Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 13

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч  Д.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Туул /¹0264/,

шүүгдэгч Ч.Ууганхүү,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулин тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугтан овогт Чимэдцэрэнгийн Ууганхүүд холбогдох 201625031840 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 29-нд Увс аймагт төрсөн, хүйс эрэгтэй, нас 27, боловсрол бүрэн дунд, сантехникийн слесарь мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 120 дугаар ангид слесарь ажилдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 16 гудамж 740К тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тугтан овогт Чимэдцэрэнгийн Ууганхүү /РД:ОЮ89072936/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Яллагдагч Ч.Ууганхүү нь 2016 оны  9 дүгээр сарын 04-ний өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их монгол” нэртэй хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Батхуягийг үл ялих зүйлээр шалтаглан шанаан тус газарт нь цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

­­­­­­­­­Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ууганхүү мэдүүлэхдээ: 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Аюуштай автобусны буудал дээр таараад дэлгүүр орж нэг шил архи авч Аюушийн гэрт уусан. Тэгээд дахин дэлгүүр рүү тамхинд гарсан боловч дэлгүүрийн худалдагч тамхи зээлээр өгөхгүй гээд зогсож байтал гаднаас Батхуяг орж ирсэн. Тэгсэн Батхуягаас “тамхи байна уу” гэхэд байхгүй гэсэн. Тэгээд Аюуш нөгөө талын дэлгүүрээс тамхи зээлээр аваад ирье гээд явсан хойгуур Батхуяг халааснаасаа нэг хайрцаг бүтэн тамхи гаргаж ирэхээр нь ганц тамхи өгөөч гэж гуйхад өгөхгүй, чадвартай нь тамхи татдаг юм чадахгүй гэхээр нь би Батхуягийн нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд автобусны буудал дээр зогсож байхад Батхуяг цагдаа дагуулаад ирсэн. Ер нь миний буруу. Өөр зүйлгүй гэв.

 

Хохирогч Б.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:“...2016 оны 9 дүгээр сарын 04-ний орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Чулуут” нэртэй дэлгүүр орох гэж явж байтал тус дэлгүүрийн үүдэн дээр зүс таних Ууганаа гэх залуу согтуу тааралдаад тамхи байна уу гэхэд нь байхгүй гэж хэлтэл миний зүүн шанаан тус газар гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр дор нь цагдаа дуудаж барьж өгсөн юм. Ууганхүү намайг ямар ч шалтгаангүй тамхи байхгүй гэсний төлөө зодсон. Миний эрүү хугарсан... Бидний хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/

 

Гэрч Ж.Орломжавын мөрдөн байцаалтад өгсөн: “...Батхуяг 2016 оны 9 дүгээр сарын 04-ний 19 цаг өнгөрч байх үед дэлгүүр орчихоод ирье гээд гарсан. Тэгснээ ирэхгүй удаад байсан яасан юм бол гээд гайхаж байтал над руу өөрөө утсаар залгаад намайг хүн зодчихлоо миний эрүү хугарчих шиг боллоо хүрээд ир гэхээр нь очиход эрүү нь зуурсан байдалтай юм ярьж чадахгүй байсан. Ямар хүн зодсон талаар асуухад арай хийж Ууганаа гэж хэлсэн... Манай нөхөр архи уугаагүй байсан 2 хүүхэд нь юм авч өг гээд байхаар нь дэлгүүр орчихоод ирье гээд гарсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10х/

 

Гэрч В.Чимэдцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...миний хүүг Чимэдцэрэнгийн Ууганхүү гэдэг 1989 оны 7 дугаар сарын 29-нд Увс  аймагт айлын том хүү болон төрсөн, 27 настай, бага насаа эцэг эхийн гар дээр өсөж цэцэрлэг  сургуулиар хүмүүжсэн, Увс аймгийн нэгдүгээр арван жилийн бүрэн дунд сургуулийн 8 дугаар анги төгсөж, Улаангом коллежид элсэн орж газар тариалангийн мэргэжил эзэмшсэн, 2013 онд ЗХ-ний хүндэт харуулын  032 дугаар ангид алба хааж байгаад өвчний учир халагдсан. Ууганхүү нь даруу төлөв зантай, бусдад тусархуу, эцэг эхийн үгнээс гардаггүй, архи тамхи хэрэглэдэггүй, найз нөхөд хамт олны дунд нэр хүнд сайтай юм. Увс аймагт 6 дугаар ангид суралцаж байхдаа өрөөсөн бөөрөө авхуулсан, өөр архаг хууч өвчингүй, биеийн эрүүл мэнд зүгээр хэвийн ажлаа хийгээд явж байгаа. Одоо зэвсэгт хүчний 120 дугаар ангид слесарь ажилтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/

 

Гэрч Д.Бямбадолгорын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 04-ний орой ЧД-ийн 11-р хороо Хүчит шонхор захын эсрэг талын гудамжинд байрлах Их монгол нэртэй дэлгүүрт худалдагч хийгээд байж байтал орой 19 цагийн орчимд манай дэлгүүрт гаднаас Батаа гэх зах дээр мах шулдаг залуу орж ирээд нэг шил архи аваад зогсож байтал гаднаас Аюуш гэх мах шулдаг залуу хажуудаа нэгэн өндөр бор залуутай шал согтуу орж ирээд тэр өндөр залуу Батааг шууд шанаа руу нь цохиод авсан тэгээд маргалдахаар нь бүгдийг нь хөөгөөд гаргасан юм. Тэр залуу Батааг юунаас болж зодсоныг мэдэхгүй байна. Гэнэт л Батааг шанаа руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/

 

Гэрч Б.Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “...14 цагийн үед “Хүчит шонхор” захын автобусны буудал дээр Ууганхүүтэй тааралдсан. Тэгээд би “Их монгол” нэртэй дэлгүүр орж нэг шил архи аваад Ууганхүүтэй цуг гэртээ орж уусан. Буцаж гараад нөгөө дэлгүүртээ орж архи зээлээр авахаар гуйхад худалдагч нь өгөхгүй байсан... Тэгтэл гаднаас цуг махан дээр ажилладаг Батхуяг орж ирсэн, тэгэхээр нь би -хөгшин нэг шил архи аваад өгчих гэж гуйхад нэг шил архи авчихаад задлахгүй халаасандаа хийчихсэн. Тэгэхээр нь -тамхи байна уу гэхэд -байхгүй гэж хэлсэн. Тэгвэл би -тамхинд явчихаад ирье гээд гарч тамхи аваад ирэх хооронд Ууганхүү Батааг шанаа руу нь цохичихсон байдалтай, Батаа шанаагаа барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь -юу болсон юм бэ гэж асуухад Ууганхүү -энэ новш чинь чамд тамхи байхгүй гэж хэлчихээд ард чинь тамхи гаргаж татахаар нь -чи яагаад манай найзыг тамхи байхгүй гээд тамхинд явуулсан юм бэ гэхэд -чадаж байгаа юманд арга байхгүй гэж хэлэхээр нь нэг удаа шанаадчихсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/

 

Шүүгдэгч Ч.Ууганхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ... хүнсний дэлгүүр дотор Аюуш гэдэг найзтайгаа нэг шил 0,33 граммын Хараа нэртэй архи авч ууж байтал Батхуяг орж ирсэн, архинаасаа нэг аяганд хийж өгөөд архи дуусахад Батхуяг нэг шил архи авсан, түүнээс 1,1 татчихаад Батхуягаас тамхи асуухад байхгүй гэсэн болохоор Аюуш тамхинд явсан. Тэгээд Батхуяг халааснаасаа тамхи гаргаж татахаар нь -чи чинь яасан сонин юм бэ ямар өөдгүй нөхөр бэ гэхэд -чадаж байгаа юманд арга байхгүй ш дээ гэхээр нь нүүрэн тус газар нь баруун гараараа 1 удаа цохисон…” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №1218 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:“...Батхуягийн  биед эрүү ясны зүүн салаанд үений сэртэн дайвар хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарнаь цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 12381 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна, Батхуягийн толгойн КТГ-н шинжилгээ 12381 тоот дүгнэлтэнд тусгагдаагүй байна...” гэх /хх-ийн 22-23х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12381 дугаартай дүгнэлтэд: “...Батхуягийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаа үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-р зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 24х/зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Ууганхүү 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их монгол” нэртэй хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Батхуягийг “тамхи байсан байж, найздаа тамхи байхгүй гэж хэллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан шанаан тус газарт нь цохиж бие махбодид нь эрүү ясны зүүн салаанд үений сэртэн дайвар хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34х/, хохирогч Б.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8х/, гэрч Ж.Орломжавын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10х/, гэрч Д.Бямбадолгорын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13х/, гэрч Б.Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1218 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12381 дугаартай дүгнэлт /хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд Ч.Ууганхүүд холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэмт буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Батхуяг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эрүү одоо зүгээр болсон... би шүүх хуралд суухгүй...” гэж /хх-ийн 7-8х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Ууганхүүд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүхээс түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.  

    

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тугтан овогт Чимэдцэрэнгийн Ууганхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ууганхүүд 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Ууганхүүгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ч.Ууганхүү цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Ч.Ууганхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдаж гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ууганхүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.БАТГЭРЭЛ