Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/231

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг 

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах

Шүүгдэгч Г.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Ганбаатарын Энхбаярт холбогдох эрүүгийн 2321000000184 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 16-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар,

мөн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар,

мөн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар,

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Хатгин овогт Ганбаатарын Энхбаяр /РД: ЛМ90021333/.

Шүүгдэгч Г.Энхбаяр нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн 3 давхарт байрлах сувилагч нарын амралтын өрөөнөөс хохирогч Б.Алтмаагийн эзэмшлийн “Самсунг Зи Флип” маркийн гар утсыг бага насны буюу /7 настай/ Ц.Цолмонгоос хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч зугтааж, 700,000 /долоо зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “Сити центр” худалдааны төвийн хойд талд бага насны буюу 6 настай Э.Тэмүүлэнгээс “Самсунг А7” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч зугтааж, 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Соронз авто засварын хашаан дотор байрлах гэрт нь орж О.Төрболдын /10 настай/ Самсунг С-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч зугтаасан,

мөн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг хиймэл нуурын орчимд иргэн Г.Хоролын Самсунг С-9 маркийн гар утсыг “утсаар яриад өгнө” гэж авч зугтааж илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ярих зүйлгүй” гэв. 

Хохирогч Б.Алтмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би БОЭТ-ийн мэдрэлийн тасагт 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ээлжийн ажилтай байсан. Орой 19 цаг 40 минутын орчимд ажлаасаа буух гэж байсан. Тухайн үед надтай хамт манай охин Ц.Цолмон /7 нас, эм/ байсан бөгөөд 19 цаг 40 минутын орчимд “ээжээ утсаа өгч бай” гээд миний эзэмшлийн “Samsung Z Flip” маркийн гар утсыг авч мэдрэлийн тасаг буюу БОЭТ-ийн 3 давхарын сувилагч нарын амралтын өрөөнд оролдоод суусан. Үүнээс ойролцоогоор 10 минутын дараа манай охин Цолмон “ээжээ утсыг чинь нэг танихгүй ах “утсаар яриад өгье” гэж хэлээд аваад явчихлаа” гэж хэлсэн. Би эмнэлгийн үүдээр тухайн хүнийг хайсан боловч олдоогүй. Мөн охиндоо утсаа өгөөд удаагүй байхад манай охины орсон өрөө рүү нэг үл таних дунд зэргийн нуруутай бараан өнгийн гадуур хүрэмтэй залуу орж байхыг харсан бөгөөд тэр залуу удалгүй тухайн өрөөнөөс гарч явахыг нь харсан юм. Би алдсан “Самсунг Зи флип” маркийн ухаалаг гар утсаа буцаан авсан. Миний утас бүрэн бүтэн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 15-17/

Хохирогч И.Алтанхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хүү Тэмүүлэн нь 1 дүгээр ангийн сурагч, одоо 6 настай учир цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг тайлбар өгүүлэхэд манай гэр бүлийн зүгээс татгалзаж байгаа тул би гар утасны хэрэг дээр өмнөөс нь хохирогчоор оролцох болно. ...2023 оны 04 дүгээр сарын 06-ны орой 17 цагийн орчимд Сити центрийн хойд талд явж байхад нь үл таних хүн “гар утсаар нь яриад өгье” гэж хэлээд түүний утсыг нь авч явсан байсан. Манай охин Болорзаяа цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдэж гар утсаа эргүүлэн олж авсан. ...Энэ гар утастай холбоотой учирсан хохирол байхгүй тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 83-84/

Насанд хүрээгүй хохирогч О.Төрболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг өнгөрч байхад манай эмээ Д.Басансэржид 1 дүгээр сургууль руу анги цэвэрлэхээр явсан. Түүний дараагаар 20-30 минутын орчим болж байхад манай гэрийн хаалгыг нэг үл таних ах онгойлгон орж ирээд “ахын дүү гар утсаар чинь нэг ярьчихъя, энэ урд байдаг засварын газрын хүн рүү ярих гэсэн чинь утсаа мартчихаад байна, гар утасныхаа кодыг гаргаад өгчих” гэхээр нь гаргаад өгсөн чинь миний утсыг аваад гадаа гараад нэлээн удсан болохоор нь би гэрээсээ гараад очтол нөгөө ах над дээр ирээд гар утасныхаа кодыг хэл гээд байхаар нь би өөрөө утасныхаа кодыг гаргаад өгөх гэсэн чинь “утасныхаа кодыг хэлчихээч, юун сүртэй юм” гэх мэтчилэн намайг загнаад байхаар нь би айсандаа 0329 гээд кодоо хэлж өгсөн. Би гар утсаа авах гээд араас нь очиход “Гэр рүүгээ орооч, яах гээд байгаа юм, энэ чамд ямар ч хамаагүй” гэж загнаад миний утсыг аваад зугтаачихсан. Би гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 127-128/

Хохирогч Г.Хорол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол шуудан орохоор гэрээсээ гарсан. Хэрлэн сумын 7 дугаар баг Үйлчилгээний төвийн урд талд явж байхад саадан дотроос “Хорол ахаа” гээд дуудахаар нь “хэн бэ” гэсэн чинь нэрээ хэлэхгүй байсан. Би яваад очиход манай хорооны Энхбаяр гээд залуу Гүрсоронзон гээд найзын хамт хоёулаа байсан. Тэгснээ “Ахаа архи авах гэсэн мөнгө дутаад байна, 2000 төгрөг байвал өгчих” гэхээр нь би 2000 төгрөг өгсөн. Тэгэхэд “Та араас дагаад хүрээд ирээрэй” гээд баруун тийш явсан. Би араас нь дагаад явж байхад дэлгүүр орчихоод гарч ирээд баруун тийш алхаад явсан. ...хиймэл нуурын модон дотор очиж суугаад архиа ууж байсан бөгөөд надад хийж өгөхөөр нь нэг татчихаад байтал Энхбаяр “Ахаа утсаа өгчих, ээжтэй яриад өгье” гэж хэлэхээр нь би утсаа өгсөн чинь ярьж байснаа аваад зугтаасан. ...Надад манай охин Ундармаа 2023 оны 05 дугаар сард 540,000 төгрөгөөр авч өгсөн бөгөөд Samsung S-9 маркийн гар утас байсан. ...Энхбаяр нь миний гар утсыг авч зугтаах үедээ Гүрсоронзон бид хоёроос зайтай зогсоод ярьж байсан. Харин Гүрсоронзон миний хажууд хамт зогсож байсан бөгөөд гар утсыг минь авч зугтаасан гэж хэлээгүй. Энхбаяр миний гар утсыг авч зугтаахаар нь би Гүрсоронзонг араас нь хөөгөөд утас олоод ир гэж явуулсан. ...Миний гар утас бүрэн бүтэн байна, надад гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 169-170/

Иргэний нэхэмжлэгч Т.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах үйлчилгээний төвийн  хойд талын авто зогсоол дээр таксинд явах гээд хүн хүлээгээд зогсож байтал нэг үл таних залуу 20 цагийн орчимд машин болгоны жолоочтой юм яриад яваад байсан бөгөөд над руу хүрч ирээд “Ахаа та миний утсыг худалдаж авах уу, надад мөнгөний хэрэг гараад байна” гэсэн. Би түүнээс “Юун утас вэ, чи хаана ажилладаг хүн бэ” гэж асуухад “Би Оюутолгойд ажилладаг, ар гэрийнхэнтэйгээ маргалдаад надад мөнгөний хэрэг гараад байгаа учраас утсаа зарах гэсэн юм” гэж байсан. Хэдэн төгрөгөөр зарах талаар асуухад 100,000 төгрөгөөр зарна гэж байсан. Би тухайн гар утсыг нь худалдаж авахаар болсон бөгөөд надад бэлэн мөнгө байгаагүй учир тухайн залуутай төв ХААН банк руу очиж АТМ-ээс 100,000 төгрөг өөрийнхөө ... гэсэн данснаас бэлнээр өгч түүний утсыг нь авсан. Тэр залуу 22 дугаар байрны гадаа буулгаад өгөөч гэхээр нь би түүнийг 22 дугаар байрны урд талын авто зогсоол дээр буулгаж өгөөд явсан. Тухайн залуу надад хэлэхдээ “Манай эхнэр, гэр бүлийн хүмүүс маань асуудал гаргаад байвал би тантай уулзах болно, би таныг машинаар чинь таньж ирээд уулзах болно” гэж байсан. Үүнээс хойш тэр залуутай уулзаагүй. Харин энэ өдрөөс 4 хоногийн дараа цагдаа дуудаж тухайн гар утсыг хулгайн гар утас байна гэхээр нь тэр утсыг цагдаа нарт өөрөө сайн дураараа хүлээлгэж өгсөн. Харин тэр залууд өгсөн 100,000 төгрөгөө нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 19-20/

Иргэний нэхэмжлэгч Л.Отгонзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ байхад Энхбаяр гэх залуу орж ирээд “Энэ утсыг тавих гэсэн юм” гээд S-9 маркийн гар утас гаргаж ирсэн. Уг утсыг шалгаж үзээд 200,000 төгрөгт 14 хоногийн хугацаатай авсан байгаа. Манай байгууллагын зүгээс 200,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 172-173/

Насанд хүрээгүй гэрч Ц.Цолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах БОЭТ-ийн мэдрэлийн тасагт ээжийнхээ ажил дээр 2023 оны 04 дүгээр сарын 11-ний орой 19 цаг 40 миунтын орчимд ээжтэйгээ хамт байхдаа түүний Samsung Z flip маркийн гар утсаар тоглох гээд авсан бөгөөд 3 давхарын амралтын өрөөнд утсаар нь оролдоод сууж байхад нэг үл таних бараан өнгийн гадуур хүрэмтэй ах орж ирээд “утсаа өгчих, ганц хүнтэй яриад өгье” гэж хэлээд миний гараас ээжийн утсыг авч өрөөнөөс гараад явсан. Тэр ах буцаж орж ирээгүй учир би араас нь гараад доошоо буудаг шат руу харсан боловч тэр ах байгаагүй болохоор нь ээж рүү очиж болсон зүйлийг хэлсэн. Миний хувьд тухайн үл таних ахад гар утсаа өгсөн тохиолдол байхгүй, миний гараас аваад явсан...” гэжээ. /хх-ийн 22-23/

Гэрч Х.Болорзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 06-ны орой 17 цагаас манай хүү Тэмүүлэнгийн анги тарахаар нь би очиход ангийн хуралтай гэж хэлэхээр нь би хүү Тэмүүлэнг 1 дүгээр сургуулийн урд талд байх “Сити центр” рүү очоод ажил дээр байж бай гэж хэлээд хуралд сууж байхад Тэмүүлэнгийн ах Тэргэлийн хичээл нь тарахаар нь “Дүүгийнхээ араас ажил руу оч” гэж хэлэхэд Тэргэл над руу утсаар залгаад “Тэмүүлэн таны ажил дээр байхгүй байна, гадуур хайгаад олдохгүй байна” гэж хэлээд удалгүй манай нөхөр Энхтулга над руу залгаад “Тэмүүлэн утсаа дээрэмдүүлсэн байна, 6 дугаар байшингийн урд талд сууж байна гэж үл таних хүн утсаар хэллээ” гэхээр нь би Тэргэлийг 6 дугаар байшин руу явуулж Тэмүүлэнг авчруулж юу болсон талаар асуухад “Хар малгайтай, хар хувцастай хүн Сити центрийн хойд талд таараад утсаа өгч бай, нэг яриад өгье гэж хэлээд миний утсыг аваад намайг “Сити центр рүү ор” гэж хэлээд миний утсыг аваад явсан” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 86-87/

Гэрч Б.Гүрсоронзон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энхбаяр нь Хорол ахыг “Гар утсаа өгч бай, би ээж рүүгээ яриад өгье” гэж хэлсэн. Хорол ах утсаа өгөхөд Энхбаяр гар утсаар нь бид хоёрыг тойроод ярьж байсан. Хорол ах “Энхбаяр миний утсыг аваад зугтаачихна шүү” гэхээр нь арай үгүй байлгүй дээ гэж хэлээд тамхи татах гэсэн чинь Энхбаяр гар утсыг нь аваад зугтаасан. Тэгэхэд Хорол ах “наадах чинь утас аваад зугтаачихлаа, чи араас нь очоод утас аваад ир” гэж хэлсэн. Би араас нь хөөж очоод “Чи настай, хөл муутай хүний гар утсыг өгөөч” гэхэд “Танд хамаагүй, би өөрийнхөө баарыг өөрөө даана гээд өгөхгүй зугтаагаад байсан” тэгснээ Энхбаяр “Надад мөнгө хэрэгтэй байна, би гар утсыг нь ломбардад тавилаа” гээд такси бариад үйлчилгээний хойно ирж төрийн банкнаас 1000 төгрөг өгч лавлагаа аваад гарч ирээд 19 дүгээр байрны ломбард очиж тавьсан...” гэжээ. /хх-ийн 178-179/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6, 77, 118, 164/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-80, 120-121/

Эд зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12, 165-166/

Г.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25, 43-44, 89-90, 101-102, 131-132, 147-148, 176-177, 190-191/

Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ДЦ-23-123 тоот, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ДЦ-23-142 тоот, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ДЦ-23-159 тоот, 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ДЦ-23-164 тоот дүгнэлт /хх-ийн 33-36, 92-95, 137-140, 184-187/

Г.Энхбаярын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 45-46, 150/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50, 103-104, 149/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрийг төлж барагдуулсан тухай баримт /2 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид буулгасан бичлэгийг шинжлэн судалсанд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.Энхбаярт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Хатгин овогт Ганбаатарын Энхбаяр нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “Сити центр” худалдааны төвийн хойд талд 6 настай Э.Тэмүүлэнгээс Samsung А7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан хохирогч И.Алтанхуягт 180,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн 3 давхарын сувилагч нарын амралтын өрөөнд 7 настай Ц.Цолмонгоос хохирогч Б.Алтмаагийн Samsung Z flip загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах “Соронз” авто засварын хашаанд байх гэрт 10 настай хохирогч О.Төрболдын Samsung S-7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч зугтаан бусдад 81,400 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Хиймэл нуурын орчимд хохирогч Г.Хоролын Samsung S-9 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч зугтаан бусдад 245,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг дөрвөн удаагийн үйлдлээр илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч, нийт 1,206,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч И.Алтанхуягийн “...2023 оны 04 дүгээр сарын 06-ны орой 17 цагийн орчимд Сити центрийн хойд талд Э.Тэмүүлэнг явж байхад нь үл таних хүн “гар утсаар нь яриад өгье” гэж хэлээд түүний утсыг нь авч явсан байсан. Манай охин Болорзаяа цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдэж гар утсаа эргүүлэн олж авсан” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон гэрч Х.Болорзаяагийн “...Тэмүүлэнг авчруулж юу болсон талаар асуухад “Хар малгайтай, хар хувцастай хүн Сити центрийн хойд талд таараад утсаа өгч бай, нэг яриад өгье гэж хэлээд миний утсыг аваад намайг “Сити центр рүү ор” гэж хэлээд миний утсыг аваад явсан” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Алтмаагийн “...охин Цолмон “ээжээ утсыг чинь нэг танихгүй ах “утсаар яриад өгье” гэж хэлээд аваад явчихлаа” гэж хэлсэн. Би эмнэлгийн үүдээр тухайн хүнийг хайсан боловч олдоогүй. Мөн охиндоо утсаа өгөөд удаагүй байхад манай охины орсон өрөө рүү нэг үл таних дунд зэргийн нуруутай бараан өнгийн гадуур хүрэмтэй залуу орж байхыг харсан бөгөөд тэр залуу удалгүй тухайн өрөөнөөс гарч явахыг нь харсан юм. Би алдсан Samsung Z flip маркийн ухаалаг гар утсаа буцаан авсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон насанд хүрээгүй гэрч Ц.Цолмонгийн “...амралтын өрөөнд утсаар нь оролдоод сууж байхад нэг үл таних бараан өнгийн гадуур хүрэмтэй ах орж ирээд “утсаа өгчих, ганц хүнтэй яриад өгье” гэж хэлээд миний гараас ээжийн утсыг авч өрөөнөөс гараад явсан. Тэр ах буцаж орж ирээгүй учир би араас нь гараад доошоо буудаг шат руу харсан боловч тэр ах байгаагүй болохоор нь ээж рүү очиж болсон зүйлийг хэлсэн...” гэх, иргэний нэхэмжлэгч Т.Ганболдын “...нэг үл таних залуу 20 цагийн орчимд машин болгоны жолоочтой юм яриад яваад байсан бөгөөд над руу хүрч ирээд “Ахаа та миний утсыг худалдаж авах уу, надад мөнгөний хэрэг гараад байна” гэсэн. Би түүнээс “Юун утас вэ, чи хаана ажилладаг хүн бэ” гэж асуухад “Би Оюутолгойд ажилладаг, ар гэрийнхэнтэйгээ маргалдаад надад мөнгөний хэрэг гараад байгаа учраас утсаа зарах гэсэн юм” гэж гэхээр нь ... 100,000 төгрөгөөр утсыг нь авсан...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй хохирогч О.Төрболдын “...манай гэрийн хаалгыг нэг үл таних ах онгойлгон орж ирээд “ахын дүү гар утсаар чинь нэг ярьчихъя, энэ урд байдаг засварын газрын хүн рүү ярих гэсэн чинь утсаа мартчихаад байна, гар утасныхаа кодыг гаргаад өгчих” гэхээр нь гаргаад өгсөн чинь миний утсыг аваад ... зугтаачихсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Г.Хоролын “...Энхбаяр “Ахаа утсаа өгчих, ээжтэй яриад өгье” гэж хэлэхээр нь би утсаа өгсөн чинь ярьж байснаа аваад зугтаасан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон гэрч Б.Гүрсоронзонгийн “...Хорол ах “наадах чинь утас аваад зугтаачихлаа, чи араас нь очоод утас аваад ир” гэж хэлсэн. Би араас нь хөөж очоод “Чи настай, хөл муутай хүний гар утсыг өгөөч” гэхэд “Танд хамаагүй, би өөрийнхөө баарыг өөрөө даана гээд өгөхгүй зугтаагаад байсан...” гэх, иргэний нэхэмжлэгч Л.Отгонзулын “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ байхад Энхбаяр гэх залуу орж ирээд “Энэ утсыг тавих гэсэн юм” гээд S-9 маркийн гар утас гаргаж ирсэн. Уг утсыг шалгаж үзээд 200,000 төгрөгт 14 хоногийн хугацаатай авсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Энхбаяр нь дөрвөн удаагийн үйлдлээр бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс илээр дээрэмдэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Энхбаяр, түүний өмгөөлөгч Б.Туяамандах нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Г.Энхбаярт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Энхбаяр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Энхбаярын дөрвөн удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, урьд хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжлийг олоогүй зан байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхбаярт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Энхбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч И.Алтанхуягт 180,000 төгрөгийн, хохирогч Б.Алтмаад 700,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч О.Төрболдод 81,400 төгрөгийн, хохирогч Г.Хоролд 245,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Т.Ганболдод 100,000 төгрөгийн, Л.Отгонзулд 200,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Алтмаа нь Samsung Z flip загварын гар утсаа, хохирогч И.Алтанхуяг нь Samsung А7 загварын гар утсаа, хохирогч Г.Хорол нь Samsung S-9 загварын гар утсаа тус тус буцааж авсан байна. Харин шүүгдэгч Г.Энхбаяр нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд насанд хүрээгүй хохирогч О.Төрболдод 81,400 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Ганболдод 100,000 төгрөгийг, Л.Отгонзулд 200,000 төгрөгийг тус тус төлж барагдуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Энхбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Дорнод аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчийн дүгнэлт гаргуулахад 19,800 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүгдэгч Г.Энхбаяраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 19,800 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Энхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овогт Ганбаатарын Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганбаатарын Энхбаярт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхбаярын цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхбаяраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 19,800 /арван есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч Г.Энхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч И.Алтанхуяг, Б.Алтмаа, Г.Хорол, насанд хүрээгүй хохирогч О.Төрболд, иргэний нэхэмжлэгч Т.Ганболд, Л.Отгонзул нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Энхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА