Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0185

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Маргааны төрөл: “Э” ХХК-ийн эзэмшлийн газруудыг хасаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Э” ХХК-ийн эзэмшил газрын нэгж талбарын 18******* дугаартай 20822 м.кв газрыг бүхэлд нь, нэгж талбарын 18******* дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв, нэгж талбарын 18******* дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг тус тус сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 18******* нэгж талбарын дугаартай газрыг 20822 м.кв, 18******* нэгж талбарын дугаартай газрыг 51717 м.кв, 18******* нэгж талбарын дугаартай газрыг 57926 м.кв буюу эзэмшил газрыг хуучин хэвээр сэргээх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/861 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амралт үйлчилгээ, аж ахуй, хамгаалалтын бүсийн зориулалтаар дөрвөн өөр нэгж талбарын дугаартай нийт 132,388 м.кв газрыг “Э” ХХК-д эзэмшүүлэхээр олгожээ.

Улмаар Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/484 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44.6, 44.8-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн  эзэмшлийн нэгж талбарын 18******* дугаартай 20822 м.кв газрыг бүхэлд нь, нэгж талбарын 18******* дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв газрыг хасаж, нэгж талбарын 18******* дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг тус тус хасаж шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ Манай компани анх 1964 онд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны Баян-Уул амралтын газар нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 400,000 м.кв эзэмшил газрыг хамруулан эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан . Харин 2000 онд нэрээ “Э” ХХК болгон өөрчилж, 268 мянга м.кв талбайгаа улсад өгч үлдсэн 132,388 м.кв газрыг эзэмшдэг болсон. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/861 дүгээр захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амралт үйлчилгээ, аж ахуй, хамгаалалтын бүсийн зориулалтаар дөрвөн өөр нэгж талбарын дугаартай нийт 132,388 м.кв газрыг эзэмшиж уг газар эзэмших эрхээ сунгуулахаар 2020 оны 04 дүгээр сард Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан хүргүүлсэн.

2/ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 06 дугаар сард газар баталгаажуулах хурлаар орж дэмжигдсэн гэсэн хариуг утсаар өгч байсан бөгөөд мөн уг байгууллагын цахим хуудсанд манай компанийн хугацаа сунгах тухай захирамж гарсан мэтээр харагдаж байснаа сүүлд нь устгасан байсан . Дараа нь удтал шаардуулсны эцэст Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 - р сарын 18 - ны өдрийн А/484 дүгээр газар эзэмших , ашишлах эрхийн талбайн хэмжээ , зориулалт , нэр өөрчлөхтухай захирамж гаргасан . Энэхүү захирамжаар манай компанийн эзэмшлийн нэгж талбарын 18******* дугаартай 20822 м.кв газрыг бүхэлд нь , 18******* дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв газрыг , 51675 м.кв , нэгж талбарын 18******* дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна .

Энэхүү захирамжийг гаргахдаа манай компанид огт мэдэгдэлгүйгээр компанийн эзэмшил газрын зарим хэсгийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна . Учир нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч нар манай компанид манай газрын дээр дурдсан хэсгийг сунгахаас татгалзаж байгаа тухайгаа огт мэдэгдээгүйгээр үл барам, та манай даргатай уулзаад асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж хэлж байсан.

“Э” ХХК нь ямар нэгэн зөрчил гаргалгүйгээр Газрын тухай хуулийн дагуу газраа эзэмшиж байхад ямар нэгэн үндэслэл заалгүйгээр компанийн эзэмшиж байгаа газрын дур мэдэн хэмжээг хасаж буюу дээрх газрыг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь манай компанийн хууль ёсны эрх , ашиг сонирхлыг хуулийн үндэслэлгүйгээр хөндсөн гэж үзэж байна .

3/ Өөрөөр хэлбэл ямар нэг зөрчил гаргаагүй байхад манай компанийн эзэмшил газрыг Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх , 4.2.2-т шуурхай ... байх 4.2.3-т хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод , нээлттэй байх , 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэж заасныг тус тус зөрчин хуульд заасан үндэслэлгүйгээр компанийн эзэмшил газрын нэг хэсгийг сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхны дээр дурдсан эс үйлдэхүй нь Захиргааны Ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “оролцогчийг сонсох , тайлбар гаргуулах гэж заасныг мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагаа явуулах тухай хуулиар тогтоосон журмыг бүхэлд нь зөрчсөн байна. Энэхүү гарсан алдааг засаж манай компанийн эзэмшил газраас хассан хэсгийг буцаан сэргээж, захирамжид өөрчлөлт оруулж өгөхийг Нийслэлийн Засаг даргаас хүсэж 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 26/21 тоот албан бичгээр хандсан боловч танай асуудал шийдвэрлэх хугацааг сунгасан байгаа, хариуцаж байгаа газар зохион байгуулагч нь амарсан , өвчтэй байна гэх зэргээр арга саам хийж , хариу өгөхгүй байсаар хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн тул арга буюу шүүхэд хандсан бөгөөд шүүхэд хандсаны дараа , танай компанийн газар эзэмших эрх ойн тухай хуулийг зөрчсөн учраас сунгахаас татгалзсан гэсэн хариу өгсөн” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь Нийслэлийн Засаг даргын захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, захиргааны акт гаргаж 20822 мкв газар, мөн 186608 дугаартай газраас 42 м.кв газрыг, 186613 дугаартай газраас 47 м.кв газраар гаргаж сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргад тухайн газрыг хуучин хэмжээгээр нь гаргахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Үүний үндэслэл бол “Э” ХХК нь анх 1964 онд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяанд Баян-Уул амралтын газар нэртэй байгуулагдаж байсан. 122,000 гаруй м.кв газрыг эзэмшдэг байсан. 2000 онд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, газрын төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн шалтгаанаас газрынхаа 4 хуваасны 3 хувийг улсдаа болон бусад аж ахуй нэгжид буцааж өгсөн. Ингээд бол 2020 оны 4 дүгээр сард Нийслэлийн Засаг даргад хугацаа дуусаж байсан учраас хуулийн хугацаандаа газрын эзэмших эрхээ сунгуулахаар хүсэлтээ өгсөн. 2020 оны 6 дугаар сард газар баталгаажуулах хурлаар ороод дэмжигдсэн гэдэг хариуг утсаар өгч байсан.Газар сунгагдсан гэдэг байдлаар и-газарт бол тэмдэглэгдсэн байсан. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/484 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан. Үүний дагуу газар зохион байгуулалтын албанаас гэрээ болон гэрчилгээгээ авсан.  Нэгж талбарын 186613 /хамгийн сүүлийн гурван тоог хэлээд явчихъя/ дугаартай 20822 м.кв  газрыг бүхэлд нь хассан. Нөгөө 2 нэгж талбарын дугаартай газраас буюу 186608 нэгж талбарын дугаартай газраас 42 м.кв газар хассан, мөн нэгж талбарын 186832 дугаартай газраас 47 м.кв газрыг хасаж шийдвэрлэсэн байсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргад хандсан. Хариу өгөөгүй учраас аргагүй эрхэнд шүүхэд хандсан. Нийслэлийн Засаг даргаас ойн хамгаалалтын бүсэд орсон учраас хасаж шийдвэрлэсэн гэдэг хариу өгсөн. Нэгж талбарын 186613 /хамгийн сүүлийн гурван тоог хэлээд явчихъя/ дугаартай 20822 м.кв  газрыг бүхэлдээ гэрээ байгуулахдаа мод тарих, ойн хамгаалалтын бүсийн зориулалтаар эзэмшиж байгаа газар. Гэрээ байгуулахдаа ч ингэж байгуулагдсан, гэрчилгээнд ч гэсэн энэ байдлаар тусгагдсан. Дээр нь бол сүүлд нотлох баримт өгсөн байгаа. Нотлох баримтад мод тарина гээд гэрээ байгуулаад хариуцагчийн хасаж шийдвэрлэсэн газар дээр  зулзаган мод тариад явж байгаа. Мөн нөгөө 2 газар болох 42 м.кв газар болон 47 м.кв газрыг хассанаа Ойн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хасаж шийдвэрлэсэн гэдэг хариу өгдөг. Иймд манай газрыг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргад тухайн газрыг хуучин хэвээр нь буюу Нэгж талбарын дугаартай 20822 м.кв  газрыг бүхэлд нь,186608 нэгж талбарын дугаартай газрыг 51671 м.кв-аар , мөн нэгж талбарын 186832 дугаартай газрыг 51927 м.кв-аар гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна” гэв. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20ы өдрийн А/40 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 128366 м.кв газрыг “Э” ХХК-д үйлчилгээ, амралт, ногооны талбай, аж ахуйн зориулалтаар, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/861 дүгээр захирамжаар 111566 м.кв газрыг амралт, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар 4 жил 6 сарын хугацаатай газар эзэмших эрх тус тус олгосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/484 дүгээр захирамжаар 111566 м.кв газрыг 51675 м.кв, 57926 м.кв , 1874 м.кв бүхий 3 нэгж талбарт хувааж “Э” ХХК-д эзэмшүүлсэн байна.

 2/ Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/861 дугаартай захирамжаар олгосон 111566 м.кв газраас Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Геодезийн солбицол , ендер тусгагийн нэгдсэн тогтолцоо”-ны дагуу цэг тэмдэгтийг тогтоож 91 м.кв газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд хасаж бүртгэсэн байна .

 3/ Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/861 дүгээр захирамжаар 20822 м.кв газрыг “Э” ХХК-д хамгаалалтын бүсийн зориулалтаар 4 жил 6 сарын хугацаатай газар эзэмших эрх олгосон байна. “Э” ХХК-д хамгаалалтын бүсийн зориулалтаар эзэмшүүлсэн Геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоо-ны дагуу цэг тэмдэгтийг тогтоож 17 м.кв хасагдсан 20805 м.кв газар 20822 м.кв газар нь ойн сан болон ойн хамгаалалтын бүсэд орсон байна.

Иймд Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 , 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 20.2.1 , 21.2.2 дахь заалтад заасан нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж , 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн хугацааг сунгаагүй байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх , ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд ойн сан болон ойн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэхгүй байх хуулийн хэрэгжилтийг хангаж , бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн асуудал болно .

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж орж ирж байгаа асуудал нь эс үйлдэхүйг тогтоолгох, сунгахгүй байгаа 42 м.кв, 47 м.кв газрыг буцааж олгохыг даалгах гэж ойлгож байна. Тэгэхээр эдгээр газар нь Ойн тухай хуульд зааснаар хамгаалалтын бүсэд орчихсон байгаа. Энэ үндэслэлээр хассан. Гэхдээ Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолыг үндэслэж, солбицлын цэгээр нь тухайн 100 метр газар аль хэсэгт нь хамаарч байна, тэр хэсгийг нь хасаж тооцсон байгаа. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэгж талбарын 18******* дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв, нэгж талбарын 18******* дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг тус тус сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 18******* нэгж талбарын дугаартай газрыг 51717 м.кв, 18******* нэгж талбарын дугаартай газрыг 57926 м.кв буюу эзэмшил газрыг хуучин хэвээр сэргээх шийдвэр гаргахыг даалгах шаардлагын тухайд:

          1.1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 128366 м.кв газрыг үйлчилгээ, амралт, ногооны талбай, аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/861 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амралт үйлчилгээ, аж ахуй, хамгаалалтын бүсийн зориулалтаар дөрвөн өөр нэгж талбарын дугаартай нийт 132,388 м.кв газрыг 4 жил 6 сарын хугацаатай “Э” ХХК-д эзэмшүүлэхээр тус тус олгожээ.

1.2. Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/484 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн  эзэмшлийн нэгж талбарын 18******* дугаартай 20822 м.кв газрыг бүхэлд нь, нэгж талбарын 18******* дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв газрыг, нэгж талбарын 18******* дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг хасаж шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 18.1.1-д “газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэжээ.

1.3. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Геодези солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоог баталсан бөгөөд уг тогтоолын дагуу газрыг илүү нарийвчлалтай, үнэн зөв, бодиттой бүртгэх зорилгод нийцүүлж нэхэмжлэгчийн нэгж талбарын 18******* дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв, нэгж талбарын 18******* дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг тус тус хасаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

1.4 Учир нь газрын хэмжээ, түүний бүртгэл үнэн зөв бодиттой байх ёстой бөгөөд Монгол Улсын Засгийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолыг баталж, хариуцагчаас уг тогтоолын хэрэгжилтийг хангаж 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/484 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн нэгж талбарын 18******* дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв, нэгж талбарын 18******* дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг тус тус хасаж шийдвэрлэсэн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.

2. Нэгж талбарын 18******* дугаартай 20822 м.кв газрыг бүхэлд нь сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эзэмшил газрыг хуучин хэвээр сэргээх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан байна.

2.1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/861 дүгээр захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, уг гэрээнд 20822 м.кв газрыг хамгаалалтын бус, зөвхөн мод тарих, хамгаалах зорилгоор байгуулжээ.

          2.2. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь уг 20822 м.кв газрыг ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжих зорилгоор буюу мод тарих зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд энэ нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасан хамгаалалтын бүсийн ойд хориглосон үйл ажиллагаанд хамаарахааргүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 18******* нэгж талбарын дугаартай газрыг сунгахаас татгалзсан эс үйлдэхгүй хууль бус байна.

          2.3. Учир нь нэхэмжлэгч нь анх газар эзэмших эрх үүссэн цагаас маргаан бүхий газрыг хашаалж, гэрээнд заасан зориулалтын дагуу буюу мод тарих зорилгоор ашиглаж байсан болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд ингэснээрээр тухайн газарт хамаарах хамгаалалтын бүсийн ой суурьшлын бүс болох, байгалийн унаган төрх алдагдахаас урьдчилан сэргийлжээ.

          2.4. Нөгөөтэйгүүр хариуцагчаас маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид зөвхөн мод тарих, хамгаалах зорилгоор тодорхой нөхцөл тавьж эзэмшүүлж байсан бөгөөд энэ нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасан хамгаалалтын бүсийн ойд хориглосон үйл ажиллагаанд хамаарахгүй.

          2.5. Харин Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Геодези солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоог баталсны дагуу нэхэмжлэгчийн 18******* дугаартай 20822 м.кв газраас 17 м.кв газрыг хасаж, 20805 м.кв газар болгосон нь дээр дурьдсанчлан газрын харилцааг сайжруулах талаар төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэж буй ажил тул уг хассан хэмжээгээр буюу 20805 м.кв газрыг сунгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийг нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга холбогдуулан гаргасан нэгж талбарын 18******* дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв газрыг, нэгж талбарын 18******* дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 18******* нэгж талбарын дугаартай газрыг 51717 м.кв, 18******* дугаартай газрыг 57926 м.кв буюу эзэмшил газрыг хуучин хэвээр сэргээх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгахыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсэг болох нэгж талбарын 18******* дугаартай газрыг 20822 м.кв газраас 17 м.кв газрыг хасаж 20805 м.кв газрыг сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ