Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/00332

 

2020 оны 02 сарын 04 өдөр

                Дугаар 183/ШШ2020/00332

                   Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Т-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.211.012 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ............ нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Т- нь Г-тай 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ3005111017 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 6.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Ж.Т- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, зээлийг хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн тул Г-наас “шаардлага’’ хүргүүлсэн, мөн амаар болон утсаар удаа дараа шаардсан боловч 2019 оны 5 дугаар сараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Ж.Т-тэй байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.276.150 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 889.008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.853 төгрөг, нийт 6.211.012 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ж.Т- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г-тай ЗГ3005111017 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авч 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл боломжийн хэрээр зээл, түүний хүүг төлж байсан ба 2018 оны 7 дугаар сард биеийн байдлаас шалтгаалан ажлаас гарч зээлээ хугацаанд нь эргэн төлөх боломж хомсдож өнөөдрийг хүрлээ. Би бодит орлогогүй, ажилгүйн улмаас зээлийн эргэн төлөлтөө төлж барагдуулж чадсангүй. Ажилд орохыг хичээсэн боловч нас, эрүүл мэндийн байдлыг харгалзан нэг ч байгууллага ажилд авахгүй байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж банкны хүүг зогсоож, өөрийн боломжийн хэрээр төлбөрөө барагдуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Т-эд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.211.012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Ж.Т-, “Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ3005111017 дугаар “Зээл болон барьцааны гэрээ”-ээр зээлдүүлэгч “Г” ХХК нь 6.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэгч Ж.Т-эд зээлдүүлэхээр тохиролцсон болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогджээ.

 

            Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “Г-” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 6.000.000 төгрөгийг зээлдэгч Ж.Т-эд шилжүүлсэн, зээлдэгч нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүү төлөөгүй талаар зохигчид маргаагүй болно.

 

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3.4-т “зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж болно” гэж заасан, мөн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “…би бодит орлогогүй, ажилгүйн улмаас зээлийн эргэн төлөлтөө төлж чадсангүй… ажилд орохыг хичээсэн боловч ажилд авахгүй байна, эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж банкны хүүг зогсоож өгнө үү” гэсэн тайлбарыг харгалзан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ3005111017 дугаар “Зээл болон барьцааны гэрээ”-г цуцлах нь зүйтэй байна.

 

            Иймд хавтаст хэрэгт авагдсан Хүү тооцооллын хүснэгт, Зээлийн дансны хуулгыг үндэслэн хариуцагч Ж.Т-ээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 5.276.150 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 889.008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.853 төгрөг, нийт 6.211.012 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно. 

 

            Шүүхээс хариуцагч талд хуульд заасан журмын дагуу шүүх худалдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.Т-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.211.012 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 114.326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 114.326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.СЭМЖИД