Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/00285

 

2020 оны 01 сарын 29 өдөр

                Дугаар 183/ШШ2020/00285

                  Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Ш-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Т-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ......... нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ш- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ш- миний бие Т.Т-ийн хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад Т.Т- нь зээлийн хүүд 1.200.000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад Т.Т- нь зээлсэн мөнгөө удахгүй төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд Т.Т-аас үндсэн зээл 3.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны 8 сарын зээлийн хүү 2.400.000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 3.600.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 

Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, алдангид 3.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үндсэн зээл, зээлийн хүүд 5.400.000 төгрөгийг хариуцагч Т.Т-аас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Т.Т- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Г.Ш-аас 3.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 1.200.000 төгрөгийг буцаан төлсөн. Мөн одоо надаас гэрээнд байхгүй хугацааны хүү мөн маш их алданги нэхэж байна. Би өртэй дээрээс нь 2019 оны 9 дүгээр сард нөхөр маань нас барж хэцүү байдалд орсныг далимдуулан хашаа байшингаа өг гэх мэтээр дарамталж байгаа нь хэтэрч байна. Иймээс би 3.000.000 төгрөгийн үндсэн зээлээс миний төлсөн 1.200.000 төгрөгийг хасаад үлдэх төлбөрийг төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Г.Ш-ын нэхэмжлэлтэй, Т.Т-т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Т.Т-, Г.Ш- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Г.Ш- нь 3.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлдэгч Т.Т-т зээлдүүлэхээр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогджээ. 

 

            Уг гэрээний дагуу зээлдүүлэгч Г.Ш- нь 3.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч Т.Т-т шилжүүлсэн, зээлдэгч нь  зээл, хүүд 1.200.000 төгрөгийг зээлдүүлэгч Г.Ш-ад буцаан төлсөн талаар зохигчид маргаагүй болно.

 

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1, 3.2, 3.4, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасны дагуу зээлдэгч Т.Т- нь зээлд 3.000.000 төгрөг, 1 сарын зээлийн хүүд 300.000 төгрөг, нийт 3.300.000 төгрөгийг зээлдүүлэгч Г.Ш-ад буцаан төлөхөөс 1.200.000 төгрөгийг төлсөн байх тул /3.300.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг хасаж тооцон/ үлдэх 2.100.000 төгрөгийг хариуцагч Т.Т-аас гаргуулан нэхэмжлэгч Г.Ш-ад олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Талууд зээлийн гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Ш- нь нэг сарын зээлийн хүүд 300.000 төгрөгийг Т.Т-аас шаардах эрхтэй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Т-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ш-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

            Нэхэмжлэгч Г.Ш- нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, алдангид 3.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдав.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан баримтлан хариуцагч Т.Т-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ш-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 48.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

             

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.СЭМЖИД