| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0220/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/264 |
| Огноо | 2023-08-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Хохирогч М.Б*****,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Н.Б****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н*****н Б******өд холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Н.Б****** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “АПУ” ХХК-ийн агуулахын хашаанд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М.Б*****тэй бусдын тээврийн хэрэгслийн эд зүйл зөвшөөрөлгүй авлаа гэх шалтгаанаар маргалдаж түлхэн дээрээс нь дарж унаснаас болж эгэм далны холбоосны урагдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б****** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “АПУ” ХХК-ийн агуулахын хашаанд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М.Б*****тэй бусдын тээврийн хэрэгслийн эд зүйл зөвшөөрөлгүй авлаа гэх шалтгаанаар маргалдаж түлхэн дээрээс нь дарж унаснаас болж эгэм далны холбоосны урагдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 12 дугаар сард л юм. Тухайн үед би Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Апугийн агуулахын хашаанд том автобус задлах ажил хийж байсан. Тэгээд манай дарга Буян гээд залуу намайг гэрт очоод гэрийн цоожны гол сольчхоод хүрээд ир гэхээр нь очиж цоожных нь голыг сольчхоод буцаад автобус задалж байсан газраа ирэхэд хөх өнгийн портертоо 2 хүн задалж байсан автобусны хажуу талаас автобусны хөнгөн цагаан, зэс утас зэргийг ачаад зогсож байхаар нь би тухайн үед дарга байхгүй байхад хэний зөвшөөрлөөр юу ачаад байгаа юм гэж бодоод нөгөө хоёр дээр очиж энэ асуудлын талаар хэлэхэд нэг настай ах нь уранхай ноорхой цоорхой хувцастай та нар шиг би залуу байсан бол би ийм ажил хийхгүй гэх зэргээр хэл амаар доромжлоод эхлэхээр нь би тухайн үед тэр хүний урдаас би ноорхой цоорхой хувцастай байж болно гэхдээ хулгай хийгээгүй шүү, ажлаа хийгээд байж байна. Та эзнийг нь ирэхээр нь авах юм аа авч учрыг олоод ачаад яв гэж хэлсэн чинь нөгөө ах миний үгийг тоохгүй бид харилцан хэрэлдэж байхад тэр ах намайг дээлийн захнаас барьж заамдаад хоолой боосон. Тэгэхэд нь би урдаас нь адилхан заамдах гэсэн боловч миний гар энгэр заамд нь хүрэхгүй дээрээс нь боолт ороод манараад эхлэхээр нь заамдаж байсан гарыг хөшөөд хажуу тийшээ түлхсэн чинь нөгөө ах газарт унахдаа хажууд байсан жорлонгийн мод руу мөргөөд унасан. Би дээр гарч унасан. Тэгэхдээ би унасан байхад нь нэг гараараа нүүр лүү нь цохих гэж байснаа болиод татаж босгож ирсэн. Тэгээд бид хоёрын маргаан дуусаад нөгөө хоёр ах машиндаа суугаад явсан. Удалгүй нөгөө ах машинтайгаа буцаж ирээд чи миний эгэм хугалсан байна. Чамайг цагдаад өгнө гээд миний зургийг утсан дээрээ аваад байсан. Тэгээд байж байхад Буян ах ирээд бид нарыг болиулаад тэр хоёр хүнийг явуулсан...Тухайн үед хохирогч намайг боогоод унгаахаар нь би түлхсэн. ...хохирогчоос уучлалт хүсэж байна гэв...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Б*****ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хуучнаар 6 худалдагчтай дэлгүүрийн хашаан дотор очиж Баттогтох гэх хүнээс автобусны сэлбэг худалдаж авахаар мөнгө төгрөгөө шилжүүлээд уулзаад өөрийнхөө унаж явсан портер загварын тээврийн хэрэгсэл дээр тухайн автобусны сэлбэгийг тавиад цааш эргээд Баттогтохын задалчихсан байсан автобусыг тойрч сонжиж хараад эргээд өөрийнхөө тээврийн хэрэгсэл дээр очиход миний тээврийн хэрэгслийн тээшин дээр тавьсан байсан автобусны сэлбэгийг нэг үл таних эрэгтэй газар буулгаад дээр нь хөлөөрөө гишгээд байж байсан. Баттогтох тухайн үед хашаандаа байхгүй ойрхон гараад явчихсан байж таарсан ба тэр үл таних эрэгтэй миний Баттогтохоос авсан тээврийн хэрэгслийн сэлбэгийг өгөхгүй ингээд хүмүүс бид нарыг байхгүйд хулгай хийгээд байдаг юм. Та бас хулгай хийх гэж байна уу гэсэн. Би түүнд үнэн учраа хэлээд тайлбарлахад ерөөсөө намайг ойлгоогүй. Тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэр эрэгтэй өөрийгөө Баттогтохын хашаанд задалж байсан автобусыг хөлсөөр задалж байгаа хүн нь гэж надад танилцуулсан. Би түүнтэй маргаад учраа олж чадаагүй ядаж байхад тухайн үед Баттогтох хашаандаа байгаагүй тул асуудал хурцадсан. Тэгээд нөгөө эрэгтэй намайг сүүлдээ заамдаж аваад пизда чинь юу гээд хуцаад байгаа юм бэ гээд хавирч газар унагасан. Би баруун мөрөөрөө газар унасан ба тэр эрэгтэй миний дээрээс давхар унасан... Дараа нь Эмнэлэгт үзүүлэхэд баруун мөрний дээд холбоос тасарч, мөр мултарч, яс хугарсан. Үүний улмаас би улсын хоёрдугаар төв эмнэлэгт хагалгаанд орж мөрний ясаа хадуулсан...Би тэр дороо гэмтсэнийхээ дараа нөгөө намайг гэмтээдэг эрэгтэйтэй хамт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж эмнэлгийн туслалцаа үйлчилгээ авсан...Бид хоёр хоёулаа л маргалдаж заамдалцаж байгаад, шүүгдэгч намайг хавсаргаж унагаагаад би газарт унасан...Миний эгмийн яасанд төмөр тавьж хадаж болохгүй байсан учир би Улаанбаатар хот явж эмчлүүлэхээр болоод шүүгдэгчээс 1,000,000 төгрөг гуйсан. Тэгсэн чинь шүүгдэгч утсаа унтраагаад алга болчихсон. Би хохирогчтой маш сайхан хандсан. Тухайн хэргийн улмаас би ажил хийдэг байсан бол ажлаа эрхлэхгүй нөхцөл байдал үүссэн. Би одоо шүүгдэгчээс 8,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа, надад ямар нэгэн баримт байхгүй, би гарах зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ. Эмчилгээний зардал 5,000,000 төгрөг гарсан талаар шүүгдэгчид хэлсэн...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хохирогч М.Б***** эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 176,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас),
Гэрч Б.Баасангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.Б***** гэж хүнийг нэг нутгийн гэдгээр нь таньдаг. Намайг бага байхад жолооч ажилтай хүн байсан юм. Н.Б****** гэж танихгүй. Хуучин аврахын хашаанд автобус задлах ажил хамт хийсэн. Би ажлын зараар очиж ажилласан юм. Тэгэхэд Н.Б****** /Мөөжиг/ гэж залуутай хамт автобус задалсан. Б***** нь анх бид нар дээр орж ирэхдээ та нар их нүгэл хийж байна даа гэх зэрэг зүйлийн юм ярьж орж ирсэн. М.Б***** нь нэг хөх өнгийн портер машинтай орж ирсэн. Тэгсэн М.Б***** нь тэнд байсан эрэг боолт хамж авч мөн төмөр зэргийг машин дээрээ ачаад байсан. Тэгэхэд Мөөжиг гэж залуу тэнд байхгүй байж байгаад гаднаас орж ирсэн санагдаж байна. Б****** нь та юун хүн бэ, энэ автобусыг задлуулж байгаа эзэн нь байхгүй байна. Би сая утсаар ярилаа удахгүй ирнэ гэж байна. Та ирэхээр нь эзнээс нь асууж байгаад наад юмнуудаа авчих гэсэн чинь М.Б***** би өөрөө мэдэж байна. Энэ чинь миний юм байгаа юм гэх зэргээр маргаан үүсэж М.Б***** гуай чинь өөрөө Б****** гэж залууг заамдаж авч боож нэг удаа цохих шиг болсон. Цохиход нь нөгөө залуу нь хойшоо болж бултсан. Тэгээд Н.Б****** нь боолгож байгаад хажуу тийшээ зайлж тавиулах үед М.Б***** нь Н.Б******ийн далан дээгүүр давж газарт унасан. Тийм л зүйл болсон. Тэр өөрөөр зодолдож цохилцсон зүйл бол байхгүй. Тэгээд тэр хоёр салцгааж М.Б***** гуай машинаа асааж гарч яваад удалгүй буцаж орж ирээд миний эгэм хугарсан байна гээд маргалдаад байсан. М.Б***** гуай тухайн хэрэг болох үед бид нарыг боолын ажил хийж байгаа биз дээ гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4047 дугаартай дүгнэлтэд: “
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 40-р хуудас), эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хх-ийн 41-р хуудас), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 42-р хуудас), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 43-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б****** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “АПУ” ХХК-ийн агуулахын хашаанд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М.Б*****тэй бусдын тээврийн хэрэгслийн эд зүйл зөвшөөрөлгүй авлаа гэх шалтгаанаар маргалдаж түлхэн дээрээс нь дарж унаснаас болж эгэм далны холбоосны урагдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Б******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч М.Б*****ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас),
Гэрч Б.Баасангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4047 дугаартай дүгнэлт (хх-ийн 28-29-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Н.Б****** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Н.Б****** нь хохирогч М.Б*****ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч М.Б***** нь эмчилгээний зардал 8,000,000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх боловч шүүхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч М.Б***** нь дээрх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.Б******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 176,000 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч М.Б*****эд 176,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 47-48-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б******өөс 176,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б****** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б****** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авга хариад овогт Н*****н Б******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н*****н Б******ийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б****** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Б******өөс 176,000 (нэг зуун далан зургаан мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Эрүүгийн ********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Б***** нь эмчилгээний зардал 8,000,000 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.Б******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б******өд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР