| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/00047/И |
| Дугаар | 201/МА2018/00014 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 201/МА2018/00014
И.Намжилын нэхэмжлэлтэй,
Д.Батбаярт холбогдох хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Д.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ганчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00257 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч И.Намжилын өмгөөлөгч Д.Урансувдын давж заалдах гомдлоор И.Намжилын нэхэмжлэлтэй, Д.Батбаярт холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2000000 төгрөг болон нэг хонь буюу 130000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хөөрөг буюу 1500000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч И.Намжил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны хавар буюу 5 сард Батбаяр өөрөө манай адуунаас соёолон морь, хусран даагатай гүүг 4,0 сая төгрөгөөр авъя гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би надад наадмаар идчихээр 1 хонь нэмж өгөөрэй гэхэд тэр асуудалгүй гэж хэлээд 1,0 сая төгрөг бэлнээр өгсөн. 2015 оны 6 сарын 17-ны өдөр 2,0 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Энэ наймаанаас 1,0 сая төгрөг, нэг хонь өгөөгүй байгаа. Гэтэл 2,0 сая төгрөг бэлнээр төлсөн гэж худлаа яриад байна. Тухайн үед нэг боодол 10 000-тын дэвсгэрт өгсөн. Дараа нь 2015 оны 6 сард Батбаяр надтай адууны наймаа дахин хийсэн. Хээр халзан соёолон, хээр зүсмийн соёолон морьдыг би 8,0 сая төгрөгөнд зарна гэхэд 5,0 сая төгрөг, нэг идэшний үхрээр авъя гэсэн. Батбаяр үхэр өгөхөд асуудал байхгүй гэхэд нь би үхрийг намар идэшний цагаар өөрөө очиж авна гэж хэлсэн. Батбаяр нь мөнгөө шилжүүлэхгүй байж байгаад 2015 оны 7 сарын 10-ны өдөр 4,0 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Батбаяр наймаа хийснээс хойш жил гарангийн хугацаанд утсаа авахгүй байсан. 2016 оны 10 сард арай гэж уулзаж гэрээс нь очиж үхрээ авсан. Сүүлд надтай уулзахад нь мөнгөө нэхэхэд надад бэлэн мөнгө алга байна, та энэ хөөргийг авч бай гээд нэг хөөрөг өгсөн. Би авахгүй, барьсан тавьсан газраа мэдэхгүй гэж хэлэхэд та энэ хөөргийг барьцаанд тавиад мөнгөтэй залгаж бай гэсэн. Би тэр хөөргийг нь 1,0 сая төгрөгийн барьцаанд тавихаар барьцаат зээлийн газар очтол авахгүй гэж хэлсэн. Батбаярт хөөрөг чинь үнэ хүрэхгүй байна гэхэд та 7,0 сая төгрөгнөөс доош өгч болохгүй шүү гэсэн. Хөөрөг надад байгаа. ...Сүүлийн наймаанаас 1,0 сая төгрөг дутуу байгаа. Нийт 2,0 сая төгрөг, нэг хонь нэхэмжилж байна. Миний хувьд адуу зарна гэж Батбаярт хэлээгүй, өөрөө таны хурдан адуунаас худалдаж авна гэсэн. Тэгээд хамт очоод Батбаяр өөрөө манай адуунаас шинжиж байгаад авсан. Миний морьд шинэ үүлдрийн англи, араб азраганы төлүүд тул муу байх ёсгүй...гэжээ.
Хариуцагч Д.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 оны хавар буюу 5 сард Намжил гуайгаас хүрэн даагатай гүү, хүрэн соёолон морьдыг 4,0 сая төгрөгөөр авахаар тохиролцон 2,0 сая төгрөг бэлнээр, 2,0 сая төгрөг дараа нь шилжүүлсэн. Дараа нь 4,0 сая төгрөг, нэг үхрээр хээр морь, хээр халзан соёолонг авахаар харилцан тохирч наймаа хийсэн. Тухайн үед Намжил ах бие муу өвчтэй зовлонтой байна, махны ханшнаас арай дээр үнээр аваач гэж надаас гуйсан. Энэ яриаг гэрчлэх гэрч бий. Сүүлд би өөрийнхөө барьдаг, наймаанд авсан манан хөөргөө өгсөн. Энэ хөөрөг бол сая төгрөгийн үнэтэй хөөрөг. Хөөргөө авахгүй бол надад өгөөд адуу өгч болно. Энэ наймааны хувьд тохирсон гэж бодож байна... гэжээ.
Хариуцагч Д.Батбаяр 2017 оны 3 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намжил гуайтай морины наймаа хийсэн нь үнэн. ...Намжил гуай эхний наймаа хийсэн үнээ буруу яриад байна. Бид хоёр 2015 оны 5 сард хусран даагатай хүрэн гүү, хүрэн соёолон морьдыг 5 000 000 төгрөгөөр тохиролцож би эхлээд 2 000 000 төгрөг бэлэн өгөх үедээ Энхбаттай хамт очиж машин дотроо Намжил гуайд тоолж өгсөн. Дараа нь 2 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдсэн нэг сая төгрөгөнд нь идэшний шүдлэн үхэр өгсөн. Энэ наймааг хийх үед Намжил гуай шөлний хонь өгөөрэй гэж байсан болохоос бид наймаандаа оруулаагүй. Би ч хонь өгөхийг зөвшөөрөөгүй. Дараа нь 6 сард хоёр соёолон морьдыг 2, 2,0 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ морьдын хүрэн соёолон нь хойшоо доголдог гэмтэй байсан. Морио буцааж ав гэхэд авахгүй байсан. Энэ байдлаас болж мөнгийг нь удааж байгаад 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Бидний хооронд наймаа бүрэн хийгдэж дууссан. Намайг Улаанбаатар хотод явж байхад Намжил гуай мөнгө төгрөггүй гэхэд нь би өөрийн хөөргөө барьцаанд тавиад мөнгөтэй болж бай, цагаан сараар авъя гэж хэлээд өгсөн. Түүнээс барьцаалсан асуудал байхгүй. Иймээс нэхэмжилж байгаа 2000000 төгрөг, нэг нас гүйцсэн хонийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Д.Батбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Намжил бид хоёр 2015 оны 5, 6 сард адууны наймаа хийсэн бөгөөд тэрээр намайг төлбөрөө төлөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан шатны шүүх 2017 оны 4 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон боловч давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийг зөрчсөн гэж үзэн анхан шатны шүүхэд буцаасан юм. Намжил гуай 2016 оны хавар хотод тааралдаад эм авах ч мөнгө байхгүй гээд байхаар нь 1 500 000 төгрөгийн үнэ бүхий хөөргөө ломбарданд тавиад хэрэглэж бай гээд өгсөн. Гэтэл хөөргийг маань өгөхгүй байна. Би өгөх мөнгөө өгчихсөн. Иймд И.Намжилаас шүрэн улаан толгойтой хүрэн хөөргийг гаргуулж өгнө үү. Би хөөргөө 1 500 000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.
Нэхэмжлэгч И.Намжил сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Батбаяр нь надад өртэй байсан тул хөөргөө барьцаалуулж өгсөн. Би хоол, эм тарианы мөнгө байхгүй гээд Батбаяраас мөнгө зээлэх ядарсан хүн биш. Бид хоёрын хооронд хийгдсэн адууны наймаанаас надад 2 000 000 төгрөг, 1 хонь өгөх дутуу байсан. Энэ өрнийхөө оронд та миний хөөргийг аваад байж бай гэж өгсөн. Би энэ хөөргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зүйл гэж ойлгоод өнөөг хүртэл хадгалж байна. Батбаяр ломбарданд тавиад мөнгөтэй болж бай гэж анх өгсөн. Гэтэл уг хөөрөг үнэ хүрэхгүй байсан. Батбаяр хэрэв надад өглөггүй бол юу гэж хөөргөө өгөх юм бэ гэдгийг шүүх анхаараасай гэж хүсч байна. Мөнгөө авч байж хөөргийг нь өгнө гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00257 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Батбаяраас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Намжилд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1130000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Намжилаас 150000 төгрөгийн үнэтэй хөөргийг гаргуулж хариуцагч Д.Батбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49030 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 28550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Намжилд, мөн хариуцагч Д.Батбаярын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч И.Намжилаас улсын тэмдэгтийн хураамжид 5150 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Батбаярт тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Намжилын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2470 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж буцаан олгож, ... шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч И.Намжилын өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо:
... И.Намжилын нэхэмжлэлтэй, Д.Батбаярт холбогдох 2,0 сая төгрөг, 1 хонь гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд нотлох баримтыг үнэлэхдээ алдаатай үнэлсэн, мөн үйл баримтыг ташаа дүгнэж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
1. Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд болсон адуу худалдах, худалдан авах гэрээний үйл баримтыг зөв дүгнэсэн. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжилж буй худалдсан зүйлийн үнийг үнэлэхгүй маргаантай байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэлээ гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй болохыг харуулж байна. Гэтэл тус шийдвэрт нэхэмжлэгч И.Намжилын гурван адуу худалдахдаа 4000000 төгрөг, нэг хонь, дахин хоёр адуу худалдахдаа 5000000 төгрөг, 1 идэшний үхэр нэмж авна гэсэн хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдохгүй байна гээд хариуцагч нь нэхэмжлэгчид худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8000000 төгрөг, нэг үхэр төлөх үүрэг хүлээсэн байна гэж үзжээ. Нэг ёсондоо хэрэгт цугларсан нотлох баримтыг янз бүрээр гаргаж байхад алийг нь үнэлээд алийг нь үнэлэхгүй байгаа талаар үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй.
Энэ нь шүүхэд хариуцагчийн гаргаж өгсөн анхны тайлбар мэдүүлэг болон бусад тайлбар буюу шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбар зэргийг үнэлэхдээ маш дулимаг байдлаар хандсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн наймаа нийт үнийн дүнгээрээ 9,0 сая төгрөг болохыг нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгээр нотлогдсон гэж үзэж байна. Учир нь, хариуцагч анх шүүхэд гаргасан тайлбартаа 2 удаагийн худалдан авалтын үнэд нийт 9,0 сая төгрөг, 1 идэшний үхэр өгөхөөр тохиролцсон гэдгийг өөрөө мэдүүлсэн, үүгээр эдгээр 2 хүний дунд гэрээний үнэ 9,0 сая төгрөг болжээ гэдэг нь маргаангүй нотлогдож байна. Үүнийг л шүүх үнэлэх нь үнэн зөв. Хэрэв анхнаасаа 8,0 сая гэж тохирсон бол хэзээ ч 9,0 сая төгрөгөөр наймаа хийсэн гэж бичихгүй. Хариуцагчийн хувьд маш олон янзаар, зөрүүтэй тайлбар удаа дараа гаргаж байхад үүнийг шүүх үнэлэхдээ анхаарах ёстой. ... Хамгийн гол нь хариуцагч бэлэн өгсөн мөнгөн дээрээ маргадаг. Бусад баримтаар буюу дансаар шилжүүлсэн мөнгөн дээр маргадаггүй. Мөн үхэр өгнө гэж тохиролцсон хэмээн тайлбарлаж байснаа 1,0 сая төгрөгийн оронд үхрээ 1,0 сая төгрөгөөр үнэлээд бидний хооронд хийгдсэн наймаа дууссан гэж тайлбарласан. Харин үхэр нь 1,0 сая төгрөг гэж хэн ч үнэлж ярилцаагүй байхад 1,0 сая төгрөгийн өртэй байсан болохыг нотолж байна. Түүнээс гадна өөрийнхөө хөөргийг үүргийн гүйцэтгэлтэйгээ холбогдуулж өгөхөөс гадна үүнийгээ тайлбарлахдаа та үүнийг барьцаанд тавиад хэрэглэж бай гэсэн бөгөөд заримдаа би барьцаанд тавиагүй гэдэг мэдүүлэг тайлбараар өртэй байсан учраас түүнийхээ оронд дээрх хөөргийг өгчээ гэдэг нь ойлгомжтой байхад энэ үйл баримтыг шүүх буруу үнэлж тайлбарласан. Талууд гэрээг тайлбарлахдаа харилцан тохиролцож зөвшилцөлд хүрсний үндсэн дээр буюу гэрээний зүйлийн үнийн саналыг худалдан авагч тал хүлээн зөвшөөрсөн тул байгуулсан. Хариуцагч тал нь зөвхөн өөрийн төлсөн мөнгөний хэмжээнд тааруулж гэрээний үнийг тааруулан хэлснээр маргаан үүсгэж улмаар шүүхээс гэрээний үнийн үлдсэн хэсгийг худалдагч тал хүлээн зөвшөөрсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа нь утга агуулгын авцалдаагүй байна, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь үнэн зөв шийдэж чадаагүй болохыг харуулж байна. Түүнчлэн хариуцагч нь И.Намжилд хөөргөө өгснөө эм авах ч мөнгөгүй байна гэрлийн мөнгө ч төлөх мөнгөгүй гэхэд нь өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч 150000 төгрөгийн үнэтэй хөөргөө 1500000 төгрөгийн үнэтэй гээд өгсөн нь туслах гэж өгөөгүй гэдгийг харуулж байна. Харин үлдэгдэл мөнгөндөө шүрэн улаан толгойтой хүрэн манан хөөргийг өгөөд үлдсэн мөнгөө өгөхгүй гэсэн санаатай байсан нь тодорхой харагдах буюу үүргийн гүйцэтгэл дутуу байсан болохыг нотолж байна.
2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд үүргийн гүйцэтгэлдээ сайн дураараа өгсөн эд зүйлийг Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д ззааснаар гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэж байна. Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд болсон үйл баримтыг зөв тодорхойлж дүгнэж чадаагүйг харуулж байна. Нэхэмжлэгч Батбаярын хөөргийг барьцаалаагүй, барьцаанд авья гээгүй, мөнгөө нэхэхэд та үүнийг ломбардад барьцаанд тавиад хэрэглэж бай гэсэн үүнийгээ ч хариуцагч Батбаяр би барьцаалаагүй гэж тайлбар гаргаж байсан байгаагаас гадна эдгээр 2 этгээдийн хооронд тодорхой үүргийн харилцааг үндэслэн өгсөн болох нь нотлогдож байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу юм. Тэгэхээр энэ зүйлийг барьцааны зүйл гээд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах шаардлагатай гэж дүгнэх нь буруу юм. Харин хууль бусаар авсан бол гаргуулах тухай нэхэмжилж болох юм. Гэтэл энэ нь хариуцагчийн өөрийн хүсэл зоригоор үүргээ бүрэн гүйцэтгээгүй байхдаа өгсөн зүйл учраас барьцааны гэрээний болон үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалт хамаагүй юм. Шүүхээс энэ талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 2 заалтын алиныг бариад байгааг ойлгохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж хариуцагчаас 2000000 төгрөг, нэг хонь буюу 130000 төгрөг, нийт 2130000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Үндсэн нэхэмжлэлийн талаар.
Нэхэмжлэгч И.Намжил нь хариуцагч Д.Батбаяраас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2000000 төгрөг, нэг хонь буюу 130000 төгрөг, нийт 2130000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Д.Батбаяр нь И.Намжилаас хөөрөг буюу 1500000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч И.Намжил эс зөвшөөрсөн ажээ.
Хариуцагч Д.Батбаяр нь нэхэмжлэгч И.Намжилаас 2015 оны 5 сард хусран даагатай гүү, хүрэн зүсмийн соёолон насны морь буюу 3 адууг 4,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, адуунуудаа авсан ба Д.Батбаяр И.Намжилд ХААН банкны дансаар 2,0 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
Харин хариуцагч Д.Батбаяр 3 адуугаа худалдан авахдаа И.Намжилд 2,0 сая төгрөг бэлнээр өгсөн гэдгийг нэхэмжлэгч И.Намжил 2,0 сая төгрөг өгөөгүй, 10000-тын дэвсгэрт 1 боодол буюу 1,0 сая төгрөг өгсөн гэж маргадаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч И.Намжил нь хариуцагч Д.Батбаярыг бэлнээр 1,0 сая төгрөг өгсөн гэж мэтгэлцэж байгаа тохиолдолд хариуцагч Д.Батбаяр нь бэлнээр 2,0 сая өгсөн гэдгийг хуульд зааснаар нотлох баримтаар нотлох үүрэгтэй юм. Гэтэл хариуцагч нь үгүйсгэсэн нотлох баримт гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч И.Намжил дээрх 3 адуугаа хариуцагч Д.Батбаярт худалдахдаа нэг шөлний хонь өгөөрэй гэснийг хариуцагч өгөөгүй гэж нэхэмжилж байгааг шүүх хүлээн авч хангах боломжгүй юм. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч 3 адуугаа Д.Батбаярт худалдахдаа 4,0 сая төгрөгөөс гадна шөлний 1 хонь авахаар худалдсан гэдэг нь нотлогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
Мөн хариуцагч Д.Батбаяр нь нэхэмжлэгч И.Намжилаас 2015 оны 06 сард хээр халзан болон хээр зүсмийн соёолон насны морь буюу 2 адууг худалдан авч, үнэ болох 4,0 сая төгрөгийг 2015 оны 07 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн эхнэр Лхамсүрэнгийн ХААН банкны дансанд шилжүүлсэн ба намар нэг үхэр И.Намжилд өгсөн талаар зохигчид маргаагүй болно.
Нэхэмжлэгч И.Намжил нь 2 адуугаа 5,0 сая төгрөг, нэг үхрээр худалдсан гэж маргаж байгаа боловч 5,0 сая төгрөгөөр худалдсан гэсэн нотлох баримтыг гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
Сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00257 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.Намжилын өмгөөлөгч Д.Урансувдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
З.ЭНХЦЭЦЭГ