| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2019/03933/И |
| Дугаар | 102/ШШ2020/00521 |
| Огноо | 2020-02-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2020/00521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн, Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, Л ХХК-д холбогдох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, хариуцагч Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүл 2014 оны 08-р сарын 18-нд Л ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сум 11-р баг, Ласти таун хотхоны А блокын 2 дугаар орцны 7 давхарт 63 тоот 71.46 м.кв 3 өрөө орон сууцыг захиалсан. Байр 2015 оны 1-р улиралд ашиглалтанд орох ёстой байсан боловч гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүй, ингээд 1-р орцны 2 давхрын 6 тоот 71,46 м.кв орон сууцанд оруулсан. Байрны төлбөрт 71 460 000 төгрөгийг 2014-2017 оны хооронд бүрэн төлсөн. Энэ байр 4 орцтой, бусад 3 орцыг ашиглалтанд орсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээ олгоогүй. Иймд 6 тоот сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд агаргасан тайлбартаа: Д.Б нь 2014 оны 08-р сарын 08-нд орон сууц захилгаар бариулах гэрээг манай компанитай байгуулсан. Төлбөрөө 100 хувь төлсөн. Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах А блокын 2 давхрын 6 тоот 71.46 м.кв орон сууц нь Д.Б гэдэг хүний өмчлөлд шилжсэн байдаг. Учир нь Д.Б нь 2014 оны 12-р сарын 22-ны өдөр Л ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ хийж, 144 айлын орон сууц ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. Д.Б нь Л ХХК нь гэрээгээ биелүүлэхгүй байна гээд Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуулчлалаар орж, Хан-Уул дүүргийн шүүгчийн 2017 оны 08-р сарын 30-ны өдрийн захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, 2019 оны 02-р сарын 21-ний өдөр энэ байр Д.Б-ийн өмчлөлд шилжсэн байдаг. Ласти интернэшнл ХХК нь Д.Б, н.Б, н.Д гэсэн гурван хөрөнгө оруулагчтай. Эдгээр хөрөнгө оруулагч нар 144 айлын орон сууцнаас Дд 53 орон сууц, Д.Баад 44 орон сууц, н.Б-д 20 орон сууц өмчлөх эрх шилжсэн байдаг. Ласти интернэшнл компанийн хувьцаа эзэмшигч 2017 оны 08-р сарын 24-нд өөрчлөгдөж, захирал нь н.Батаа гэдэг хүнээр томилогдсон. Д.Б-ийн 3 өрөө орон сууцыг Д.Б давхардуулан гэрээ хийсэн байсан. Анх компаний хувьцаа шилжүүлэн авахад өмнөх хувьцаа эзэмшигч н.Лхагвасүрэн нь гэрээ хэлцэл, санхүүгийн архив материалыг өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигчид шилжүүлж өгөөгүй. Бид шүүх цагдаа гээд олон байгууллагаар явсан. Ингээд энэ байр Д.Б-гийн өмчлөлд шилжсэний дараа Д.Б над руу залгасан, тэгэхэд ...энэ байрны бичиг баримт, архивт байхгүй байна гэдгийг хэлсэн. Д.Б нь тухайн орон сууц ашиглалтанд орсноос хойш өнөөдрийг хүртэл 6 тоотод амьдарч байгаа. Л ХХК-тай холбоотой олон маргаан шүүхээр шийдэгдэж байна. Хэдийгээр би энэ компанийг хариуцан ажиллаж байгаа боловч надад Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээнээс өөр ямар ч санхүү, архивын материал байхгүй, иргэдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй, зөвхөн энэ хүмүүсийн гаргаж өгсөн баримтаар шүүх хуралдаанд орж байна. 2018 оны 2 дугаар сарын 28-нд би компанийг буцаагаад шилжүүлсэн боловч улсын бүртгэл бүртгээгүй байгаагаас ийм зүйл болсон гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь Л ХХК-д холбогдох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэдийгээр нэхэмжлэгч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлага гаргасан боловч сууцны өмчлөх эрхийн талаар маргасан гэж үзэхээр байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Д.Б нь Л ХХК-тай 2014 оны 08-р сарын 18-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сум, 11-р баг, Л хотхоны А блокын 2 дугаар орцны 63 тоот 71.46 м.кв 3 өрөө орон сууцыг 71 460 000 төгрөгөөр худалдан авахаар /хх 5-13/ тохирчээ.
Л ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд тус байрны А блокийн 2-р орц ашиглалтад оруулаагүйгээс түүнийг 1-р орцны 6 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө сууцанд оруулсан, нэхэмжлэгч 2015 оноос тус сууцанд амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Тухайн орон сууц нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 10а байр гэж дугаарлагдсан байх ба улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгэгдсэн 10а байрны 6 тоот сууцны өмчлөгчөөр Д.Б бүртгэгдэж, өмчлөх эрхийн 000674800 тоот гэрчилгээ /хх 83/ олгогджээ.
Харин нэхэмжлэгч нь тухайн орон сууцны 2-р орцны 63 тоот сууцыг худалдан авахаар тохирсон боловч бусдын өмчлөлийн, өөрөөр хэлбэл, Д.Б-ийн өмчлөлийн 6 тоот сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж, гэрчилгээ гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 10а байрны 1-р орцны 6 тоот сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг хүссэн Д-Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 58-р зүйлийн 58.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА