Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/717

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Т.Баянмөнх, шүүгдэгч Ц.******* (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205024381425 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 14-нд *******-******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* трейд ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн ******* (Регистрийн дугаар: *******).

Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “машин хааж тавьчихаад гарч ирсэнгүй” гэх шалтгаанаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан Х.*******ын өмчлөлийн 57 19 УНӨ улсын дугаартай “Toyota Corolla Axio” загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар цохих, баруун урд хаалга руу хөлөөрөө өшиглөх, урд буфер хэсгийг зурж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Эрх бүхий албан тушаалтны хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

хохирогч Х.*******ын өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Гантуяагийн хамтаар өөрийн эгчийн гэр болох Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 169 тоотод ирж эхнэр бид 2 дусал залгуулаад сууж байхад манай эхнэрийн 90098119 дугаарын утас руу 99806117 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад манай эхнэрт автомашинаа холдуул гэж хэлээд утсаа салгасан. Манай эхнэр надад 1 хүн автомашинаа холдуул гэж залгаж байна гэхээр нь би хоёулаа дусал залгуулчихаад яаж гарах гэж байгаа юм гэхэд манай эхнэр тухайн дугаарын утас руу буцааж залгахад утсаа аваагүй. Удалгүй 99806117 гэсэн дугаарын утаснаас дахиж залгаад шууд манай эхнэрийг наад автомашинаа холдуул гэж хэлэхээр нь манай эхнэр би дусал залгуулчихсан болохоор гарах боломжгүй байна гэж хэлэхэд манай эхнэртэй ярьж байсан хүн утасны цаанаас орилоод байх шиг байсан. Тэгээд манай эхнэр гар утсаа тасалсан. Удалгүй манай эхнэрийн гар утас дахиж дуугарахаар нь би эхнэрийнхээ гар утсыг аваад та ямар юм ойлгодоггүй хүн бэ, би автомашин хааж тавиагүй бас эхнэр бид хоёр хоёулаа дусал залгуулчихсан байгаа болохоор гарах боломжгүй байна гэж хэлэхэд өлөн шээс минь хурдан гараад ир гээд над руу утасны цаанаас орилсон. Тэгэхээр нь би утсаа салгасан. Би гэрийн цонхоороо харахад тухайн эмэгтэй манай автомашиныг тойроод байхаар нь би өөрийн том хүү болох *******ыг автомашинаа хараад ир гээд гаргасан. Би гэртээ дуслаа дуусгах гээд сандал дээр сууж байхад гадаа хүмүүс орилоод байх шиг болохоор нь цонхоороо хартал манай эхнэр лүү залгасан эмэгтэй манай хүүхдийг цохих гээд ундааны сав барьчихсан далайж байсан. Тэгэхээр нь би манай хүүхдийг зодох гэж байна гэж бодоод дуслаа залгаатай чигээр нь бариад гэрээсээ гараад очиход манай автомашины урд, хойд шил арчигчийг дээш нь болгочихсон байсан. Намайг гарч ирэхэд чи ингээд гарч ирж байгаа биз дээ гээд над руу дайрч хэрэлдсэн. Би өөрийн автомашинаа харахад миний автомашин руу ундаа цацчихсан байсан. Манай хүүхэд аав наад эгч чинь манай автомашин руу ундаа цацаад арын шилэн дээр юм бичээд урд талын шилийг нэг юмаар цохиод байхаар нь боль гэж хэлсэн чинь энэ эгч над руу дайрсан гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгөхөд нөгөө эмэгтэй өөрийнхөө автомашиныг орхиод яваад өгсөн. 99806117 гэсэн гар утасны дугаартай эмэгтэй хүн намайг гарч уулзахад болон гар утасны цаанаас мөн мессежээр “өлөн шээс минь гараад ир, би чиний өмхий хашаанд автомашинаа тавьчихаад гармаар байна гэж гуйгаагүй шүү, чалх нь буусан өвгөн минь гараад ир, чи муу наад дуслаа хийлгээд үхээрэй” гэх зэргээр маш ихээр доромжилж хараасан. Манай хүүхдийг зодох гээд байхаар нь би гэрээс гараад очиход 40-45 орчим насны эмэгтэй хүн байсан. Манай хүүхэд болон миний биед халдаж цохиж зодоогүй, харин хэл амаар доромжилсон. Тухайн эмэгтэй намайг гэрээсээ гарч ирэхэд миний автомашиныг тойруулж зураад, ард урд талын шил арчигчийг дээш нь болгоод арын шилэн дээр “зайл өлөн шээс минь” гэж бичээд урд талын буферийн зүүн талд үзүүртэй юмаар зурсан байсан. Бас урд талын шилийг чулуугаар цохиж 7-8 газар сэтэлж цууруулсан байсан. Бас уух гэж байсан ундаагаа миний автомашин руу цацсан байсан. Миний автомашины урд талын хоёр хаалгыг өшиглөж жолоочийн талын урд хаалгыг хонхойлгосон байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас),

хохирогч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие өмнө мэдүүлэг, тайлбар өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв, дэлгэрэнгүй ярьж хэлсэн байгаа. Дамно ХХК-ийн БГ1-22-429 дугаартай хохирлын үнэлгээтэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний машинд учирсан гэмтлүүдийг 56 93 УАА улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгслийн жолооч гэх 40 орчим насны эмэгтэй хүн учруулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),

насанд хүрээгүй гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гараад машин дээрээ очиход манай машин ямар нэгэн гэмтэлгүй зүгээр байсан. Тэгээд би машины зургийг өөрөө утсаараа дараад ойролцоо байдаг тоглоомын талбай дээр сууж байгаад хэсэг хугацааны дараа машин руугаа харсан чинь 40 орчим насны саарал өнгийн өмдтэй эмэгтэй манай машины хойд шилэн дээр нь гараараа ямар нэгэн зүйл бичиж байгаа харагдсан. Тэгээд тэр эгч нэг гартаа ундааны сав бариад машиныг хөлөөрөө өшиглөөд, нөгөө гартаа барьсан байсан зүйлээрээ машиныг зурж явж байгаад урд талын салхины шилийг хэд хэдэн удаа юмаар цохиод байхаар нь би гүйж очоод та болиоч гэж хэлтэл тэр эгч машины шил арчигчийг сөхөөд, зүүн талын толийг гараараа хойш мушгисан. ...Манай машинд өмнө нь ямар нэгэн гэмтэл байгаагүй, надад гэмтэхээс нь өмнө авсан зураг нь байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),

“Дамно” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн БГ1-22-429 дугаартай: “...Урд салхины шил 360,000 төгрөг, урд буфер 155,000 төгрөг, баруун урд хаалга 85,000 төгрөг, шууд зардал 600,000 төгрөг, эд анги солих зардал 10,000 төгрөг, 200г будаг туслах материал лак 40,400 төгрөг, нийт зардал 650,400 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.*******гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.*******т 650,400 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...би хохирлын мөнгөө бүрэн төлүүлж авсан тул гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй” (хавтаст хэргийн 106 дугаар хуудас) гэсэн тайлбар бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Ц.*******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ц.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НЯМДАВАА