баг, Шинэ мандлын 3-3 тоотод хөдлөхгүй байгаа. Тэрнээс биш эвдэрсэн зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 72, 82/
Ж.Володъя мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 28-ны орой нутгийн залуу болох Эрдэнэцогтын хамт Халхгол сумын ерөнхий боловсролын сургуулийн хуучин заалнаас нийт 29 ширхэг труба төмрийг төрсөн дүү Мөнхбаярын эзэмшлийн 66-10 ДОА улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан авсан бөгөөд ингэж авахдаа заалны цоожийг хөшиж онгойлгоод Эрдэнэцогтын хамт дотогш орж тус сангийн хуучин трубануудыг зөөж гаргаад машин дээр ачиж сумын төвд байх Мөнхбаярын малын саравчинд уг трубануудыг бууцан доор нуусан...” гэжээ. /хх-ийн 116-117/
О.Эрдэнэцогт мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 28-ны орой нутгийн залуу болох Ж.Володъягийн хамт Халхгол сумын ерөнхий боловсролын сургуулийн хуучин заалнаас нийт 29 ширхэг труба төмрийг Ж.Володъягийн төрсөн дүү Мөнхбаярын эзэмшлийн 66-10 ДОА улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан авсан бөгөөд ингэж авахдаа заалны цоожийг хөшиж онгойлгоод Володъягийн хамт дотогш орж тус сангийн хуучин трубануудыг зөөж гаргаад машин дээр ачиж сумын төвд байх Мөнхбаярын малын саравчинд уг трубануудыг бууцан доор нуусан...” гэжээ. /хх-ийн 118-119/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-36/
Эд зүйлийг буцаан олгосон тухай тэмдэглэл /хх-ийн 37/
Прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 11 тоот тогтоол /хх-ийн 38-39/
Гэрч Ц.Нарантөрийн мэдүүлэг /хх-ийн 79-80/
Гэрч Ц.Энхчимэгийн мэдүүлэг /хх-ийн 84-85/
Гэрч Г.Энхцолмонгийн мэдүүлэг /хх-ийн 88-89/
Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ДЦ-23-112 тоот, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ДЦ-23-123 тоот дүгнэлтүүд /хх-ийн 94-97, 101-106/
66-10 ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 107/
О.Эрдэнэцогтын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 120/
Э.Халиун, Э.Энхжин, Э.Хангарьд, Э.Хүслэн, Э.Энэрэл нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 125-129/
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 121, 139/
Ж.Володъягийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 137/
В.Номин-Эрдэнэ, В.Мөнх-Эрдэнэ, В.Амин-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 144-146/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130, 138/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Цээл овогт Жумдаанбавуугийн Володъя, Шарнууд овогт Оюуны Эрдэнэцогт нар нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт байрлах хуучин сургуулийн спорт заалны цоожийг эвдэн бусдад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, зааланд хадгалж байсан сантехникийн 29 ширхэг трубаг 66-10 ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, “Ган-Октаэдр” ХХК-д 1,365,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Ж.Володъягийн “...2022 оны 05 дугаар сарын 28-ны орой нутгийн залуу болох Эрдэнэцогтын хамт Халхгол сумын ерөнхий боловсролын сургуулийн хуучин заалнаас нийт 29 ширхэг труба төмрийг төрсөн дүү Мөнхбаярын эзэмшлийн 66-10 ДОА улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан авсан...” гэх, шүүгдэгч О.Эрдэнэцогтын “...авахдаа заалны цоожийг хөшиж онгойлгоод Володъягийн хамт дотогш орж тус сангийн хуучин трубануудыг зөөж гаргаад машин дээр ачиж сумын төвд байх Мөнхбаярын малын саравчинд бууцан доор уг трубануудыг нуусан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Санжсүрэнгийн “...хуучин сургуулийн спорт зааланд байсан 33 ширхэг трубаг анх алдсан талаараа 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн. Мэдсэн даруйдаа Халхгол сумын нэгдэл ТӨҮТААҮГ-ийн нягтлан Г.Ганборгилоос асуухад 2022 оны 05 дугаар сарын 28-ны өглөө эвдэрсэн байж магадгүй талаар надад хэлсэн. ...Миний алдсан гэх трубаг Халхгол сумаас урагш 300-400 орчим метр зайд байрлах зүчээнд байх бууцыг ухаж байгаад нуусан байсан. Тухайн зүчээнээс ухаж гаргаж ирэхэд 29 ширхэг труба гарч ирсэн бөгөөд миний алдсан труба мөн байсан. Тухайн трубануудыг 3 метр болгон тайрч тасалсан байсан бөгөөд тухайн трубануудыг тооцож үзэхэд 29 ширхэг труба болж таарч байсан. Би өөрөө тоолохдоо алдсан байж магадгүй...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Г.Ганборгилын “...Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 05 цагийн орчим өөрийн үржүүлж буй зөгийн аж ахуй руу хуучин сургуулийн спорт заалны хажуу талын замаар явсан. Тэр үед спорт заалны хаалганы цүү нь эвдэрсэн, цоож нь цүүндээ өлгөөтэй, нэг талынх нь цүү нь эвдэрсэн хаалга нь дэлгээтэй онгорхой байсан. Тэгэхээр нь би спорт зааланд орж харахад “Ган-Октаэдр” ХХК-ийн хучиж орхисон сантехникийн трубанууд нь багассан, хучсан хучлага нь хажуу тийшээ болчихсон байсан...” гэх, гэрч Ж.Мөнхбаярын “...Би эхнэр Б.Батжаргалын хамтаар 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймаг руу яваад хоноод ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд 12 ширхэг труба малын хашааны ард талд хураалттай байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг буцаан олгосон тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ДЦ-23-112 тоот, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ДЦ-23-123 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нар нь бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан, агуулахад нэвтэрч үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эд хөрөнгөнд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт, тэдгээрийн өмгөөлөгч Д.Урансувд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй юм.
Шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Володъя нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нарын мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ам бүл олуулаа амьдардаг, олон хүүхэдтэй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувдын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” талаар гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас “Ган-Октаэдр” ХХК-д 1,365,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд алдсан 29 ширхэг сантехникийн труба төмрийг буцаан авч, хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Санжсүрэн нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 8,977,500 төгрөгийн үнэлгээтэй, 66-10 ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл Ж.Мөнхбаярын өмчлөлийнх болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 72, 82/, гэрч Г.Энхцолмонгийн мэдүүлэг /хх-ийн 88-89/ зэргээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 8,997,500 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 4,488,750 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цээл овогт Жумдаанбавуугийн Володъя, Шарнууд овогт Оюуны Эрдэнэцогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Жумдаанбавуугийн Володъя, Оюуны Эрдэнэцогт нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,977,500 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нараас тус бүр 4,488,750 /дөрвөн сая дөрвөн зуун наян найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Санжсүрэн нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Володъя, О.Эрдэнэцогт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА