Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг 

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* *******од холбогдох эрүүгийн 2321000000221 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* 1410 тоот хашаан дотор хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газар тоосгоор цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, духанд зулгаралт, баруун сарвууны 1-р хурууны хумсны толионд цус хуралт, хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 06 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* 1410 тоотод хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газар тоосгоор цохиж түүний биед толгойн хуйханд шарх, духанд зулгаралт, баруун сарвууны нэгдүгээр хурууны хумсны толионд цус хуралт, хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёрдугаар хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 06 дугаар сарын 10-ны өглөө гэртээ хүүгийнхээ хамт унтаж байхад 05 цагийн үед гэрт орж ирээд “муу бузар чамаас болж эгч үхсэн, би чамайг цагдаад өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи чимээгүй бай, хүүхэд унтаж байна” гэхэд түмбүүшгээ авна гэхээр нь би дамжилцаад гаргаж өгсөн. Гадаа гарахад надыг элдвээр хэлээд ”Эгчийг алсан, цагдаа шүүхэд өгнө” гээд байхаар нь “Чи залхуурч, ийм явуургүй байдлаар намайг амжихгүй шүү” гэж хэлсэн. Тэгэхэд газраас улаан өнгийн тоосго авахаар нь би цохих гэж байна гэж бодоод тоосготой баруун гараас нь бариад газар унагаасан. Түүнтэй зууралдаж эхэлсэн ба зууралдах үедээ би түүний толгой хэсэгт нь тоосгоор цохичихсон бөгөөд энэ үед авраарай туслаарай гээд байхаар нь би түүнээс холдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.ийн “...2023 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 06 цагт босоход хашааны хаалга онгорхой байсан. *******ын гэр рүү ороод “Чи хаалга үүдээ хааж орохгүй яасан юм, чи манай хашаанаас явах болоогүй юу, өөрийнхөө түмбүүшиг орыг авъя” гэж хэлээд гэрээс нь түмбүүшгээ аваад гарсан, гарахдаа манай хашаанаас яваарай гэж хэлсэн. Би түмбүүшгээ аваад гэрээс нь гараад өргөж явахад ******* араас гарч ирээд газраас улаан өнгийн тоосго аваад миний араас толгойн дагз хэсэг рүү цохисон бөгөөд тоосго нь хагарсан. Би “Чи намайг алах гэж байгаа юм уу” гэхэд “Ална чамайг” гэж хэлсэн. Бутарч унасан тал тоосгыг дахиж аваад дахиад миний толгойн дагз хэсэгт цохихоор нь доошоо суугаад хоёр гараараа толгойгоо хамгаалахад 3-4 удаа цохихоор нь авраарай гэж бахираад цагдаа дуудлаа гээд босоод явахад цохихоо больсон. Би цохиулаад толгойн дагз хэсгээс цус гарсан. Мөн баруун гарын эрхий хурууны хумс хэсгээр арьс нь язарч цус гарч хөхөрч хавдсан. Би цагдаа дуудсан. Эмнэлэгт ирж үзүүлээд толгойндоо 2 оёдол тавиулсан. ...Миний биед учирсан гэмтэл, бэртэлтэй холбоотой эмчилгээний зардал байхгүй тул ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

гэрч “...2023 оны 06 дугаар сарын 10-ны өглөө гэртээ унтаж байхад дүү над руу утсаар залгасан бөгөөд би тухайн үед нь утасныхаа дууг хаасан байсан тул анх залгахад нь мэдээгүй. Тэгээд нэлээн хэд залгасны дараа авсан. Тухайн үед 08 цагийн орчим байх утсаа авахад “Эмнэлэгт хүлээн авах дээр ирсэн байна, та хүрээд ирэх үү” гэхээр нь би “юу болоо вэ” гэхэд “Хашаанд хамт байдаг *******од зодуулчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 354 тоот “...Д.ийн биед толгойн хуйханд шарх, духанд зулгаралт, баруун сарвууны 1-р хурууны хумсны толионд цус хуралт, хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20-21/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Д.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д. нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******од прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА