Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 183/2019/02234/И |
Дугаар | 062 |
Огноо | 2020-01-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 062
2020 оны 01 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2020/00062 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.Сын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,
В/112 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бямбадолгор, хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012-09-14-ны өдрөөс эхлэн хуулийн зөвлөх орон тоон дээр ажиллаж эхэлсэн ба 2019-07-09-ны өдөр хүртэл тус компанийн хууль эрх зүйн бүх холбогдолтой асуудлууд, гэрээ, компанийн дотоод журам, бусад холбогдох журам дүрэм нийт ажиллагсдын хөдөлмөрийн болон хууль эрх зүйн холбоотой асуудал хуулийн хүрээнд ажиллаж, компанийн нэхэмжпэлтэй болон хариуцагчаар оролцсон шүүхийн бүх асуудлуудад бикчлэн оролцож, шийдвэрлэж ирсэн. Мөн тус компанийн үүсгэн байгуулагч нарын хувийн асуудалтай холбоотой хууль эрх зүй, шүүхийн шатны олон асуудлыг шийдвэрлэж ажиллаж байсан. “М” ХХК болон “М холдинг” ХХК-н холбоотой бүх бичиг баримт, гэрээ болон бусад асуудлуудыг хуулийн хүрээнд хариуцан боловсруулж зохих бүх шатны байгууллагад төлөөлөн ажиллаж байсан. 2018 оноос тус компанийн техникийн албанд цалингүйгээр давхар менежер зохион байгуулалтыг хариуцан халагдах хүртэл ажилласан. “М” ХХК болон хувьцаа эзэмшигчдийн олон шүүхийн хуралдаан асуудлуудад төлөөлөн оролцож байсны зэрэгцээ бүх дотоод асуудлыг хуулийн хүрээнд шүүх, цагдаа хуулийн байгууллагад хандах, хандахгүйгээр зохион байгуулж компанийн нэр төрийг хамгаалан ажиллаж байсан. Гэвч 2019-07-09-ны өдөр тус компанийн 352 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэл танилцуулж, уншсан мөн өдрөө В/112 тоот тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Энэ өдөр тус компанийн нийт 7 хүнийг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэж 3 хүнийг ажлын байрны еөрчлөлт хийх тухай хурал хийсэн бөгөөд эдгээр үйлдүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5, “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” УДШ-ийн 2006-07-03-ны өдрийн 33 тоот тогтоолийн 17-р зүйлийг ноцтойгоор зөрчсөн. Иймд МУ-ын хууль тогтоомжийг үл хүндэтгэж, ноцтойгоор зөрчиж Үндсэн хуулиар олгосон хүний эрхийг хааж боогдуулж байна гэж үзэн В/112 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Метро экпресс компани нь Израил улсын 2 иргэний буюу гадаадын хөрөнгө оруулалттай юм. Компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн Николь Борохов нь сүүлийн 2, 3 жилд Монгол улсад байнга оршин сууж, компанийн үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. Хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Ст итгэмжлэл олгоод компанийн үйл ажиллагааг явуулж байсан, үйл ажиллагаа нь жигдэрсэн компани юм. Гэтэл 2019.07.09-ний өдөр гэнэт компаниас хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох мэдэгдэл гардуулсан. Уг мэдэгдэлд нэхэмжлэгчээс гадна 10 гаруй хүний нэр дурдаж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тусгасан. 6 сарын 20-ны өдрийн хурлын тогтоолоор орон тоог цомхотгох, зарим албан хаагчдад хариуцлага тооцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тогтоол шийдвэр гаргасан нь хууль бус юм. Учир нь Николь Борохов, Боаз Борохов нар нь тухайн үед Монгол улсад байгаагүй атал шийдвэр гарсан газар Улаанбаатар хот гэж бланк дээр хэвлэгдсэн. 2019.07.09-ний өдөр мэдэгдэл өгсөн ч тэр өдрөө тушаал нь гарсан. Энэхүү тушаал дээрээ мөн өдрийн мэдэгдлийг үндэслэж гэж бичсэн байгаа буюу тушаалын хөл толгойгоо сольсон байна. Тушаалыг үндэслэж байж мэдэгдэл гардаг болохоос мэдэгдлийг үндэслэж тушаал гаргадаггүй. 2019.06.09-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг харахад ажилчдыг бөөнөөр халж байгаа шинжтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэж тушаал гарах ёстой. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл ба компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй байхад гаргасан тул хууль бус тушаалын дээр нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Иймд энэ шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албанд эргүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүүлийн үед улс орны эдийн засгийн байдал, бусад хүчин зүйлээс шалтгаалан компани алдагдалтай ажиллаж, ажиллагсдын цалин, түрээс, татвар төлөх боломжгүй болсон тул компанийн удирдлагын зүгээс боломжит бүх арга хэмжээг авч, шаардлагагүй орон тоог цомхотгох, цөөн баг бүрэлдэхүүнээр ажиллах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Хуулийн зөвлөхийн орон тоог цомхотгосон. Р.С 2012.09.14-нд Хуулийн зөвлөхөөр ажилд орж, энэ хугацаанд нийт 134,425,082 төгрөгийн цалин, 6,095,000 төгрөгийн түлш шатахууны хангамж авсан, 2012 онд эхнэр Ц.Цэцэгдэлгэрийг агуулахын няраваар ажилд оруулсан, одоог хүртэл ажиллаж байна. Мөн татварын 2013, 2014, 2015, 2016 онуудын шалгалт 2017 онд хийгдэн, татварын албанаас 88,0 сая төгрөгийн торгууль тавихад Р.С ажил үүргийнхээ дагуу хуулийн зөвлөгөө өгөх ёстой ч ямар ч хууль эрх зүйн зөвлөгөө өгөөгүй тул хуульч хөлсөлсөн. 2019 онд 2017, 2018 оны татварын шалгалт ороход дахин хуульч хөлслөн ажилласан. ТУЗ-ийн 2019.07.05-ны өдөр онлайн хэлбэрээр хийсэн шийдвэр 11-ийг нэр бүхий ажилчдад танилцуулсан. Дээрх шийдвэрт тус компанийн Хуулийн зөвлөхийн орон тоог цомхотгосон шийдвэр орсон ба Хуулийн зөвлөх Р.Ст 352 тоот мэдэгдлийг танилцуулж, гардуулж өгсөн. Р.С мэдэгдлийг уншаад гарын үсэг зурсан. Тухайн мэдэгдлээр Хуулийн зөвлөхийн орон тоог цомхотгож байгаа тул хөдөлмөрийн гэрээг 2019.08.09-ний өдрөөр дуусгавар болгон цуцлахаар мэдэгдсэн. 2019.07.09-ний өдрийн 14:40 цагийн үед Дэд захирал Т.Сакен нь “Р.С ажлаас гарах тушаалыг яг одоо аваад ир би тушаалаа авмаар байна” гэсний дагуу тушаалыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай захирлууд Израил болон Тайвань улсуудад байгаа. Өөрсдийгөө төлөөлүүлэхээр Монгол дэд захирал томилсон байдаг. Захирлууд 2019 оны 06 сарын18-ний өдөр Монголд ирээд компанийн эдийн засаг муу, цалингаа хугацаандаа тавьж чадахгүй нөхцөл байдлаас үүдэн өөрчлөлт оруулах шаардлагатай байна гээд 07 сарын 05-ний өдөр шийдвэрээ гаргасан ба түүний дагуу бүтэцийн өөрчлөлт хийгдсэн. DHL-ээр гарын үсэг зурж бидэн рүү явуулсан. С өөрөө өнөөдрөөр тушаалаа авъя гэсний дагуу тухайн өдөр нь шууд гаргаж өгсөн. Онлайнаар хурлаа хийгээд гарын үсгээ зураад DHL-ээр бид нар луу явуулдаг. Хөдөлмөрийн тухай хууль 30 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлсэн, тэтгэмж мөнгө өгсөн. гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Р.С нь “М” ХХК-д холбогдуулан В/112 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ бөөнөөр нь ажилчдыг халсан тул 45 хоногийн өмнө мэдэгдээгүй, тушаалын үндэслэл болсон А/09 тоот хувь нийлүүлэгчдийн шийдвэрийг захирал Монголд байхгүй байхад гарсан гэж тайлбарлав.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ цомхотгол хийж, хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан тул 2019.08.09-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлахаа 2019.07.09-ний өдөр мэдэгдсэн, онлайнаар хурал хийж шийдвэр гарсан, хувь нийлүүлэгчдийн 11 тоот шийдвэрээр маргаагүй, хүчин төгөлдөр байгаа гэж маргалаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажилуулж байгаа этгээдийг ажил олгогч гэж, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ажилтан гэж, 3.1.3-т нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлжээ.
“М” ХХК нь Р.Сыг Хуулийн зөвлөхийн албан тушаалд томилж, цалинг цагаар, урамшууллыг гүйцэтгэлээр тооцон ажиллуулахаар тохиролцон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хугацаагүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасанд нийцүүлэн Хөдөлмөрийн гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Талууд гэрээний 9.2.1 дэх заалтаар байгууллага болон салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцжээ.
Ажил олгогч нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн В/112 дугаар “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн дотоод тухай хуулийн 40.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.3, Хөдөлмөрийн гэрээний 9.2.1, хувь нийлүүлэгчдийн 11 тоот шийдвэрийг үндэслэн Р.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Мөн өдрөө ажил олгогч ажилтанд 352 тоот мэдэгдлээр Хуулийн зөвлөх орон тоо хасагдсан, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн, дээрх шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.
“М” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/09 тоот шийдвэрээр бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 20.00 цагт онлайнаар хуралдаж, 11 тоот шийдвэрийг гаргасан байх бөгөөд уг шийдвэрийн 2 дахь заалтаар Хуулийн зөвлөхийн орон тоог хассан байна.
Тухайн шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллага болон салбар нэгж татан буугдаагүй, харин борлуулалтын менежер, хуулийн зөвлөх, техникийн албаны орон тоог хассан, В/112 дугаар тушаалаар Р.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргийг ажил олгогч хүлээх юм.
“М” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 11 тоот шийдвэр хуулийн хүчин төгөлдөр, энэ талаар хариуцагч маргаагүй байна.
Хариуцагч байгууллагын захирал Монголд байхгүй үед шийдвэр гарсан талаархи нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй буюу тухайн байгууллагын Хувь нийлүүлэгчид хурлаа онлайнаар хийж шийдвэр гаргасныг буруутгах боломжгүй, ажилтанд хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэрээ мэдэгдсэн байна.
Дээрхийг нэгтгэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар В/112 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Р.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-д холбогдох, В/112 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Р.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ