Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 201/МА2018/00013

 

Д.Хн нэхэмжлэлтэй,

Г.Бд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 138/ШШ2018/00291 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Г.Бн давж заалдах гомдлоор Д.Хн нэхэмжлэлтэй, Г.Бд холбогдох эзэмшлийн газрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн баруун талд худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 300 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй юм. Анх 2000 онд дүү Х.Х Хэрлэн сумын засаг даргын 152 дугаартай захирамжаар 625 м2 газрыг авсан байдаг. 2001 онд уг газрыг манай нөхрийн нэр дээр байдаг “В” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Нөхөр маань 2013 онд нас барсан учир газар болон үл хөдлөх хөрөнгийг 2015 онд өөрийн нэр дээр болгон гэрчилгээ авч, гэрээ байгуулсан. Тус газар дээр 2001 онд 48 м2 талбайтай 2 өрөө, хоёр захад нь 24 м2 талбай бүхий байр 2-ыг барьж эдгээр байрны урд захад 44 м2 газрыг 2005 онд Ж.Эт Засаг даргын захирамжаар шилжүүлсэн. Ж.Э өөрийн эзэмшлийн 44 м2 газар дээрээ дэлгүүрийн зориулалтай байр барьж, үйл ажиллагаа явуулж байгаад банкны зээлэнд алдсан нь сүүлд Г.Бн мэдэлд шилжсэн байсан. Гэтэл Г.Б нь 2015 оны 04 сард өөрийн авсан барилгынхаа ар талд манай байрны инженерийн шугаман дээр, авто гражийн орох хаалгыг голлуулан миний газар дээр зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийж эхэлсэн. Тухайн үед нь барилга хот байгуулалтын газрын дарга М.Ад мэдэгдэж, уг барилгын ажлыг зогсоохыг шаардаж, удаа дараа өргөдөл гаргасаар атал барилга баригдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед хариуцсан мэргэжилтэн А нь Г.Бтай уулзах гэсэн боловч Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан гээд уулзаж чадаагүй. Өөрийн граждаа том машин оруулах боломжгүй болж, жижиг машин ч оруулахад хүртэл хүндрэлтэй болсон. Иймээс гомдлын дагуу хуулиар олгогдсон газрыг маань хамгаалж, албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь объект худалдан авсан байдаг бөгөөд объектийн доорх газар нь Г.Бн эзэмшлийн газар болох нь тодорхой байдаг. Гэтэл Г.Б нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн объектийн ар талд өргөтгөл хийсэн байдаг. Тухайн үед газар эзэмшигчээс зөвшөөрөл авч Засаг даргын тамгын газарт хүсэлт гарган газрын зураглалыг өөрчлүүлэн Д.Хн эзэмшлээс хасч, шилжүүлэн авах боломж байсан боловч зөвшөөрөлгүйгээр барилга барьсан байна. Д.Х нь өөрийн эзэмшлийн 300 м2 газарт барилга барихаар төсөв зургийг нь гаргасан боловч газрын эзэмшлийн талаар маргаан гарсан учир одоо хүртэл ажлаа хийх боломжгүй болоод байна. Иргэний хуулийн 135 дугаар зүйлд зааснаар шаардах эрх нь үүсч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 онд Т гэдэг хүнээс 44.16 м2 газрыг авч Т б гэдэг нэртэй цайны газар ажиллуулж эхэлсэн. 2006 онд Худалдаа Хөгжилийн Банк Агийн банкны барьцаанд тавьсан газрыг авах санал тавьсны дагуу 44.16 м2 газар авсан. Тухайн үед намайг авах үед ар талдаа өргөтгөл хийсэн байсан. Миний авсан газрын барилгын гэрчилгээн дээр тухайн газруудын хэмжээ 44.16 м2 гэдэг боловч газар дээр нь хэмжилт хийхэд 2 барилга нийтдээ 104 м2 нэг байшин болсон. Цайны газрыг стандартын шаардлагад нийцүүлэн 3х3 хэмжээтэй өргөтгөлийн барилга барьсан байсан. Үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байна гэсэн учир өргөтгөлийн барилгыг үндсэн үнэ дээр нь мөнгө нэмж төлж аваад ар талын барилгын догол хэсгийг тэгшлээд 3х4 харьцаатай өргөтгөл хийсэн. Барилгын өргөтгөл нь шугам сүлжээн дээр баригдаагүй бохирын шугам ар талд нь биш урд талд шугам сүлжээ явдаг. Учир нь Тансаг бууз цайны газар ажиллуулж байх үед бохирын шугам тавигдсан. Бохирын шугам болон гражийг таглаагүй. Нийтийн эзэмшлийн талбай гэдэг утгаар ар талын жижиг догол үлдсэн байсныг нийлүүлээд өргөтгөл хийсэн. Түүнээс би хүний газар руу ороод хүний газар дээр өргөтгөл хийсэн гэж өөрийгөө бодохгүй байна. 3 жилийн өмнө ар талын өргөтгөлийн барилгыг бариулж байхад үед хагалгаанд орох гээд Улаанбаатар хот явсан бөгөөд хүний газрыг булааж аваад уулзахгүй зугтсан явдал байхгүй. Надад А, Т гэх 2 хүн Х гэдэг хүнээс энэ газрыг худалдаж авч байсан гэсэн. Ас авсан газарт караоке ажиллуулж байсан. Мэргэжлийн хяналт шалгаад ар талдаа хаалга гарга гэсэн. 2 талдаа хаалгатай байх ёстой гэсэн. Ар талын хаалгаар түүхий эд бүтээгдэхүүнээ оруулж бай гэсэн. Ар талын хаалгаар орох гэхээр боломж байдаггүй. Одоо болтол түлхүүр байхгүй учир урд талын хаалгаар хүнсний бүтээгдэхүүнээ оруулж, гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Х нь өөрийн эзэмшлийн 300 м2 газраас хэд хэдэн хүнд худалдсан байдаг. Худалдсан газраа зөвхөн объект түүний доорх газрыг худалдсан гэдэг нь ойлгомжгүй байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч, хариуцагч нарыг оролцуулаагүй байна. Шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаас хасч тооцон бусад баримтанд үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Шүүх дахин шинжээч томилуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэсгүй байна гэж үзэж байна. Газар авахад зөвхөн объектийн доорхи газрыг эзэмшинэ гэдэг нь боломжгүй юм. Г.Б нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилготой уг газрыг авсан учир ар талдаа хаалга гаргах зайлшгүй шаардлагатай талаар Мэргэжлийн хяналтын газар хэлсэн байдаг. Газрын хэмжээ тохирохгүй байна. Г.Б нь газар эзэмших гэрээ хийсэн байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 138/ШШ2018/00291 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хн эзэмшлийн Хэрлэн сумын 7 дугаар баг, үйлчилгээний төвийн баруун талд байрлалтай 300 м2 талбай бүхий газарт баригдсан Г.Бн өргөтгөлийн барилгыг буулган, уг газрыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Б давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн 291 тоот шийдвэр хууль зүйн дагуу гараагүй, албан тушаалтны талд, хууль бус шинжээчийн дүгнэлтээр хүний эрх, газар эзэмших эрхэнд халдсан явдалд маш их гомдолтой байна. Шүүх 2018.03.18-наас эхлэн хуулийг нэг мөр хэрэглэхгүй, шинжээч томилсон шийдвэртээ ямар ч хяналт тавихгүй, ажлыг олон жилээр саатуулж хүний эрхийг зөрчиж, ажлаа мэдэхгүй төрийн байгууллагын ажилтнуудыг дэмждэг, иргэдийг залхаадаг газар болжээ. ... Хариуцагч би 43 дугаар байранд өмгөөлөгчийн хамт очиход шинжээч та нарт захиргааны хэргийн шүүгчийн захирамж байгаа бол аваад ир гэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг өмгөөлөгчийн хамт ажлын байранд нь аваад очиход энэ шийдвэрээр нэхэмжлэгч Д.Х танай хөрш М эмч та нарын нийтийн эзэмшлийн газар байна. Би энэ шүүхийн шийдвэрийг үндэслээд Х, Б, М нарын нийтийн эзэмшлийн газар гэж шинжээчийн дүгнэлтээр гаргана гэж өмгөөлөгч Нямсүрэн бид хоёрт 43 дугаар байранд компьютерийнхаа ард сууж байгаад хэлсэн. Шинжээч нь дахин бидэнтэй уулзахгүй байж байгаад тав, зургаан сарын дараа намайг ганцааранг нь дуудаад “үзлэг хийнэ өөр олон хүн хэрэггүй, Б, Х нар байхад болно” гээд үзлэг ч хийгээгүй, нотлох баримт ч байхгүй 100000 төгрөг аваад, энэ газрын эзэмшил хариуцагч Бн талд гарна. Энэ газар нийтийн эзэмшлийн газар гэж шинжээч нь Хн дэргэд хэлээд гаргасан зүйлээ үзүүлэхэд Х учиргүй уурлаад миний эсрэг байгаа юм бол газрын алба руу явж шийдүүлнэ гэж шинжээчийг загнасан. Үүнээс хойш би шинжээчтэй уулзаагүй байтал гэнэт шүүх шинжээчийн дүгнэлттэй танилц гэсэн. Гэтэл шинжээч надад болон Хд ярьснаасаа эсрэг дүгнэлт гаргасан байсан.

Би өмгөөлөгчийн хамт дүгнэлттэй танилцаад энэ дүгнэлт эргэлзээтэй байна, мөн нэхэмжлэлийн шаардлага буруу байна. Анх миний худалдаж авсан газраас зөвхөн жижигхэн 3х3 харьцаатай газар дээр маргаан үүсгэсэн. Энэ газар нь нэхэмжлэгч Хн газар биш, М гэдэг хүний газартай хил залгадаг. Х, Мтай намайг хил залгадаг гэдэг дээр маргаан үүсгэдэггүй. Тэгсэн мөртлөө миний эзэмшлийг хууль бус шинжээчийн дүгнэлтээр шүүх дахин давтан дүгнэлт гаргуулахгүй шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь буруу юм. Мөн Х нэхэмжлэлдээ өөрчлөлт оруулж, шаардлагаа ихэсгэсэн гэж өмгөөлөгч Энхтуяа ярьж байгаа боловч бидэнд энэ талаар мэдэгдээгүй. Тэгсэн мөртлөө шүүх ихэсгэсэн шаардлагаа миний эзэмшлийн өмнө нь худалдаж авсан эзэмшил газар дээрх объектийг бүхэлд нь нураахаар хууль бус шийдвэр гаргасан явдалд гомдолтой.

Шүүх буруу шийдвэр гаргаж, өмнө нь гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэр бидний талд нийтийн эзэмшил гэж заасаар байтал энэ шийдвэрийг биелүүлээгүйд гомдолтой байна. Мөн хэргийн газрын үзлэгийг хийлгэх шинжээчийн дүгнэлтийг дахин давтан гаргуулаагүй явдалд гомдолтой. Миний хөрш Мыг гэрчээр асуугаагүй явдал нь энэ хэргийг буруу шийдвэрлэхэд нөлөөлсөн. Мөн хотын захиргааны хариуцлагатай дарга нэхэмжлэгч Х хотын газрын алба өмнө гаргасан шинжээчийн дүгнэлттэй энэ дүгнэлтийг яг адилхан гаргуулж байгаа нь газрын алба болон шинжээчид нөлөөлсөн гэж үзэж байна.

Шүүх Хийн 300 м.кв талбай бүхий газарт баригдсан Бийн өргөтгөлийн барилгыг буулган уг газрыг албадан чөлөөлсүгэй гэсэн шийдвэр гаргасан нь хууль бус юм. 300 мкв газраасаа олон хүнд худалдсан. Мөн өргөтгөлийн барилгыг би А гэдэг хүнээс худалдаж авсан. Энэ бол миний өмч. Шүүх миний өмчид хууль бусаар халдсан. Маргаан бүхий газар нь 3х3 харьцаатай жижигхэн газар юм. Шүүх энэ байдлыг мэдсээр байж бидний гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй явдал нь дарга нарын үгээр шийдвэр гаргасан гэж үзнэ. Шүүхийн энэ шийдвэр буруу гарсан, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, дүгнэлт гаргахдаа Бг биечлэн оролцуулан хэмжилт хийж дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн, үндэслэлгүй гэж шүүх дүгнэж байгаа нь буруу юм.

Учир нь энэ шинжээч миний дэргэд ямар ч газар хэмжээгүй, тийм нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх буруу дүгнэсэн. Х 615 м.кв газрыг захирамжаар 2000 онд авсан гэдэг боловч 300 м.кв газраа хэн хэнд худалдсан, одоо хэдийг нь нийтийн эзэмшилд байгаа талаар аль ч шинжээч шүүхэд тодорхой шийдвэр гаргах дүгнэлт гаргаж өгөөгүй байхад шүүх хэргийг газар дээр нь шалгахгүй, үзлэг хийлгэхгүй ямар ч хэмжээ зааг тогтоогоогүй нийтийн эзэмшлийг Хандсүрэнгийн хүсэлтээр шийдвэрлэж байгаа нь хууль бус юм.

Иймд энэ хэргийн нөхцөл байдал, өмнөх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг харгалзан хэргийн газрын үзлэг хийгээгүй байдлыг үндэслээд хууль бус шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Х нь 2015 оны 09 сарын 21-ний өдрийн “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000441713 дугаар бүхий гэрчилгээ”-гээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн баруун талд 300 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн ба тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай 2016 оны 02 сарын 23-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан байна. /хх-ийн 5, 6 дахь талууд/

 Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны 08 сарын 05-ны өдрийн А/245 дугаар захирамжаар ...7 дугаар багийн нутаг “В” дэлгүүрийн хойд талын 44.16 м.кв газрын эзэмшлийн гэрчилгээг иргэн Ж.Э-с Г.Бд шилжүүлсэн, 2012 оны 03 сарын 21-ний өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0338950 дугаар бүхий гэрчилгээгээр Г.Бд 7 дугаар баг, “В” дэлгүүрийн хойно 44.16 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, мөн хариуцагч Г.Б нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай 2012 оны 03 сарын 21-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулсан баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /хх-ийн 33-34 дэх талууд/

Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон кадастрын зураг, фото зураг,  зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Д.Хандсүрэнгийн эзэмшлийн 300 м.кв газар, хариуцагч Г.Бийн эзэмшлийн 44.16 м.кв газрууд нь хөрш газар бөгөөд 2011 онд хариуцагч Г.Бг дээрх 44.16 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Ж.Эс шилжүүлж авахад уг газар дээр баригдсан барилгын ар талд өргөтгөлийн барилга баригдсан байсан ба үүнийг нэхэмжлэгч Д.Х үгүйсгээгүй.

 Харин хариуцагч Г.Б нь 2015 оны 04 сард өмнө баригдсан өргөтгөлийн барилгын догол хэсгийг гүйцээж барьснаар Г.Б, Д.Х нарын хооронд маргаан үүссэн ба улмаар Д.Х газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд ханджээ.

Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д “Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэжээ.

            Зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл нь хариуцагч Г.Бн эзэмшлийн газар дээр баригдсан барилгын өргөтгөл бөгөөд уг өргөтгөлийн барилгын талбайн хэмжээ нь 2011 онд Г.Б иргэн Ж.Эс газар эзэмших эрхийг шилжүүлж авахад ямар хэмжээтэй байсан, 2015 онд Г.Бн барьсан өргөтгөлын барилгын догол хэсгийн талбай ямар хэмжээтэй байсан зэрэг нь тодорхойгүй байна. Иймд зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд дээрх өргөтгөлийн барилгын талбайн хэмжээнүүд зайлшгүй шаардлагатай болно.

            Түүнээс гадна нэхэмжлэгч Д.Х нь нэхэмжлэлдээ “...хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлж өгнө үү, хуулиар олгогдсон газрыг маань хамгаалж, албадан чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна” гэсэн шаардлага гаргасан нь /хариуцагч Г.Бн эзэмшлийн газар дээр баригдсан барилгын өргөтгөлийг бүхэлд нь буулгах, эсхүл нэмж баригдсан догол хэсгийг буулгах эсэх нь тодорхойгүй/  нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасныг зөрчсөн байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон тул хариуцагч Г.Бс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаах нь зүйтэй гэж үзэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 138/ШШ2018/00291 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч Г.Бс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                           

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                          З.ЭНХЦЭЦЭГ