Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 201/МА2018/00012

 

У.Нийн нэхэмжлэлтэй,

Г.Гт холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00250 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувдын давж заалдах гомдлоор У.Нийн нэхэмжлэлтэй, Г.Гт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4885600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 04 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч У.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би Г.Гт 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 сарын 09-ний өдөр хүртэл бүгд 12740000 төгрөг зээлдүүлсэн. Эхлээд 2015 оны 05 сарын 22-ны өдөр 1200000 төгрөг зээлдүүлсэн. Г нь анх авахдаа сарын 6 хувийн хүүтэй заалдэхээр тохирсон. Би мөнгийг Гийн ХААН банк дахь  тоот дансаар шилжүүлсэн. Учир нь би Гтэй найз бөгөөд өөрөө Улаанбаатар хотод амьдардаг тул мөнгөө бэлэн өгөх боломжгүй дансаар шилжүүлсэн. Анх мөнгө зээлж авснаас хойш дахин мөнгө зээлээч гэж гуйсан. Гн ярьж байгаагаар өөрөөс нь гадна ажлын газрынхаа хүмүүст дамжуулж өгсөн юм шиг байна лээ. Дахин 5 сарын 26-ны өдөр дансаар 200000 төгрөг шилжүүлэн зээлдүүлж түүнээс хойш 2016 оны 09 сарын 09-ний өдрийг хүртэл бага багаар зээлдэн авсаар бүгд 12740000 төгрөг болсон. 2015 оны 7 сарын 03-ны өдөр мөнгө зээлэхдээ сарын хүүгээ нэмэгдүүлсэн 8 хувиар тохирсон, түүнээс хойш 2016 оны 9 сарын 09-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн мөнгийг 8 хувиар өгсөн. Хол байсан учир бичгээр гэрээ байгуулж чадаагүй. Харин дараа уулзахдаа гэрээндээ гарын үсэг зуруулъя гэж хэлсэн. Гэтэл мөнгө зээлдүүлсэн хүү тооцсон тухай гэрээнд гарын үсэг зуруулах гэхэд гарын үсэг зураагүй. Гэхдээ би бүх мөнгөө дансаар шилжүүлсэн бөгөөд Гт зээлдүүлэв гэж тодотгож бичсэн байдаг тул энэ миний нотлох баримт болж байна. Энэ хугацаанд Г нь нийт 8074400 төгрөгийг надад өгсөн. Одоо 4385600 төгрөгийн төлөх төлбөртэй. Өнгөрсөн хугацаанд хүүгээ тооцоод 8000000 төгрөг боллоо гэж ярилцсан бөгөөд Ганчимэг бүгдийг нь өгнө гэдэг байсан. Өөртэй нь яриад зээлдүүлсэн мөнгөө авах гэхэд маш хүндрэлтэй байна. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон. Би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг тул Дорнод аймаг руу очих боломжгүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгч хөлслөн авсан бөгөөд ажлын хөлсөнд 500000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг Гс гаргуулан авна. Хүү нэхэхгүй үндсэн мөнгөө л авах хүсэлтэй байна. Ингээд зээлийн үлдэгдэл 4385600 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлс 500000 төгрөг, нийт 4856000 төгрөгийг Гс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Н нь Г.Гт 2015 оны 5-р сарын 22-ны өдрөөс 2016 оны 9-р сарын 9-ний өдөр хүртэл хугацаанд нийт 12740000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ ч ХААН банкны дансны хуулгаар тодорхой харагдаж байна. У.Н нь Г.Гтай анх 8 хувийн хүүтэйгээр зээлэхээр амаар тохирсон байдаг. Гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуульд заасны дагуу хүү алданги нэхэмжлэхгүй. Анх нэхэмжлэгч нь Г.Гс нийт 8074400 төгрөг авсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчтай тулгалт хийж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 9782400 төгрөгийг Г.Гс авсан болох нь нотлох баримтаар нотлогдсон. Иймд зөрүү болох 2957600 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүй байна гэж үзэж байна. Д.Урансувд миний бие иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ажлын хөлс 500000 төгрөг авсан. Ажлын хөлс авсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд нийт 3457600 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагад заасан 4856000 төгрөгийн зарим хэсэг болох 1428000 төгрөгөөс татгалзаж байна. Г.Г нь У.Н рүү шилжүүлэхдээ тоот данснаас, гар утасны мобайл банк, АТМ зэргээс шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлсэн гэж ярьж байгаа ч ямар ч овог байхгүй, ХААН банкны ямар данс нь мэдэгдэхгүй, мөнгө төлсөн гэдгээ нотолсон банкны баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байгаа тул хариуцагч нь банкинд бэлнээр мөнгө шилжүүлсэн гэдгээ нотолж чадахгүй байна. Хэрэв Г.Г нь овгоо бүрэн бичсэн, эсхүл  гэсэн данснаасаа шилжүүлсэн байсан бол үүнийг бид мөнгө төлсөн байна гэж хүлээн зөвшөөрөх боломжтой байсан. Хариуцагч нь хүсэлт гарган У.Нн дансны хуулгыг гаргуулж авсан байдаг. Хэрэв Г.Г нь банкнаас бэлэн гүйлгээг хийсэн нь үнэн бол мөнгө тушаасан баримтаа гаргаж өгч болох байсан. Иймд хариуцагчийг мөнгө төлсөн болохоо нотолж чадаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3457600 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч У.Нс ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Н нь надаас нийт 4885600 төгрөг нэхэмжилсэн байна. Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Нс 2015 оны 06 сарын 03-ны өдрөөс эхлэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийг хүртэл нийт 9000000 орчим төгрөг зээлж авсан. Би зээлж авсан мөнгөө 2015 оны 09 сараас эхлэн бага багаар төлж барагдуулсан. Н нь надад 12460000 төгрөг зээлдүүлсэн гэж хэлж байгаа нь худал бөгөөд миний зээлж авсан мөнгөнд хүү тооцож гаргасан байх гэж бодож байна. Би 9000000 орчим төгрөг л зээлж авсан. Уг мөнгөө эргүүлээд бүгдийг нь төлсөн учраас 4885600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гарган төлөөлөгч томилсон гэх 500000 төгрөгийг би төлөхгүй. Энэ зардал нь надад хамааралгүй гэж бодож байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь У.Нс 12740000 төгрөгийг зээлсэн тал дээр маргах зүйл байхгүй. Төлбөр төлсөн үнийн дүн дээр маргаж байгаа тул дараах У.Нн дансны хуулгыг хүсэлтээр хэрэгт хавсаргуулсан. Дээрх баримттай тулгаад дараах байдлаар мөнгийг буцаан өгсөн гэж тайлбар гаргаж байна. Үүнд: У.Нн данс руу Г.Г нь өөрийн   данснаас

2015 оны 9-р сарын 02-ны өдөр 580000 төгрөг,

            5405557807 данснаас 2015 оны 9-р сарын 08-ны өдөр 1080000 төгрөг,

5405557807 данснаас 2015 оны 11-р сарын 11-ний өдөр 490000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 06-р сарын 19ний өдөр 1049400 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 01-р сарын 02-ны өдөр 500000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 02-р сарын 22-ны өдөр 834000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 05-р сарын 03-ны өдөр төгрөг 220000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 05-р сарын 06-ны өдөр 40000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 07-р сарын 05-ны өдөр 300000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 08-р сарын 21-ний өдөр 272000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 09-р сарын 23-ны өдөр 520000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 10-р сарын 07-ны өдөр 1200000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 12-р сарын 22-ны өдөр 180000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 12-р сарын 27-ны өдөр 100000 төгрөг,

5405557807 данснаас 2017 оны 03-р сарын 31-ний өдөр 930000 төгрөг,

5405557807 данснаас 2017 оны 04-р сарын 08-ны өдөр 70000 төгрөг,

5405557807 данснаас 2017 оны 06-р сарын 11-ний өдөр 250000 төгрөг,

5405557807 данснаас 2017 оны 07-р сарын 31-ний өдөр 1000000 төгрөгийг тус тус мобайл банкаар шилжүүлсэн.

Мөн гүйлгээний утга дээр Г гэж дараах бэлэн гүйлгээг хийсэн байдаг. Үүнд:

2015 оны 10-р сарын 15-ны өдөр 160000 төгрөг,

2015 оны 11-р сарын 11-ний өдөр 160000 төгрөг,

2016 оны 12-р сарын 22-ны өдөр 200000 төгрөг,

2016 оны 01-р сарын 19-ний өдөр 1000000 төгрөг,

Сая шүүх хуралдаан дээр бичгийн баримтаар гаргаж өгсөн 217000 төгрөгийг тус тус шилжүүлээд нийт 11 352 400 төгрөгийг буцаан төлсөн. Иймд үлдэгдэл 1388000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч У.Нийн нэхэмжилж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлсийг хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Урансувд намайг таньдаг тул надаас гуйсан гэж өөрөө тайлбартаа дурдаж байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч хөлсөлсөн байгаа нь зайлшгүй гарах зардал биш гэж үзэж байна. Иймээс ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00250 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Л овогт Гийн Гс 1388000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х овогт Уны Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3497600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 93119 төгрөг 60 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гс 37158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Нт олгож, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: “...Шийдвэртэй холбогдуулан зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлая.

1. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө 4885600 төгрөг нэхэмжилснээс 1428000 төгрөгөөс татгалзаж нийт 3457600 төгрөгийг нэхэмжилж байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Шүүх энэ талаар үндэслэх хэсэгтээ ... шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3457600 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж заажээ. Гэтэл шийдвэрийн тогтоох хэсэгт /тухайлбал 1 дэх хэсэгтээ/ энэ талаар огт дурдаагүй, анхны үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж 3497600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэдэг нь үндэслэлгүй, буруу, алдаатай шийдвэр болжээ. Ингэснээр хэргийн зохигчдын хуулиар олгосон эрхээ эдэлсэн шийдвэрийг харгалзаагүйгээс гадна улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн тооцох нь алдаатай, хууль бус болох үндэслэл болжээ.

2. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан банкны дансны хуулгаа нотлох баримтаар анхнаас нь гаргаж өгсөн. Хариуцагч шүүхэд хүсэлт гарган дахин дээрх нотлох баримтыг давхардуулан нотлох баримтаар үнэлүүлсэн. Өөр үгүйсгэж буй нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Гэтэл шүүхээс дээрх нотлох баримт болон хариуцагчийн өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн тайлбар зэргийг үнэлэхдээ тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж чадаагүйгээс шийдвэр үндэслэлгүй болжээ. Учир нь хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа би Нс нийт 9000000 орчим төгрөг зээлж авсан. Үүнийгээ бүгдийг нь төлсөн гэж маргасан. Үнэн хэрэгтээ 12740000 төгрөг бэлэн дансаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдож энэ талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй зөвшөөрсөн. Түүнээс нэхэмжлэгч нь нийт 9782400 төгрөг авсан болохоо зөвшөөрсөн. Гэтэл шүүхээс Нандинцэцэгийн дансанд хийгдсэн 4 удаагийн гүйлгээг хариуцагч Гг төлсөн мөнгө болохыг нотлогдож байна гэж үзсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна. Энэ нь нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй үнэлсэн гэж дүгнэх аргагүй. Ямар ч тодорхойгүй, давхар нотлох баримтгүй, гүйлгээний утган дээрээ Г гэж бичсэн баримтыг хариуцагчийнх гэж үнэлсэн ба энэ талаар дүгнэлт хийгээгүй. Энэ нотлох баримт, тайлбарыг нэхэмжлэгч талаас няцааж чадаагүй гэж үзсэн нь буруу юм. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримттай танилцаад хариуцагч Г нь төлбөр төлсөн баримтаа өөрөө гаргаж өгөх буюу оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх эрхийг зохицуулж байхад хариуцагч төлсөн буюу би шилжүүлсэн энэ гүйлгээ миний өөрийн төлсөн төлбөр гэж огт нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүхээс 2015.10.15-ны өдрийн 160000 төгрөг, 2015.11.11-ний өдрийн 160000 төгрөг, 2016.12.22-ны өдрийн 200000 төгрөг, 2016.01.19-ний өдрийн 1000000 төгрөг зэрэг баримтыг үнэлсэн нь ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчжээ. Дээрх хариуцагчийн төлөөлөгчийн зөвхөн шүүхэд гаргасан тайлбарыг дангаар үнэлж өмнө нь гаргаж байсан тайлбар, бичгийн баримтаар гаргаж өгсөн банкны дансны хуулга зэргээр эргэлзээгүй нотлоогүй байхад хариуцагчийг шүүхэд нотлох баримтаа гарган татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж чадсан гэдэг нь хэт нэг талыг барьсан эргэлзээтэй шийдвэр юм.  

3. Мөн нэхэмжлэгчийн уг хэрэгт итгэмжлэл олгож шүүхэд төлөөлөгчөөр дамжуулж хэргийг шийдвэрлүүлж байгаа ажлын хөлс 500000 төгрөгийг зээлийн гэрээтэй холбоотой гарсан зардал мэт дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. ... Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүйгээс шүүхэд нэхэмжлэл гарган өөрөө оролцох боломжгүй байгаагаас өмгөөлөгчийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгон, хөлсөөр ажиллуулсан ажлын хөлс гэдгээ тайлбарлан үүнтэй холбогдуулан итгэмжлэл, мөнгө төлсөн баримтыг гарган өгч, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр оролцож байхад энэ талаар Иргэний хуулийг ч зөв тайлбарлан хэрэглээгүй, мөн гаргаж өгсөн нотлох баримтад ч хууль зүйн дүгнэлт хийхгүй хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхаарч үзээгүй гэж үзэж байна. Хэдийгээр шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч авах нь хүсэл зоригийн илэрхийлэл мөн боловч хуулиар итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах зохицуулалтыг зөвшөөрсөн заалт байсаар байхад төлөөлөгч авах шаардлагатай бус гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, хаан боогдуулсан шийдвэр болжээ. ... Хариуцагчийн тухайд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй Гн буруутай үйлдлийн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудалтай холбоотой маргаан болох нь үнэн зөв тул дээрх ажлын хөлсийг нэхэмжлэх эрхийн хязгаарлах боломжгүй. Харин ч дээрх нэхэмжилж буй 500000 төгрөгийг Иргэний хуулийн зүйл заалтыг /хөлсөөр ажиллах буюу 359-р зүйл/ барин шийдвэрлэх боломжтой байтал зээлийн гэрээгээр бүх асуудалд хандсан. Уг зардал нь нэхэмжлэгч У.Н нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардагтай холбоотойгоор олон дахин хол газар явж илүү зардал гарахаас хэмнэсэн өөрийнх нь хувьд зайлшгүй гарч буй зардал юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж үнэлэгдсэн 1520000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлс 500000 төгрөг, нийт 2020000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, анхан шатны шүүхийн шийдвэрт мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч У.Н нь хариуцагч Г.Гс зээлийн гэрээний үүргийн биелэлт 4885600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 1428000 төгрөгөөр багасгаж нийт 3457600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч У.Н нь хариуцагч Г.Гт 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 сарын 09-ний өдрийн хооронд нийт 12740000 төгрөг зээлүүлсэн бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй, зохигчдын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.

Зохигчдын төлөөлөгчид нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тооцоо нийлж хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч У.Нт нийт 19 удаагийн гүйлгээгээр 9832400 төгрөг буцаан төлсөн болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. /хх-ийн 61-103 талууд/

Харин хариуцагч Г.Г нь 2015 оны 10 сарын 15-ны өдөр 160000 төгрөг, 2015 оны 11 сарын 11-ний 160000 төгрөг, 2016 оны 12 сарын 22-ны өдөр 200000 төгрөг, 2016 оны 01 сарын 19-ний өдөр 1000000 төгрөг, нийт 1520000 төлсөн гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаж байна.

Маргааны зүйлийн талаар нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй тохиолдолд хариуцагч тал өөрөө нотлох үүргийг хүлээнэ. Энэ тохиолдолд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхэд хүсэлт гаргаж дээрх 4 баримтын хуулбарыг ХААН банкнаас гаргуулж хэрэгт нотлох баримтаар өгөх боломжтой байсан ажээ. Гэтэл дээрх маргааны зүйлийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн дансны хуулгыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалттай нийцээгүй байна.

Иймд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин нэхэмжлэгч өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 500000 төгрөг төлсөн асуудал нь зохигчдын хоорондох маргаанд хамааралгүй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Л овогт Гийн Гс 2907600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х овогт Уы Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “ ...37158...” гэснийг “...61471.60...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Тогтоох хэсэгт “3.Нэхэмжлэгч У.Н нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1428000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмж, тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудын дугаарыг 4, 5, 6 гэж өөрчилсүгэй.

  1. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                          З.ЭНХЦЭЦЭГ