| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2025/0005/З |
| Дугаар | 221/МА2025/0695 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0695
“Х Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх “Х Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 479 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Х Ө” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 479 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х Ө” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Х Ө ХХК-ийн ХВ-021944 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Үүнд:
2.1.” ... “х ө” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын Х\/-021944 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч тус хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 09 дүгээр сарын 04-ний тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргасан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын цахимжуулалт, тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг, хугацаа сунгах, барьцааны бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Н-ийн гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч компанийн зүгээс XV-021944 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхэд маргаж байгаа гол үндэслэл бол нэхэмжлэгчийн хугацаандаа гаргасан өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын цахимжуулалт, тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг, хугацаа сунгах, барьцааны бүртгэл хариуцсан мэргэжилтэн буюу өргөдлийг шийдвэрлэх эрхгүй этгээд буцаасан нь хуульд нийцээгүй гэж маргаж байгаа. Учир нь хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг хүлээн аваад өргөдөл болон өргөдөлд хавсаргасан баримтыг шалгаж Ашигт малтмалын тухай хуулийн 22.2-д зааснаар нэг бол хугацааг сунгаж хугацаа сунгасан талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх ёстой, эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д зааснаар өргөдлийг хянаж хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргаж тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх ёстой байсан гэж маргасан. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан буюу хавсаргавал зохих баримт дутуу байсан гэдэг үндэслэлээр хүлээж авахгүйгээр буцаах бус тухайн өргөдлийг ямар ч тохиолдолд хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 22.2, 22.4-д заасан 2 шийдвэрийн аль нэгийг гаргах болохоос биш өргөдлийг хүлээж авахгүйгээр буцааж явуулах эрхийг төрийн захиргааны байгууллагад олгоогүй талаар нэхэмжлэгч маргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанаас өмнө хүсэлт гаргаагүй бол сунгахгүй эсхүл хүчингүй болгох хуулийн зохицуулалт, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байхад татгалзаж буй үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин, үндэслэлгүйгээр хохироож байна үзсэн ба анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаас өөрөөр шийдвэрлэсэн.
2.1.1. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 111 тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 208 дугаар тогтоол мөн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0045 дугаар тогтоолуудад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлөө 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрх нээлттэй мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч үүргийг 22.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан заалт нь захиргааны байгууллагын тухайн өргөдлийг хүлээж авахаас татгалзах нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл гаргах эрхийг хязгаарлах эрх олгосон заалт биш. Зөвхөн 1 сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гарга гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон заалт гэж Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол дээр тайлбарласан байдаг. Мөн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0009 дүгээр тогтоолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 1 сарын өмнө хүсэлтээ гаргасан ч бай, 1 сарын дараа хүсэлтээ гаргасан ч бай ямар ч тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлт гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар хориглосон заалт байхгүй. Хүсэлт гаргах эрх нь нээлттэй. Тухайн өргөдлийг хүлээн авч хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн асуудал гэж тайлбарласан.
2.1.2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн талаар үйл баримт болон маргаантай зүйл байхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд хугацаа сунгах хүсэлт гаргах хугацаа хэтрүүлсэн гэх заалт байхгүй ба хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үүрэгтэй байсан. Хариуцагч хууль бус шийдвэр гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар, хуульд зааснаар ч тогтоогддог, хариуцагчийн буруугаас тусгай зөвшөөрлийн хуулийн хугацаа дууссан гэж үзэж маргаж байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар хариуцагч өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай бөгөөд ийнхүү шийдвэрлэх боломжгүй хугацааны өмнө буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ХV-021944 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон гэж ойлгох боломжгүй бөгөөд хариуцагч байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас өмнө хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэх боломжит хугацаа олгосон зохицуулалт байхад анхан шатны шүүхээс хариуцагчийн дээрх үйлдлийг зөвтгөж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.
2.2. Анхан шатны шүүх Нэхэмжлэгчийг Х\/-021944 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, баримт бүрдүүлэн өгөх, өргөдөл гаргах, гарын үсэг зурах, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийлгэх зэрэг Ашигт малтмал, газрын тосны газарт бүрэн төлөөлөх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох боломжтой байсан гэж буруутгасан.
2.2.1. Нэхэмжлэгч компани 1 хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд компанийн гүйцэтгэх удирдлага болох Б. хүндэтгэн үзэх шалтгаантай буюу хамрын хагалгаанд орсон бөгөөд зүрхний архаг өвчтэй байсантай холбоотойгоор амьсгалын замын хүндрэл үүсэхээр байсан учраас Солонгос улсад очиж хагалгаанд орсон бөгөөд Монголд байх хугацаанд байнгын хамраас цус гарж хэвтрийн дэглэмтэй байсан ба үүнийг нотлох эмнэлгийн магадлагаа зэргийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж заасан. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нөхцөл байдлыг огт харгалзаж үзээгүй.
2.2.2. Нэхэмжлэгч компанийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар хэрэгт нотлох баримт гаргаж өгсөөр байхад анхан шатны шүүх нотлох баримтыг бодит нөхцөл байдалтай харьцуулж үнэлэхгүйгээр урьдчилж өгөх боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан, манай тохиолдол нь дээрх хууль болон бусад хууль, тайлбарт заасан нөхцөл байдалтай нийцэж байна. Нэхэмжлэгчээс хариуцагч талд гаргасан хүсэлт, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбарлаж, энэ нь баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас гадуур “хүндэтгэн үзэх шалтгаангүй байна” гэж шийдвэрлэсэнд гомдолтой.
2.3. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 21-д “Ашигт малтмалын тухай хуулийн 38.2, 40.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн сум, дүүргийн Засаг дарга батлах бөгөөд эрх бүхий субъектээс баталсан баримт бичгийг хариуцагч Кадастрын хэлтэс болон тус хэлтсийн цахимжуулалт, тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг, хугацаа сунгах, барьцааны бүртгэл хариуцсан мэргэжилтэн хянахгүй, харин байгаа эсэхийг шалгаж, хэрэв байгаль орчны төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт байхгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үүргийг төрийн захиргааны байгууллагад хүлээлгэсэн байх тул хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.
2.3.1. Анхан шатны шүүх хоёрдмол утга агуулсан шийдвэр гаргасан. Учир нь нэхэмжлэгч компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 40.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах хүсэлтээ өгсөн. Манай компанийн зүгээс Ашигт малтмал газрын тосны газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг өгөх үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн албан бичгийг хавсарган өгөх гэсэн боловч манай компанийн өргөдлийг хүлээж авахгүй буцаасан атал анхан шатны шүүхээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байхгүй байсан учраас хариуцагч захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзсан хариу өгсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.
2.3.1 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0479 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч “Х Ө” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “ХV-021944 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө гаргасан байх, холбогдох баримтуудыг урьдчилан бүрдүүлж өргөдөлдөө хавсаргаж өгөх шаардлагатай байжээ ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг буруу үнэлснээс хэргийн үйл баримтыг буруу тогтоосон, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, энэ талаарх Улсын Дээд шүүхийн тогтоолуудаас хуулийг өөрөөр хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ “... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө 09 дүгээр сарын 04-ний өдөр Ашигт малтмалын газарт хүсэлт өгөхөөр очиход хүлээж аваагүй, хүсэлтэд хавсаргах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад 08 дугаар сарын 05-ны өдөр батлуулахаар хүргүүлсэн боловч тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд баталж өгөөгүй, мөн хугацаа сунгуулах өргөдөл гаргах үед компанийн захирал өвчний учир гадаад улсад явсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, хариуцагч эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хугацаа сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгахыг даалгаж өгнө үү” гэж маргасан.
5. Нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн үйл баримттай адил төстэй захиргааны хэргүүдийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн тогтоолуудаар[1] удаа дараа эцэслэн шийдвэрлэсэн, уг тогтоолуудад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол ... сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-д “... нөхцөл, шаардлагыг хангаагүй бол ... хугацаа сунгахаас татгалзаж ... тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заасныг хэрэглэж, “... хугацаа сунгуулах өргөдлөө тусгай зөвшөөрлийн хугацаандаа багтаж гаргасан тохиолдолд захиргаа тухайн хүлээн авахаас татгалзах эрхгүй, өөрөөр хэлбэл хуульд энэ үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалт байхгүй байна...” гэж дүгнэн, “хүсэлтийг зохих журмаар шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч “Х Ө” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө дутуу боловч хуульд заасан 1 сарын өмнө буюу тусгай зөвшөөрлийн хугацаандаа багтаж 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасныг хүлээж аваагүй буцаасан нь гэрч Ашигт малтмал, газрын тосны газрын Цахимжуулалт, тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг, хугацаа сунгах, барьцааны бүртгэл хариуцсан А.Н-ийн мэдүүлгээр тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс хариуцагч захиргааны байгууллага хүсэлтийг хүлээж авч, шийдвэрлэх талаар зохицуулсан дээрх Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-т заасныг хэрэглээгүй нь буруу байна.
7. Мөн нэхэмжлэгчийн “төлөвлөгөө хавсаргаагүй шалтгаан”-тай хамааралтай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181 дүгээр албан бичигт “... Тус компани нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2024 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулах хүсэлтээ өгсөн боловч Засаг даргын ээлжийн амралт болон орон нутгийн сонгуулийн ажилтай холбоотой 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр баталсан” гэж дурдсан, мөн тухайн төлөвлөгөөг батлуулсан баримтууд хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх “... Засаг даргын төлөвлөгөө баталж өгөөгүй эс үйлдэхүйтэй нэхэмжлэгч маргаагүй...” гэж ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
8. Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаандаа багтаж хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг хариуцагч хүлээж аваагүй, холбогдох материал хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгах, улмаар хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх эрх буюу сонгох боломжоо хэрэгжүүлээгүй нь хууль бус байх тул өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч захиргааны байгууллагад даалгах үндэслэлтэй байна.
Харин Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-т зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хариуцагч хүлээж аваагүй, зохих журмаар шийдвэрлээгүй байхад шүүхээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг шууд даалгах боломжгүй юм.
9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “хариуцагчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн аваагүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмаар шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 479 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ХV-021944 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээж аваагүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х Ө” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 208, 2023 оны 09, 2023 оны 45, 2025 оны 09 дугаар тогтоол