Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 133/ШШ2020/00158

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 4-р баг, Хүйсийн говь гэх газарт оршин суух Тугчин овогт Д.Агийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Сум дундын ойн ангид холбогдох

 

Говь-Алтай аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож ойн ангийн шүтээний өндөрлөгийн харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2018 оны 01 дүгээр сарын 02-нд Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт Шүтээний өндөрлөг цогцолборын харуулын ажилд түр хугацаагаар томилогдоод 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр жинхэнэ харуулаар ажиллах болсон. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/11 тоот Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргын тушаалаар бүтэцийн өөрчлөлтөөр Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангид шилжиж 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар шүтээний өндөрлөгийн харуулаар 3 сарын хугацаатай түр томилогдсон. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Учир нь намайг анх ажилд томилохдоо 3 сарын хугацаатай түр томилсон мөртлөө 2019 оны 10 сарын 17-ны өдөр Шүтээний өндөрлөгийн харуулын ажилтай биднийг дуудаж ажлаа хүлээлгэж өг гээд бидний ажлын техник хэрэгслийг хурааж аваад тушаалыг чинь өгнө гээд өгөхгүй байсаар 12 сарын 11-нд удаа дараа шаардсаны дагуу хүлээлгэн өгсөн болно. Намайг шилжиж очоод ажилд орсноос хойш надтай ямар ч хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, хөдөлмөрийн гэрээгээ хийе гэж шаардаад байхад хийгээгүй гэтэл шүүхэд хандана холбогдох материалаа авъя гэтэл ажилд томилогдсон тушаалтайгаа он сарын зөрүүтэй хугацаа зөрүүтэй овог нэр өөр хөдөлмөрийн гэрээ гэсэн 4 хуудас гэрээг надад өгсөн болно. Ийм учир би уг тушаалыг Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж байгаа юм. Уг тушаалыг хүчингүй болгож намайг Говь-Алтай аймгийн сун дундын ойн ангийн Шүтээний өндөлөгийн харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шийтгэл, эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцачийн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны тогтоолоор Есөнбулаг сумын Тохижилт үйлчилгээний газрын ногоон байгууламжийн тасаг аймгийн сум дундын ойн ангид жилжиж ирсэн. Тус тасгийн шилжиж ирсэн 19 хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн туршилтын хугацаагаар ажилд түр томилсон юм. Туршилтаар түр томилсон хугацаанд шүтээний өндөрлөгт харуулаар ажиллагдаг 4 харуул нь ажлын байраа рхин явдаг, олон нийтийн арга хэмжээнд бараг оролцдоггүй, удирдлагаам тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, хоорондоо ажил хүлээлцдэггүй зэрэг алдаа дутагдлыг байнга гаргадаг байсан. Д.А нь 09 сарын 23-27-ны өдөр хүртэл 5 хоногийн цалингүй чөлөө авч хөдөө явж ирээд ажлаасаа 1 жилийн чөлөө авахыг хүссэн. Иймд ойн ангийн дарга миний бие эдгээр 4 харуул, түүнийг нэг болох Д.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлахаар уулзан ярилцсан. Д.Ад 1 жилийн чөлөө өгөхгүй гэхэд ажлаасаа гарна гээд адхин хөдөө явж 10 сард ажлаа хийлгүй ажил тасалсан. Харин үлдсэн 3 харуул нь туршилтын 3 сараа дуусгая гэсэн санал тавьсан тул үргэлжлүүлэн 11-р сарыг дуустал ажиллаад үүрэг ажлаасаа чөлөөлөгдсөн. 12 сарын 10-нд бусад харуулуудад 11-р сарын цалин өгсөн мөртлөө надад яагаад өгөхгүй байгаа юм гэж утасдсан. Би хариуд нь хүн ажил хийж цалин авдаг болохоос барьцаж цалин авдаггүй юм гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулж чадахгүй удсан нь тус байгууллагын дандсанд “Ногоон байгууламж”-ийн ажлчидын цалин орж ирсэн, удирдлага нь үндсэндээ шилжин ирсэн мөртлөө албан ёсны тогтоол захирамж гарахгүй удсантай холбоотой. Тус хэргийг зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.А нь Говь-Алтай аймгийн сум дундын Ойн ангид  холбогдуулан Говь-Алтай аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож ойн ангийн ногоон байгууламжийн шүтээний өндөрлөгийн харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.А нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргын тушаалаар Шүтээний өндөрлөг цогболборын харуулын ажилд томилогдон ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/11 дугаартай тус газрын даргын Бүтэц орон тоо, ажлын норм нормчлол, цалин шинэчлэн тогтоох тухай тушаалаар ажлын байр нь Говь-Алтай аймгийн сум дунды ойн ангид шилжиж ногоон байгууламжийн шүтээний өндөрлөгийн харуулаар Говь-Алтай аймгийн сум дундын Ойн ангийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар томилогдож  ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн болох нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай Д.Аг ажлаас чөлөөлөх тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.А нь Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан болох нь гэрч Г.А-ийн “... 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.А ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авна гээд Говь-Алтай аймгийн сум дундын ойн анги дээр надаар хүргүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Н-ийн “...Д.Аг ажлаас чөлөөлсөн тушаалыг би 2019 оны 12 дугаар сарын эхээр гардуулж өгсөн, тус тушаал дээр гардуулан өгсөн он сар өдрийг бичээд гарын үсгээ зурсан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн “...Би ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан” гэх тайлбар, хариуцагчийн төлөөлөгч Б.Эын “...уг тушаалыг хугацаа хожимдуулж 2019 оны 12 дугаар сарын эхээр өгсөн нь үнэн...” гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч уг нэхэмжлэлээ 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн анги нь 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн Б/04 дугаартай тушаалыг ажилтанд өгөх үүргээ ажил олгогч биелүүлээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Д.А нь ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан “... хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Аг ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Шүтээний өндөрлөгийн харуул ажилтай Д овогтой А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/585 дугаартай  Говь-Алтай аймгийн Засаг даргын “Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай” захирамжаар Сум дундын Ойн ангийн орон тоог 24, үүнээс харуул 8 гэж баталсан байх бөгөөд  Шүтээний өндөрлөгийн харуулын ажлын байр нь байнгын ажлын байр болох нь дээрх тушаал, хариуцагчийн төлөөлөгчийн “энэ бол байнгын ажлын байр” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар хугацаагүй байхаар заасан байна.

Гэтэл Д.Аг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тушаалаар томилон ажиллуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар түр томилон ажиллуулсан байна.

Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 зааснаар Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байхаар заасан байгаа боловч Д.А болон ажил олгогч нарт энэ тохиолдол байхгүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хуульд заасан үндэслэл байхгүй байна.

Мөн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай. Гэтэл хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлаагүй байгаа нь хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Д.Аг Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангийн шүтээний өндөрлөгийн харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу Д.Агийн 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 3 сар 15 хоногийн олговор 991.938 /есөн зуун ерөн нэгэн мянга есөн зуун гучин найман мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ.

 

Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо дээрх журмыг баримтлан хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Агийн  01327454 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2019 оны 08, 09, 10 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангид даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 991.938 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 28.356 төгрөг, нийт 98.556 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангиас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Тугчин овгийн Д.Аг Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангийн шүтээний өндөрлөгийн харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 991.938 /есөн зуун ерөн нэгэн мянга есөн зуун гучин найман мянган/ төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Д.Ад олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Агийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангид даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 991.938 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 28.356 төгрөг, нийт 98.556 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангиас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Н.ОЮУНБИЛЭГ