Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0129

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б.

Хариуцагч: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Д.Я,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Б нарын хооронд төрийн албан хаагч /нэхэмжлэгч/-д тэтгэмж олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Б-гийн зүгээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд холбогдуулан “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/559 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”-аар маргаж, уг тушаалыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж байна. 

2. Нэхэмжлэгч Ж.Б-г өөрийнх нь хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/477 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байх ба улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/559 дүгээр тушаалаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг үндэслэн Ж.Б-д 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэжээ.

 3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс ажилласан жилийн жилийн лавлагаа авахаар хандах үедээ буюу 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олж мэдэж, улмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсан боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/3294 дүгээр албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг авсан. Иймээс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Анх тодорхой хувиар хөдөлмөрийн чадвар алдалт тогтогдсоноос хойш би 2013 оныг хүртэл 2 жил ажилласан боловч өвчлөл даамжран, хордлого бүхий л эрхтэн системийг хамарснаар цаашид ажил үүргээ хэвийн гүйцэтгэх бололцоогүй болж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны Б/477 дугаар тушаалаар 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон намайг үүрэгт ажлаас маань чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлөгдсөнөөс 2 сарын дараа буюу 2013 оны 09 сард Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс миний цалин авдаг байсан дансанд мөнгө шилжүүлсэн бөгөөд энэ талаар надад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэдэгдэж танилцуулаагүй. Тухайн үед миний эмчилгээнд зориулж байгууллагаас мөнгө өгч байгаа тухай дам сонссон яриагаа үндэслэн эмчилгээнд зориулж байгууллагаас мөнгөн тусламж үзүүлсэн гэж ойлгосон. Чөлөөлөгдсөнөөс хойш жил үргэлжилсэн эрчимтэй эмчилгээ, асаргаа хийлгэсний дараа 2014 оноос Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж эхэлсэн.

Энэ онд миний Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажилласан хугацаа нийлээд 20 жилд хүрч, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ажилласан жилийн лавлагаа авахад тус хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 04/2620 дугаартай албан бичигт миний ажилласан жилийг тодорхойлохын хамт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/559 дүгээр тушаал ирүүлсэн бөгөөд уг тушаалаар 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгосон байна гэсэн байсан. Лавлагаанд дурдсан 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдахад нь олгохоор заасан. Гэтэл би эрүүл мэндийн шалтгаантай байсан ч албанаас халагдаагүй, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ба нэг удаагийн тэтгэмжийг албанаас халагдах үед нь өгдөг бол надад тэтгэмж олгосон гэх үед би албанаас чөлөөлөгдөөд 2 сар өнгөрсөн буюу хэдийнээ цэргийн алба хаагч биш болсон байсан. Мөн ажлаас чөлөөлөгдөх үедээ би миний эрүүл мэндийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, надад 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохыг хүсэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс “боломжгүй” гэсэн хариуг өгч байсан. Тиймээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2013 оны 09 сард надад өгсөн мөнгө цэргийн алба хаагчид олгодог нэг удаагийн тэтгэмж байх бололцоогүй тул надад тэтгэмж олгосон гэх шийдвэртэй танилцаж, асуудлыг тодруулах зорилгоор 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өргөдөл гаргасан.

Тус хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/3294 дугаартай албан бичгээр тэтгэмж олгосон тушаалын хуулбарыг гарган өгч, уг шийдвэрийн талаар ...байгууллагатай хөдөлмөрийн харилцаа дууссаны дараа ...олгох боломжгүй байсан тэтгэмжийг байгууллагаас таны эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж... олгожээ гэсэн хариу өгч намайг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/559 дүгээр тушаалтай танилцуулахын хамт шийдвэр хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн.

 Миний хувьд цэргийн албыг 20-оос дээш жил хаасан учраас тэтгэвэрт гарахдаа бүрэн хэмжээний буюу 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг  удаагийн тэтгэмж авах байтал эмчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор гаргасан дээрх шийдвэрийн улмаас би 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авах эрхгүй болсон. Тиймээс шийдвэрийг гаргасан зорилгод нь нийцүүлэн засахыг хүсэж, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дахин хандахад тус хүрээлэнгээс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04/3767 дугаартай албан бичгээр тушаалыг өөрчлөх, засварлах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Хуульд захиргааны актыг хаяглагдсан болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, мэдэгдэх ажиллагааг гаргасан захиргааны байгууллага хариуцахаар заасан. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/559 дүгээр тушаалыг хуулийн дагуу надад мэдэгдээгүй, энэ талаар би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ажилласан жилийн лавлагаа авахаар хандаад хариу хүлээн авах үедээ буюу 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрөө олж мэдсэн. Олж мэдмэгцээ буюу 2021 оны 05 дугаар сарын 12-ний өдөр уг тушаалтай танилцахыг хүсэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өргөдөл гаргахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр уг тушаалын хуулбарыг гарган өгсөн.

 Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/559 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү...” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон татгалзлын үндэслэлээ тайлбарлаж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Ж.Б нь анх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 324 дүгээр тушаалаар Криминалистикийн шинжилгээний төвд химийн шинжээчээр, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 114 дүгээр тушаалаар Шинжилгээний хүрээлэнд химийн ахлах шинжээчээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар тус хүрээлэнгийн Тамгын хэлтэст ахлах мэргэжилтнээр, хүрээлэнгийн захирлын 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар чиглэлийн ахлах мэргэжилтнээр, мөн хүрээлэнгийн захирлын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тасгийн даргаар тус тус ажиллаж байгаад хүрээлэнгийн захирлын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Б/477 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

 Ж.Б-гийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн хүрээлэнгийн захирлын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар ажлын байрыг нь өөрчилж тус хүрээлэнгийн Тамгын хэлтэст ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулсан ба 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/421 дүгээр тушаалаар 5.150.439 төгрөгийг нөхөн төлбөр олгогдсон, мөн хүрээлэнгийн захирлын нэр дээр 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасан өргөдлийг үндэслэн Ж.Б-г хувь тэнцүүлэн тэтгэвэрт гарган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй байсан тул өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Б/477 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/559 дүгээр тушаалаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 10.925.121 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгосон.

Ж.Б нь 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “...Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18.1, 19 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу нэг удаагийн тэтгэмжийг олгох асуудлыг шуурхай шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна" гэсэн хүсэлтийг бичгээр гарган, удаа дараа өөрөө болон нэр бүхий албан тушаалтнаар хүсэлт уламжлуулан хүрээлэнгийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/559 дүгээр тушаалаар асуудлаа шийдвэрлүүлэн авсан байдаг.

Ж.Б нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Захиргаа, удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баттогтоход хандан “...ажилласан жилийн лавлагааг гаргуулах” хүсэлт гаргасны дагуу уг газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Б-Нийслэлийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 04/2620 дугаартай албан бичгээр иргэн Ж.Б-д “...18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгосон байна ...” гэсэн албан ёсны хариу өгсөн.

 Хүсэлтийн хариуг иргэн Ж.Б гардан авсны дараа Захиргаа, удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Б-д хандан “ ... Миний 18 сарын тэтгэмж авсан гэсэн хариуг засаж өгөөч, би Цагдаагийн ерөнхий газраас тэтгэвэр тогтоолгох үед 36 сарын тэтгэмжээ авч чадахгүй болоод байна ...” гэсэн хүсэлтийг ажлын өрөөний 51-264028 дугаарын утас уруу залган гаргахад “боломжгүй” гэсэн хариуг өгсөн.

 Гэтэл Ж.Б нь дахин 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Д.Я-д хандан “...тахир дутуугийн тэтгэврийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байсан нийт хугацаанд нөхөн олгуулах” хүсэлт гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Б би судалж байх хугацаанд ажлын өрөөний 51-266342 дугаарын утас уруу Ж.Б залгаж “ ... миний гол зорилго 18 сарын тэтгэмж авсан гэсэн лавлагааг өөрчлүүлэх хүсэлт л байгаа юм, өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг мөн гаргаж байсан.

 Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ж.Б тус байгууллагын гаргасан шийдвэр, албан бичгээр гаргасан лавлагаа зэргийг өөрийн хүсэл зоригт нийцүүлэх, Цагдаагийн ерөнхий газраас тэтгэвэр тогтоолгоход өөрт олгогдох 36 сарын тэтгэмжээ авах боломжийг хайн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэгч Ж.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байна. Яагаад гэвэл, нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласангүй. Энэ асуудал нь өөрөө 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тушаал байна. Сөрөг нөлөөлөл бүхий акт, тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж байна. Эсхүл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн зүйл яриад байна. Аль хууль тогтоомжийг үндэслэж нэхэмжлэлээ гаргаад байгаа нь тодорхой бус байна. 2016 оноос хойш Захиргааны ерөнхий хууль шинээр батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл маргааны үйл баримт нь өөрөө 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр. Тэгэхээр энд хууль зүйн үндэслэлийг нарийн авч үзэхгүй бол тухайн харилцаанд хамааралгүй Захиргааны ерөнхий хуулиар надад мэдэгдээгүй гэж яриад байна. Энэ нь сонсох ажиллагааны талаар яриад байна уу? Эсхүл мэдэгдсэн мэдэгдсэнээс хойш үүссэн үр дагаврыг яриад байна уу? гэдэг тодорхойгүй байна. Нэхэмжлэлийг өнөөдрийн нөхцөл байдлаар шүүхээр шийдвэрлэх боломжгүй байх хууль зүйн үндэслэл бүрдэж байна. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ хоёр хуулийг хэрэглэж хууль зүйн үндэслэлийг ярьж байгаа бол нэгдүгээрт, энэ хүний өргөдөл гомдлын хүрээнд хангаж шийдвэрлэсэн байна. Тэгэхээр ийм нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй. Хугацаа алдсан гэж үзэж байгаа бол үүнийг тусад нь хүсэлт гаргаж хугацааг эхлээд сэргээлгэх байсан. Яагаад шууд нэхэмжлэл гаргаад шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, хоёрдугаарт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар асуудлаа шийдвэрлэнэ гэж үзэж байгаа бол үүнийг мэдэгдсэн, мэдэгдсэн үеэс эхлэн гомдол гаргах дээд шатны байгууллага, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах зохицуулалттай. Тэгэхээр нэхэмжлэгч тушаал гараад 18 сарын хугацаатай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон гэдгийг өөрөө мэдэж байна. Үүнийг мэдсэн байна гэдэг нь энэ хүнтэй холбогдсон. Холбогдсон болохоор энэ хүн өргөдөл, гомдлыг гаргасан нөхцөл байдлынхаа үр дагаврыг ойлгоод хүлээж авсан байна.

Тэгэхээр энэ нь захиргааны актын аль ч талаас дүгнэх боломжгүй. Энэ хүн харилцаанд бүрэн оролцсон, бүрэн авсан үүнд дахиж гомдол гаргах хууль зүйн үндэслэл байхгүй гэж бидний зүгээс үзэж байна. Энэ үүсээд байгаа хууль зүйн бодит нөхцөл байдлыг үндэслэн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хоёр хууль зүйн үндэслэл бүрдэж байна.

Хуулийг мэдэхгүй, ойлгохгүй байна гэдэг нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг тайлбарлахгүй ямар учраас сөрөг нөлөөлөлтэй акт гэж байгаагаа тайлбарладаггүй. Энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавар гэж үзэж байгаа тул шүүх хууль зүйн үндэслэлтэйгээр асуудлыг шийдэж өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Шүүх, нэхэмжлэгч иргэн Ж.Б-гаас гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна хэмээн үзлээ.

8. Нэхэмжлэгч нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/559 дүгээр тушаалыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, “...уг тушаалыг хариуцагч захиргааны байгууллага тухайн үед өөрт нь мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийхгүйгээр захиргааны акт гаргасан нь хууль бус, өөрийнх нь хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрхийг хязгаарласан, олгогдох боломжгүй болгосон...” хэмээн маргасан бол, хариуцагчийн зүгээс “...хувь тэнцүүлэн тэтгэвэрт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байсан тул өөрийнх нь гаргасан өргөдлийг үндэслэн тэтгэмж олгосон, маргааны үйл баримтаа аль хуулийн үндэслэлийн дагуу гаргаж байгаа нь ойлгомжгүй” зэргээр татгалзлаа тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

9. Үйл баримтын тухайд, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захирлын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/30 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Б-г тус хүрээлэнгийн Хяналт шинжилгээ, дотоод хяналт, аудитын тасгийн даргаар томилсон ба улмаар Ж.Б нь 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасан албан ажлаас чөлөөлүүлэх болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу нэг удаагийн тэтгэмж олгохыг хүсэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд хүсэлт гаргасан ба уг хүсэлтийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/477 дугаар тушаалаар Ж.Б-г өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, харин 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Хариу тайлбар хүргүүлэх тухай” 01/2028 дугаар албан бичгээр “таны нас 45 хүрээгүй байх тул хувь тэнцүүлэн цэргийн байнгын тэтгэвэрт гарган, 18 сарын тэтгэмж олгох боломжгүй” гэх хариуг өгсөн, энэ үйл баримттай болон нэхэмжлэгчид маргаан бүхий тушаалыг мэдэгдэж, гардуулсан баримт байхгүй талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 04/674 дүгээр албан бичиг, нэхэмжлэгчийн эзэмшдэг дансанд мөнгөн дүн бүхий гүйлгээ хийгдсэн болох талаарх Хас банкны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хариу ирүүлэх  тухай” 54/4135 дугаар албан бичиг тус тус нотлох баримтаар хэрэгт авагдсан ба эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид мөн маргаагүй.

10. Харин хариуцагч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/559 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ж.Б-д 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэснээр 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрийн сангийн гүйлгээгээр дамжуулан нэхэмжлэгч Ж.Б-гийн эзэмшдэг Хас банкны дансанд 10,925,121.00 төгрөгийг шилжүүлсэн байх ба энэ үйл баримтыг шийдвэрлэсэн тушаалтай нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4-д заасан үндэслэлээр маргаж байна.

11. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /уг хуулийн нэрийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчилсөн/-ийн 4 дүгээр зүйлийн 1. “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй”, 5/ “цагдаа, шүүхийн шинжилгээний болон ...байгууллагын ...офицер, ахлагч”, 18 дугаар зүйлийн 1. “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 2. “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 19 дүгээр зүйлийн 7. “энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно” гэж хуульчилсан бол, Засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 38 дугаар тогтоолын хавсралтаар “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг баталсан. Засгийн газрын 2019 оны 137 дугаар тогтоолоор “албан” гэснийг “алба” гэж өөрчлөлт орсон. Уг журмын 1. “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгоход энэхүү журмыг мөрдөнө”, 6. “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “биеийн эрүүл мэндээр” гэдгийг эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсныг үндэслэн тогтооно” гэж заажээ.

12. Маргаан бүхий тушаал нь дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэсэн ба нэхэмжлэгчийн тухайд эрүүл мэндийн шалтгаантай байсан буюу хөдөлмөрийн чадвараа 55 хувь алдсан, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон, байнгын эмчилгээтэй байсан нь нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.1. “...хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ... 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар... цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж зааснаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Нөхөн төлбөр олгох тухай” Б/421 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ж.Бд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгож байсан, нэхэмжлэгчээс 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “төрийн албанд бие сэтгэл харамгүй зүтгэсэн, шинжилгээний ажлаас эрүүл мэндээр хохирсон, тиймийн учир албанаас чөлөөлөгдөж байгаа байдлыг минь судлаад Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийг олгох асуудлыг шуурхай шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна” гэсэн өргөдөл гаргасныг хариуцагчаас шийдвэрлээгүй, харин 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Хариу тайлбар хүргүүлэх тухай” 01/2028 албан бичгээр “Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3-т зааснаар таны нас 45 хүрээгүй тул хувь тэнцүүлэн цэргийн байнгын тэтгэвэрт гарган, 18 сарын тэтгэмж олгох боломжгүй байна” гэсэн хариу өгч байсан нь хууль зүйн хувьд зөрчилгүй байна.

13. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1. “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж зааснаар нэг удаагийн тэтгэмжийг таван тохиолдолд, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1. “... 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 19 дүгээр зүйлийн 2. “...18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаа олгоно” хэмээн хоёр өөр хугацаагаар олгохоор байна.

14. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчид 18 сарын цалингийн дундажтай тэнцэх 10,925,121.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн хариуцагчийн маргаан бүхий тушаалыг нэхэмжлэлд дурдсанаар хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

14.1. Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24-08/152 дугаар лавлагаагаар нэхэмжлэгч нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын тасгийн даргын үүрэгт ажлыг, цагдаагийн хошууч цолтойгоор хашиж байгаад үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнийг дурдаад нэхэмжлэгч нь “тушаалыг огт мэдээгүй, танилцуулаагүй”,  “хаяглагдсан болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх ажиллагааг захиргаа биелүүлээгүй” гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчид гаргасан өргөдөлдөө: “ажлаас чөлөөлөгдсөний дараа эмчилгээний зардал шаардлагатай болж, тусламж дэмжлэг хүсэхэд 2013 онд 18  сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгож байгааг мэдэгдэж, дансанд шилжүүлсэн” гэсэн нь маргаан бүхий шийдвэрийн талаар мэдээлэлтэй байсныг харуулж байна, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан захиргааны актыг журмын дагуу мэдэгдэх зохицуулалт үйлчилж эхлээгүй байсан, үүнд хамаарах хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байна.

14.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5. “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Хуулийн энэ ойлголт маргаан бүхий тушаалыг гарах үед байхгүй байсан боловч агуулгын хувьд “эрх олгосон буюу тэтгэмж олгосон” эерэг агуулгатай байна.

14.3. Нэхэмжлэгч нь “би ажлаас чөлөөлөгдсөн байсан, ажлаас халагдаагүй тиймээс нэг удаагийн тэтгэмжийг албанаас халагдах үед нь буюу алба хаагч байх үед нь өгдөг”, “цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмжийг нэг л удаа олгодог” “36 сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмж авах миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зэрэг тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасныг мөн хүлээн авах боломжгүй. Хууль тогтоогч заавал цэргийн албанаас халагдсан тохиолдолд тэтгэмж олгохоор хуульчлаагүй, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2. “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэснээс үзвэл, “биеийн эрүүл мэндээр” гэдэг үгний ард таслалтай байгаа нь өөрөөр хэлбэл, таслал болгоноор өөр өөр утга санаа илэрхийлж түүний ард зохицуулсан харилцаа байгааг илтгэж байна. Түүнчлэн дээрх хуулийн 8 дугаар зүйл. Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх. 8 дугаар зүйлийн 2. “...10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заасан нь маргаан бүхий энэ тохиолдолд хамааралгүй буюу нэхэмжлэгч нь тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаар халагдаад одоо цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд тэтгэвэр тогтоолгож тэтгэмж авах тухай асуудал биш юм. Харин халагдаагүй чөлөөлөгдсөн байгаа нь түүнээс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан төрийн тусгай албан хаагчийн эрх, үүргийг ухамсарлах, төсвийг зориулалт бусаар зарцуулж өөрт нь их хэмжээний мөнгө дансаар орж ирснийг мэдээлэхээр байна. Тодруулбал, маргаан бүхий тушаал анхнаасаа олгох ёсгүй мөнгийг хууль зөрчиж олгосон гэж тайлбарлаж байгаа тохиолдолд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд /2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн шинэчилсэн хөдөлмөрийн хөлсний хэмжээ сард 192000 төгрөгөөр тогтоосон/ их хэмжээний мөнгийг хүлээн зөвшөөрч хүлээж авах бус, мэдээлэх, тодруулах үүрэгтэй байсан байна.

  15. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/539 дүгээр тушаалаар тус газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст ахлах мэргэжилтнээр томилогдон одоо ажиллаж байна. Тэрээр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар цэргийн байнгын тэтгэврийг бүрэн хэмжээгээр тогтоолгох эрх нь насны хувьд болсон, энэ тохиолдолд бүтэн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг тогтоосон баримт байхгүй, нэхэмжлэгчийн цэргийн тэтгэвэр авах эрх нь нэг системийн байгууллагаас үүсэж байгаа, дээр дурдсан хууль болон журамд “зөвхөн нэг удаа олгох” зохицуулалт журамлагдаагүй, харин Журмын 10. “тэтгэвэр тогтоолгосон болон халагдсан офицер, ахлагч нар цэргийн албанд дахин ажиллаж байгаад халагдах үед энэхүү журмын 3, 7-д заасан нэг удаагийн тэтгэмж авсан тохиолдолд тэтгэмжийг дахин олгохгүй” гэж заасан байх энэ тохиолдол нь нэхэмжлэгчид хамааралгүй байна. Тиймээс нэхэмжлэгч нь одоо ажиллаж буй байгууллагаас дээрх хуульд заасан тэтгэмжийн зөрүүг гаргуулахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй бөгөөд мөн эрх нь нээлттэй байгааг дурдаж байна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1. “Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар зааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн “цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмж”-ийн талаар нэхэмжлэл гаргасан тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйл. Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх. 41.1. “Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө”, 41.1.1. “Тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл” гэж зааснаар нэхэмжлэгчийн “цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмж”-ийг олгох, олгуулах эрх үүссэн эсэхтэй, уг тэтгэмжийг авах, эс авах эрхтэй холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, харин хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж шийдвэр гаргаж байгаа гэж үзэж, хүсэлтийн дагуу чөлөөлөөгүй харин нөхөн гаргуулж байгааг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2, 7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-гаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд холбогдуулан гаргасан “ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/559 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН