| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямсамбуугийн Гантуяа |
| Хэргийн индекс | 131/2020/00107/И |
| Дугаар | 131/ШШ2020/00278 |
| Огноо | 2020-03-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2020/00278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4 853 516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б.Б нь ******* ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр № ТЗ-3 тоот зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн автомашины зээлийг 12 сарын хугацаатай, сарын 4,9 хувь хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ******* алын дугаартай ******* улсын дугаартай Сувдан цагаан өнгийн Toyota Grown маркын авто машин барьцаалсан.
Зээлдэгч нь өнгөрсөн хугацаанд тус зээлийн үндсэн зээлийн төлбөрт 740 450 төгрөг, зээлийн хүүнд 628 750 төгрөг, алдангид 9450 төгрөг, нийт 1 378 650 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нь өөнөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй манай байгууллагыг хохироож байна. Иймд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох 4 853 516 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компаниас Б.Б нь crown маркийн автомашиныг барьцаалан 2018 оны 10 дугаар сард 3.000.000 төгрөгний зээл авсан ба 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хамгийн сүүлийн төлөлтөө хийгдээд үүнээс хойш зээлийн төлөлт хийгдээгүй нэг жилийн хугацаа өнгөрч байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл Б.Бын утас руу нь залгахаар утсаа авдаггүй. Б.Бтай ажил дээр нь очиж уулзахаар мөнгөө шүүхэд хандаад аваарай гэж хэлдэг, барьцааны машиныг зарчихсан гэдэг учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянхонгор сумын 1-64-6 тоотод оршин суудаг Б.Б миний бие 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ******* ББСБ-тай гэрээ хийж, өөрийн эзэмлшийн ******* улсын дугаартай Кровн маркын тээврийн хэрэгслийг барьцаалж 3.000.000 сая төгрөгний зээл авсан. Уг зээлийн 2.000.000 төгрөгийг өөрийн найз Болорын Банзрагч гэж хүнд зээлээд одоог хүртэл авч чадаагүй байгаа юм. Уг найз Улаанбаатар хотод залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдан шүүхээр шийтгэгдэж хорих ял авсан байгаа тул надад өгөх боломжгүй болсон.
Уг ББСБ нь намайг 1.378.650 төгрөгийг төлсөн гэж байгаа учир цаашид нэхэмжилж байгаа 4.853.516 төгрөгийг төлөх боломж байхгүй. Уг авсан 3.000.000 төгрөгнөөс 1.378.650 төгрөгийг хасаад 1.621.350 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 1-ний дотор барагдуулж, уг ББСБ-ыг хохиролгүй болгож өгөх боломжтой. Ингэхдээ хэд хэдэн төгрөгөөр тасдаж барагдуулах боломжтой. Бүхэлд нь төлөх боломжгүйг харгалзан үзнэ үү. 3.000.000 сая төгрөг аваад 4.853.516 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй. Үүнээс 1.378.650 төгрөгийг төлсөн. Үлдсэн 1.621.650 төгрөгийг л би төлөх боломжтой. Би ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт нэг хүний цалингаар амьдарч байгаа. Цалингийн зээлтэй, сар бүр 761.000 төгрөгний төлөлтийг хийдэг. Сар бүр гар дээр авдаг цалин 980.000 төгрөг байдаг. 2018 оны 10 сард найздаа зээлээд үлдсэн 1.000.000 сая төгрөгийг хүү Б.Болорчулууны эмчилгээний зардалд Улаанбаатар хот явж зарцуулсан. Ингээд нийтдээ авсан 3.000.000 төгрөгийг төлж барагдуулбал цаад ББСБ нь ямар ч хохирол амсахгүй. Харин үлдсэн мөнгийг барагдуулж дуусмагч өөрийн эзэмшлийн авто машиныг миний нэр дээр болгож өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Их Мөнхнаран ХХК-ийн зүгээс нэхэмжилж байгаа мөнгөө тайлбарлаж чадахгүй байгааг ойлгохгүй байна. Би автомашинаа барьцаалан 2018 оны 10 дугаар сард 3.000.000 төгрөгний зээл авсан, зээлийн үндсэн төлбөрт 700.000 төгрөг, зээлийн хүүд 600.000 төгрөг төлсөн. Иймээс 3.000.000 төгрөгийн зээлийн төлбөр 1.300.000 төгрөг төлчихөөд байгаа үлдэгдэл 1.700.000 төгрөг хувийн зүгээс төлөх боломжтой. Би 3.000.000 төгрөг зээлж аваад дээрээс 1.800.000 төгрөг нэмж төлж чадахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн дэлгэцээр харуулж шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Их мөнх наран ХХК нь хариуагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4 853 516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 2300000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэг буюу хүү, алдангийг амьдралын боломж муу үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Шүүх хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигч 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ТЗ-3 дугаар зээлийн гэрээг байгуулж, 3 000 000 төгрөгийг, 12сарын хугацаатай, сарын 4.9 хувийн хүүтэй байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт нь тогтоогдож, зохигч энэ талаар маргаангүй байна.
Улмаар хариуцагч Б.Б нь гэрээний үүргээс үндсэн зээлийн төлбөрт 740450 төгрөг, зээлийн хүүнд 628750 төгрөг, алдангид 9450 төгрөг нийт 1 378 650 төгрөг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчид төлсөн, мөн энэ талаар маргаангүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүргийн 4 853 516 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үлдсэн үндсэн зээлийн үлдэгдэл 2 359 550 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны 341 хоногийн хүү 1 314 191 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны 311 хоногийн алдангийг хуульд нийцүүлж 1 179 775 төгрөг гэж тус тус тодруулжээ.
Харин хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн зохих хэсгийг өөр этгээдэд зээлдүүлэн, буцаан авч чадаагүй, одоо зээлийн эргэн төлөлт хийх амьдралын боломж муудсан шалтгаанаар зээлийн гэрээгээр хүлээсэн хүү, алдангийг төлөхөөс татгалзаж байна.
Зээлдүүлэгч Их мөнх наран ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 000022002 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, 000004531 дугаар салбарын гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээнд талууд гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр гэрээ байх тул талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн гэрээний 1 болон 3 дугаар зүйлд хүү, алдангийн талаар тохиролцсон байх тул гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй, нөгөө талаас хариуцагч нь зээлийн гэрээ байгуулах үеэс төлбөр төлөх боломж муудсан үндэслэлээр дээрхи үүргээс чөлөөлөгдөх боломжгүй юм.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигч Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар автомашин барьцаалан зээлийн гэрээ байгуулсан байх боловч шүүх нэхэмжлэлийн мөнгөн дүн шаардсан шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92610 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжийн 92610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 181 дүгээр зүйлийн 181.1, 286 дугаар зүйлийн 286.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 2 359 550 төгрөг, хүү 1 314 191 төгрөг, алданги 1 179 775 төгрөг, нийт 4 853 516 /дөрвөн сая найман зуун тавин гурван мянга таван зуун арван зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92610 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжийн 92610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА