Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2025/0677

 

Ш.Цгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.Ц

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал

Гуравдагч этгээд: Д.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” 02 дугаар тогтоол, мөн өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 03 дугаар тогтоол, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Багийн Засаг дарга Ш.Цг ажлаас чөлөөлөх тухай” Б/21 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 18,793,056.80 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага гаргасан.

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 80 дугаар шийдвэр,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагч Зуунмод сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.А, хариуцагч иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б, гуравдагч этгээд Д.О,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 123/2025/0041/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 80 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 32.8, 32.8.3, 32.8.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.Цгээс Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал, тус аймгийн Зуунмод сумын Засаг даргад холбогду******* гаргасан “Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол, тус аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” тогтоол, мөн өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 03 дугаар тогтоол, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Багийн Засаг дарга Ш.Цг ажлаас чөлөөлөх тухай” Б/21 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин 18,793,056.80 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ш.Ц, түүний өмгөөлөгч А.М нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “...Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхэд халдсан гэж үзэж байна.

2.2.Нэхэмжлэгч нь хуулийн хүрээнд багийн Засаг даргын сонгуульд өрсөлдсөн. Багийн иргэдийн Нийтийн Хурал болж иргэдээс Засаг даргыг чөлөөтэй сонгох, иргэдийн олонхын саналаар шийдвэрлэх боломжийг хааж, Зуунмод сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд оролцож иргэдийн саналаар биш өөрсдийн найруулсан тооллогын комиссоор дамжу******* өөрийн намын хүнийг сонгуульд ялуулах бүх арга хэмжээг авсан үйл баримтыг шүүх үндэслэл муутай дүгнэж шийдвэрлэсэн.

2.3.Нэхэмжлэлийн гол агуулга нь иргэдийн Нийтийн Хурал нь хууль ёсны байх шаардлагыг хангасан уу. Иргэд өөрсдийн оролцоотойгоор хурлын дарга, тооллогын комиссыг байгуулсан уу, тооллогын комисс нь санал тоолох ажиллагааг ил тод бүх иргэдийг хару******* явуулж чадсан уу гэдэг асуултад хариулт авч дүгнэлт хийх зорилготой байсан. Гэтэл шүүх хурлын хоёр ч тэмдэглэл байхад хуралдааны дарга өөрөө хэлсэн учир хурлаа удирдсан байна. Иргэдийн саналыг ганц нэг хүний саналыг аваагүй боловч олонхын саналаар шийдвэрлэсэн байна. Хэргийн оролцогчид толлогын комиссын дүн болон хяналтын тооллогын дүнтэй маргаагүй болно гэсэн дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Тооллогын дүнтэй маргаж байгаа учраас нэхэмжлэл гаргаж байгааг маргаагүй гэж үзэх нь үндэслэлгүй юм.

 

2.4.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “...баг, хорооны иргэдийн Нийтийн хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдааны даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан байхад шүүх хуралдаан даргалагч хуралдааны даргыг болон Засаг даргыг уламжлах хоёр тогтоолд хоё*******д нь гарын үсэг зурж баталгаажуулсан нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Хуралдаан даргалагч нь зөвхөн хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Дээрх хуулийн заалттай холбоотой мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.3, 32.8.4 дэх заалтаар эхлээд Хурлын даргаа сонгох хууль зүйн үндэслэлийг тайлбарласан боловч шүүх хоёр сонгуулийг хамтад нь явуулж болох хууль зүйн зохицуулалттай байна гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаатай шийдвэр юм.

 

2.5.Гол зүйл болох хэрэгт авагдсан иргэдийн бичгээр өгсөн тайлбарыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй байж үнэлэх боломжгүй гэж тайлбарласан нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасантай зөрчилдөж байна. Хэрвээ нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт шаардлага хангаагүй бол тэдгээр иргэдээс гэрчийн мэдүүлэг авах, бичсэн зүйлийн нотариатаар гэрчлүүлж авах эрх, үүргээ шүүх биелүүлээгүй.

 

2.6.Мөн хуралдааны тэмдэглэлтэй холбоотой нотлох баримтыг үгүйсгэсэн няцаасан дүгнэлт шүүх хийгээгүй мөртлөө хурал хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд яагаад хоёр тэмдэглэлтэй болов, тэмдэглэлийг хэн бичих ёстой байсан, хурлын материалын хэн хаана ямар байдалтай бүрдүүлсэн, саналын хуудас, хурлын тэмдэглэл ямар шалтгаанаар хурлын дараа бүрдэв гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой байсан гэж үзнэ. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдсан Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдахад Зуунмод хотын Захирагч, Зуунмод сумын Засаг даргыг орлон гүйцэтгэгч Б.Х даргалсныг багийн хуралд оролцсон бүх иргэд мэднэ. Хуралд оролцсон болон гэрчүүдийн мэдүүлгээс шүүх хуралд оролцсон хариуцагч нар гуравдагч иргэний хэлсэн үгээс батлагдаж байна.

 

2.7.Хурал даргалагч Б.Хаас Баянхошуу багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан тогтоолыг Зуунмод сумын Засаг дарга Б.Хт уламжлах боломжгүй өөрөөсөө өөртөө уламжлах болохоор л багийн иргэдийн Нийтийн Хурлыг удирдаагүй Н.Огээр гарын үсэг зуруулсан. Н.О өөрийн биеэр хурал даргалах боломж гарсангүй гээд бичсэн бичиж өгсөн нь баримт болж шүүхийн баримтад нотлох баримтаар байгаа.

 

2.8.Н.О 99306406 гэсэн дугаараас Ш.Ц миний барьдаг 99525089 дугаарт зурвасаар тэр өдрөө явуулсан баримт шүүхийн материалд байдаг. Б.Хаас айсан гэж нэг өрөөнд байсан 2 хүний хамт ярьж бүүр бие өвдөж даралт ихсэж эмчилгээ хийлгэсэн гэж өөртэй нь нийлээд 3 хүн ярьсан байдаг. Үүнийг яагаад нягтлахгүй байгаа юм бол гэж гайхаж байна. Гэтэл Н.О 5 сарын дараа би хурал даргалсан учир гарын үсэг зурсан гэж шал өөр мэдүүлэг өгснийг шүүх яагаад урд нь гаргасан баримт дээр тулгуурлаж судлан үзэхгүй Н.Од хууль танилцуулсан учир үнэн хэлсэн гэж нэг талыг барьж танилцуулав. Н.О мэдүүлгээ өөрчилсөн нь /Б.Х Засаг дарга шууд Н.Отэй гэрээ хийдэг.

 

2.9.Б.Б багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, бие төлөөлөгч Б.Б Засаг даргын Тамгын газрын орлогч дарга, гуравдагч этгээд Д.О багийн Засаг дарга бүгд өөрийнх нь дарга нар байгаа учир ажилтай үлдэхийн тулд ингэж эргэж өөр хэлсэн байна гэж үзэхэд хүрч байна.

 

2.10.Тооллогын комисс байгуулахад хэт нэг талыг барьсан ардчилсан намтай ямар нэг талаараа холбоотой ардчилсан намын гишүүдээр 5 хүний бүрэлдэхүүнтэй бүрдүүлсэн. Ш.Ц миний эрх ашийг хамгаалсан /Би иргэний хувьд эрх ашгаа хамгаалуулах хүн тооллогын комисст оруулах хүсэлт хэлсэн ч оролцуулаагүй/ нэг ч хүн оролцуулж чадаагүй. Иргэд болон би өөрийн биеэр санал оруулахад авч хэлэлцээгүй. Энэ нь нотлох баримт, хурлын тэмдэглэлд тодорхой байгаа. Яагаад миний эрх ашгийг хамгаалсан хүн оруулж болохгүй байгааг судлах, бүхэл бүтэн сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар иргэдийн урдаас хараад суучихсан хурал удирдсан, тооллогын комисст орсон, тооллогын комиссынхон бүгд нэг намд харьяалалтай, зарим нь гишүүн байхад Ардчилсан намынхан өөрсдөө тэнцвэртэй байдал ярьдаг. Гэтэл энэ нь тэнцвэртэй байдлыг хангаж байна уу гэдгийг харах ёстой гэж үзэж байна.

 

2.11.Тооллогын комисс хууль бус байгуулагдаж хууль бус санал хураалт явуулсан. Иргэдээс санал авах явц бүхэлдээ хууль бус. Санал авсны дараа санал өгсөн иргэдийн тоо, санал авсан хуудасны тоо хоорондоо таардаггүй. Санал өгсөн иргэний тоо, санал өгөхөөр ирсэн иргэний тоо саналын хуудасны тоо тов тодорхой байдаг. Үүнд:

Санал өгөхөөр хуралд ирсэн иргэн 303 /10 хуудсанд иргэдийн нэр бичсэн байгаа/

2.12.Тооллогын комисс өөрсдөө 303 бүртгэлтэй иргэдээс санал өгсөн гэж иргэдийн нэрийн урд талын тоог дугуйлсан иргэн 278. Тооллогын комисс нь санал өгсөн иргэдийн саналын хуудасны үнэн бодсон бол 278 саналын хуудас хайрцгаас гарч хоорондоо тоо нь таарах байсан. Гэтэл санал өгсөн гэж тооллогын комиссын гаргасан дүн нь таардаггүй. Бичигдсэн нэрсээр /30,33, 33, 33, 33, 33, 33, 32, 31, 12/ 10 хуудсанд 303 иргэн бүртгэлтэй. Бүртгэлийн хуудасны дүн 33 аар 6 тэнцүү 198, 30-аар 1 тэнцүү 30, 31-ээр 1 тэнцүү 31, 32-оор 1 тэнцүү 32, 12-оор 1 тэнцүү 12 бүгд санал өгөхөөр ирсэн иргэд 303 иргэн бүртгэгдсэн.

Санал өгсөн гэж дугуйлсан 26, 31, 33, 33, 32, 29, 28, 27, 27, 12 10 хуудасны дүн бүгд 278.

 

2.13.Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад өгсөн санал Х.Ч-150, Б.Б-114, хүчингүй санал-16 бүгд 280 байна. Иргэдийн Нийтийн Хуралд өгсөн санал нийт санал өгсөн гэж дугуйлж бүртгэсэн бүртгэлээс 2-оор ирүү байна. Тооллогын комиссын гаргасан 278  иргэн санал өгсөн нь үнэн бол энэ хоёр саналын хуудас наахаас гарсан бэ.

 

2.14.Багийн Засаг даргад өгсөн санал: Д.О-141, Ш.Ц-135, хүчингүй санал-3 бүгд 279 гэсэн тоо гардаг. Санал өгсөн гэж бүртгэсэн иргэн 278 бол 1 саналын хуудас хаанаас гарав. Яагаад тооллогын комиссын гаргасан эдгээр 3 тоо хоорондоо таарахгүй байгаа юм бэ. Яагаад 278, 279, 280, гэсэн 3 өөр тоо гаргаад үүнийгээ зөв гэж нотолж байгаад үнэхээрийн харамсаж хууль яаж хэрэгжээд байгаад гайхаж байна. Ямар ч нөхцөлд тоо таарч байх ёстой.

 

2.15.Хуралд оролцож санал өгөхөөр ирсэн 6 иргэн өөрийн гараар би санал хураах ажилд оролцож санал өгсөн гэж өөрийн биеэр бичиж өгч байхад яагаад бүтэн 6 сар болоход энэ хүмүүстэй уулзаж асууж нотлохгүй байж энэ нотлох баримтыг тооцохгүй гэж хурал дээр хэлсэнд гайхаж хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Энэ 6 иргэнээс зарим нь ирж санал өгсөн гэж өөрийн биеэр шүүхэд гэрчилсэн байдаг. Нэг иргэн утсаар санал өгсөн гэж хэлсэн байдаг. Саналаа өөрөө бичиж байгаа хоёр хүний зураг баримтад байдаг.

 

2.16.Шүүхийн эрх мэдлийн хүрээнд нотлох баримтыг судлан шинжилгээ хийж 6 иргэний баримтыг өөрийн биеэр бичсэн эсэх, санал өгсөн эсэхэд шинжилгээ дүгнэлт хийж мэдүүлэг авч болох байсан. Хуралд оролцсон иргэд хурал хууль бус боллоо гээд хурал тарсан тэр үед нь цугларч 303 иргэнээс 278 иргэн санал өгсөн, 2 хуудас илүү гарсныг ярилцаж санал өгсөн иргэдийг тулгасан. 303 иргэнээс 25 иргэн санал өгөөгүй гэж дугуйлаагүй илдсэн байсан. Үүнээс Ё.Д бичиж бусад нь хоорондоо ярьж санал өгсөн иргэдийн нэр тулгахад 21 иргэн санал өгсөн гэж үзээд 21 иргэний нэрийг гаргаж шүүхэд нотлох баримтаар өгсөн. Үүнийг бүр авч хэлэлцээгүй.

 

2.17.Сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэрийг Б.Х иргэдээс асуухад Ш.Ц миний нэрийг Г.А гэдэг эмэгтэй түрүүлж хэлсэн. Гэтэл Б.Х эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж миний нэрийг санал хураах хуудаст 2-т ба доор нь бичсэн. Энэ нь миний эрхийг мөн сонгуулийн хууль зөрчсөн.

2.18.Н.О нь урьд нь багийн иргэдийн Нийтийн Хурал даргалагч байсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн дарга байсан хүн. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны багийн иргэдийн Нийтийн Хурлыг нээх ёстой байсан. Үүнийгээ өмнө нь хурал даргалж байсан хүн мэдэх ёстой, мэдэж ч байсан. Гэтэл Ш.Ц намайг хүчээр очиж хурал нээчхээд ир гэж илт миний эрхэд халдсан зүйл ярьсан байна. Энэ хүн өөрөө ямар албан тушаал юу хийж байгаагаа мэдэх мэдлэг боловсролтой хүн. Яагаад намайг харлуулах гэж оролдсонд гайхаж байна. Урьд нь хурал удирдаж, хурал даргалагч хийж байсан хүн гэнэт яагаад хурал даргалж чадахгүй айж байсан гэх юм ярьсанд нь гайхаж байна. Мөн өөрөө Хурлын Зөвлөлийн дарга, урд нь хурал удирдаж ирсэн энэ ажлынхаа төлөө ч цалин урамшуулал авч ирсэн хүн.

 

2.19.Хурал даргалаагүйгээ багийн хурлын дараа хэсгийн ахлагч нар хурлын материал бүрдүүлэх ёсгүй гэж хэлсэн нь өөрөө хурал даргалаагүйгээ баталж байна.

Хариуцагч талаас шүүх хурал хийх өдөр гаргаж өгсөн 2 хүний санал өгөөгүй гэж бичиж өгсөн материалыг яагаад санал өгсөн болгож таарахгүй байсан 278 санал өгсөн иргэн санал өгсөн гэж шүүгч тааруулж байгаа юм бол. Үүнийг хэт нэг талыг барьж дүгнэлт гаргах гэж улайрсан гэж үзэхээс өөр боломжгүй байна.

 

2.20.Д.Э санал өгөөгүй нь үнэн, өөрөө ч санал өгөөгүй гэж бичсэн байна. Санал өгөөгүй нэр дотор байгаа. Гэтэл яагаад санал өгсөн нэр дээр нэмсэн бэ. Харин Ц-ийн О 3-13 тоот гэсэн иргэн санал өгч чадаагүй гэдэг нь үнэн. Энэ хүн саналаа өгөөгүй гэдгээ өөрөө гэрчилсэн байна. Санал өгөхөөр ирсэн гэх 303 иргэний нэр дотор Ц.Оийн нэр байхгүй, санал өгсөн гэж дугуйлж бүртгэсэн бүртгэлд ч бүртгэгдээгүй байхад яагаад нэхэмжлэгч талаас өгсөн хоёр хүний бичгийг уншиж дүн шинжилгээ хийхгүйгээр санал өгсөн хоёр хүн гэж нэмээд 280 иргэн санал өгсөн зөв таарч байна гэж шүүгч хэлсэн. Үүнийг камер шүүж нотолж өгнө үү.

 

2.21.Энэ хоёр хүний нэг нь бичиж бүртгэсэн бүртгэлд ч байхгүй, нэг нь санал өгөөгүй гэсэн дугуйлаагүй иргэд дунд байгаа. Би шүүхэд урд нь үнэн зөв тоогоор тааруулж зөрүүг нь гаргаж өгсөн. Хоёулаа санал өгөөгүй гэж өөрийн биеэр бичсэн байхад шүүгч яагаад санал өгсөн 2 хүн гэж 278 санал өгсөн иргэдийн тоон дээр санал өгөөгүй гэсэн 2 хүнийг хүчээр нэмж 280 гэсэн тоонд бариулсанд гайхаж бас хүчээр ингэж нэг талд үйлчилсэнд гомдолтой байна. Энэ 2 хүнийг санал өгсөн гэж хүчээр үзвэл яагаад өөрөө бичиж өгсөн 6 хүнийг нэмж болохгүй байгаа юм бол гэж гайхаж байна.

 

2.22.Би ажлаасаа халагдсан гэж нэг ч үг бичээгүй. Гэтэл яагаад шүүх ажлаас халагдах нь зөв чи улс төрийн албан тушаалтан учир 4 жил болсон халагдах ёстой гэж тайлбарлав. Энэ тайлбарт эргэлзэж, гомдолтой байна. Би шударга үнэний төлөө явж байгаа. Цаашид ч багийн хурал шударга байж, саналын дүнг шударга гаргах ёстой. Нэг ч саналын хуудас зөрүүтэй байх ёсгүй гэж үзэж байна. Хэн нэгэн улс төрч хүн ажлаас халагдах ёстой биш бүхэл бүтэн багийн иргэдийн Нийтийн Хурал шударга байх ёстой гэж үзэж байна.

 

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Ш.Цгээс Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга, Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогду******* Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” 02 дугаар тогтоол, мөн өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 03 дугаар тогтоол, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Багийн Засаг дарга Ш.Цг ажлаас чөлөөлөх тухай” Б/21 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 18,793,056.80 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар маргажээ.

2.2. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болсон Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг Н.О даргалаагүй, ...Б.Х хурлыг даргалж явуулсан нь иргэдийн саналд нөлөөлсөн, ....сонгуулиар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг эхлээд сонгох ёстой, дараа нь багийн Засаг даргын сонгууль явагдах ёстой байсан, ...саналын хуудаст миний нэрийг 2 дугаарт бичсэн, ...санал өгсөн иргэдийн тоо, саналын хуудасны тоо зөрүүтэй...” гэж тус тус тайлбарласан байна.  

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдаанаар тус багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагт хийхээр товлосон бөгөөд тус хуралдаанаар Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг болон багийн Засаг даргыг сонгох сонгуулийг явуулж, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолоор тооллогын комиссын даргаар Б.Э, гишүүдэд Ж.Э, Г.Б, Т.С, Ж.Х нарыг томилжээ.

2.4. Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн Засаг даргад Д.О, Ш.Ц нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд санал хураалтад оролцсон 279 иргэдээс Д.О 141 иргэний санал, Ш.Цд 135 иргэний санал авсан, 3 хүчингүй саналын хуудас бүртгэгдсэн бөгөөд нэхэмжлэгч Ш.Цгээс хяналтын тооллого хийх хүсэлт гаргаж хяналтын тооллого явуулсан ба тооллогын комиссын дүн, хяналтын тооллогын дүн хоорондоо таарснаар тооллогын комиссын 01 дүгээр тогтоолоор гуравдагч этгээд Д.Оийг Баянхошуу багийн Засаг даргаар баталгаажуулахаар анхдугаар хуралдаанд уламжилжээ.  

2.5. Улмаар маргаан бүхий Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор багийн Засаг даргыг сонгох нууц санал хураалтаар санал өгсөн иргэдийн 50,35 хувийн санал авсан Д.Оийг багийн Засаг даргад томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, Зуунмод сумын Засаг даргад уламжилсан бөгөөд дээрх тогтоолыг үндэслэн Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Багийн Засаг дарга Ш.Цг ажлаас чөлөөлөх тухай” Б/21 дүгээр захирамжаар Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Цг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

2.6. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”, 48.2-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан.

2.7. Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны даргалагчаар Н.Ог томилсон нь тус хуралдааны тэмдэглэл, Н.Огийн өгсөн гэрчийн мэдүүлэг, маргаан бүхий Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” тогтоол, мөн өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 03 дугаар тогтоолд хуралдаан даргалагч Н.О гарын үсэг зурсан зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэж байх тул нэхэмжлэгчийн гаргасан Б.Х хурал даргалсан, энэ нь иргэдийн саналд нөлөөлсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.8. Түүнчлэн иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага бөгөөд үүний дагуу тооллогын комисст Ж.Х, Ж.Э, Б.Э, Г.Б, Т.С нарыг сонгох тухай саналыг хуралдаанд оролцсон иргэдийн олонх дэмжсэнээр тооллогын комисс байгуулах тухай 03 дугаар тогтоолыг баталжээ.   

2.9. Нэхэмжлэгч Ш.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын үндэслэлээ “...тооллогын комисст Ардчилсан намд ямар нэг байдлаар хамааралтай, Ардчилсан намын гишүүн 5 иргэнийг томилсон нь хууль бус” гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар уг үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хуралдаанд гаргасан саналыг олонхын саналаар дэмжиж тооллогын комиссыг баталсан дээрх тогтоолыг хууль бус гэж үзэхээргүй байна.  

2.10. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.2-д “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 32.8.3-д “Хурлын хуралдааны даргыг сонгох”, 32.8.4-т “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдааны дарга болон багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй бөгөөд хуульд дээрх ажиллагааг явуулах дарааллыг тусгайлан зохицуулаагүй тул багийн иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанаараа хуралдааны даргыг сонгох, багийн Засаг даргыг уламжлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг буруутгах болон нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.   

2.11. Мөн  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд багийн Засаг даргад 2 буюу түүнээс дээш хүн нэр дэвшсэн тохиолдолд нэр дэвшигчийг саналын хуудаст бичих дарааллын талаар тухайлсан зохицуулалт байхгүй, тус хуралдаанаар саналын хуудаст нэр дэвшигчдийг хэрхэн бүртгэх талаар дарааллыг тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан миний нэрийг саналын хуудасны 1 дүгээрт бичих ёстой байсан, 2 дугаарт бичсэн нь хууль бус бөгөөд миний эрхийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.

2.12. Нэхэмжлэгч Ш.Цгийн гаргасан “...санал өгсөн иргэдийг тэмдэглэхдээ иргэдийн ирц бүртгэсэн бүртгэлийн өмнөх дугаарыг тэмдэглэсэн бөгөөд уг бүртгэлийг тулгахад 25 иргэн санал өгөөгүй гэж дугуйлагдаагүй үлдсэн байсан. Санал өгсөн гэж бүртгэсэн 278 иргэн байна. Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад 280 хүн санал өгсөн, багийн Засаг даргад 279 хүн санал өгсөн байна. Энэ 3 тоо хоорондоо таарахгүй байна. ...Хуралд оролцож санал өгөхөөр бүртгүүлсэн 6 иргэн өөрийн гараар би санал хураах ажилд оролцож санал өгсөн гэж өөрийн биеэр бичиж өгсөн байхад нотлох баримтаар үнэлээгүй ...” гэх гомдлын тухайд: 

2.13. Хэрэгт авагдсан баримтаар, Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанд 303 иргэн бүртгүүлснээс багийн Засаг даргын санал хураалтад 279 иргэн санал өгч гуравдагч этгээд Д.О 141 иргэний санал, нэхэмжлэгч Ш.Ц 135 иргэний санал авсан, 3 хүчингүй саналын хуудас бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, тооллогын комиссын тогтоол зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Ш.Цгийн хүсэлтийн дагуу хяналтын тооллого хийхэд тооллогын комиссын дүнтэй таарсан байх тул санал өгсөн гэж дугуйлсан иргэний тоо саналын хуудасны тоотой зөрсөн гэх үндэслэлээр санал хураалтыг хууль бус гэж үзэх боломжгүй ба  байх тул  “...нэг саналын зөрүү нь санал хураалтын дүнд нөлөөлөхөөргүй байна...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            2.14. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

            Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Баянхошуу 3 дугаар багийн...” гэхийг “...Баянхошуу 3 дугаар сарын...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдав.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

   ШҮҮГЧ                                                             Б.АДЪЯАСҮРЭН

 

   ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН