| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0227/э |
| Дугаар | 2023/ШЦТ/228 |
| Огноо | 2023-07-04 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Ц.Хасар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Цэрэндуламын Хасарт холбогдох эрүүгийн 2321000000220 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг, “Дөрөө” хорооллын 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 8 сар хорих ялаар,
мөн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/736 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар,
мөн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Шарайд овогт Цэрэндуламын Хасар /РД: ЖЯ 95080270/.
Шүүгдэгч Ц.Хасар нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг “Дөрөө” гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 23-ны шөнө 03 цагийн үед согтуугаар хохирогч О.Сувдансондорыг бусадтай хардаж, диплом, цүнх, хувцас зэрэг эд хөрөнгийг нь хууль бусаар шатааж устгасны улмаас нийт 598,400 /таван зуун ерэн найман мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Хасар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Шарайд овогт Цэрэндуламын Хасар нь 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг “Дөрөө” гэх газарт согтуугаар хохирогч О.Сувдансондорыг бусадтай хардаж, түүний диплом, цүнх, хувцас зэрэг эд хөрөнгийг нь хууль бусаар шатааж устгасны улмаас 598,400 /таван зуун ерэн найман мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Хасарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би чингэлэг дотор байсан хувцас, чемодантай болон ууттай байсан хувцсыг нь бүгдийг аваад хашааны урд байх хог дээр аваачаад хаясан. Тэгэхэд уг хог нь доороо нурамтай байсан тул асаад шатсан. Хувцас болон эд зүйл нь шатаж байхад Сувдансондор гэнэт хүрээд ирсэн. Би хаанаас ирсэн талаар нь асуухад “би энд ойрхон байсан” гэж хэлээд бид хоёр хэл амаараа маргалдаж байгаад би найз охиныхоо малгайтай ноосон цамц болон үүрч явсан цүнхийг нь гараараа булааж аваад гал руу шидээд шатаачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч О.Сувдансондорын “...Хасар намайг хөдөө байдаг Ариунболд гэх ахтай хардаад “тэр пиздагаа дуудаач” гээд байхаар нь би түрүүлээд алхаад явсан. Тэгэхэд миний араас бахираад байсан. Би эргэж харахад газар хэвтээд “хөөе Сондороо” гээд орилоод байхаар нь би түрүүлээд гүйгээд явчихсан. Араас “янхандаад явах бол зайлаарай” гээд чат бичсэн. Дараа нь “би энэ гэрийг яг одоо гал болгоод утаа гаргаад шатаана харж бай” гэсэн дуу хураасан бичлэг чатаар явуулсан. Би Хасар руу “найзынд чинь буцаад ирсэн байна” гэсэн чат бичээд гэрийнхээ гадаа байхад Хасар гэрээс гарч явсан. Би явсан хойгуур нь хувцас болон эд зүйлээ гэрээс аваад гэрийн гадаа байх чингэлгэнд хийгээд гэрийн хойд талд байх амбаарын ард нуугдаад харж байсан чинь Хасар эргээд хүрээд ирсэн. Гэрт ороод намайг хувцсаа авсан байхыг хараад над руу “хаана байна” гэсэн чат бичсэн. Би “аймаг явж байна” гэж бичихэд намайг ахтайгаа машинтай хайж байгаад гэрийн хашаанд ирээд чингэлэгнээс миний хувцас болон эд зүйлийг гаргаж ирээд хогийн цэг дээр аваачаад шатааж эхэлсэн. Би гал асаж эхлэхэд нь нуугдаж байсан газраасаа гарч ирээд “Чи яаж байгаа юм бэ, миний хувцас, эд зүйлийг шатаагаад” гэхэд Хасар “яадаг юм бэ, чи муу надаас зугтаад хаа холдох юм” гээд намайг нэг удаа алгадаад түлхээд “нааш ир” гээд миний үүрч явсан цүнхний оосор болон цамцаар хоолойг минь боож галын дэргэд аваачаад “бүх хувцсаа тайл эсвэл өөртэй чинь хамт шатаана шүү” гэж хэлсэн. Би дээгүүр өмсөж явсан цамц, үүрч явсан цүнхээ өгсөн. Тэгэхэд гал руу шидээд шатаачихсан. ...Надад гомдол санал байхгүй. Надад учирсан хохирол бүрэн төлж барагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-15/,
гэрч Г.Энхзаяагийн “...2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 06 цагийн орчим байх манай үеэл дүү Хасарын найз хүүхэн Сувдансондор манай Дашбалбар сумын 5 дугаар баг “Дөрөө” хороололд байх гэрт орж ирээд “Хасар миний хувцсыг шатаачихсан, одоо гэрт түгжээд намайг шатаана гэсэн, би гэрийн гадаа нуугдаж байгаад арай гэж зугтаж ирлээ, одоо миний араас ирнэ, Хасарыг битгий оруулаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
гэрч Г.Энхбаярын “...Би Хасарын найз охин Сувдансондорын хамт урд талд байх гэрт нь очиход миний хувцас эд зүйлийг шатаачихсан гэхээр нь харахад хашааны баруун урд талын буланд шатаачихсан байсан. Уугиад дуусаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
гэрч Г.Гомбосүрэнгийн “...манай дүү Цэрэндуламын хүү Хасарын найз охин Сувдансондор ирээд “Хасар архи уугаад агсам тавиад миний хувцас, эд зүйлийг шатаагаад намайг ална гээд айлгаад байна” гэж хэлсэн. Би Сувдансондорыг “тэгвэл манай гэрт ороод байж бай” гээд гэртээ оруулаад юу болсон талаар ярьж байхад төд удалгүй Хасар манай хашаанд ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Р23-65 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 40-46/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ц.Хасар нь хохирогч О.Сувдансондорын эд зүйлсийг шатааж улмаар түүнд 598,400 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ц.Хасар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Ц.Хасар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Сувдансондорын хувцас, эд зүйлс устаж түүнд 598,400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Хасарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Хасарт прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Хасар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Хасар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овогт Цэрэндуламын Хасарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 598,400 /таван зуун ерэн найман мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэрэндуламын Хасарт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хасар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Хасар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Сувдансондор нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Хасарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА