Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2020/00147

 

2020 оны 01 сарын 15 өдөр

                Дугаар 183/ШШ2020/00147

                     Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

             

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л-гийн О-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: “Б” СӨХ-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ........ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Б” СӨХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон. Би ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн ямар нэгэн сахилгын болон ноцтой зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор өдрөөс өдөрт ажил үүргээ улам сайжруулж, баг хамт олон, үйлчилгээний ажилчдынхаа хөдөлмөрийн хуваарилалтыг зөв зохион байгуулж ирсэн. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Б” СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Л.М надтай уулзаад, Удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай шийдвэр гарсан тухай, уг шийдвэрээр намайг ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдээд, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэр, тогтоолтой танилцъя гэхэд надад үзүүлээгүй, сүүлд СӨХ-ны байраар орж шийдвэрээ авъя гэхэд надад албан ёсны тамгагүй, удирдах зөвлөлийн даргын гарын үсэггүй тогтоол өгсөн. Уг тогтоол нь илтэд хууль зүйн үндэслэлгүйн дээр хэлбэрийн хувьд ч хууль ёсны наад захын шаардлага хангаагүй байгаа юм. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.О- нь гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа ажил зохион байгуулах, ажилтнуудыг удирдан чиглүүлэх, үүрэгт ажлыг нь хариуцлагатайгаар гүйцэтгүүлэх чадваргүй байсан. Мөн Удирдах, хяналтын зөвлөлийн гишүүдээс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхдээ үндэслэлгүй тайлбар тавих, ялихгүй шалтгаанаар ажлыг хойшлуулах, дур мэдэн шийдвэр гаргах, оршин суугчдаас тавьсан шаардлагыг эсэргүүцэж доромжлох, бусдын хөрөнгийг санаатайгаар сүйтгэх зэрэг хууль бус үйлдлүүдийг гаргаж байсан тул сануулах сахилгын шийтгэлийг удаа дараа ногдуулж байсан. Иймд Л.О- нь ажлын хариуцлага алдаж өөрт олгогдоогүй эрхийг хэтрүүлэн, үүргийг хангалтгүй биелүүлж байсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлснийг дараах баримтаар нотолж байна. Үүнд. 1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.6, 11 дүгээр зүйлийн 11.3.1-д заасны дагуу гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавьж ажил сайжруулах, нэн шаардлагатай ажлуудыг гүйцэтгүүлэхээр удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдээс амаар болон протоколд тэмдэглүүлэн даалгасан үүргийг удаа дараа биелүүлээгүй тул амаар болон хурлын протоколоор сануулсан. 2. Удирдах, хяналтын зөвлөлийн гишүүд нь СӨХ-ны сар бүрийн санхүүгийн тайланд тусгасан лифт засвар үйлчилгээнд зарцуулсан үнийн дүнг “М” ХХК-ийн менежертэй уулзаж тус компани руу засвар, үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн санхүүгийн баримттай тулгаж үзэхэд 13.539.000 төгрөгийн зөрүү гарсан байдаг. Мөн “М” ХХК-тай байгуулсан гэрээг зөрчиж бусад компани болон хувь хүнээс сэлбэг хэрэгсэл авч, лифтэнд сэлбэсэн. Иймээс хуурамч баримт ашиглаж баталгаагүй сэлбэг худалдан авч, оршин суугчдын аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан. 3. Хяналтын зөвлөлийн гишүүн гүйцэтгэх захирлын ажлыг хянан, удирдан чиглүүлж бүх гишүүдийн хурлыг хэсэгчлэн хуваарь гарган 3 дугаар сарын амралтын өдрүүдэд зохион байгуулж, оршин суугчдаас гаргасан саналыг гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх үүргийг өгсөн байхад саналын дагуу нэг ч ажил хийгээгүй. 4. Бүх гишүүдийн хурлаар удирдах, хяналтын зөвлөлийн гишүүдийг шинэчлэн СӨХ-г хүлээн авахад ТҮК-д 13.734.000 төгрөгийн өртэй байсан. Хяналтын зөвлөл тус компанитай хэлэлцэж 1 жилийн хугацаанд өрийг графикийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч Л.О- нь график төлөлтийг дур мэдэн зогсоож, өрийг дахин хуримтлуулсан.  5. СӨХ-ны гүйцэтгэх захирал байсан Б.Т нь СӨХ-оос 1 сарын цалин СӨХ-өөс гаргуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргасан талаар Л.О- удирдах, хяналтын зөвлөлийн гишүүдэд танилцуулсан. Гишүүд төлбөрийг хэрхэн барагдуулах талаар санал солилцож, албан ёсны шийдвэр гаргаагүй байхад н.Т-тай холбогдох баримт, мэдээллийг судалж үзэлгүй төлбөрийг СӨХ-ны санхүүгээс дур мэдэн олгосон. 6. Гүйцэтгэх захирал холбооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйгээс айл өрхүүд СӨХ-ны төлбөрөө төлөлгүй нүүх, Габот ХХК-иас дулаан, хэрэглээний усаар хангахгүй байх зэрэг оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байсан тул хяналтын зөвлөлийн гишүүдийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаар тогтоолоор дахин сануулах арга хэмжээг авч байсан болно. 7. СӨХ-ны төлбөрийг бүх гишүүдийн хурал, удирдах, хяналтын зөвлөлийн хурлын шийдвэрээр өөрчилдөг. Мөн граж эзэмшигч, өмчлөгч нартай СӨХ гэрээ байгуулаагүй граж хариуцах үүрэггүй байхад Л.О- нь гражтай өрхийн СӨХ-ны төлбөрт нь автомашины 1 зогсоолд дур мэдэн 10.000 төгрөгийг нэмж төлөхөөр өөрчилж нэхэмжилсэн байдаг. 8. Гүйцэтгэх захирал нь СӨХ-д учруулсан хохирлыг буруутай этгээдээс барагдуулах ажлыг хуулийн болон бусад байгууллагад хандаж шийдвэрлүүлэх ёстой байтал гүйцэтгэх захирал асан Ч.Б-тэй холбоотой асуудлыг хөөцөлдөөгүй, хяналтын зөвлөлийн гишүүдээс харьяа цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдлын асуудлыг буруутгаж, СӨХ-ны эсрэг мэдүүлэг мэдээлэл өгч байсан. 9. Үндэсний бүтээн байгуулалтын корпорациар гүйцэтгүүлэх шаардлагатай дутуу ажил, засвар үйлчилгээг бүрэн гүйцэтгүүлэлгүй барилга хүлээн авсан. Тус хорооллын 810 өрхөөс 259 айлыг хог хаягдлын төлбөрөөс үндэслэлгүйгээр хасуулах тухай хууль бус албан бичгийг төлөвлөж тохижилт үйлчилгээний төвд хүргүүлсэн. 10. Сууц өмчлөгчдийн болон орон сууцны байшингийн бүртгэлийн хувийн хэргийг шаардлагын хэмжээнд байнга хөтөлж, баяжилт хийлгүй СӨХ-ны өмч хөрөнгийг тоолж бүртгэлжүүлэлт хийгээгүй. 11. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг удирдах зөвлөлөөр шийдвэрлэдэг байхад хорооллын ойр орчмын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг аж ахуйн нэгж, хувь хүнд олгох эсэхийг зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөлгүй шийдвэрлэсэн. Иймд Л.О- нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, “Б” СӨХ-ны дүрэм, хөдөлмөрийн гэрээг удаа дараа ноцтой зөрчсөн тул түүнийг ажлаас чөлөөлсөн гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.О-ийн нэхэмжлэлтэй, “Б” СӨХ-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“Б” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Л.О-ийг гүйцэтгэх захирлаар томилж, талууд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 18/10 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

Ажил олгогч “Б” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10.8.2, “Б” сууц өмчлөгчдийн холбооны удирдах, хяналтын зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэр, Хяналтын зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Л.О-ийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 131.1-д заасныг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтан Л.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль үндэслэлийг баримталсан нь тодорхойгүй болно.

 

Мөн уг тогтоолд дурдагдсан Хяналтын зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолын 1-д “СӨХ-ны үйл ажиллагаа болон санхүүгийн баримтад хяналт шалгалт хийхэд дараах зөрчил дутагдал гарсан байна. 1. М ХХК-тай байгуулсан гэрээг зөрчиж, оршин суугчдын аюулгүй байдлыг эрсдэл оруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн, 2. Тохижилт үйлчилгээний төвтэй байгуулсан хог хаягдлын төлбөрийг төлж барагдуулах график төлөлтийг удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэргүйгээр дур мэдэн зогсоосон, 3. Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн зөвшөөрөлгүй СӨХ-ны төлбөрийн тарифт дур мэдэн өөрчлөлт оруулж, авто гаражид төлбөр тогтоосон, 4. СӨХ-ны үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах үүднээс Г ХХК-тай гэрээ байгуулан СӨХ-ны өмч хөрөнгийг шилжүүлэн авах, барилгын суурийн давхарын хөрсний усны асуудал болон хяналтын камерыг шилжүүлэн авах ажлыг ТОСК-той харилцан шийдвэрлэх ажлыг удаа дараа биелүүлээгүй, 5. Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлаас гаргасан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа гүйцэтгээгүй зэрэг зөрчил дутагдал гаргасан СӨХ-ны гүйцэтгэх захирал Л.О-т Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу арга хэмжээ авсугай...” гэсэн байх боловч ажилтан Л.О- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,  талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18/10 дугаар Хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан болох нь тодорхойгүй байна.

 

Мөн хариуцагч тал “Б” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоолд дурдагдсан Удирдах, хяналтын зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэр гэсэн нь алдаатай бичигдсэн бөгөөд “Удирдах, хяналтын зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар хурлын тэмдэглэл” гэж бичигдэх байсан гэж тайлбарласан ба уг тэмдэглэлд “...Шийдвэр: 2-т Гүйцэтгэх захирал Л.О-ийн гүйцэтгэсэн ажлын тайланг дүгнэх” гэсэн нь мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18/10 дугаар Хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан болох нь тодорхойгүй болно.

 

Түүнчлэн, “Б” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоолд Удирдах зөвлөлийн дарга Б.М гарын үсэг зураагүй, тэрээр Л.О-ийг ажлаас чөлөөлсөн Удирдах зөвлөлийн хуралд оролцоогүй талаар зохигчид маргаагүй ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 10.6, 10.8.2, 10.10.1-д заасны дагуу Удирдах зөвлөлийн даргын түр эзгүйд тэдгээрийн үүрэг гүйцэтгэгчийг удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр томилсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болохыг дурдав.

 

Иймд ажил олгогчийн санаачилгаар ажилтан Л.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Б” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4-т заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Л.О-ийг “Б” сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирлын ажилд нь эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн Л.О-ийн ... дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн сүүлийн 3 сар буюу 2019 оны 10, /9 дүгээр сарын бичилт засвартай байх тул хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин 800.000 төгрөгөөр тооцсон/ 8 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 38.883 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх нийт ажлын 57 хоногоор тооцож 2.216.331 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “Б” СӨХ-оос гаргуулан нэхэмжлэгч Л.О-т олгов. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Б” СӨХ-д даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.О-ийг “Б” СӨХ-ны Гүйцэтгэх захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч “Б” СӨХ-оос ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.216.331 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О-т олгож, Л.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Б” СӨХ-д даалгасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 50.411 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.СЭМЖИД