| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн Б.Д нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянгол дүүргийн Б ХХК-д холбогдох даалгаварын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1 293 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д нь 2018 оны 11-р сарын 20-ны өдөр Австрали улсын Сидней хот руу хувийн аялал хийх зорилгоор хариуцагч компанитай Хувийн аялал хийхэд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан байдаг. Гэрээ байгуулсны дараагаар шаардлагатай баримт бичиг, гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 1 293 500 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр хариуцагчийн дансанд байршуулж даруй 5 сар гаруй хугацаанд ямар нэгэн үр дүн гарахыг хүлээсэн байдаг. Хариуцагч байгууллагаас шаардсан шаардлагатай цалингийн тодорхойлолт, банкны харилцах дансны сүүлийн 1 жилийн хуулга гэх мэт материалыг бүрэн бүрдүүлж өгсөн байдаг. Товчхондоо зуучлагч байгууллагын шаардсан зуучлуулагч надаас гаргаж өгөх шаардлагатай материал, төлбөрийг бүрэн гаргаж өгснөөс хойш даруй 5 сар шахам хугацаанд хүлээгээд дээрх зуучлагч байгууллагаас тодорхой үр дүн гарах нь эргэлзээтэй байсан тул гуравдагч зуучлалын байгууллагатай 2019 оны 4-р сард гэрээ байгуулсан бөгөөд уг байгууллагаас 2019 оны 9-р сарын 24-нд миний зуучлуулж байсан ажлын үр дүн буюу Австрали улсын виз гарсан талаар мэдэгдсэн. Иймээс 2019 оны 10-р сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанид холбогдуулан талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж буйгаа мэдэгдээд нэгэнт төлсөн урьдчилгаа төлбөрөө буцаан шаардсан. Хариуцагч компани урьдчилгаа төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа тул үүсэн маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. 2018 оны 11-р сарын 20-ны өдөр Б ХХК-тай байгуулсан Хувийн аялал хийхэд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цуцалж, 1 293 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 11-р сарын 20-ны өдөр байгуулсан гэрээг цуцлах, урьдчилгаа төлбөр болох 1 293 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсоноор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Б ХХК болон Б.Д нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18628 тоот хувийн аялал хийхэд зуучлалын үйлчилгээний үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагавар болох зуучлалын гэрээний урьдчилгаа төлбөр 1 293 500 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн. Нэхэмжлэл шаардлагын үндэслэл нь гэрээгээр юу тохиролцсон бэ гэдэгтэй холбоотой. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Австрали улсын Сидней хотод хувийн аялал хийлгэх, зуучлалын үйлчилгээ үзүүлэх талаар тусгагдсан. Тус зүйлд үйлчилгээ гэдэгт үйлчилгээний талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, судалгаа явуулах, хувийн аялал хийх улсын болон хөтөлбөрийн талаар судалгаа явуулах, бичиг баримтын бүрдүүлэлт хийх, баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлэх, элчингийн цаг авах, элчингийн анкет бөглөх, виз мэдүүлэх зэрэг ажлыг тохиролцсон. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д Зуучлуулагчид зорчих зөвшөөрөл олгохоос татгалзсан эсэхээс үл хамаарч төлбөрийн хураамж, зочид буудлын төлбөр, онгоцны тасалбар банкны болон тухайн байгууллагын аливаа төлбөрийн асуудлыг зуучлуулагч хариуцахгүй гэсэн хариуцлагыг зуучлагчид шилжүүлсэн зохицуулалттай гэрээ юм. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс зуучлалын гэрээ бус даалгаврын гэрээ гэж үзэж байна. Учир нь, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэх 2 талт гэрээний үүргийг тодорхойлсон байдаг. Үүнээс үзвэл нэгдүгээрт, зуучлалын гэрээ нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу явагдана гэж ойлгохоор байна. Хоёрдугаарт, түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбох буюу Элчингийн газар, зуучлагч буюу Б ХХК, зуучлуулагч буюу Б.Д гэх 3 этгээдийн хоорондын харилцаа үүсч, элчинд виз гаргах асуудлаар холбосноор энэ харилцаа төгсөнө. Гэтэл гэрээнд ямар нэгэн байдлаар виз мэдүүлсэнтэй холбоотой татгалзсан асуудлыг бид хариуцахгүй гэж тусгасан. Иймд зуучлалын гэрээний хариуцлага үүсээгүй, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зөвлөгөө өгөх, судалгаа явуулах, бичиг баримтын бүрдүүлэлт зэрэг нь зуучлалын үйл ажиллагаатай холбоотой ажиллагаа биш юм. Баталгаат орчуулга хийх нь хариуцагч компанийн үйл ажиллагаа учир зуучлалын ажиллагаа гэж үзэхгүй. Элчингийн цаг авах нь даалгаврын гэрээн дэх бусдын эрх ашиг сонирхлын төлөө даалгавар биелүүлж байгаа үйл ажиллагаа юм. Мөн анкет бөглөх, виз мэдүүлэх гэдэг нь тухайн эрх бүхий байгууллага буюу элчин сайдын яамнаас зуучлалын хувийн аялал хийх тухай урилга, мэдүүлгийг үндэслэн олгосон тухайн улсад зорчих эрх гэж тайлбарласан байдаг. Энэ нь хэн нэгэн этгээдтэй холбоод, зуучлаад байгаа бус, даалгаврын дагуу виз олгуулахтай холбоотой асуудал юм. Дээрх үндэслэлээр тус гэрээг даалгаврын гэрээ гэж үзэж байна. Даалгаврын гэрээг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан. Б ХХК нь Б.Д-ын өмнөөс үүрэг гүйцэтгэж байсан. Түүний зардлаар тодорхой үйлдэл хийх гэдэг нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д үйлчилгээний хөлсийг 1.500 доллар гэж тооцсон, төлбөрөө төгрөгөөр шилжүүлсэн тул Үндэсний мөнгөн тэмдэгтээр бараа, ажил үйлчилгээ үзүүлэх хуулийн заалт зөрчөөгүй гэж үзэж байна. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т үлдэгдэл төлбөр болох 1.000 долларыг зуучлуулагч тухайн улсын элчин сайдын яамнаас албан ёсны зөвшөөрөл олгосноос 24 цагийн дотор тус тус төлнө гэж, 7 дугаар зүйлийн 7.3-т Энэ гэрээний 7.1-д заасан зуучлалын үйлчилгээний төлбөрийг 2 хувааж төлж болох ба урьдчилгаа төлбөр 500 долларыг гэрээнд гарын үсэг зурсан өдөр төлнө гэж заасан. Үүний дагуу урьдчилгаа төлбөр 1 293 500 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр шилжүүлсэн. Даалгаврын гэрээний зүйл нь Австрали Улсад аялах төлөвлөгөө, холбогдох зардлуудын мэдээлэл зэрэг зөвлөгөөнүүд байгаа. Гэвч даалгавартай холбоотой төлөвлөгөөг батлуулж, Б. хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй байна. Иймд даалгаврын гэрээний үндсэн агуулга нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх ойлголт юм. Эдгээр үндэслэлээр даалгаврын гэрээ гэж үзсэн. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнтэй холбоотойгоор 8 дугаар зүйлийн 8.3-т Энэ гэрээний 8.2-т зааснаас бусад тохиолдолд зуучлуулагчийн зүгээс гэрээ цуцлах санал тавьсан тохиолдолд зуучлуулагч гэрээний зорилгод хүрэхэд саад учруулсан гэж үзэх бөгөөд зуучлалын үйлчилгээний хөлсийг буцаан олгохгүй гэж заасан. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т талуудын эдлэх эрх гэх хэсэгт харилцан тохиролцож гэрээг цуцлах буюу дуусгавар болгоно гэж заасан. Үүнээс үзвэл гэрээг дангаар цуцлах эрх Б.Д-д байхгүй байна. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.4-т Ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах, даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй. Энэ эрхийг хязгаарласан гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Гэрээг цуцлах хүртэлх харилцааг хүчин төгөлдөр буюу хүчинтэй харилцаа гэж үздэг. Даалгавар өгөгч нь гэрээг цуцлах эрхгүй учир даалгавраа цуцлах эрхийг хязгаарласан хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэх 2 үндсэн нөхцөл байдаг. Хууль зөрчсөн гэдэгт нь Иргэний хууль, бусад хууль хамаарах юм. Тэр дундаа хуулиас гадна хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байх ёстой. Энэ нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж 1 293 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б ХХК нь нэхэмжлэгчийн хүсэлт санаачлалаар 2018 оны 11 сарын 20-ны өдөр 18/628 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгчийн сонгосон Австрали улсын Сидней хот руу зуучлуулж тухайн улсад зорчих виз авахтай холбоотой асуудлаар үйлчилгээний хөлсийг 1.500 доллараар тохиролцож гэрээ байгуулж, урьдчилгаа 1 293 500 төгрөгийг төлсөн. Бид гэрээ байгуулсан өдрөөс хойш зуучлуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасанчлан зуучлалын үйл ажиллагаатай холбоотой бүхий зөвлөгөө, мэдээллийг бүрэн өгч, төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай судалгаа, баримт бичгийг бүрдүүлэн орчуулгыг хийж дуусгасан бөгөөд зуучлуулагч виз мэдүүлэхтэй холбоотой бүртгэлийн хураамжаа төлж, хүсэлтээ гаргаж, өөрийн зорчих улсын элчин сайдын яаманд бидний бэлдсэн материалыг илгээх дутуу байсан. Улмаар Б.Д-д өөрөөс нь хамааралтай ажил үлдсэн, өөрөөс нь шалтгаалан хугацаагаа хойшлуулсаар өдийг хүрсэн. Түүнчлэн гэрээний урьдчилгаа төлбөр нь компанийн үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг, хэд дахин их ажил гүйцэтгэсэн. Баримт бичгийн бүрдүүлэлт, орчуулга хийх нь ихээхэн цаг хугацаа, мэдлэг шаардсан оюуны хөдөлмөр байдаг бөгөөд нэхэмжлэгч нь бусдын хөдөлмөр, зүтгэл, сэтгэлийг илтэд үнэгүйдүүлсэн зэрэг хууль бус үйлдэлтэй эвлэрэх боломжгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эвлэрэх саналыг компанийн захиралд танилцуулахад 2 зүйлд анхаарлаа хандуулж 1-рт, бид өчнөөн ажил хийсэн байхад ямар ч ажил хийгээгүй гэж байгааг зөвшөөрөхгүй, 2-рт, хүн чанарын асуудал яригдана гээд эвлэрэхээс татгалзсан. Татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээ 2018 оны 11-р сарын 20-нд байгуулагдсан. Австралийн Элчин сайдын яамнаас виз мэдүүлж байгаа этгээдэд тавьдаг шаардлагууд байдаг, шаардлагуудыг хангаж буй эсэхтэй холбоотой зөвлөгөө өгч байгаа иргэнтэй уулзаж, хамтран судалж үздэг. Эдгээр шаардлагыг хангаж байна, эдгээрт анхаарна, ингэж бүрдүүл гэх мэтээр ажиллагаа хийдэг. Элчин сайдын яамнаас тавьдаг нэг шаардлага нь тухайн улсад зорчиход хангалттай мөнгөтэй байх юм. Б.Д нь энэ шаардлагыг хангахгүй байсан тул Голомт банкинд гэрээ байгуулагдсан өдөр 6 сарын хугацаатай 30 000 000 төгрөгийн хадгаламж нээсэн. Хадгаламж нээгээд шууд визэнд ороход эргэлзээ үүсэх учир дансыг 6 сарын хугацаатай нээж, хугацаа дуусахаас 2-3 сарын өмнө буюу 2019 оны 2, 3 сарын үед визэнд орох боломжтой гэх төлөвлөгөө боловсруулж, холбоотой бичиг баримтыг бүрдүүлсэн. Б.Д нь 2019 оны 03 сарын 12-ны өдрөөс харзнаж болох уу, 2019 оны 04 сарын 19-ний өдөр гэрт асуудал гарсан, тодорхой хугацаанд хойшлуулаач, 2019 оны 04 сарын 27-ны өдөр визэнд орохоо сунгаж болох уу, 7-р сард хөдөө явж байна, эргээд холбогдъё, 8 сард 9, 10-р сард орж болох уу гэх зэргээр хойшлуулж байсан. Ийнхүү хойшлуулсан 2019 оны 09 сарын 27-ны өдөр виз гаргуулсан, өөр компаниар зуучлуулсан гэж байгаа ч энэ компанийн зөвлөгөөний үндсэн дээр визээ гаргуулсан гэж үзэж байгаа. Мөн 2019 оны 10 сарын 02-ны өдөр ар гэрт асуудал гарлаа гэж мессеж бичсэн. Хүний машин мөргөсөн, тал мөнгөө авна гэж хэлсэн. Визээ авсан байж аваагүй мэт ийм зүйл ярьсан. 500 долларын хэмжээнд компани гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасанчлан бүх үйл ажиллагааг хийсэн. Б.Д нь Австралийн элчин сайдын яамны визэд орох хураамжийг төлж, Б ХХК-ийн бэлдсэн материалыг онлайнаар явуулж, цаг авч орох ажил үлдсэн байсан. Энэ хүртэлх ажлыг гүйцэтгэсэн байхад урьдчилгаа мөнгийг буцааж өгөхийг зөвшөөрөхгүй, манай компаниас хугацааг хойшлуулж байсан бол шаардлагыг 100 хувь хүлээн зөвшөөрөх боломжтой. Хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбарыг хэлье. Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хэлцэл хүчин төгөлдөр, 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээг хэнтэй байгуулах, агуулгыг хэрхэн тодорхойлох нь гэрээний талуудын эрхийн асуудал юм. Энэ эрхийн хүрээнд зуучлалын гэрээ байгуулсан учир гэрээ хүчин төгөлдөр юм. Зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзчихээд үүнийгээ даалгаврын гэрээ гэж тайлбарлаж байна. Зуучлалын гэрээ хүчин төгөлдөр бус бол даатгалын гэрээ ч хүчин төгөлдөр бус болно. Иймд дээрх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй. Мөн манай талаас Б.Д-ыг гуйж гэрээ байгуулъя гэсэн зүйл байхгүй. Б.Д-ын ах гэх хүн ярьж, туслахыг гуйсан. Иймд төлбөр мөнгөний нөхцөлийг уян хатан байдлаар, урьдчилгаа төлбөрийн үнийн дүнг багасгаж тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Д нь Б ХХК-тай байгуулсан Хувийн аялал хийхэд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цуцалж, 1 293 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1 293 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Б.Д нь Б ХХК-д холбогдох зуучлалын маргаантай хэрэгт өөрийгөө төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, үүний дотор нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах эрх олгосон итгэмжлэлийг 2019 оны 10-р сарын 09-ний өдөр М.Б-д олгож, итгэмжлэгдэгч нь итгэмжлэлээр олгогдсон үйлдлүүдийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр шилжүүлэх эрхийг /хх 5-6/ олгожээ. Улмаар итгэмжлэгдэгч нь 2019 оны 12-р сарын 16-ны өдөр гуравдагч этгээд А.Т-д итгэмжлэлээр олгогдсон эрхийг хэрэгжүүлүүлэхээр итгэмжлэл олгосон байна. Итгэмжлэл хүчин төгөлдөр бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхтэй /2-р хавтас 15/ байна. Б.Д нь Б ХХК-тай 2018 оны 11-р сарын 20-ны өдөр Хувийн аялал хийхэд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, зуучлагч нь Австрали улсын Сидней хот руу хувийн аялал хийхэд зуучлалын үйлчилгээ үзүүлэх, зуучлуулагч нь хувийн аялал хийх хүсэл эрмэлзлэлдээ тууштай хандах, үйлчилгээний хөлс 1500 доллар төлөхөөр /хх 7-9/ тохирч, гэрээ байгуулсан өдрөө 500 доллар буюу 1 293 00 төгрөгийг /х 10, 17/ төлжээ. Б ХХК-ний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь аялал жуулчлал эрхлэх бөгөөд энэ гэрээ байгуулсан нь үйл ажиллагааны зорилгоос гадуур, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй /хх 21/ байна. Нэхэмжлэгч нь гэрээг Иргэний хуулийн 410-р зүйлд заасан зуучлалын гэрээ биш, харин энэ хуулийн 399-р зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ, даалгаврын гэрээ нь 56 дугаар зүйлийн 56.1.1-д хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гэрээний 8-р зүйлийн 8.2-т зааснаас бусад тохиолдолд зуучлуулагч гэрээ цуцлах санал тавьсан тохиолдолд гэрээний зорилгод хүрэхэд саад учруулсан гэж үзэх бөгөөд зуучлалын үйлчилгээний хөлсийг буцаан олгохгүй, 4-р зүйлийн 4.1-т харилцан тохиролцож гэрээг цуцлах буюу дуусгавар болгоно гэж тус тус зааснаар Б.Д-д гэрээг дангаар цуцлах эрх байхгүй. Иргэний хуулийн 399-р зүйлийн 399.4-т ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах, даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй. Энэ эрхийг хязгаарласан гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлажээ. Талууд Хувийн аялал хийхэд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 186-242-р зүйл, 410-р зүйлд заасныг үндэслэл болгон сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, сайн дурын үндсэн дээр, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон гэрээний гол нөхцөлөөр тохирч гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 39, 40-р зүйлд заасан хэлцэл байх, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх, гэрээний талуудын чөлөөт байдалтай нийцжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...гэрээний 3-р зүйлийн 3.1.1 дэх заалт, 7-р зүйлийн 7.2 дахь заалтад Австрали улсын Сидней хотод хувийн аялал хийхэд зөвлөгөө өгөх, судалгаа явуулах, бичиг баримтын бүрдүүлэлт хийх, баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлэх, элчингийн цаг авах, анкет бөглөх, виз мэдүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлэхээр тохирсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн заалттай нийцээгүй гэж маргаж байгаа нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндэслэл болохгүй. Нөгөө талаас, энэ гэрээг агуулгын хувьд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ гэж үзэж, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д ...харилцан тохиролцож гэрээг цуцлах буюу дуусгавар болгох...оор заасан нь гэрээг дангаар цуцлах эрх олгоогүй, энэ нь 399-р зүйлийн 399.4-т заасан ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах, даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй. Энэ эрхийг хязгаарласан гэрээ хүчин төгөлдөр бус байх хуулийн заалт, агуулгатай нийцээгүй гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, талууд харилцан тохиролцож гэрээг цуцлах буюу дуусгавар болгохоор тохирсон нь даалгавар өгөгчөөс даалгавраа цуцлах эрхийг хязгаарласан, хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхгүй. Түүнчлэн гэрээний 8-р зүйлийн 8.3-т Энэ гэрээний 8.2-т зааснаас бусад тохиолдолд зуучлуулагчийн зүгээс гэрээ цуцлах санал тавьсан тохиолдолд зуучлуулагч гэрээний зорилгод хүрэхэд саад учруулсан гэж үзэх бөгөөд зуучлалын үйлчилгээний хөлсийг буцаан олгохгүй байхаар тохирсон нь гэрээ цуцалсан тохиолдолд хөлсийг буцаан олгох эсэх асуудлыг зохицуулсан байх ба харин гэрээ цуцлах эрхийг хязгаарласан, гэрээ хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулаагүй байна. Эдгээр үндэслэлээр, талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж 1 293 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэлээ. Хэрэгт авагдсан Австрали улсын Элчин сайдын яаманд хандаж виз хүсч гаргасан өргөдөл, виз мэдүүлэхэд бүрдүүлсэн материалууд, нэхэмжлэгчийн дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн талаарх баримтууд, хоорондоо харилцсан бичлэг нь /1-р хавтас 27-180, 187-1-р хавтас 8, 21-26/ гэрээний үүрэг, гэрээ цуцлахтай холбоотой бөгөөд харин хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Д, Б ХХК болон Б.Д нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11-р сарын 20-ны өдрийн Хувийн аялал хийхэд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, 1 293 500 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Д-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА | |