Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0648

 

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

М.О-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгч: М.О

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0034 дүгээр

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 114/2025/0028/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.О-аас Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн М.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, Нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгуулах”-аар маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0034 дүгээр шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д тус тус заасныг баримтлан М.О-аас Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн М.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай захирамжийн М.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэвэл Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, Нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

“... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалтаас үзвэл газар эзэмшигч газрын эрх авснаас хойш хуанлийн 2 ба түүнээс дээш жилийн хугацаанд, зориулалтаар нь ашиглаагүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх нөхцөл хуулиар тавигдаж байна. Шүүх хугацааг 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс тоолох нь зүйтэй гэж дүгнэжээ.

Гэтэл хариуцагч тал 2021 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж шүүхэд гаргасан тайлбар шүүх хуралдааны явцад удаа дараа 2021 оноос хойш ашиглаагүй гэж тайлбарладаг. Хариуцагч тал газрын захирамжийг хүчингүй болгосон хугацааг тоолохдоо 2021 оноос хойш гэж тайлбарлаж байхад шүүх 2017 оноос хойш тооцон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэгч тал дүгнэж байна.

Нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ гэрээний хугацаанд доорхи ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Үүнд:

1. Архитектор төлөвлөлтийн даалгавар,  Дархан уул аймгийн ерөнхий архитектор Д.Элдэвсайхан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр.

2. Орон сууцны барилгын загвар зургийн ерөнхий төлөвлөгөө 2021 онд батлуулсан. Доорхи мэргэжлийн байгууллагын зөвшөөрлийг авсан. Үүнд:

-Дархан дулааны сүлжээ ХК-ны ерөнхий инженер 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 

-Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ний ерөнхий инженер 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр,

-"Дархан ус суваг” ХК-ийн ерөнхий инженер 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр,

- Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХКерөнхий инженер 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр,

3. “Лт” ХХК-ний “Инженер геологи судалгааны дүгнэлт”-ийг 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд судалгааны ажлыг хийж гүйцэтгүүлсэн.

4. Техникийн нөхцөл “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 2022 оны 04 дүгээр сарын 25 өдөр,

 5. Техникийн нөхцөл “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр

6. Газрын төлбөрийг гэрээ байгуулсан оноос хойш жил бүр төлж байсан.

7. Дархан-Уул аймгийн газрын хөрс элсэрхэг, нурамтгай учир дахин Инженер геологи судалгааны ажил гүйцэтгэх гэрээ "Ү” ХХК-тай 2024 оны 11 сарын 16 өдөр байгуулсан байсан.

Түүнчлэн 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд Ковид-19 цар тахлын үеийн бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт Засгийн газрын тогтоолоор шилжсэн байх хугацаанд иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй, хязгаарлагдсан нийтэд илэрхий нөхцөл байдлыг нэхэмжлэгч иргэний хувьд газраа зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан хүндэтгэн үзэх шалтгаанд байсан г.м захиргааны шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж дүгнэж байгаа.

Цаашлаад энэ хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацааг тооцсон ч хуанлийн 2 жилийн хугацаа хүрээгүй.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 114/Ш2025/0034 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2017 оноос эхлэн эзэмшиж буй газар дээрээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, орон сууц барьж байгуулахаас өмнө хийгддэг ажлууд болох орон сууцны барилгын зураг, орон сууцны барилгын талбайн инженер геологи судалгааны дүгнэлтийг 2021 онд, ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, дэд бүтэц, ногоон байгууламж, цахилгаан дамжуулах байгууламж төслийн тайлан, эскиз зургийг хийлгэн баталгаажуулсан, газрын төлбөр төлсөн. Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний төлбөрийг төлсөн зэрэг газар дээр хөрөнгө оруулалт хийж, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх хугацааг хэзээнээс тооцсон нь ойлгомжгүй ...” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Нэхэмжлэгч М.Од анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуй нэгж байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” А/300 дугаар захирамжаар[1] Дархан сумын 14 дүгээр баг, 3 дугаар хороололд байрлалтай 750 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”[2]-г байгуулж, газар эзэмших эрхийн 000555479 дугаар гэрчилгээг[3] олгосон байх бөгөөд мөн аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/226 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” захирамжаар[4] газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 000662166 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ[5] олгож, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 04501-2017/00419 дугаар бүхий “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”[6] байгуулж, уг гэрээнд газрыг 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалтаар, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2032 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй байхаар тусгасан байна.

            2.3. Харин Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” маргаан бүхий захирамжаар “Дархан сумын нутаг дэвсгэрт газар эзэмшиж байсан 2 иргэн, 1 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч М.О-н газар эзэмших эрх багтсан байх бөгөөд түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй үндэслэлийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тодорхойлжээ.

            2.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

            2.5. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

            2.6. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, бодит нөхцөл байдлыг тогтоох хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулсны үндсэн дээр холбогдох баримтад үндэслэн, хуульд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэх учиртай.

2.7. Түүнчлэн аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд бүхэлд нь хяналт тавих үүрэгтэйн хувьд газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргахаас өмнө Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх хүчингүй болгох шийдвэрт хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судалж, тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах хуулиар тогтоосон журмыг дагаж мөрдөх  үүрэгтэй.

2.8. Энэ тохиолдолд хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ эзэмшил газраа 2 жил дараалан ашигласан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг бүрэн дүүрэн тодруулж, үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй байх тул шүүх хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн маргаан бүхий 01-А/204 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.9. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны хүртэл хугацаанд “маргаан бүхий газраа зориулалтын дагуу ашигласан” гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд уг газартаа тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, хашаа, зам талбай бариагүй байгаагаас гадна газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хүндэтгэн үзэх шалтгаан буюу Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 тогтоолоор тайлбарласан “... гэнэтийн давагдашгүй хүчний ... тухайн газарт нь ... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            2.10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг нь сунгаж шийдвэрлэсэн 2017 оноос хойш маргаан бүхий газарт нийтийн орон сууцны зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19/12 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Лт ХХК /L LLC/-ийн ЗТ11-753/18 тоот Дархан-Уул аймаг Дархан сум 14-р багт барих 9 давхар орон сууцны барилгын талбайн инженер-Геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан, 2021 онд “Нь” ХХК-ийн ЗТ 37-508/19 тоот загвар зураг бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум 14-р баг, 3 дугаар хороолол, “иргэн М.О-н нийтийн орон сууцны барилга”-ын ерөнхий төлөвлөгөөг мөн батлуулсан, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022-В-15 дугаартай “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн техникийн нөхцөл, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22040088 дугаартай Дархан Сэлэнгийн цахилгаан сүлжээ хувьцаат компани-ийн техникийн нөхцөл гаргуулсан, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ИГ-24/15 дугаартай “Үнэт цахиур ресурс” ХХК-тай Инженер-Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болох нь тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

            2.11. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хамгийн сүүлд сунгуулсан 2017 оноос хойшхи маргаан бүхий акт гарах хүртэлх цаг хугацаанд ковид цар тахлын улмаас нийтийг хамарсан хөл хорио тогтоосон үе давхацсан байдлыг мөн нэхэмжлэгчээс өөрийн эзэмшил газарт барилга байгууламж барих бэлтгэл ажиллагааны хүрээнд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж дээр дурдсан холбогдох дүгнэлт, төлөвлөгөөг батлуулсан, техникийн нөхцөлүүдийг гаргуулсан, улмаар инженер геологийн судалгаа хийлгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан зэрэг үйл баримтуудыг үндэслэлтэй зөв дүгнэлт өгөөгүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй зөв болоогүй байна.

            2.12. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ цаг хугацаанд нэхэмжлэгчийн газраа ашиглаагүйг хүндэтгэн үзэх шалтгаанд үл хамаарна гэж үзэх үндэслэлгүй юм. 

            2.13. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл үүссэн эсэхийг нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сунгагдаж, эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон 2017 оноос хойш маргаан бүхий акт гарах хүртэлх цаг хугацаанд хамаатуулан тооцож үзэхэд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий үйл баримт байх тул уг хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглах байсан гэж үзэх боломжгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс өөрийн эзэмшил газар дээрээ барилга барихаар төлөвлөж 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19/12 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022-В-15 дугаартай “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн техникийн нөхцөл, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22040088 дугаартай Дархан Сэлэнгийн цахилгаан сүлжээ хувьцаат компанийн техникийн нөхцөл гаргуулсан, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ИГ-24/15 дугаартай “Ү” ХХК-тай Инженер-Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үйл баримтыг өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж байсан гэж үзэхээр байх тул шүүх “газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

            2.14. Гэтэл анхан шатны шүүх  хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг  гаргахдаа  эдгээр бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг харгалзан үзэлгүй, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутган, газар ашиглах эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож  шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй байхад маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн М.О холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            2.15. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:”, 25.7.5-ын “б”-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасан.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас хөл хорио тогтоосон хугацаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай хамаарахаар байх бөгөөд, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй нөхцөл байдалд газраа зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан хугацаа хамаарах талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн  дугаар сарын 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2024/0076 дугаар тогтоолд тайлбарласныг дурдах нь зүйтэй байна. 

            2.16. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” болон “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмын агуулгыг тайлбарлахад, захиргааны байгууллага хэн нэгний эрхэд халдсан шийдвэр гаргахын өмнө үр дагавар нь тусах, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс урьдчилан тайлбар авч, үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох, магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр шийдвэр гаргах үндэслэл байгаа эсэхийг бүрэн дүүрэн нягтлах, ийнхүү мэдэгдсэнээр иргэн, хуулийн этгээдэд гэнэтийн байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй байх, иргэний мэдэх эрхийг хангах, улмаар тухайн этгээдийн хувьд хамгийн бага дарамт учруулахуйц аргыг хэрэглэх зорилготой.

2.17. Энэхүү маргааны тухайд захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглахаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан зэрэг шийдвэр гаргахад хамаарал бүхий нөхцөл байдлыг нарийвчлан судалж тогтоох хуулиар хүлээсэн биелүүлэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь шийдвэр гаргах ажиллагааны хуулиар тогтоосон журмын зөрчилд хамаарч байгааг мөн нэмж дурдах нь зүйтэй байна.  

3. НэхэмжлэлийнДархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, Нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... шүүх шийдвэртээ надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангавал газрын гэрээ байгуулаах, гэрчилгээ гаргуулахыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, ... миний газар эзэмших гэрээг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2032 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл байгуулсан байсан түүнээс хойш газрын гэрээ болон гэрчилгээг шинэчлээгүй байх тул гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах шаардлагыг гаргаж байна ...” гэж тайлбарлан маргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.3-д “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус хуульчилжээ.

3.3. Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “... нэхэмжлэгчийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “даалгах гэж тодорхойлсон боловч “газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрчилгээг шинэчилж авах” асуудлаар хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, өргөдөл, хүсэлт огт гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд нөгөө талаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэхгүй орхигдуулсан зүйл байхгүй, нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “эс үйлдэхүй, хууль бус татгалзал” тогтоогдохгүй байх тул Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй …” гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.4. Захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго нь иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж тухайн захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэл хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, даалгах, нийтийн эрх зүйн харилцаа байгааг тогтоох зэрэг хэлбэрээр захиргааны хууль бус үйл ажиллагааны эсрэг эрхийн хамгаалалт тогтоох учиртай.

            3.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.О-н Дархан сумын 14 дүгээр баг, 3 дугаар хороололд байрлалтай 750 м.кв газар эзэмших эрхийг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/226 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” захирамжаар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунгасан, улмаар 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 000662166 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Ц.Ч 04501-2017/00419 дугаар бүхий “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан, хэргийн оролцогчид эдгээр үйл баримттай маргаагүй байна.

            3.6. Шүүх нэхэмжлэгчийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн М.Од холбогдох хэсгийг хууль бус, үндэслэлгүй хэмээн үзэж дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх өмнөх байдалдаа эргэж очих буюу түүний газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/226 дугаар захирамж, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр олгосон 000662166 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 04501-2017/00419 дугаар бүхий “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-ний үйлчлэл бүрэн сэргэх хууль зүйн үр дагавар бий болох юм.

            3.7. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч М.О-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй, гэрчилгээ олгохоос татгалзсан, эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөл байдал үүсэх үндэслэлгүй, бодитоор ийм нөхцөл байдал үүсээгүй байхад шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгосон ч хариуцагчаас гэрээ, гэрчилгээг хүчин төгөлдөр биш гэж үзнэ ...” гэсэн тайлбар, нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр “шүүх эхний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ч хариуцагчаас өмнөх газар эзэмших эрхийг сэргээхгүй байх магадлалтай” гэсэн агуулгаар энэхүү нэхэмжлэлийг үндэслэлийг тайлбарласанд нь хөтлөгдөн  уг нэхэмжлэлийг хүлээж авч шийдвэрлэх хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, Нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            3.8. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгосон ч хариуцагчаас гэрээ, гэрчилгээг хүчин төгөлдөр биш гэж үзнэ” гэж тайлбарлан маргаж буй нөхцөл ирээдүйд бий болох буюу хариуцагчаас энэ агуулгаар газар эзэмших эрхийг нь сэргээхгүй аливаа үйл ажиллагаа явуулах, эс үйлдэхүй гаргах тохиолдолд нэхэмжлэгчээс хариуцагчийн тухайн шийдвэр, үйл ажиллагаатай нь холбогдуулан зохих байгууллага, албан тушаалтанд хүсэлт, гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж, “2. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Оаас Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, Нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] Хэргийн 48 дахь тал

[2] Хэргийн 52-53 дахь талууд

[3] Хэргийн 54 дэх тал

[4] Хэргийн 78 дахь тал

[5] Хэргийн 79 дэх тал

[6] Хэргийн 80-82 дахь талууд