| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2019/03167/И |
| Дугаар | 183/ШШ2020/00300 |
| Огноо | 2020-01-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2020/00300
| 2020 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 183/ШШ2020/00300 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Н-д холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.645.344 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ........ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Н- нь “Ж” ХХК-ийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч, дамжуулан борлуулалт хийж ашиг олдог байсан. Талууд 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлж, “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Б.Н- нь 2.680.400 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй тул гэрээний 2.3-т заасны дагуу 964.944 төгрөгийн алданги тооцож, нийт 3.645.344 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Н- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “Ж” ХХК-д төлөх алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, харин үндсэн төлбөрийг бартераар төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Н-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.645.344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Б.Н-, “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр төлбөр төлөгч Б.Н- нь бараа бүтээгдэхүүн худалдан авсан төлбөр болох 2.680.400 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөр авагч “Ж” ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан “тооцоо нийлэх гэрээ”-г байгуулсан байна гэж дүгнэв.
Уг гэрээний дагуу Б.Н- нь 2.680.400 төгрөгийг “Ж” ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч Б.Н-гээс 2.680.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасантай нийцэж байна.
Мөн уг гэрээний 2.3-т “төлбөр төлөгч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлбэл төлбөр авагч тал нь гүйцэтгээгүй үүргийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу авна” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Ж” ХХК нь гэрээний хугацаа хэтрүүлсэн /2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны/ хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2.680.400 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцож 964.944 төгрөгийг хариуцагч Б.Н-гээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 466 дугаар зүйлийн 466.6-д зааснаар шаардах эрхтэй юм.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Н-гээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.680.400 төгрөг, алдангид 964.944 төгрөг, нийт 3.645.344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Түүнчлэн, шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.6, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Н-гээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.645.344 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 73.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-гээс улсын тэмдэгтийн хураамжид 73.275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД