Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0266

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.М***********өнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*** э******* г**” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд,

Маргааны төрөл: “А*** э******* г**” ХХК -ийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж***********, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М*********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А*** э******* г**” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “А*** э******* г**” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй  болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч “А*** э******* г**” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучнаар/ 2016 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам нэртэй газар 1.5 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар олгосон.

3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “А*** э******* г**” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

4. Нэхэмжлэгч “А*** э******* г**” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1. “А*** э******* г**” ХХК ХХК нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг зөрчөөгүй.

Манай компани Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Жаргалантын амд аялал жуучлалын зориулалтаар 1.51 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болсноос хойш газрын төлбөрийг ирсэн ба Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6. Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно гэж заасан зохицуулалтын дагуу Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газрын үнэлгээний зэрэглэл, бүсчлэлээ батлаагүй, түүнчлэн баталсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр болоогүй зэрэг маргаан, ойлгомжгүй байдалтай 2020 оныг хамаарч өнгөрөөсөн. Гэвч дээрх нөхцөл байдал нь төр, төрийн байгууллагын өөрийн ажлын зохион байгуулалт муутайгаас болж буйг бид ойлгосон ба хууль болон гэрээнд заасан газрын төлбөрийг ямар ч нөхцөлд бүрэн төлж байсан болно. Манай компанийн зүгээс Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газрын төлбөр бүрэн төлөгдсөн тухай баримтыг маргаан бухий акт болох Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Уртнасангийн 2021 оны 03 дугаар сарын 12 ны өдрийн А/79 дугаар тушаал гарахаас өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын сүүлээр хүргүүлсэн байхад газрын төлбөр төлөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бидний зүгээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдад үнэн бодит мэдээллийг өгөлгүй дээрх нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байна.

2/ “А*** э******* г**” ХХК нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг зөрчөөгүй.

Манай компаниийн ашиглах эрхтэй 1.51 га газар нь Жаргалантын ам буюу Богдхан ууланд оршдог. Богдхан уул бол Дэлхийн байгаль хамгаалах байгууллагын улаан дансанд болон Монгол Улсын Улаан номд орсон ховор, ховордож болзошгүй зүйлийн хөхтөн амьтан, шавж, ургамал байдаг нэн содон эко систем юм. Манай компанийн зүгээс Богдхан уул энэхүү ховор содон байдлыг түшиглэн шувуу ажиглах, шавж харах, ургамал харах зэрэг дагнасан, хэт хязгаарлагдмал хүрээний аялал жуучлалын үйл ажиллагаанд зориулж тухай ашиглах эрхтэй газрын 2016 оноос хойш ашиглаж ирсэн. Тухайлбал: Цагаан суулт нөмрөг бүргэд (Haliaeetus albicilla), Шар элэгт хөмрөг (Emberiza aureola)  Махаон дэвүүр эрвээхий (Papilio machaon Linnaeus), Бэр цэцэг шумбуур (Hemaris tityus Linnaeus), Модестус ухэр хэдгэнэ ( Bombus modestus Eversmann ) Спорадикус ухэр хэдгэнэ (Bombus sporadicus Nylander) зэрэг ховор шувуу, шавж ажиглахаар алс холоос тухайлсан сонирхол (hobby)-той аялагчид ирдэг. Аялал жуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 “аялал жуулчлал” гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах  эрхтэй гэж заасан байна. Эрүүгийн хуулийн аутентик тайлбар болох тус хуулийн 13.6 дугаар зүйлд “Тайлбар: - Энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” заасан байна. Манай компани өөрийн ашиглах эрхтэй газар дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглох зүйлийг зөрчихгүйгээр мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дэх хэсэгт заасан орон байр болох Монгол гэрийг барьж тухайн газрыг аялал жуучлалын зориулалтаар ашиглаж байсан ба 2020 2021 онд Дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлаас болж бариатай байсан гэрээ буулган чингэлэгт хадгалж байгаа ба газар дээр очин үзлэг хийн шалгах боломжтой. Бидний байгаль орчинд ээлтэй, Богдхан уулын өвөрмөц онцлогд тулгуурласан тодорхой сонирхол бүхий хүмүүсийн танин мэдэхүйн хэрэгцээнд тулгуурласан, аялагчдаа монгол гэр ашиглан амраадаг үйл ажиллагааг маань аялал жуучлалын үйл ажиллагаа гэж үзэхгүй байгааг үнэхээр ойлгохгүй байна. Манай компани Богдхан уулын дархан цаазат газрын аялал жуучлалын зориулалттай ашиглаж байгаа атал орон сууцны хороолол барьдаг бусдын жишгийг дагаагүй харин бид дээр дурдсан, Төрийн ордноос 20 гаруйхан км  яваад дэлхийд ховордсон амьтан, ургамлыг байгаль дээрээс нь шууд үзэж, ажиглах нөхцөл боломжийг таньж мэдүүлж байсан болон орон. Гэтэл манай үйл ажиллагааг аялал жуучлал гэж үзэхгүй байгаад үнэхээр гайхаж байна. Түүнчлэн дэлхий дахинаараа цар тахалтай байгаад түүнээс шалтгаалан зуны 2020 оны Tокyo олимп хүртэл хойшилж, зөвхөн тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад ирэх боломжтой байсан 2020 оныг ямар  “чөтгөр" нь шивнэсэн болохоороо Байгаль орчин, аялал жуучлалын яамныхан аялал жуучлал хэвийн байсан мэтээр мэтгэн аялал жуучлалын компаниудад темер нүүрээ үзүүлэн тэдний гол хөрөнгө болсон газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг ойлгохгүй байна. Байгаль орчин, аялал жуучлалын яамныхны хувьд Гамшгийн тухай хуульд заасан цар тахал, КОВИД-19 бол хүндэтгэн үзэх шалтгаан биш юм биздээ.

 3/ Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийг биелүүлээгүй тухайд :

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн15 дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбоотой Захиргааны ерөнхий хуульд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар 3.4.Энэ хуулийн 3.1.3 , 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна" гэсэн хэсэг нэмж, “3.3.Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна" гэсэн хэсгийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад харилцааг зохицуулахад Захиргааны ерөнхий хууль нь салбар хуулиас илүү нарийвчилсан зохицуулалт, сүүлд гарсан хэм хэмжээ болж тухайн тохиолдлыг зохицуулахаар хууль тогтоогч хуульчилжээ. Иймээс Байгаль орчин, аялал жуучлалын яам дүгнэлт гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан, оролцогчийн эрх, үүргийг эдлүүлэн, сонсох ажиллагаа явуулах ёстой байжээ. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.6 бусдын эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 - д " Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид оролцогч гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоногэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуучлалын яам нь сөрөг үр дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байна. Тодруулбал манай компанид сөрөг нөлөө бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Уртнасангийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалыг гаргах үйл ажиллагаанд манай компанийг зайлшгүй татан оролцуулж бидэнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүх талаас бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэрийг гаргах үүрэгтэй байжээ. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тушаалыг манай компанид Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх ёстой байсан ч энэхүү үүргээ 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл биелүүлээгүй. Манай компани газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн , түүнчлэн газраа хууль, гэрээнд заасан нөхцөл журмын дагуу зохих ëcoop ашиглаж байгаад 2020 онд өөрөөс хамаарахгүй Ковид-19 хэмээх цар тахлаас болж, хүндэтгэн үзэх шалтгаанаар ганцхан жил ашиглаж чадаагүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зорилгодоо нийцсэн, бодит нохиолд тохирсон, шийдвэр нь үндэслэл бухий байх гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр болжээ. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “А*** э******* г**” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нотлох баримт шинжлэх судлах явцад Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан нөхцөл байдал тогтоогдсон. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн байдаг бөгөөд энэ заалтыг хариуцагч хангаж ажиллаагүй байна. Тухайн газрын төлбөрийн үлдэгдэл байхгүй. 2021 оны төлбөрийн төлөлттэй. 2021 оны 3 дугаар сард маргаан бүхий акт гарснаас хойш төлбөр төлөгдөж байсан. Хариуцагч маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу мэдэгдээгүй.  Мэдэгдээгүй талаар маргаж байгаа бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдсэн гэдгээ нотлох үүрэг нь захиргааны байгууллагад байгаа. Хэрэгт авагдсан баримтаас харахад хариуцагч тухайн захиргааны актыг хүлээлгэж өгсөн гардуулсан баримт байхгүй. Хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/5689 тоот албан бичгийн хуулбар хүргүүлсэн боловч хуулбараа хүргүүлээгүй гэдэг байдлаар дахин очиж 12 дугаар сарын 15-ны өдөр хуулбар үнэн даруулж авсан. Мэдэгдэх харилцаатай холбоотой ийм алдаа болсон. Захиргааны байгууллага хариуцагч мэдээлэлд дээр үндэслэж захиргааны акт гаргахдаа магадлан шалгах үүрэгтэй байтал энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаагчийн даалгавар гэдэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл шалтгааныг арилгах зорилгоор прокурор болон мөрдөгч мэдэгдэл даалгаврыг хүргүүлдэг. Нэхэмжлэгч компанитай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн баримт хавтаст хэрэгт байдаггүй. Иймд нэхэмжлэгчийг эрүүгийн хэргийн журмаар шууд буруутгах үндэслэлгүй байна. Эрүүгийн цагдаагаас ирсэн баримтын хавсралтын толгой нь барилга байгууламж бариагүй гэсэн байдаг. Тухайн газрын зориулалтыг цагдаагийн байгууллага харгалзан үзсэнгүй. Өөрөөр хэлбэл дархан цаазат газарт барилга байгууламж барих нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагддаг. Энэ харилцааг цагдаагийн байгууллага харгалзан үзээгүй. Хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн хүрээг өргөтгөж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэсэн байдаг. Нэхэмжлэгч хариуцагч аль аль нь гэрээ байгуулсан гэдэг дээр маргахгүй байгаа. Холбогдох эрх бүхий байгууллагаас ирсэн мэдээллээр 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан байна. Энэ лавлагааны дагуу гэрээ байгуулснаас хойш хугацааг тоолох нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүхийн үзлэг хийсэн баримтаас харахад чулуун хашаа барьж байгаа нь экологи талыг нь бодолцож хийсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Тухайн хашааны засвараар элдэв төрлийн шувуу үүрээ засаж, өсөж, үржих зориулалттай. Нэхэмжлэгчийн зүгээс төмөр хашаа хийх боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*********** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А /220 дугаар тушаалаар “А*** э******* г**” ХХК Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.51 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.

2/ Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 ... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах ..., мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 “...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл , болзлыг биелүүлэх ... , 35.3.3 “... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх ...”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ...”, 40.1.6-д ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй ... гэж заасныг удирдлага болгосон.

3/ Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны еерчлелтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүйгэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

4/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 , 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24 - ний өдрийн 11и-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12 - ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.

5/ Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай Дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 - д ... аялагч , зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах , отоглох , ажиглалт , судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах ...” гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог .  

Гэтэл “А*** э******* г**” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд хязгаарлалтын бүсэд 1.51 га газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл , 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт,  12 дугаар зүйлийн 12.1 , 12.5 , 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.

6/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зевшеерел авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны хийг дуусгавар 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр газар ашиглах болгох санал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд нь нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “А*** э******* г**” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгчид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучнаар/ 2016 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам нэртэй газар 1.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2016/413 дугаар гэрчилгээг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 5 жилийн хугацаатай олгож, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2019/47 дугаар газар ашиглах гуравласан гэрээг байгуулжээ.

2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “А*** э******* г**” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын аманд байрлах 1.5 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ.

3. Хариуцагчаас дээрх маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ ...Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр газар ашиглах эрхийн зөвшөөрөл авсан боловч тухайн газартаа үйл ажиллагаа явуулаагүй 660 аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал... гэж тайлбарласан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж тус тус заасан.

3.1. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар ямар нэг ажиллагааг хийгээгүйгээр гагцхүү Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 365 дугаар албан бичиг болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 11и-3/5988 албан бичгүүдийг үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2020 оны 11и-3/5988 дугаар албан бичигтэй холбогдуулан шүүхээс явуулсан тодруулгад Эрүүгийн цагдаагийн албаны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11и-3/2071 дүгээр албан бичгээр тус албанд “А*** э******* г**” ХХК-нд холбогдох хэрэг шалгагдаагүй гэх хариуг ирүүлсэн болно.

4. Мөн шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт чулуун хашаа барьж байгуулсан, хашаан дотор 2 гэрийн буйр, чингэлэг /контейнер/-үүд  байрлуулсан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар  тахлаас шалтгаалан эрх бүхий байгууллагын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт удаа дараа шилжсэнтэй холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон нийтэд илэрхий үйл баримт байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.

5. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16/375 дугаар албан бичиг, түүний хавсралтаар нэхэмжлэгч “А*** э******* г**” ХХК нь 2021 онд газрын төлбөрт 19284010 төгрөгийг төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй талаар дурьдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон

 

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*** э******* г**” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “А*** э******* г**” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.М***********ӨНХ-ЭРДЭНЭ