Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00365

 

2020 оны 02 сарын 07 өдөр

              Дугаар 183/ШШ2020/00365

                   Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.А-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.868.826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ........ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.А- нь “Ү ноолуурын бүтээгдэхүүнээ Итали Улсад экспортлохоор явах гээд байна, гэрээ хэлэлцээр хийх гэж байна, замын зардлын мөнгөгүй байна, зардлын мөнгө та яаралтай гаргаж өгөөч, танайхаас зээл авъя, зардлаа хийх гэсэн юм” гэж хүсэлт тавьж, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 104/ЗГ дугаар Зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Г.А-ын хүсэлтээр 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1.350.000 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 7.000.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1.100.000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 200.000 төгрөгийг, нийт 9.850.000 төгрөгийн зээл олгосон. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 9.850.000 төгрөг, зээлийн хүү 7.339.266 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.293.684 төгрөг, нийт 19.482.950 төгрөг байснаас Г.А- нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Т” ХХК-ийн дансанд 9.800.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй тул 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9.682.950 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 13.326.553 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4.127.510 төгрөг, мэдэгдэл шуудангаар хүргүүлсэн зардал 8.199 төгрөг, нотариатын хөлс 5000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256.550 төгрөг, 95.014 төгрөг, нийт 17.868.826 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А-ыг зээл хүсэх үед “Т” ХХК-ийн дансанд бэлэн мөнгө байгаагүй, мөн намайг амралттай байх үед Г.А- нь мөнгө шилжүүлэхийг хүссэн тул би өөрийн данснаас цувуулан нийт 9.850.000 төгрөгийг шилжүүлсэн. Г.А- нь тухайн үед мөнгө шилжүүлсэн баримтад гарын үсэг зурна гэж хэлсэн боловч ирээгүй. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 7.000.000 төгрөгийн хувьд Г.А-ын хүсэлтээр Ч.Ц гэдэг хүний дансанд би өөрийн данснаас шилжүүлсэн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан боловч тус зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид ямар нэгэн мөнгө зээлээгүй. Өөрөөр хэлбэл “Т”-аас Г.А-д зээл олгоогүй бөгөөд иргэн Н.Э-оос 2.850.000 төгрөгийн зээлийг Г.А-д олгосон. Ч.Ц-ийн дансанд шилжүүлсэн 7.000.000 төгрөг нь Г.А-д хамааралгүй юм. Харин “Т” нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээ зөрчиж, зээлээ олгоогүй тул Г.А- нь хохирсон. Иймээс “Т”-тай байгуулсан гэрээний дагуу Г.А-д зээл олгоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.А-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.868.826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Г.А-, “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 104/ЗГ дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Т” ХХК нь 10.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдэгч Г.А-д зээлдүүлэхээр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хууллийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай гэрээг байгуулжээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “...зээлийн гэрээний дагуу Т ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1.350.000 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 7.000.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1.100.000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 200.000 төгрөгийг, нийт 9.850.000 төгрөгийг зээлдэгч Г.А-д шилжүүлсэн” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан “...Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Н.Э-ын данснаас мөнгийг шилжүүлсэн” гэсэн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Г.А-ын эзэмшлийн Хаан банкны .............. тоот Депозит дансны хуулга, Хаан банкны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 29/466 дугаар албан бичгээр “...5028084723 тоот дансыг Н.Э эзэмшидэг” гэсэн баримтаар нотлогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Э-ын эзэмшидэг банкны данснаас Г.А-д олгосон гэх 9.850.000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 104/ЗГ дугаар “Зээлийн гэрээ”-ний дагуу “Т” ХХК-иас 9.850.000 төгрөгийг Г.А-д шилжүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 104/ЗГ дугаар “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдүүлэгч “Т” ХХК-иас 9.850.000 төгрөгийг зээлдэгч Г.А-д шилжүүлсэн болох нь тогтоогдоогүй тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.868.826 төгрөгийг нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Г.А-аас шаардах эрхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.А-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.868.826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 227.016 төгрөг төлөхөөс 256.550 төгрөгийг төлсөн, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 74.214 төгрөг төлөхөөс 95.014 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 50.333 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.А-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.868.826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 256.550 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 95.014 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50.333 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.СЭМЖИД