Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2025/0676

 

 

 

 

С.Ж-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.Ж

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: С.Ж

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан.

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 70 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 110/2025/0040/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4, 52.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Жын тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Нэхэмжлэгч С.Ж шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

 

2.1. “...С.Ж би Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар Толбо сумын 1 дүгээр баг, Хош Дэрст жалга дээд талд байрлалтай, нэгж талбарын 8308001200 дугаар бүхий 700 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж, байшин барьж, хашаа татаж тэндээ амьдарч байсан. Газар эзэмших эрхийн Э-0210000411 дугаартай гэрчилгээ авсан. Тухайн газрыг миний өвөө болох Ү.Ш нь 30 гаруй жил намаржаа хаваржааны зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн газар байсан бөгөөд тэндээ малын хашаа болон хуучин байшин амбаартай байсан. Үүнийг сумын Засаг даргад хүсэлт болгож тавьж газар эзэмшүүлэх гэрчилгээ бичиж хууль журмын дагуу эзэмшиж байсан.

 

2.2. Гэтэл сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаар захирамжаар ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгосон бөгөөд захирамжийг надад гардуулаагүй. Сумын Засаг даргаар шинээр томилогдсон Б.Ж гэдэг хүн нь сонгуульд санал өгсөн, өгөөгүй гэх байдлаар иргэдийн газрыг хүчингүй болгож, хууль зөрчиж дураараа аашилж байгаад гомдолтой байна. Миний эзэмшил газрыг хүчингүй болгож байгаагаа ч гэсэн надад урьдчилан танилцуулаагүй, надаас тайлбар аваагүй шууд хүчингүй болгосон.

 

2.3. Анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус шийдвэрийг хамгаалахдаа “сумын Засаг дарга надад тухайн газрыг хууль бусаар эзэмшүүлжээ” гэх агуулгаар тайлбар гаргажээ. Миний бие эцэг болон өвөө нарын хамт удаан жилийн хугацаанд эзэмшиж ашиглаж байсан өмч хөрөнгө бүхий газарт хүсэлт гаргаж эзэмшилдээ авсан. Би Засаг даргын үйл ажиллагааг мэдэхгүй бөгөөд тухайн газар эзэмшүүлэхдээ хурлаас тогтоол гаргуулсан эсэхэд би хяналт тавихгүй. Иргэн миний газарт сумын Засаг даргын захирамж болон газрын гэрчилгээ, кадастрын зураг байсан. Би хуулийн дагуу уг газрыг эзэмшсэн гэж ойлгоход тэдгээр баримтууд нь хангалттай гэж ойлгож байсан.

 

2.4. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах нөхцөлийг зааж өгсөн. Энэхүү хүчингүй болсон захиргааны акт нь миний хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт учраас Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэлээр л захирамжийг хүчингүй болгох ёстой. Гэтэл Толбо сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаар захирамж нь буруу хуулийг үндэслэсэн байснаас гадна Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хууль зүйн үндэслэлгүй захирамж мөн хүчингүй болох ёстой.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 70 дугаар шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Жоос Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

3. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгчид тухайн байршлаас Толбо сумын Засаг даргын 2022 оны А/139 дугаартай захирамжаар 700 м2 газрыг эзэмшүүлсний дараа сумын газрын даамлаас газрын хил заагийг координатжуулж, нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй, ингэснээр маргаан бүхий газрын байршил тодорхойгүй, нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад газрын байршлын талаар хоёр өөрөөр тайлбарласан боловч үзлэгийн тэмдэглэл, гэрч Толбо сумын газрын даамлын мэдүүлэг, гэрч Ш.Кы мэдүүлэг зэргээс нэхэмжлэгчийн эзэмшсэн газар нь Ш.Ктай хамтарч барьсан дундаа ашигладаг малын чулуун хашааны доорх газар гэж ойлгогдохоор байна. Маргаан бүхий газрын асуудлаар С.Ж болон иргэн Ш.К, түүний хүү К.Т нарын хооронд удаа дараа маргаан гарсан, Ш.Каас гомдол гаргасан гэх нөхцөл байдлыг харгалзан хариуцагчаас Ш.Кы эзэмшиж ашиглах эрхтэй малын чулуун хашааны доорх газрыг буюу бусдын эд хөрөнгө орших газрыг эзэмшсэн нь хууль бус гэх үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

4. Нэхэмжлэгчээс “....маргаан бүхий газар эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад гаргасан. Үүний дагуу газар эзэмшүүлэх захирамж гарч газартаа байшин барьж, хашаа хатгаж амьдарч байсан.Сумын Засаг даргаас газрыг хүчингүй болгох гэж байгаа талаараа надад урьдчилж мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, шууд хүчингүй болгосон...” гэж,

5. Харин хариуцагчаас “нэхэмжлэгч газар эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй. Маргаан бүхий газар нь Толбо сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэх газарт хамрагдаагүй. Хүсэлт гаргаж байгаагүй тул иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж байгаагүй. ...Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д зуслан намаржаа отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана” гэх заалтуудыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигчийн газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн учраас хүчингүй болгосон...” гэж тус тус маргажээ.

6. Мөн гэрч Н.Е “...С.Жын газар эзэмших хүсэлт гаргасан тул эрх бүхий этгээдийн хувиар газар эзэмшүүлэхийг зөвшөөрч захирамж гаргасан. Тухайн үед газрын даамлаас тодруулахад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар гэж хэлээд, захирамжийн төсөл боловсруулж ирсэн..., ...уг газар анх нэг малын чулуун хашаа байсан...” гэж, Толбо сумын газрын даамал Б.С “... уг газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж болдож байсан боловч шүүхийн албан бичгийн дагуу сумын иргэдийн Хурлын дээрх 25 дугаар тогтоолд тусгагдсан газар болон маргаан бүхий газрын координатын дагуу газрын байршлыг тулган шалгахад нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь Толбо сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй газар байна. ...С.Жт газар эзэмшүүлсний дараа газрын байршлыг газар дээр нь очиж зааж, тэмдэглэж өгөөгүй. ” гэж мэдүүлсэн байх бөгөөд хэрэгт маргаан бүхий газар болох С.Жт эзэмшүүлсэн газрын байршлыг тодорхой тогтоосон баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

7. Хэдийгээр анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулахаар Толбо сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг төрийн байгууллагууд руу албан бичиг явуулсан, маргааны үйл баримтад хамааралтай баримтууд байхгүй талаар хариунууд ирсэн байх боловч нэгэнт хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой баримтуудыг цуглуулах нь шүүхийн үүрэг тул шаардлагатай тохиолдолд захиргааны байгууллагуудад очиж үзлэг хийх замаар маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт байгаа эсэхийг бүрэн тодруулах нь зүйтэй.

8. Тухайлбал, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар албан бичгээр Толбо сумын Засаг даргын Тамгын газраас маргаан бүхий газрын хувийн хэргийг шаардсан боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ хэзээ, хэрхэн гаргасан нь тодорхойгүй байна.

9. Мөн нэхэмжлэгчид олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээнд дурдсан 8308001200 нэгж талбарын дугаар газрын мэдээллийн санд бүртгэлтэй эсэх, бүртгэлтэй бол уг нэгж талбарын дугаар бүхий газрын, тойм зураг, координатын цэгийг тодорхойлж, тухайн газрын байршлыг тогтоох боломжтой эсэх, координатын цэгийг тогтоосноор Толбо сумын 2021 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг координатын цэг бүхий газрын байршил тусгагдсан эсэхийг тодруулах, шаардлагатай байжээ.

10. Гэтэл анхан шатын шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулж, маргаан бүхий газрын байршлыг бүрэн тогтоогоогүй атлаа “...нэхэмжлэгчийн эзэмшсэн газар нь Ш.Ктай хамтарч барьсан дундаа ашигладаг малын чулуун хашааны доорх газар гэж ойлгогдохоор байна. ...Ш.Кы эзэмшиж ашиглах эрхтэй малын чулуун хашааны доорх газрыг буюу бусдын эд хөрөнгө орших газрыг эзэмшсэн нь хууль бус гэх үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

11. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”: 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэснийг хариуцагч маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болгож, тайлбартаа ч энэ талаар дурдсан атлаа Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний болзол, нөхцөлийг С.Ж хэрхэн зөрчсөн, зөрчлийг шалган тогтоосон зэргээ баримтаар нотлоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

12. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх уг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн Иймд хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 70 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                           Б.АДЪЯАСҮРЭН

 

   ШҮҮГЧ                                                             Г.МӨНХТУЛГА

 

                 ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН