| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/153 |
| Огноо | 2023-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/153
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Орчуулагч, хэлмэрч Б.Ж,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А..Дорждэрэм Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жадик байхара овогт Базарханы Рд холбогдох эрүүгийн 2313001790159 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-3, эцэг, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын .... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Жадик Байхара овогт Базарханы Р, регистрийн дугаар БВ01320614,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Р нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Үхэр чулуу” гэх газарт хохирогч М.Етай маргалдаж, улмаар түүний толгой тус газарт гараараа цохиж, тархины доргилт, баруун хацар орчим шархтай, зүүн доод зовхи, хамрын нуруунд зулгаралттай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Прокурор А.Дшүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч Б.Р шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид яллах дүгнэлтэнд дурдсан 395200 төгрөгийг төлж өгөх болно. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Рыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хохирлын хувьд яллах дүгнэлтэнд дурдсан 395200 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313001790159 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд улсын яллагчаас:
4. Иргэн М.Еаас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2023 оны 05 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 55 минутад гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дах тал/,
5. Хохирогч М.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-07, 24-25, 27 дахь тал/,
6. Хохирогч М.Еаас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн СД-д хуулбарласан видео бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15, 17 дахь тал/,
7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
8. Шүүгдэгч Б.Ры мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
9. Шүүгдэгч Б.Р, түүний өмгөөлөгч Т.Б нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
10.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
11. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Рд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
12. Шүүгдэгч Б.Р нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Үхэр чулуу” гэх газарт хохирогч М.Етай маргалдаж, улмаар түүний толгой тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
13. Иргэн М.Еаас 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 55 минутанд гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
14. Хохирогч М.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“...2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Үхэр чулуу” гэх газарт мал хариулж явж байхад манай багийн иргэн Б.Р малаа туулж явж байхаар нь хэдэн адуугаа асуух гэж очиж мориноос буугаад мэндлэхийн хооронд учир зүггүй ирээд чи надад уулзахгүй гэж бодсон уу, өмнө миний ахыг яаж зодсоныг мэдэж байгаа биз гээд намайг заамдаж аваад гараараа миний нүүрэн тус газарт 2, 3 удаа цохиж, газар унагааж аваад олон удаа цохиж, өшиглөж байхад дагуулж явсан нохой нь ирж миний өмднөөс хазахаар нь өшиглөөд салгасан юм. Тэгээд би халааснаас утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд миний утсыг булааж авах гэж оролдож үзээд дийлэхгүй болохоор нь сүүлдээ надаас уучлалт гуйсан. .Тухайн газарт Б.Р бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй. Би Раар зодуулсны улмаас аймгийн төвд ирж “Нурлы” эмнэлэгт нуруу, толгойныхоо томограф зургийг авхуулахад 45000 төгрөг болсон. Мөн тухайн үед би зодуулж байсан бичлэгээ СД дискэнд хуулбарлахад 10000 төгрөг болсон. Бас шүүхийн шинжилгээний дүгнэлтийн хураамж 10500 төгрөг төлсөн байгаа юм. Мөн энэ хэргийн улмаас аймгийн төвд эмнэлэгт үзүүлэхээр ирэх, мөн хэд хэдэн удаа аймгийн төвд болон Баяннуур сумын төвд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлттэй танилцах зэрэг ажлаар явахдаа өөрийн 2003БӨТ улсын дугаартай Л200 загварын тээврийн хэрэгслээрээ явж байсан ба нийтдээ 552000 төгрөг болсон байгаа. Мөн хөдөөнөөс аймаг сумын төв рүү явах болгонд малаа хүнээр харуулж байсан. Би энэ хэргийн улмаас сумын төв рүү 4 удаа, аймгийн төв рүү 3 удаа нийтдээ 7 удаа явсан байгаа юм. Ингэхдээ хүнээр малаа хариулгасан төлбөр 350000 төгрөг болсон байгаа. Миний малыг ахын хүү хэд буюу миний дүү М.Бердаулет 3 удаа /3 өдөр/, хадам дүү А.Шалхар 4 удаа /4 өдөр/ хариулсан байгаа. Би М.Бердаулет, А.Шалхар нарт нэг хоног нь 50000 төгрөгөөр тохиролцоод нийтдээ 350000 төгрөгийг өөрийн зарсан ноолуурын мөнгөнөөс бэлнээр төлсөн юм. Тийм учраас би Раас дээрх хохирлууд болох нийт 967500 төгрөгийг нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-07, 24-25, 27 дахь тал/,
15. Хохирогч М.Еаас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн СД-нд хуулбарласан видео бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15, 17 дахь тал хуудас/,
16. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаартай “...М.Еы биед тархины доргилт, баруун хацар орчим шархтай, зүүн доод зовхи, хамрын нуруунд зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
16. Шүүгдэгч Б.Ры мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үхэр чулуун гэх газраас малаа туугаад отроос буугаад ирж байхад манай багийн иргэн М.Е гэх залуу морьтойгоо давхиж ирээд чи манай хаваржааны газарт малаа яагаад хариулаад байгаа юм вэ? гэж хэлээд намайг заамдаж барьж аваад өмсөж явсан цамцыг маань урсан тул урандаа болоод түүний нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа цохиж, газар унгааж нуруу тус газарт нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн, тэгээд бид хэрэлдэж маргалдаад зогсож байхад миний мал маань уул руу гараад явахаар нь би малынхаа араас явсан. Тухайн үед бид хоёрын ойролцоо ямар нэгэн хүн байгаагүй, тийм ч учраас бид нарын хооронд болсон зодооныг харсан хүн байхгүй. Тухайн үед Е намайг заамдаж л бариад авсан. өөр ямар нэгэн байдлаар гар хүрч цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
17. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
18. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
19. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
20. Шүүгдэгч Б.Р нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
21. Шүүгдэгч Б.Ры үйлдлийн улмаас хохирогч М.Еы биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
22. Шүүгдэгч Б.Ры үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
23. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
24. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
25. Шүүгдэгч Б.Ры гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Еы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь 967500 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, үүнээс аймаг болон сум руу ирж буцахад төлсөн шатахууны баримтуудыг гаргаж өгсөн мөн шүүгдэгч Б.Р нь хохирогчид яллах дүгнэлтэд дурдсан 395200 төгрөгийг нөхөн төлж өгөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Раас 395200 төгрөг гаргуулж, хохирогч М.Ед олгож, бусад хор уршиг, хохирлоо нотлох баримтуудаа гаргаж ирүүлээгүй тул хохирогч Е нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
26. Шүүгдэгч Б.Р нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
28. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Рд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
29. Шүүгдэгч Б.Р урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 50дахь тал),
30. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Р нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргав.
31. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож түүнд оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэв.
32. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Рд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
33. Шүүгдэгч Б.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
34. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Р нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
35. Шүүгдэгч Б.Рд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Бы Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Рыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Раас 395200 /гурван зуун ерэн таван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж хохирогч М.Ед олгож, бусад хор уршиг, хохирлоо нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Р нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, , хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
6. Шүүгдэгч Б.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д