| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 188/2019/0046/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 174
Ц.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Уламбаяр,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч С.Уламбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б-д холбогдох эрүүгийн 1903000000503 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
......... овгийн ............ийн ....., 19....... оны ........ дугаар сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, э............., бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтан хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ дүүргийн 23 дугаар хороо, 3а хэсгийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;
Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Икс апартмент хотхоны баруун замд Тоёота Приус-20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үед тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 16.1 дүгээр зүйлд “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж тус тус заасныг зөрсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Сийлэгмааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .............. овгийн Ц.............ийн Б..................г автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хохирогч Э.Сийлэгмаа цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Ц.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хүртэл Ц.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч С.Уламбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Миний үйлчлүүлэгч Ц.Б нь 1-3 насны хоёр хүүхэдтэй, түүний эхнэр Мөнгөнцоож ажилгүй, гэртээ хүүхдээ асардаг, 1.4 настай Б.Мөнх-Эрдэнэ хүү нь 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эвэрхий өвчний хагалгаанд орох зэрэг хувийн нөхцөл байдлуудыг нь харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч Ц.Б Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн боловч уг гэмт хэрэг нь болгоомжгүйн улмаас үйлдэгддэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг бүрэн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хохирогч Э.Сийлэгмаа нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалингаа нэхэмжилсэн. Үүнийг Ц.Бийн өвөө төлөхөө амлаж, нотариатаар гэрчлүүлсэн тул хохирогч Э.Сийлэгмаа нь гомдол саналгүй, хорих ялыг өөр ялаар сольж өгөх хүсэлт гаргасан байна. Дээрх хөнгөрүүлэх шалтгааныг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг үндэслэн Ц.Бөд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хувийн байдлыг минь харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна гэж үзэв.
Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Икс апартмент хотхоны баруун замд Тоёота Приус-20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үед тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 16.1 дүгээр зүйлд “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.“ гэж тус тус заасныг зөрсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Сийлэгмааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
хохирогч Э.Сийлэгмаагийн “...явган хүний гарцаар гарах гэтэл Тоёота Приус-20 маркийн машин зүүн буюу доод талаас ирээд намайг мөргөсөн. Би тухайн үед эргээд газарт унасан. Гэтэл уг машины жолооч нь машинаасаа бууж ирээд намайг өргөөд машиныхаа ард талын суудал дээр суулгаад хаалгаа хаасан. Би тэр үед нь “миний гар утас унасан байна” гэх хэлэхэд жолооч Баянмөнх машинаасаа буцаж буугаад миний гар утсыг аваад машиндаа буцаад суусан. ...тэгээд дугуйгаа янзалчихаад “Мөнгөнгүүр” эмнэлэг дээр очоод үзүүлэхэд миний тохой цус хуралттай, өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй гэж хэлсэн. ...би Баянмөнхөөс эмчилгээний зардалд 500 орчим мянган төгрөг авсан. ...би өмнө нь 1.650.000 төгрөгийг авсан. Цаашид нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /хх 16-17/,
иргэний хариуцагч Ч.Аюушжавын “...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажил тараад Баянмөнх нь “машинаа өгчих, маргааш нэг ажилтай байгаа юм” гэхээр нь өгсөн. Тухайн үед эрхээ хасуулсан гэдгийг нь мэдээгүй. ...” /хх 19/,
шүүгдэгч Ц.Бийн яллагдагчаар өгсөн “...явган хүний гарцаар гарах үед нэг эмэгтэй хүн автобусны урдуур гарч ирэхээр нь би сигналаа дараад тоормосоо гишгээд нөгөө хүний эсрэг буюу зүүн гар тал руугаа дараад зогссон. Тэр үед уг эмэгтэй машины баруун урд хэсэгт мөргөгдөөд унасан. ...2019 оны 1 дүгээр сард би Увс аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож цагдаад шалгуулаад 1 жилээр жолоодох эрхээ хасуулсан. Би жолоо барих эрхгүй. ...” /хх 74/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13109 дугаартай “...Э.Сийлэгмаагийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны дээд булуунд бяцарсан далд хугарал, зүүн өвдөгний үенд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 36/,
Замын цагдаагийн газрын шинжээчийн 508 дугаартай “...Тоёота Приус-20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Цэрэндэвжид овогтой Баянмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байна. ...” /хх 52-53/ гэх дүгнэлтүүд,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/, хохирлын баримтууд /хх 25-27/, жолоодох эрхийн лавлагаа /хх 57/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэлт хийжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Ц.Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.Бийн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч С.Уламбаяр “...оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан /хх 57/ бөгөөд энэ хугацаанд дахин тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, иргэн Э.Сийлэгмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.
Иймд, шүүгдэгч Ц.Бийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч С.Уламбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ