Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2023/0222/э |
Дугаар | 2023/ШЦТ/224 |
Огноо | 2023-07-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Энхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000214 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ******* ******* ******* ахлах ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарайд овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тоотод 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08 цагийн орчим хамтран амьдрагч үл ялих зүйлээр маргалдаж биед нь халдаж “баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Шарайд овогт ******* нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 08 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* тоотод хамтран амьдрагч үл ялих зүйлээр маргалдаж түүний биед баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн үед ...эхнэрийн утсаар фэйсбүүк ухаад хэвтэж байтал +18 постон дээр манай эхнэрийн зурагтай ижилхэн зураг байхаар нь би “энэ чи биш юм уу” гэж хэрэлдээд утсыг нь үргэлжлүүлэн үзэж байсан чинь урд нь эхнэр нэг хүнтэй “хайраа” гээд чат биччихсэн байсан. Тэгээд миний уур хүрээд эхнэртэй хэрэлдсэн. Удалгүй эхнэр ажилдаа явлаа гэхээр нь “Чи энэ хүмүүсээ зааж өг” гэхэд “Би ажилтай байна, явлаа” гэж хэлэхээр нь би заамдаад доош нь дарсан чинь баруун чихэнд нь байсан эрвээхэй дүрстэй ээмэг тээглээд нэг далавч нь эхнэрийн чихний ард тал руу шигдээд нөгөө далавч нь миний зүүн гарын гадна талын дээд хэсэгт шигдээд доошоо дарагдахдаа эхнэрийн чихний ард талыг зүсээд цус гоожоод байхаар нь заамдсан гараа тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ийн “...манай нөхөр 2023 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн орчимд намайг ажилдаа явах гэж байхад гэр бүлийн таагүй харилцаанаас болж надтай маргалдсан. Маргалдсан шалтгаан нь гэвэл намайг ажилд явуулахгүй гээд байсан юм. надад хандаж “Намайг байхгүй хойгуур заал авч гадуур явлаа” гэх зэргээр уурлаж миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохиж хоолойноос боож газарт унагаасан. Ингээд би босоход миний баруун чихнээс цус гоожиж байсан бөгөөд цус нь тогтохгүй маш их гоожоод байсан. Үүнээс хойш надтай хэл амаар л маргалдаад байсан. Өөрөөр биед халдсан зүйл байхгүй. ...Надад тэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/,
насанд хүрээгүй гэрч “...2023 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн орчимд ээж намайг сэрээсэн бөгөөд намайг хувцсаа өмсөх гэж байхад манай аав ээж рүү уурлаж гэрт байгаа эд зүйл авч шидлээд байсан. Мөн аав ээж рүү утсан дээрээсээ нэг зураг үзүүлэн “Чи энэ мөн биз дээ, адуу тавих гэж байгаа хүмүүстэй янз бүр болоод байсан биз дээ, чи ер нь дандаа ингэж янхандаж байх юм” гэх зэргээр хэлээд байсан. Ээж “ажилдаа явлаа” гэхэд аав “гэрээс гаргахгүй” гээд уурлаад байсан. Ээж гэрээсээ гарах үед аав хориглож, тэр хоёр зууралдаж ноцолдсон бөгөөд ноцолдож байх үедээ ээжийн баруун чихэнд байсан ээмгийг нь аав сэтэртэл нь татчихсан тул ээжийн баруун чихнээс нь маш их цус гоожоод байсан. Аав ээжийн хоолойг нь боогоод байсан. Өөрөөр аав ээжийг цохиж зодсон үйлдэл гаргаагүй. ...Ингээд намайг гэрээс гарах үед аав надад хандаж “би чамайг ирэхэд ээжийг чинь алчихсан байна” гэж хэлээд байхаар нь би айж эмээ Долгормаа руу залгаж энэ тухай хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 343 тоот “...ийн биед баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархайд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА