Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/650

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Т.******* (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******д холбогдох эрүүгийн 2305011760990 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 15-нд Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт *******-******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, Зурагт ар 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******үүгийн ******* (Регистрийн дугаар: *******).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сандэй плаза” худалдааны төвийн дотуур хувцас худалдаалдаг 2090 дугаартай лангуунд худалдагчаар ажиллахдаа борлуулалтын орлого болох 1,831,500 төгрөгийг хувьдаа завшсан буюу хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: “...Миний буруу байгаа учраас мэдүүлэг өгөхгүй. Би хүнд бараа зарахдаа хямдхан өгсөн. Өдөрт өөртөө хоолны мөнгө хааяа авдаг байсан, гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...*******ын учруулсан хохирлоос түүний цалинг нь хасаад үлдсэн мөнгө болох 1,045,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тооллого хийсний дараа дахиад 20,000 төгрөгийн бараа зараад өөр лүүгээ шилжүүлж авсан. Надад хохирол төлбөр төлөөгүй, битүүний өдөр дансаа гэж надаас аваад мөнгө шилжүүлээгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа наймаа хийдэг бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах Сандэй худалдааны төвд дотуур хувцасны лангуу ажиллуулдаг юм. Би 2022 оны 12 дугаар сард фейсбүүкээр худалдагч ажилд авна гэх зар байршуулахад ******* гэх хүн ирж уулзсан бөгөөд ажиллах нөхцөл нь 7 хоногт нэг өдөр амардаг. Сандэй худалдааны төв 3 дахь өдөр амардаг тул 10-20 цагийн хооронд ажиллаад өдрийн 35,000 төгрөг авахаар болж тохирсон юм. Ингээд би *******ыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны үед ажилд аваад ямар нэг гэрээ хийгээгүй юм. Би тухайн хүнийг хэдэн өдөр ажиллуулаад тухайн өдрийн цалин болох мөнгийг нь өгөөд шинэ он гарсан ба хэд хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 23-нд би худалдагч *******тай тооцоо нийлээд тооллого хийсэн чинь манай бараанаас 1,850,000 төгрөг дутсан, би яагаад ийм их хэмжээний бараа дутаж байгаа талаар асуусан чинь би алдсан байна эсвэл би мөнгө аваагүй гэх зүйл хэлээд байсан. Тэгж байгаад надад үнэнээ хэлсэн бөгөөд банканд өртэй байсан тэр мөнгөө төлсөн тухайгаа хэлсэн юм. Би *******ыг тоолж байхдаа хүн бараа авахаар нь мөнгөө яагаад над руу шилжүүлэхгүй байгаа юм гээд асуусан чинь манай ах мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн тул би ямар нэг ажил хийвэл өрөнд оруулахаар юм байна гэж бодоод тухайн өдрөөс хойш ажиллуулахаа больсон юм. Ингээд бид нар холбоогүй болсон бөгөөд 23 өдрийн цалин болох 805,000 төгрөгийг хасах ба одоо 1,045,000 төгрөг үлдсэн байгаа. Тэр мөнгөө ойрын хугацаанд өгөөрэй гэж хэлээд явуулсан юм. Дараа нь бид хоёр ярьж байгаад мөнгөө авах тухай хэлсэн чинь сар шинээр битүүний өдөр өгөх юм яриад надаас дансаа гэж зурвас илгээсэн, би тэгэхээр нь дансаа явуулсан бөгөөд энэ өдрөөс хойш миний дугаарыг авахаа байгаад зурвас бичихээр хариу өгөхгүй байгаа тул цагдаад гомдол гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас),

Хохирогч Б.*******гийн бараа хүлээлгэж өгсөн болон тооцоо нийлсэн талаарх баримтын хуулбарууд (хавтаст хэргийн 17-33 дугаар хуудас),

Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын сүүлээр Үнэгүй.мн сайтад “дотуур хувцасны лангуун дээр худалдагч авна” гэсэн зар байсан. Би тухайн үед холбогдоод Сандэй 2 худалдааны төвийн 2 давхарт байдаг дотуур хувцасны лангуунд худалдагчаар ажилд орсон. Тухайн үед лангууны эзэн шинээр нээгдэж байгаа лангуу учраас цөөхөн бараа байршуулна гэж хэлсэн. Тухайн лангуун дээр би он дуустал ажиллаад 2023 оны 01 дүгээр сараас эхлэн 5 хоног амарсан. Тэгээд буцаад ажилд ороход тухайн лангууны эзэн ******* эгч хуучин ажиллуулж байсан лангуун дээрээ ажиллуулсан. Би лангууг хуучин ажиллаж байсан Намуунаа гэх охиноос хүлээж авсан. Лангууг хүлээн авахад 20 гаруй сая төгрөгийн бараа байгаа гэж хэлж байсан. Би тухайн лангууг хүлээн аваад 1 сар орчим хугацаанд ажиллахад ******* эгч бараагаа тоолоод 1,800,000 төгрөгийн алдагдалд орсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн мэдээлэл (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сандэй плаза” худалдааны төвийн дотуур хувцас худалдаалдаг 2090 дугаартай лангуунд худалдагчаар ажиллахдаа борлуулалтын орлого болох 1,831,500 төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт хохирогч Б.*******гийн мэдүүлэг, бараа хүлээлгэж өгсөн болон тооцоо нийлсэн талаарх баримтын хуулбарууд, шүүгдэгч Т.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

“Хөрөнгө завших” гэмт хэргийн онцлог нь өмчлөгч, эзэмшигч өөрөө хүсэж эд зүйлс, хөрөнгөө гэмт этгээдэд сайн дураараа шилжүүлсэн байдаг бөгөөд уг гэмт хэргийн обьектив тал нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг ба энэхүү үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардаж, завшсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байдаг.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт болох хохирогч Б.*******гийн заруулахаар хүлээлгэн өгсөн барааг худалдан борлуулсан орлого буюу мөнгийг хувьдаа авч өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулсан шүүгдэгч Т.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Т.******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан байдаг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******д 1,831,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр шүүгдэгч Т.*******ын ажилласан өдрийн цалин болох 805,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,0*******,500 төгрөгийг нэхэмжилж байгаа талаараа мэдүүлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******аас 1,0*******,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Т.******* бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Т.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Улсын яллагч ямар үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн хүнд төрлийн ялыг сонгож оногдуулах талаараа тодорхой тайлбарлаагүй, түүнчлэн шүүгдэгч Т.******* нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эсэх талаарх холбогдох баримт хэрэгт байхгүй байх тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух *******-******* аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Хэрэв шүүгдэгч Т.******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******үүгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Т.*******ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух *******-******* аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******аас 1,0*******,500 (нэг сая хорин зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Боржгон овогт *******гийн ******* (регистрийн дугаар: КЮ81093061)-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НЯМДАВАА