Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 042

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 06 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00042                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:“Ф ББСБ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Год холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,499,584 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн есөн мянга таван зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Зоригтбаатар, хариуцагч Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Г нь 2016.03.25-ны өдөр манайхтай 0З/11 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 2.5 % хүүтэй, 12 сарын хугацаатай, 3,000,000 төгрөгийг зээлэн, барьцаанд Г.Гын өмчлөлийн 30-07 УНД улсын дугаартай тоёота карина маркийн машиныг фидуцийн гэрээний дагуу бариулсан. Зээлийн гэрээний хугацаа 2017.03.30 өдөр дууссан боловч хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээл хүүний төлбөрөө хугацаа хэтрүүлсэн байна. Т.Г нь зээлийн гэрээний 4.2.1 заасныг удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байгаа тул Иргэний хуулийн 451.1, 452.2. 453.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,110,648 төгрөг, хүү 2019.06.14 хүртэл 1,694,878 төгрөг, 2019.12.16 хүртэл 320,934 төгрөг буюу нийт хүүний төлбөрт 2,015,812 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2019.06.14 хүртэл 292,896 төгрөг, 2019.12.16 хүртэл 67,228 төгрөг буюу нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 360,124 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 4,499,584 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Миний бие 2014 оноос эхлэн “Ф ББСБ” ХХК-д гэрээний мэргэжилтнээр ажилласан, 2016 онд 3,000,000 төгрөгийн зээлийг авсан. 2014 оны 12 сард “Ф ББСБ” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрыг дахин барилгажуулах төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч 2016.03.29-ний өдөр НЗД-аас төсөл хэрэгжүүлэх эрхийг хүчингүй бопгосноор маргаан Захиргааны хэргийн шүүхээр хянагдсан. Тухайн үед би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.15-ны өдрийн 670 дугаар шийдвэрээр НЗД-ын 2016.03.29-ний өдрийн А/253 дугаар захирамж, тухайн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын багцийг хүчингүй болгож ялалт байгуулсан. Тухайн төсөл 90,0 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд шүүхэд ялалт байгуулснаар “Ф ББСБ” ХХК-ийн /тухайн үед “Фүжи констракшн групп” ХХК-ийн захирлаар мөн ажиллаж байсан/ гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Энхсайхан намайг урамшуулна гэснээр надтай байгуулсан ажилтны зээлийн гэрээг тэглэж өгсөн. Тийм ч учраас би зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2016 оны 10 сараас хойш төлөлт хийхээ зогсоосон. Хэдийгээр болсон үйл баримтыг нотлох баримт байхгүй ч 2016 оны 10 сараас хойш өдийг хүртэл буюу 2019 оны 6 сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд надаас 1 ч удаа зээлээ төл гэж шаардаж байгаагүй, мэдэгдэл өгч байгаагүй. Зээлийн гэрээний 5.1.6, 7.1-т тус тус заасны дагуу үндсэн зээл төлөх хугацаа 30 хоногоор хоцорсон буюу хүү төлөх хуваарийг 2-оос дээш удаа зөрчсөн бол 1 талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-т “Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээр дээрх үйл баримт нотлогдоно. Иргэний хуулийн 452.2-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан боловч нэхэмжлэгчийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 2019.03.13-ны өдрийн 23 тоот тогтоолоор хүчингүй болгосон тул дээрх хуулийн зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 232.4-т “Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй ёстой байтал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2,110,648 төгрөг, зээлийн хүү 2,015,812 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360,124 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Нэхэмжлэл гаргасан Т.Энхсайхан “Ф ББСБ” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Учир нь “Ф ББСБ" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд компанийн удирдлагатай холбоотой маргаантай асуудал үүссэн, өөрөөр хэлбэл 89,53 хувийн хувьцаа эзэмшигч Япон улсын иргэн Ишибаши Рёосүкегийн нэхэмжлэлээр Т.Энхсайханд холбогдуулан үүсгэсэн “хувьдаа ашигласан 552,510,873 төгрөг болон 10.47 хувийн хувьцаа гаргуулах, Гүйцэтгэх удирдлага шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга, тэмдэг, гэрчилгээг хүлээлгэн өгөх, компанийн хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг даалгах” шаардлагатай хэрэг шийдвэрлэгдээгүйг тус шүүхийн Тамгын газрын 2019.12.12-ны өдрийн албан бичгээр тодорхойлсон. ТУЗ-ийн 2016.11.28-ны өдрийн хурлаар гүйцэтгэх захирлаар С.Чанцалмааг томилж, Т.Энхсайханг чөлөөлсөн тул гүйцэтгэх захирал хэн болох тухай асуудал маргаантай байна. Дээрхээс үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 65.1.7-д “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэж заасан тул мөн хуулийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

ФББСБ” ХХК нь Т.Год холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,111,422 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээний хугацаа дууссан боловч үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь захирал Т.Энхсайхан нэхэмжлэл гаргах эрхгүй, Захиргааны хэргийн шүүхэд ялалт байгуулсан тул гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Энхсайхан миний зээлийн гэрээг тэглэж урамшуулсан, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж маргалаа.

 

Ф ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Энхсайхан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн УБЕГ-ын 2019.12.23-ны өдрийн Тодорхойлолт, гэрчилгээнд бүртгэгдсэнээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 183.1-д зааснаар бүртгэлийг үнэн, зөв гэж үзнэ.

 

Иймд “Ф ББСБ” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Т.Энхсайхан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх бөгөөд тэй байгаа, хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Т.Год 12 сарын хугацаатай, 3,000,000 төгрөгийг зээлж, хариуцагчийн өмчлөлийн 30-07 УНД улсын дугаартай, Тоёота карина маркийн автомашиныг барьцаалж, зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг байгуулжээ.

 

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байх зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Тухайн байгууллагын ажитнуудад хөнгөлттэй нөхцлөөр зээл олгосон, 03/11 тоот Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглаж, сар бүр хүү төлөх, зээлийн хугацаа дуусахад 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээхээр зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, энэ талаар маргаагүй, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусжээ.

 

Т.Г нь 2016 оны 10 дугаар сар хүртэл үндсэн зээлийн төлөлтөд 889,352 төгрөг, хүүний төлбөрт 455,648 төгрөг буюу нийт 1,345,000 төгрөгийг төлсөн, энэ талаар маргахгүй байна.

 

Талууд гэрээгээр хүүний төлбөрийг сарын 2.5 % байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д нийцсэн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,110,648 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд төлөх хүүний төлбөрт 142,375.56 төгрөгийн хамт нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019.03.13-ны өдрийн 23 тоот тогтоолоор хүчингүй болгосон байх тул “Ф ББСБ” ХХК нь дээрх хугацааг хүртэлх хүүний төлбөрийг шаардах эрхтэй юм.

 

Зохигчийн байгуулсан гэрээний хавсралтаар хариуцагч нь 12 сарын хугацаанд 523,961.89 төгрөг төлөх байсныг үндэслэн 2017.03.25-ны өдрөөс 2019.03.13-ны өдрийг хүртэлх хугацаагаар буюу 24 сараар тооцож /523,961.89х2жил/ 1,190,299 төгрөгийг хүүний төлбөрт тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасанд нийцүүлэн талууд гэрээний 3.1 дэх заалтаар нэмэгдүүлсэн хүүг 0,5 хувиар төлөхөөр тохиролцжээ.

 

Гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн хүүний төлбөр /142,375+1047,924/ 1,190,299 төгрөгөөс 0,5 хувийн нэмэгдүүлсэн хүүг тооцоход /5,951х24сар/ 142,835 төгрөг байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар үндсэн зээлийн төлбөрт 2,110,648 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,190,299 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 142,835 төгрөг буюу нийт 3,443,782 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Т.Гоос гаргуулан, “Ф ББСБ” ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор тухайн хугацаанаас хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй тул 1,055,802 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Хариуцагч тал гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Энхсайхан зээлийн гэрээг тэглэж урамшуулсан талаархи тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд Зээлийн гэрээний 5.1.6, 7.1-т зааснаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэлийг үгүйсгэх, няцаах үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,240 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Т.Гоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,443,782 /гурван сая дөрвөн зуун дөчин гурван мянга долоон зуун наян хоёр/ төгрөг гаргуулан, “Ф ББСБ” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 1,055,802 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,240 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ