Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Туваан овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2321000000212 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, “******* *******” ХХК-д ******* ******* хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, “ ” хотхоны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Туваан овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* ******* нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, 62 дугаар байшинд байрлах “******* Ийст” ХХК-ийн оффис дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь мөргөх, цохих зэргээр зодож Б.ын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Туваан овогт ******* ******* нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, 62 дугаар байранд байрлах “******* Ийст” ХХК-ийн оффис дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч маргалдан улмаар нүүрэн тус газарт нь мөргөх, цохих зэргээр зодож, түүний биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...бид хоёрын дунд үл ойлголцол болсон. Ингээд би ажил дээрээ явж ороод захирал т “Би Батаа захиралтай яриад хүсэлтээ өгсөн, та яагаад намайг ингээд байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед захирал намайг басамжилсан маягтай “Би ажилтай байна, чи чатаа ойлгож унш” гэж хэлсэн. Бид хоёрын дунд маргаан болсон. Тэр үед “чи өрөөнөөс гар, чамтай ярих зүйл байхгүй” гэж намайг хөөсөн. ...Тэр үед “чи зүгээр байхгүй хүнийг яах юм” гэж хэлсэн. ...бид хоёр хоорондоо бие биенийгээ заамдаж аваад хоорондоо тэврэлдсэн. Би ын нүүрэнд нь 1 удаа мөргөсөн ба тухайн үед ын хамраас нь цус гарч эхэлсэн. Тэр үед намайг тэвэрч аваад миний толгойны ар тал руу 1 удаа хальт цохих шиг болсон. Манай ******* Нямжав, Чинзориг хоёр бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.ын “ Би “******* голд” ХХК-ийн орон нутаг хариуцсан менежер бөгөөд “******* Ийст” ХХК-ийн захирал хийдэг юм. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг 40 минутын орчим ******* сумын 9 дүгээр баг, 62 дугаар байшинд байрлах “******* Ийст” ХХК-ийн оффис буюу өөрийн ажлын байран дээрээ байтал гаднаас манай ******* ******* орж ирсэн. Тухайн үед ******* “Би Бодьбилдингийн тэмцээнд орохоор гадаад улс руу компаниар ивээн тэтгүүлж явах гэтэл та намайг дэмжсэнгүй” гэж надтай хэрүүл хийсэн. Би *******т “гадаад улс руу явах, зардлыг би бие дааж шийдэхгүй, толгой компаниас шийдвэр гаргана, зардлаа даалгах бол хүсэлтэн дээрээ дансны дугаар зэргээ бичих ёстой” гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Маргалдаж байх явцад ******* над руу салаавч гаргаж миний нүүр рүү 1 удаа мөргөсөн. Тухайн үед би *******ийн бүсэлхийгээр нь тэвэрч авсан. Тэр үед ******* миний нүүр рүү хажуу талаар 2-3 удаа цохисон. Хажууд байсан манай компанийн ******* болох Чинзориг, Нямжав нар салгасан. Тухайн үед миний хамраас цус гарсан бөгөөд намайг цусаа арчиж байх хооронд ******* над руу хараалын үгээр заналхийлж байгаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 333 тоот “...Б.ын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Туваан овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА