| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0226/э |
| Дугаар | 2023/ШЦТ/229 |
| Огноо | 2023-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх түрүүтэн овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2321000000233 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, Дорнод аймгийн төмөр замын “******* *******”-д ******* ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “******* ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хөх түрүүтэн овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт гэртээ 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Хөх түрүүтэн овогт ******* ******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр маргалдан зодож, түүний биед хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, хоёр бугалга, цээжний зүүн дээд хэсэг, зүүн мөр, зүүн дал, хэвлийн баруун доод хэсэг, зүүн шуунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...манай эхнэр , Бямбадорж, Уянгаа бид дөрөв хамт 2,5 литрийн савтай пиво гурвыг хувааж уусан. Пиво уугаад 15-16 цагийн орчим тасарсан. Эхнэр тай гэртээ орж ирээд л маргалдсан юм шиг байгаа юм. Юунаас болж яах гэж маргалдсан, эхнэрээ зодсоноо ч би санахгүй байна. Маргааш өглөө нь буюу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өглөө гэртээ сэрэхэд нүүр нь хавдчихсан байсан. Надад “чи намайг зодсон, аймаг явж үзүүллээ” гэж хэлээд аймаг руу хүүхдүүдээ аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч П.гийн “...Тухайн үед гэрийнхээ пин дотор пиво ууцгаасан. Нөхөр *******ийг гэр рүүгээ оруулж унтуулах гэсэн чинь гэр рүүгээ орохгүй, агсам согтуу тавиад гэрийнхээ цонхыг хагалаад орой 20 цаг хүртэлх хугацаанд тавтиргүйтэж өгсөн. Орой 20 цаг өнгөрч байхад нөхөр *******ийг унтуулах гээд оронд нь хэвтүүлээд “одоо унт” гэсэн чинь гэнэт босож ирээд гараараа намайг барьж аваад чирээд орноос босгосон. Тэгэхээр нь би буцаад орон дээр очоод хэвтсэн чинь дахин ирж үснээс чирч босгоод миний биеийн цээж хэсэг, нүүр хэсэгт маш олон удаа цохисон. Хоёр гарнаас базаж олон удаа зулгаасан. ...Надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,
насанд хүрээгүй гэрч “...Би гэртээ ээж, дүү нартай хамт байхад аав гаднаас гэрийн цонх хагалаад ороод ирсэн. Аав ээжтэй чанга чанга дуугараад хэрэлдээд байсан. Дараа нь аав ээжийн үсийг нь зулгааж ойчуулаад хөл рүү нь өшиглөөд, ээжийн хамар руу нь гараараа цохисон бөгөөд ээжийн хамарнаас цус гараад шалаар дүүрэн цус болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 355 тоот “...П.гийн биед хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, хоёр бугалга, цээжний зүүн дээд хэсэг, зүүн мөр, зүүн дал, хэвлийн баруун доод хэсэг, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч П.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөх түрүүтэн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА