Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг 

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000229 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 115 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

мөн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 196 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2, 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

мөн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Хатагин овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “*******” хорооллын 2-203 тоотод 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд хохирогч ******* үл ялих зүйлээр маргалдан биед нь халдаж “эрүүний доод хэсэг, хүзүүний урд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Болсон зүйлийн талаар өмнө ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Хатагин овогт ******* ******* нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Ажилчны 2-203 тоотод хохирогч ******* үл ялих зүйлээс маргалдаж түүний биед эрүүний доод хэсэг, хүзүүний урд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байхад орой 20 цагийн орчим ээж над руу залгаад “Аав чинь чамайг үхнэ гээд байна, том ах чинь үхсэн болохоор удахгүй чамайг үхнэ гээд байна, үхээгүй амьд байгаа бол хүрээд ирээч” гэж хэлсэн. Тухайн үед би архи уучихсан байсан болохоор бухимдаад гэр рүү нь яваад очсон чинь аав ээж хоёр гээд эгчийн хамт гурвуулаа архи уусан байдалтай байсан. Би ороод тал шил архи байхаар нь хамт ууж байгаад би үхээгүй амьд байна шүү гэж хэлээд аав ын нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохисон. Нүүрнээс нь цус гарсан бөгөөд ээжийг аваад гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үдийн өмнө дэлгүүрээс таазны доторлогооны нимгэн фанерь /аргилет/ авчирсан юм. Уг нимгэн фанериар гал тогооны модон пингийнхээ таазыг доторлож байгаад гаднаас нь харах гээд 200-ийн төмөр поошиг дээр шивлер төмөр тавиад гарч байгаад уг шивлер төмөр дээрээ зүүн хавирга хэсгээрээ халтирч унасан бөгөөд зүүн хавирга хэсэг хөндүүр болохоор нь гэртээ орж хэвтсэн. ...Тэгж байтал эхнэр ийн найз ирээд бид гурав нэг шил архи задалж ууцгаасан. Ингээд хүү ******* ирсэн бөгөөд би тухайн үед юу хэлснээ сайн мэдэхгүй байна, ямар ч гэсэн хүү *******тэй маргалдсан юм шиг байсан. Миний нүүр рүү цохих шиг болсон. Тэрнээс цааш юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн хүү орж ирээд “авч явна” гээд эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

гэрч “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ нөхөр ын хамтаар, гэхдээ нөхрийн хувьд гадаа пингийнхээ таазыг дотроос нь фанерь /аргилет/-аар доторлож байсан ба хажуудаа нэг шил архи тавьчихсан уунгаа хийж байсан. Миний хувьд өдрийн 13 цагийн орчимд байх хуурай эгч гар утас руу залгаад “Улаанбаатар хотоос ирсэн байна, манай гэрт хүрээд ир” гэж дуудаад цай чанаад гэртээ байтал гадаа юм нурж унаж байгаа дуу чимээ гарахаар нь би гэрээс гарсан. Тухайн үед нөхөр “би уначихлаа” гэж хэлэхээр нь би түүнд хандаж “гэртээ орж хэвт” гээд гэр рүү оруулахад өөрөө орон дээр очоод хэвтсэн. Энэ үед гаднаас Ц. эгч такси бариад ирсэн. Өмнө нь байсан архиа гаргаж эгчтэй ууж байхад хүү ******* миний гар утас руу залгаад “Ээж мөнгө байна уу” гэж хэлэхээр нь би түүнд хандан ирээд ав гэж хэлээд үргэлжлүүлэн архиа нөхөр болон эгч хоёртой ууж байхад гаднаас хүү ******* бага зэрэг архи уусан байдалтай орж ирээд надаас 20,000 төгрөг аваад мөн бид нарын ууж байсан архинаас ууж байхад нь би хүү ******* хандан “Аав чинь том хүү нас барсан, одоо чамайг үхнэ” гээд байна гэж хэлэхэд хүү ******* уурлаад орон дээр хэвтэж байсан нөхөр руу очоод түүний эрүү болон хүзүү орчимд нүүр рүү нь гараараа 4-5 удаа цохисон бөгөөд энэ үед би очоод хүү *******ийг нөхөр оос холдуулахад нөхөр ын амнаас нь цус гарч байхаар нь хүү *******ийг аргадаад “Аавыгаа зодож болохгүй” гээд гэрт нь хүргэж өгөх гээд гэрээс авч гарсан бөгөөд гэрт хамт байсан эгчийг “нөхрийг маань харж байгаарай” гэж хэлээд гарсан. Харин намайг хүү *******ийн хамт гарсны дараа гэрт бага хүү ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/,

гэрч  “...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн орчим гэртээ байтал танил дүү над руу утсаар залгаад “Та манай гэрт хүрээд ир, дүү нь Улаанбаатар хотоос гэртээ ирээд байна” гэж хэлсэн. Би такси бариад ******* сумын 1 дүгээр баг хуучнаар Силикатын 0-6 тоот гэрт нь очсон. Намайг гэрт нь очиход , нөхөр хоёр нэг шил “Соёрхол” архи гаргачихсан, эгчдээ гаргаж өгч байна гээд байж байсан. Бид гурав тус архиа ууж байтал удаагүй ийн хүү ******* нь ганцаараа орж ирсэн бөгөөд архи уусан, эрүүл эсэхийг мэдээгүй. Тэгээд сууж байтал нь хүү ******* “аав чинь чамайг үхнэ” гэж хэлсэн гэхэд хүү ******* нь аав болох ыг хэвтэж байхад нь очоод эрүү, хацар хэсэг рүү нь гараараа 4-5 удаа цохиж байгаа харагдсан. Удалгүй ******* гэрээсээ ээж ийн хамт гараад явсан. Тэгсэн бага хүү нь ирээд аав болох ыг машинтайгаа авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

гэрч  “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хадмынхаа гэрт байтал эгч Төгсбаяр орой 21 цаг 15 минутын орчим над руу залгаад “Ах ******* аавыг зодчихоод явсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэр рүү очиход аав зодуулсан байдалтай орон дээр согтуу хэвтэж байсан бөгөөд нүүр ам нь битүү цус болсон байдалтай байсан. Би “таныг хэн зодсон бэ” гэхэд “Намайг ******* ах чинь зодсон” гэж хэлсэн. Юунаас болсон талаар хэлээгүй, тэгээд цагдаад дуудлага өгчихөөд эмнэлэг рүү авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 336 тоот “... биед зүүн 7, 8, 9-р хавирга ясны хугарал, зүүн цээжний хөндийн хий хуралдалт, эрүүний доод хэсэг, хүзүүний урд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх зүүн цээжний хөндийн хий хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн 7, 8, 9-р хавирга ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатагин овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА