Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1132

 

 

 

 

 

 

 

 

 

   2023        08         29                                   2023/ШЦТ/1132

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, шүүгч Ч.Алдар, М.Солонгоо нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ, 

иргэдийн төлөөлөгч Д.Отгон-Эрдэнэ,

улсын яллагч Б.Мөнхтулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Лхамсүрэн,

гэрч Д.Бадамцэрэн,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт овогт Энхбатын Мд холбогдох эрүүгийн 2306 00000 1720 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарьхийн 1-18256 тоотод оршин суух хаягтай, урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

 Чингэлтэй дүүргийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Буянт овогт Энхбатын М /РД: /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эхийн 1-1825а тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч С.Пүрэвдоржтой маргалдаж, улмаар эрүү хэсэгт гараараа цохиж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тэр үед ах маань өмнө 4, 5 хоног уусан байсан болохоор шартаад бие өвдөөд байна, гар, хөл салгалаад байна нэг шил юм аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаа хийж дуусаад баярласандаа 750 граммын Хараа архи авч өгсөн. Би тэгээд ах маань гоё юм хийж өгсөн гээд баярлаад сэтгэл хөөрөөд Бадамрэнцэн ах нартай уусан. Эхний шил архиа 21 цаг гэхэд ууж дуусгасан. Дараа нь талийгаач ах, Бадамрэнцэн ах хоёр миний картыг авч яваад дахиад нэг шил архи авчирсан. 2 давхарт замаск татах ажил байсан болохоор би үлдсэн хоёр ах 20-30 минутын дараа ирсэн. Бид гурав авчирсан архийг уусан. Манай нэг найз төмөр өргөдөг төмрийн төхөөрөмж, боксын мишок, бээлий өгсөн. Би оёдол хийдэг, дандаа суугаа ажил хийдэг учраас нуруу өвддөг болохоор найз бэлэглэсэн. Би хананд Бадамрэнцэн ахаар боксын мишокыг өлгүүлсэн. Тэгээд 2 дахь архиа ууж дуусаад дахиад архи ууя гэж Пүрэвдорж ах маань хэлэхээр нь за тэгье гээд бид 3 хамт дэлгүүр орсон. Өглөө зүлэг, үр суулгах ажил үлдсэн байсан. Дэлгүүрээс архи авах гэсэн боловч мөнгө дууссан байсан. Дэлгүүрийн худалдагчаас зээлчих гэж хэлсэн, зээлэхгүй гэсэн болохоор би эхнэрээсээ 40.000 төгрөг зээлсэн. 750 граммын архи, ундаа, хүүхдүүддээ зайрмаг авсан. 3 дахь шил архинаасаа 2, 2 татсан. Пүрэвдорж ах бид хоёр бээлий өмсөөд өлгөсөн мишокны хоёр талаас нь цохиж үзээд тоглосон. Бид хоёр хоорондоо боксын бээлий өмсөөд тоглоод байж байхдаа би эрүү тус газар цохисон. Манай ах хойшоогоо суусан. Манай ах 3 удаа тархиндаа гэмтэл авч байсан. Бадамрэнцэн ах Пүрэвдорж ахын чинь толгойдоо гэмтэл авсан, цохиж байгаад толгойд гэмтэл минь учруулчхав гэж хэлсэн. Тэгээд бид хоёр биллиард тоглосон. Удалгүй эхнэр орж ирээд ах яачихсан юм бэ, царай нь сонин болсон байна гэж хэлсэн. Манай эхнэр ахын хөлд суухад жавжнаас нь цус гарсан байсан гэсэн. Тэгээд би мэдсэн. Манай ах өмнө нь унаж татдаг байсан учраас ухаан алдсан юм болов уу гэж бодоод түргэн дуудсан. Түргэн ирээд нүдийг нь нээж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Ахыгаа ийм байдалд оруулсандаа харамсаж, гэмшиж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би талийгаачийн төрсөн дүү, М миний төрсөн эгчийн маань хүүхэд байгаа юм. Талийгаач, М нарын хооронд өс хонзон санасан зүйл байгаагүй гэдгийг би батлан хэлж байна. Тухайн үед архи ууж байгаад энэ гэмт хэрэг болсон байна. Миний ээж 80 настай хүн. Миний ээж нэг хүүгээ газар булуулчихаад, нэгийг нь насаар нь шоронд явуулах болчихлоо гээд сэтгэл санааны хямралд орчихсон байгаа. Ах маань дүүгийнхээ гэрийг тохь тухтай болгож өгсөн. М нь бага насны хүүхдүүдтэй. Дүүг маань өршөөж өгнө үү. М гэр бүлийнхнийгээ цуглуулж байгаад уучлалт гуйсан. Талийгаачийн 49 хоногийн цайллагын зардлыг төлж барагдуулсан.” гэв.

Гэрч Д.Бадамцэрэн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдрийн орой талийгаач манай гэрт ирж хоносон. М өглөө над руу яриад Пүрэвдорж ах та хоёр ирээд юм хийлцээд өгөөч гэж хэлсэн. Айлд юм ачиж өгөх ёстой байсан. Тэр ажлаа амжуулаад үдээс хойш 16 цаг өнгөрч байхад очсон. Гагнуур хийх ёстой байсан, гагнуураа хийгээд орой болсон. Өглөө 6 цаг өнгөрч байхад босоод гагнуур хийх гэж байсан чинь төмөр нь дутаад М бид хоёр төмөрт явсан. Тэгээд гаднах хайсаа гагнаж дууссан. Пүрэвдорж бид хоёр Мөнх-Эрдэнийнд байрлаж 10 хоносон. Талийгаач манайд ирэхдээ олон өдөр архи уучихсан зүрх өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд Мөнх-Эрдэнийнд тухайн өдөр боксын мишок өлгөж өгсөн. Бид гурав 3 шил архи хувааж уусан. Бид 3 нэлээн согтуу байсан. Тэр өдөр талийгаач юм хийж байхдаа энд, тэнд очиж суугаад зүүн гараа хөдөлгөөд, зүрх өвдөөд байна гээд хол суугаад байсан. Хэрэг гарахын өмнө М инээгээд хоёр ахдаа баярлалаа гэж хэлээд үнссэн. М, талийгаач 2 шоронд орсон талаараа ярьсан, өөр юм ярьж маргасан зүйл байгаагүй. Хоорондоо инээлдээд боксын бээлий өмсөөд хоорондоо цохиж байсан. Тэгснээ хоёулаа зөөлөн тоглоё гээд гараа зөрөлцөөд тоглож байсан. М хальт цохих шиг болсон. Пүрэвдорж урт орон дээр бөгсөөрөө суучих шиг болсон. Тэгэхээр нь би одоо ахыгаа болио тархиндаа гэмтэл авч байсан гэж хэлсэн. Биллъярд тоглох уу гээд бид хоёр цалингаараа тоглоё гээд тоглосон. М талийгаачийг нэг удаа цохих шиг болсон. Хоёулаа бээлий өмсөөд тоглоод байсан. Тэгээд талийгаач орныхоо урд суусан. Тухайн өдөр талийгаач, М хоёр хоорондоо хэрэлдсэн зүйл байгаагүй. Би тэр өдөр болсон явдлаа санаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би цохисон гэж хэлсэн, гар нь цохих шиг болсон. Тухайн өдөр айж сандарсан байж магадгүй. Намайг гавлаад хорино гэж хэлсэн болохоор айгаад өөрийгөө авч үлдэх гэж мэдүүлэг өгсөн. Тухайн үед Мөнх-Эрдэнийн хүүхдүүд бодогдсон, маш их айж сандарсан. Тэр хоёр хоорондоо урд урдаасаа хараад цохилцоод байх шиг байсан. Талийгаачийг унаад хойшоо хэвтэхэд нь би анзаараагүй, тасраад уначихсан гэж бодсон. Талийгаач цохиулаад хойшоо суусан. Мөнх-Эрдэнийн эхнэр орж ирээд ахын нүүр яасан юм гэж хэлсэн. Би Мөнх-Эрдэнийг ахыгаа яачихсан юм гэж хэлсэн. Нүүр рүү нь ус цацаад сэгсрээд, хөмхий дээр нь нэг дараад ах чинь эвгүй болчихсон байна түргэн дууд гэж хэлсэн. М босч ирээд ах аа би яагаачгүй шүү дээ гээд өндийлгөж суулгаад сэгсрээд байсан. Миний зүгээс эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Би Мөнх-Эрдэнийг талийгаачийг нэг удаа цохиж байхыг харсан. Мөнх-Эрдэнийн гэрт байсан мишокыг би тогтоож өгсөн. Бид 3 архи ууж байхдаа Пүрэвдоржийн толгойдоо гэмтэл авч байсан талаар ярьж байгаагүй. Гэхдээ өмнө нь ярьж байсан.” гэв.

Хохирогч хууль ёсны төлөөлөгч С.Лхамсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач дээд салхит гээд Шарга морьтын тэнд гэр нь байдаг. Ганцаараа амьдардаг. Нэг хүүтэй. Тэр тусдаа гарчихсан. Хувиараа барилгын ажил гээд олдсон ажпаа хийж амьдардаг байсан.Саяны нас барсан байсан айл нь манай хамгийн том эгч Ням- Эрэгзэнгийн хүү Мөнх-Эрдэнийн гэрт гурав хоногийн өмнө байшингийнх нь засварын ажилд туслахаар очсон гэсэн.Тархиндаа 6-7 жилийн өмнө хүнд зодуулсан гэмтэл аваад хагалгаанд орж байсан. Өөрөөр байнга өвддөг зүйл байхгүй. Сүүлийн 5-6 жил архины хамааралтай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

Гэрч Л.Сумъяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нөхөртэйгөө хамт унтах зорилгоор 2 давхар ороход М, Бадам 2 биллъярд тоглоод Пүрэвдорж ах орон дээр хэвтэж байсан. Пүрэвдорж ах дээр очоод дуудах гэтэл амнаас нь цус гарчихсан байхаар нь сандраад тэнд байсан хүмүүст хэлэхэд хүрч ирж үзээд бүгд сэрээх гээд сэрэхгүй байхаар нь түргэн дуудаж үзүүлэхэд эмч нар ирээд нас барчихсан байна гэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Гэрч Ц.Батнасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 07-ны орой 23 цаг 45 минутанд бараг дэлгүүрээ хаах гэж байхад 2 эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирсэн бөгөөд нэг нь 2 гарын шуундаа шивээстэй нэг нь арай өндөр ахимаг насны хар бор царайтай хүн орж ирсэн бөгөөд энэ 2 хүн орсноос хойш 2-3 минутын дараа 50 гаран насны 165-170 см орчим өндөртэй хар бор царайтай хүн орж ирээд дэлгүүр дотор явсан юм аа харин 2 гарын шуундаа шивээстэй залуу нь надад хандан 0,75 литртэй хараа архи зээлээр өгөөч гэж хэлсэн. Би хариуд нь зээл өгөхгүй гэж хэлсэн. Тэгтэл тухайн шивээстэй залуу өөрийн гартаа зүүсэн байсан бөгжөө хуруунаасаа сугалаад энийг барьцаанд авчих би маргааш мөнгийг нь өгөөд бөгжөө авна гэж надад хандан хэлсэн. Би хариу хэлэхдээ хүний эд зүйлсийг би барьцаанд авахгүй гэж хэлэхэд шуундаа шивээстэй залуу нь намайг хараагаад ёс бус хэллэгээр хэлээд байхаар нь лангуун дээр байсан ундаа архи хоёроо аваад би өөрт чинь үйлчлэхгүй гэж хэлсэн. Тэгээд миний хажууд шуундаа шивээстэй залуу эхнэр руугаа залгаад 30,000 төгрөг хийчих юм авах гээд байна гэж залган ярьж байсан. Тэгээд 2-3 минутын дараа тухайн залуугийн гар утас дугарсан бөгөөд мөнгө хийчихлээ гэх шиг болсон. Тухайн шивээстэй залуугийн картыг хамт байсан гэх арай хөгшин ах уншуулсан бөгөөд манай дэлгүүрээс 30,000 төгрөгөнд 1 ширхэг ундаа, 0,75 литртэй хараа нэртэй цагаан архи, 6-7 ширхэг модон чихэр 1 хайрцаг тамхи 2 ширхэг зайрмаг аваад баярлалаа гээд гараад явсан. Тооцоо хийж байх хооронд 2 гаран дээрээ шивээстэй залуу дэлгүүрээс гарсан бөгөөд арай хөгшин ахад би үйлчилж дуусаад дэлгүүрээсээ гаргаад би дэлгүүрээ хаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

Гэрч Д.Бадамцэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн гэрт хуурай ах Пүрэвдоржийн хамт байсан чинь дүү М залгаад өөрийнх нь хашаа байшинд нь хийх ажил байна. Та хоёр хүрээд ирээч, надад туслаач, би хийгээд өгвөл танд 130.000 төгрөг өгнө гэж хэлсэн тул би зөвшөөрөөд орой 17 цагийн үед гэрээсээ Пүрэвдоржийн хамт эрүүл М гэрт очсон. Ингээд хашаанд төмөр хайсан хашаа хийхээр болоод ажлаа эхлээд орой болсон учир Мөнх-Эрдэнийн гэрт Пүрэвдорж би, Мөнх- Эрдэнэ эхнэр 2 хүүхдийн хамт хоносон. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөн өглөө эрт босоод бид 3 Мтэй хамт хашаанд хийх ажлыг нь үргэлжлүүлэн хийгээд орой 19-20 цагийн орчим ажлаа дууссан. М муу хоёр ахдаа тусалсанд баярлалаа, та хоёрт ганц архи авч өгнөө гэж хэлсэн тул зөвшөөрөөд бид гурав машинтай гараад ойрхон дэлгүүр яваад М өөрийн банкны картыг Пүрэвдоржид өгөөд, Пүрэвдорж дэлгүүр ганцаараа ороод 1 шил 0.75-ийн Хараа нэртэй архи, том ундаа авсан. Ингээд бид гурав тэндээс Мөнх-Эрдэнийн гэрт очсон. Тэднийх хашаандаа 2 давхар модон байшинтай, гэрт түүний эхнэр, 2 хүүхэд нь байсан. Бид гурав байшингийн 2 давхарт хийх бага зэргийн ажил байсан учраас 2 давхрын хэсэгт архиа авч гараад авсан архиа ууж байхдаа 2 давхрын баганан хананд боскын мишок дүүжилдэг төмрийн бэхэлгээг хийгээд, бас замаск хийж байхад архи дуусч байсан. М цаг хараад заа дэлгүүр хаах гэж байна, нэмж архи авна гэсэн тул бид гурав дэлгүүр орохоор гэрээс явган гараад гэрийнх нь ойролцоо байдаг эхний 2 дэлгүүр орсон чинь хаалттай байсан учир дараагийн дэлгүүр очсон чинь онгорхой яг хаах гэж байхад нь очоод М дахин 0.75-ийн Хараа нэртэй архи аваад худалдагчид карт уншуулсан чинь мөнгө хүрээгүй тул өөрийн эхнэртэй гар утсаар яриад 30,000 төгрөг аваад тооцоо хийсэн. Ингээд бид гурав 1 удаа, 1 шил архи, чихэр аваад буцаад Мөнх-Эрдэнийн гэрт очоод шууд 2 давхарт гараад орон дээр болон ширээний эсрэг талын сандал дээр суугаад архиа уугаад эхэлсэн. М өглөө манай байшингийн 2 давхрын яндангаас дусаал дусаж байгааг засаад өг, би маргааш Пүрэвдоржид 130,000 төгрөг, надад 100,000 төгрөг өгнө гэж хэлээд М 2 давхарт байсан орны толгой хэсэгт суугаад, түүний баруун гар талд буюу орны хөл хэсэгт Пүрэвдорж суусан. Харин би тэр хоёрын урдаас хараад ширээний эсрэг талд сандал дээр суугаад авсан архийг би хундаглаж өгөөд хүний 2-3 хундага архи уугаад би авсан чихрийг 1 давхарт байсан Мөнх-Эрдэнийн эхнэр хүүхдэд хүргэж өгөөд буцаад 2 давхарт гарч ирэхэд Пүрэвдорж, М хоёр урьд нь өөрсдийн сууж байсан шоронгийн талаар яриад М ахдаа би шоронд хүнийг ингэж зоддог байлаа, ингэж цохидог байлаа гэх мэт өөрийгөө дөвийлгөсөн байдалтай хэлж байсан. Тэгтэл Пүрэвдорж би шоронд бригад хийгээд хүмүүсийг ийм тийм зүйл хий гэж заадаг, ахалдаг байсан, хоол унд шоронд яаж хийдэг талаар мэдэх үү зэрэг зүйл хэлээд тэр хоёр хоорондоо ярьж байгаа яриа нь өөрсдийгөө хөөргөсөн маягтай байсан. Би өөрөө шоронд сууж байгаагүй тул тэр талаар нь мэдэхгүй учир ярианд нь оролцолгүй архийг хундаглаж, өгөөд тэр хоёрын яриаг сонссон байдалтай сууж байхдаа гараараа оролдоод сууж байсан. Тэгээд миний нүдний буланд Мөнх-Эрдэнийн зүүн талын гар доороос дээшээ чиглэлтэй хурдан савахаар нь гайхаад харсан чинь энэ үед түүний баруун гар талд сууж байсан Пүрэвдорж нь сууж байсан ор руугаа арагшаа нуруугаараа хэвтээд унаад өгөхөөр нь би Мд чи ахыгаа цохиод авч байгаа юм уу, ахыгаа алчихаж байгаа юм уу гэж хэлсэн чинь надад Мөнх- Эрдэнэ би цохиогүй гэж хэлсэн. Би Пүрэвдоржийг харсан чинь орон дээр хэвтсэн чигээрээ ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан, уг нь орон дээр арагш хэвтэхээс өмнө зүгээр юм яриад сууж байсан юм. Бид нар архи уусан учир би тухайн үед согтоод тасраад унасан байж магадгүй гэж бодоод Пүрэвдорж руу ойртож очилгүйгээр 2 давхрын өрөөнд байсан Мөнх-Эрдэнийн биллъярдны ширээг хараад Мд хандаж хоёулаа биллъярд тоглох уу гэж асуусан чинь надад юунд тоглох юм гэхээр нь би хоёулаа цалингаар маань тоглож болно гэж хэлсэн. М зөвшөөрөөд бид хоёр Пүрэвдоржийг орхиод биллъярд тоглохоор ширээ рүү нь явсан. Тэгээд ширээн дээр очоод ганц хоёр цохиод зогсож байсан чинь удалгүй 1 давхраас Мөнх-Эрдэнийн эхнэр гарч ирээд Мд ханиа орж унтъя гэж хэлээд, дараа нь орон дээр хэвтэж байсан Пүрэвдоржийг хараад Пүүжээ ах ямар сонин болцон юм бэ гэж хэлээд гайхсан тул би биллъярдны ширээний хэсгээс Пүрэвдоржийн хэвтэж байгаа орон дээр очоод сэрээх гэтэл сэрэхгүй, ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан учраас ухаан алдсан байна гэж бодоод, түүний уруулын дээд хэсэг дээр өөрийн эрхий хуруугаараа хүчтэй, мөн аймхай хэсэг дээр дараад сэргээх гэсэн чинь сэрэхгүй байсан. Уг нь хүмүүс ухаан алдаад унахаар нь тэгж дарахаар дандаа сэрдэг, эсвэл ямар нэгэн хөдөлгөөн хийдэг юм.

Тэгсэн чинь М ахаа сэрээрэй гээд Пүрэвдоржийн 2 хацар хэсэгт зөөлөн алгадсан чинь сэрэхгүй байхыг түүний эхнэр харж байгаад буцаад 1 давхар руу буугаад удалгүй эхнэр нь гарч ирээд ус цацсан чинь сэрээгүй, би тэр үед Мд чи хүн алчихлаа ш дээ гэж хэлсэн чинь надад би хүн алаагүй гэж хэлээд уйлснаа Пүрэвдоржийн толгой хэсгийг өргөөд дээш нь гаран дээрээ тавьсан. Пүрэвдорж их уртаар дуутай амьсагаа авч дугарсан тул би М болон түүний эхнэрт түргэн тусламж дууд гэж хэлээд, мөн та нар хүрч болохгүй шүү гэж хэлээд буух гэж байхад Мэс авгай нь Пүүжээ ах яасан юм бэ гэж асуусан чинь М би яагаачгүй ш дээ гэж хэлээд уйлаад байсан. Ингээд би доошоо 1 давхарт буугаад, дээр М, эхнэртэйгээ үлдээд удалгүй М бууж ирээд надтай юм ярихгүй уйлаад сууж байсан чинь гаднаас Мөнх-Эрдэнийн аав, ээж ах дүү нар орж ирсэн. Тэгээд удалгүй цагдаа болон түргэн тусламж ирээд эмч үзээд Пүрэвдоржийг өнгөрсөн байна гэж хэлсэн. Тэр үед Мөнх-Эрдэнийн ээж надад Пүрэвдоржийг зүрх их муутай байсан юм аа зүрхээр л нас барчих шиг боллоо гэсэн зүйл хэлээд байсан. Би ийм байдалд орж байгаагүй учраас тухайн үед балмагдсан...Намайг 3 хоног хамт байх хугацаанд түүний биед хэн нэгэн миний харснаар халдсан зүйл байхгүй. Түүний бие зүгээр байсан хоолой нь гашуун оригоод байна гэхээс бусдаар ажилд хийх, хүнд юм өргөх зэрэгт зүгээр хэвийн байсан. Надад ямар энэ зүйл нь өвдөж байгаа талаар хэлээгүй. Би хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 49-52 /,

Шинжээч эмч Б.Баяртогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эдгээр гэмтэл нь хоорондоо харилцан хамааралтай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь эрүүний урдаас цохих үед үүсэх боломжтой. Цохисны улмаас суурийн судасны зүүн арын тараагуур судас дарагдаж, их, бага тархины орой болон суурийн хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт үүсэж тархины багана хэсэгт нөлөөлсний улмаас уртавтар тархи, гүүр, нугасны том нүх, суурийн арын хонхрын хатуу хальсан доорх цусан хураа үүсэж уг гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас бараад хүргэсэн...Дээрх гэмтлийг авсан хүн идэвхитэй үйлдэл, хөдөлгөөн хийх ямарч боломжгүй. Түргэн хугацаанд нас барна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2368 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“...*******өнх-Эрдэнийн гэх 10 хурууны хумснуудад цус, биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 80-81/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1318 дугаартай цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт:

1. Амь хохирогч С.Пүрэвдоржийн цогцост эрүү ясны ооч болон зүүн булангийн хоёрлосон хугарал, тархины суурийн судасны зүүн арын тараагуур судасны урагдал, их бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, уртавтар тархи, гүүр, нугасны том нүх, суурийн арын хонхрын хатуу хальсан доорх цусан хураа, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх эрүү ясны ооч болон зүүн булангийн хоёрлосон хугарал, тархины суурийн судасны зүүн арын тараагуур судасны урагдал, их, бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, уртавтар тархи, гүүр, нугасны том нүх, суурийн арын хонхрын хатуу хальсан доорх цусан хураа болон баруун сарвууны зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх эрүү ясны ооч болон зүүн булангийн хоёрлосон хугарал, тархины суурийн судасны зүүн арын тараагуур судасны урагдал, их, бага тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, уртавтар тархи, гүүр, нугасны том нүх, суурийн арын хонхрын хатуу хальсан доорх цусан хураа гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.Харин баруун сарвууны зулгаралт гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй, үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй ба нас барахаас 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

2. Амь хохирогч нь элэгний өөхөн хувирал, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байжээ. Эдгээр өвчнүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Харин мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

3. Амь хохирогч нь дөрөвдүгээр бүлгийн цустай байжээ.

4. 2023 оны 05 дугаар сарын 08-ны 04:35 цагт хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 4-5 цаг болсон байжээ.

5. Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.” гэх дүгнэлт /хх-ийн 87-91/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 476 дугаартай дүгнэлт:

1. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. ******* нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. ******* нь хэрэг болсон гэх цаг хугацаанд болон одоогийн нөхцөл байдалд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. ******* нь бие дааж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадвартай байна. гэх дүгнэлт /хх-ийн 106-107/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 25/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 27/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 165/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 145/, шүүгдэгч *******нийн хувийн байдлын тухай баримтууд зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн энэ хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

 

Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлэхдээ шүүгдэгч *******д “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан байна. 

Хүнийг санаатай алах гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн орой зай, цаг хугацаа, арга хэрэгсэл, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, хамаарал зэргийг сайтар шалгаж тогтоох нь чухал юм.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь бие биеэ таньж мэддэг, ах дүүгийн сайн харилцаатай, ажил хийж шүүгдэгчид тусалж байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйлийг ажил хийж өгсөнд баярласан сэтгэлээ илэрхийлж авч өгсөн байдал тогтоогдож байна. Мөн хохирогч шүүгдэгч хоёр урьд нь болон гэмт хэрэг гарах цаг хугацаанд маргалдсан болон хувийн тааламжгүй харилцаа, өш хонзон, өр авлага байгаа гэх үйл баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бадамцэрэн мэдүүлэхдээ “.... шоронд бригад хийгээд хүмүүсийг ийм тийм зүйл хий гэж заадаг, ахалдаг байсан, хоол унд шоронд яаж хийдэг талаар мэдэх үү зэрэг зүйл хэлээд тэр хоёр хоорондоо ярьж байгаа яриа нь өөрсдийгөө хөөргөсөн маягтай байсан.” гэж мэдүүлдэг.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт хуулийн дагуу авагдсан нотлох баримтаар шүүгдэгч, амь хохирогч нарын тухайн үеийн хоорондын харилцаа нь хүнийг алах гэсэн шууд санаа, сэдэлт, зорилгыг бүрэн хангасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хангалттай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. 

Түүнчлэн “хүнийг санаатай алах” гэмт хэргийн арга хэрэгслийн хувьд субьектив нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоох нь хуулийг зөв хэрэглэх, хэргийг хууль зүйн үндэслэлтэй зүйлчлэх шалгуур болно.

Хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг хүнийг алах гэмт хэргээс ялган зүйлчлэх гол шинж нь гэм буруугийн хэлбэр юм. Санаатай гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдэж, түүнийг хүсч үйлдсэн /шууд санаатай/, эсхүл тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэсэн /шууд бус санаатай/ шинжтэй байдаг бол болгоомжгүй гэм буруугийн хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг мэдсэн хэдий боловч түүнийг бий болгохгүй байж чадна гэж өөртөө найдсан, эсхүл үйлдлийнх нь улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан харах ёстой, боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн байдлыг зүйлчлэлд гол шалгуур болгон авч үздэг.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эхийн 1-1825а тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч С.Пүрэвдоржийн эрүү хэсэгт гараараа цохиж амь насыг болгоомжгүй хохироосон болох нь

Гэрч Д.Бадамцэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Пүрэвдорж, М хоёр урьд нь өөрсдийн сууж байсан шоронгийн талаар яриад М ахдаа би шоронд хүнийг ингэж зоддог байлаа, ингэж цохидог байлаа гэх мэт өөрийгөө дөвийлгөсөн байдалтай хэлж байсан. Тэгтэл Пүрэвдорж би шоронд бригад хийгээд хүмүүсийг ийм тийм зүйл хий гэж заадаг, ахалдаг байсан, хоол унд шоронд яаж хийдэг талаар мэдэх үү зэрэг зүйл хэлээд тэр хоёр хоорондоо ярьж байгаа яриа нь өөрсдийгөө хөөргөсөн маягтай байсан. Би өөрөө шоронд сууж байгаагүй тул тэр талаар нь мэдэхгүй учир ярианд нь оролцолгүй архийг хундаглаж, өгөөд тэр хоёрын яриаг сонссон байдалтай сууж байхдаа гараараа оролдоод сууж байсан. Тэгээд миний нүдний буланд Мөнх-Эрдэнийн зүүн талын гар доороос дээшээ чиглэлтэй хурдан савахаар нь гайхаад харсан чинь энэ үед түүний баруун гар талд сууж байсан Пүрэвдорж нь сууж байсан ор руугаа арагшаа нуруугаараа хэвтээд унаад өгөхөөр нь би Мд чи ахыгаа цохиод авч байгаа юм уу, ахыгаа алчихаж байгаа юм уу гэж хэлсэн чинь надад Мөнх- Эрдэнэ би цохиогүй гэж хэлсэн. Би Пүрэвдоржийг харсан чинь орон дээр хэвтсэн чигээрээ ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан, уг нь орон дээр арагш хэвтэхээс өмнө зүгээр юм яриад сууж байсан юм...удалгүй 1 давхраас Мөнх-Эрдэнийн эхнэр гарч ирээд Мд ханиа орж унтъя гэж хэлээд, дараа нь орон дээр хэвтэж байсан Пүрэвдоржийг хараад Пүүжээ ах ямар сонин болцон юм бэ гэж хэлээд гайхсан тул би биллъярдны ширээний хэсгээс Пүрэвдоржийн хэвтэж байгаа орон дээр очоод сэрээх гэтэл сэрэхгүй, ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан учраас ухаан алдсан байна гэж бодоод, түүний уруулын дээд хэсэг дээр өөрийн эрхий хуруугаараа хүчтэй, мөн аймхай хэсэг дээр дараад сэргээх гэсэн чинь сэрэхгүй байсан...Тэгсэн чинь М ахаа сэрээрэй гээд Пүрэвдоржийн 2 хацар хэсэгт зөөлөн алгадсан чинь сэрэхгүй байхыг түүний эхнэр харж байгаад буцаад 1 давхар руу буугаад удалгүй эхнэр нь гарч ирээд ус цацсан чинь сэрээгүй, би тэр үед Мд чи хүн алчихлаа ш дээ гэж хэлсэн чинь надад би хүн алаагүй гэж хэлээд уйлснаа Пүрэвдоржийн толгой хэсгийг өргөөд дээш нь гаран дээрээ тавьсан. Пүрэвдорж их уртаар дуутай амьсгаа авч дуугарсан тул би М болон түүний эхнэрт түргэн тусламж дууд гэж хэлээд, мөн та нар хүрч болохгүй шүү гэж хэлээд буух гэж байхад Мэс авгай нь Пүүжээ ах яасан юм бэ гэж асуусан чинь М би яагаачгүй ш дээ гэж хэлээд уйлаад байсан. Ингээд би доошоо 1 давхарт буугаад, дээр М, эхнэртэйгээ үлдээд удалгүй М бууж ирээд надтай юм ярихгүй уйлаад сууж байсан чинь гаднаас Мөнх-Эрдэнийн аав, ээж ах дүү нар орж ирсэн. Тэгээд удалгүй цагдаа болон түргэн тусламж ирээд эмч үзээд Пүрэвдоржийг өнгөрсөн байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсгийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ний бусдыг цохиж байгаа үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан харах ёстой, боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн гэж үзэхээр байх тул шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг бусад болгоомжгүй үйлдлийн улмаас “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг болгож хөнгөрүүлэн өөрчиллөө.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан байдаг.

Мөн шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох талаар гаргасан улсын яллагчийн санал гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Иргэдийн төлөөлөгч: Гэм буруутай гэж үзэж байна гэв.

 Иймд шүүгдэгч *******өнх-Эрдэнийг Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон оршуулгын зардалд нийт 7.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Прокуророос:  “нэг жил хорих ял оногдуулах саналтай байна.” гэв.

Өмгөөлөгчөөс: “прокурортой санал нэг байна” гэх санал гаргасан

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******өнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримт болох цэнхэр өнгийн малгайтай цамц, улбар шар өнгийн футволк, саарал өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн дотоож, ногоон эрээн өнгийн өмд, хар өнгийн тэлээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь 31 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

*******д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл ангийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******өнх-Эрдэнийн урьд цагдан хоригдсон нийт 31 /гучин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримт болох цэнхэр өнгийн малгайтай цамц, улбар шар өнгийн футволк, саарал өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн дотоож, ногоон эрээн өнгийн өмд, хар өнгийн тэлээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох тул шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         А.БАТМАНДАХ

 

             ШҮҮГЧИД                                Ч.АЛДАР

 

                                                                              М.СОЛОНГОО.