Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0251

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш..С*****

Хариуцагч: Жижиг, дунд үйлдвэрийн газар,

Маргааны төрөл: Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/76 тоот тушаал хуульд нийцсэн эсэх талаарх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш..С*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш..С*****-аас Жижиг, дунд үйлдвэрийн газарт холбогдуулан “Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/76 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан албан тушаал буюу Өр авлага хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгчийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б-31 дүгээр тушаалаар “Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  түр  томилон ажиллуулсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б-19 дүгээр тушаалаар Хууль, тусгай активын хэлтсийн Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд түр ажиллуулах хугацааг сунган томилж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-71 дүгээр тушаалаар Ш..С*****-ын хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож, Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд түр томилогдон ажиллажээ.

3/ Улмаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

4. Нэхэмжлэгч Ш..С***** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ Иргэн Ш..С***** миний бие Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2016 оны 09 дүгээр сараас эхлэн ажиллаж байсан ба 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын 49 дүгээр тогтоолоор Сангийн ажлын албыг татан буулгаж, Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулагдсан. Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага буюу төрийн захиргааны байгууллага юм.

 Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс Жижиг, дунд үйлдвэрийн газарт Өр авлага хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажилласан. 2021 оны 4 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс чөлөөний хугацааг дуусгавар болгон ажилдаа эргэн орсон. 2021 оны 11 сард миний ажиллаж буй Өр авлага хариуцсан мэргэжилтний албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлаж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тусгай шалгалтыг зохион байгуулсан. Уг тусгай шалгалтаар миний бие хамгийн өндөр оноо авч чадаагүй бөгөөд энэ үндэслэлээр 2021 оны 12 дугаар 10-ны өдөр газрын даргын тушаал гарч ажлаас чөлөөлсөн.

2/ Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг буюу “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлийг барьсан атлаа Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарагдахтусгай шалгалтад хамгийн өндөр оноо авч чадаагүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлж буй нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 болон “тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авч чадаагүй гэдэг бол 2 тусдаа асуудал юм.

3/  Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 - т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно хэмээн тайлбарласан байдаг. Тэгвэл Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам-д тусгай шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг сул орон тоонд томилохоор заажээ . Өөрөөр хэлбэл тусгай шалгалтад оролцож буй иргэний хувьд Тусгай шалгалтад тэнцсэн эсэхийг тогтоодоггүй буюу онооны дарааллыг харгалздаг. Харин ерөнхий шалгалтын хувьд тэнцсэн эсэх асуудал хөндөгддөг.

4/  Сангийн ажлын алба татан буугдаж, 2020 оны 9 дүгээр сард Жижиг, дунд үйлдвэрийн газрын мэргэжилтнээр түр томилон, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Миний бие 2021 оны 04 сараас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын эхээр манай хэлтсийн дарга Р.Н*** намайг дуудаж ажлын ачаалал их байгаа тул чөлөөний хугацаагаа дуусгалгүй орж ажиллах боломжтой эсэх талаар уулзсан. Ажилдаа орох боломжтой талаар хэлтэл  газрын дарга хүүхэд хөхүүлэх цаг олгохгүй гэсэн шүү хэмээн тодотгон хэлсэн. Үүнийг нь би зөвшөөрч буйгаа илэрхийлтэл хүсэлт бичээд өгчих гэсний дагуу миний бие 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт бичиж өгсөн нь бичиг хэргийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Мөн энэ хүсэлттэй холбогдуулан манай хүний нөөцөөс дарга хүүхэд хөхүүлэх цаг өгөхгүй гэсэн утгыг давтан илэрхийлсэн бөгөөд үүнд миний бие дургүйцэн яагаад намайг ингэж ялгаварлан гадуурхаж байгаа талаар асуутал ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй, чи хүүхэд асрах 2 жилийн хугацаанаас өмнө орж ирж байгаа учраас хүүхэд гээд ажил цалгардах вий гэсэн үүднээс үүнийг сануулж хэлж байна гэж хэлсэн.

5/ Миний ойлгож буйгаар Хөдөлмөрийн тухай хуульд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн албан ёсны чөлөө байдаг, харин тухайн ажилтан өөрөө хүсвэл хүүхэд асрах чөлөө авч болох зохицуулалттай. Мөн хүүхэд асрах чөлөөний хугацааг 2 жил хэмээн тогтоож буй нь цаад тал нь 2 жил хүртэл хүүхдээ харна шүү 2-оос илүү хугацаа байхгүй шүү гэдэг агуулгыг илэрхийлж байгаа болохоос чи 2 жилийн дараа л ажилдаа орох ёстой, түүнээс нааш ажилдаа орж болохгүй гэдэг утгыг илэрхийлээгүй юм.

 Ингээд миний бие 2021 оны 11 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллахдаа хүүхэд хөхүүлэх, асрах цагийн завсарлага аваагүй болно. Үүнийг би Үндсэн хуулиар олгогдсон Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг минь зөрчиж, ялгаварлан гадуурхаж, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, үр хүүхдээ асрах эрхэд минь халдсан гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны байгууллагын Өр, авлага хариуцсан мэргэжилтэн нь төрийн захиргааны албан тушаалтан. Тийм ч учраас хууль, эрх зүйн хүрээнд Төрийн албаны тухай хуулийг барьж шийдвэр гаргах ёстой байсан. Сонгон шалгаруулалтын хувьд тусгай шалгалтад өндөр оноо аваагүй гэж чөлөөлсөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийг барьж чөлөөлсөн. Төрийн захиргааны байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийг барьж ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуульд сонгон шалгаруулалтад 1-р тэнцээгүй нь ажил албан тушаалдаа нийцэхгүй гэсэн үг биш, тусгай шаардлагыг хангаагүй гэсэн үг. Захиргааны актыг анх гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар тайлбар авах ёстой байсан ч тайлбар аваагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталж ажлаас чөлөөлж байгаа бол тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлах ёстой байсан. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэргийг зөрчиж уг тушаалыг гаргасан. Төрийн захиргааны албан тушаалтай холбоотой гарч байгаа тушаал, шийдвэрүүд Төрийн албаны тухай хуулийн дагуу зохицуулагдах ёстой. Түр орлон гүйцэтгэгчээр томилогдох, жинхэнээр томилогдох нь хамаагүй. Өр, авлага хариуцсан албан тушаал төрийн захиргааны албан тушаал байхад Хөдөлмөрийн тухай хуулийг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэв. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Ш..С*****-т газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01ий өдрийн Ш..С*****-ын хүүхэд харах чөлөөг дуусгавар болгож ажилд түр томилох тухай Б/71 дүгээр тушаалын 2 дахь хэсэгт зааснаар Коронавируст халдвар /ковид 19/-ын тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан, төрийн албаны тусгай шалгалтад тэнцсэн, албан тушаалтныг Жижиг, дунд үйлдвэрийн газрын төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулах, төрийн албаны тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангаагүй тохиолдолд тус албан тушаалд ажиллуулах боломжгүй болохыг сануулсан.

2/ Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс Жижиг, дунд үйлдвэрийн газрын Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоо нөхөх төрийн албаны тусгай шалгалтыг 2021 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулсан.

3/ Ш..С***** нь тус газрын Хууль, тусгай активын хэлтсийн Өр , авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилогдон ажиллаж байх хугацаандаа дээрх төрийн албаны тусгай шалгалт өгч Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс ирүүлсэн Төрийн албаны тусгай шалгалтын нэгдсэн үнэлгээний хуудас болон Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол , журмын 7 дахь хэсгийн 7.2 /Зөвлөл, салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ/-т зааснаар хамгийн өндөр оноо авч чадаагүй. 

4/ Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дах хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулахар заасан байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэгт хуульд заасан бусад үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлнө гэж заасан. Иймд Ш..С*****-ыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

5/ Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсэг болон 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3 /."чадахуйн зарчим / мерит / " гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох , чөлөөлөх, хувь хүний мэдлэг, боловсрол,  мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг/-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож , түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай Нэр дэвшүүлж , санал болгох тухай тогтоол зэргийг үндэслэн Өр , авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоо нөхөх төрийн албаны тусгай шалгалтад хамрагдсан иргэдээс тухайн албан тушаалд өндөр оноо авсан Д.Б тус албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/76 дугаартай тушаал нь Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг , Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр захиргааны акт тул дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Иймд Жижиг, дунд үйлдвэрийн газрын зүгээс Ш..С*****-ын нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6/ Ш..С***** Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулах ёстой байсан гэлээ. 2021 оны 11 дүгээр сард төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан шалгалтад тусгай шалгалтад тэнцээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх талаар тайлбарласан. Тушаал гарахаас өмнө энэ талаар танилцуулж байсан. Тухайн үед өөрөө ямар нэг санал гаргаагүй. Ажил хүлээлцэх актыг нөхөж хийсэн нь үнэн. Тухайн өдөр ажил үүргийн комисс ажиллахад Ш..С***** ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй учраас дараа нь нөхөж хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, ажилтны тоо цөөрсөнтэй холбоотойгоор бөөнөөр халах үеийн зохицуулалт. Манай байгууллагад бөөнөөр халагдсан нөхцөл байдал байхгүй. Төрийн албаны тухай хуулийг барьж ажилд томилох харилцаа үүсэх байсан гэлээ. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг барьж томилоогүй Төрийн албаны тухай заасны дагуу томилсон бол та томилогдох шалгуурыг хангахгүй байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулахад хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан. Төрийн албаны тухай хуульд тусгай шалгалтад тэнцсэн ажилтныг албан тушаалд томилно гэсэн болохоос тэнцээгүй бол чөлөөлөх талаар зохицуулаагүй тул Төрийн албаны тухай хуулийг барих боломжгүй. Та Жижиг, дунд үйлдвэрийн газартай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Өр, авлага барагдуулах мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байсан. Хууль зөрчсөн асуудал байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгчээс “Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/76 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан албан тушаал буюу Өр авлага хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” шаардлага гаргажээ.

 2. Нэхэмжлэгчийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б-31 дүгээр тушаалаар “Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  түр  томилон ажиллуулсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б-19 дүгээр тушаалаар Хууль, тусгай активын хэлтсийн Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд түр ажиллуулах хугацааг сунган томилж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-71 дүгээр тушаалаар Ш..С*****-ын хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож, Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд түр томилогдон ажиллажээ.

2.1. Улмаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

3. Нэхэмжлэгч нь тус албанд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ХГ/2021-06 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан, Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлийг барьсан атлаа Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарагдах тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авч чадаагүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төрийн албаны зөвлөлөөс зарласан төрийн албаны тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авч чадаагүй гэж тус тус маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дүгээр зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, 26.2-д “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно” гэж тус тус заажээ.

5. Дээрхээс дүгнэвэл Төрийн албаны тусгай шалгалтад тэнцээгүй иргэнийг төрийн жинхэнэ албанд томилохыг хориглосон бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан, төрийн албаны тусгай шалгалтад тэнцсэн албан тушаалтныг Жижиг, дунд үйлдвэрийн газрын төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулах, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангаагүй тохиолдолд тус албан тушаалд ажиллуулах боломжгүй болохыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б-19, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-71 дүгээр тушаалуудаар   сануулж, тухайн албан тушаалд түр томилсон байна.

6. Хэдийгээр уг албан тушаал нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 338 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар баталсан ТЗ-6 буюу дэс түшмэлийн ангилал, зэрэглэлд хамаарах хэдий ч түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ажлаас халсан нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

7. Тодруулбал, нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн албан тушаалд томилогдоогүй тул Төрийн албаны тухай хуульд заасан түүнийг ажлаас чөлөөлөх, халах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зэрэг төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэхгүй.

8. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн томилогдохыг хүсч буй албан тушаалд сул орон тоо нөхөх тусгай шалгалт зарлагдаж, уг сонгон шалгаруулалтад хамрагдсан иргэдээс Д.Б нь нийлбэр дүнгээр 62.50 оноогоор нэгдүгээр байранд шалгарч улмаар Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Д.Б-ыг нэр дэвшүүлж, санал болгож хүргүүлсэн нь Төрийн албан тухай хууль болон Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд сул орон тоо нөхөх төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч чадаагүй, тэнцээгүй, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрх нь хууль ёсоор үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Харин Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээлдэгчийн түүх, барьцааны асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Ш..С***** нь оролцож, хамгийн өндөр оноо авсан бөгөөд уг албан тушаалд томилогдох эрх зүйн харилцаанд уг шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн

 

ТОГТООХ нь:

 

1.  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасныг баримтлан Ш..С*****-ын нэхэмжлэлтэй, Жижиг, дунд үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан “Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/76 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан албан тушаал буюу Өр авлага хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ