| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2019/00386/И |
| Дугаар | 133/ШШ2020/00004 |
| Огноо | 2019-12-23 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 133/ШШ2020/00004
2019 оны 12 сарын 23 өдөр Дугаар 133/ШШ2020/00004 Говь-Алтай аймаг
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багт оршин суух Тайжууд овгийн Л.Б /РД: ДР45123106/ хүсэлттэй
Цагаатгалын нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, прокурор Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний аав Г овогтой Л нь 1938 онд Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 12-р сарын 12-ны өдрийн 38-р хурлын тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэгдэж байсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01-р сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж хорих ял эдэлж байсан хэлмэгдэгчдийн үр хүүхэд 40.000.000 төгрөг олгохоор хуульчилсан. Өмнө нь цагаатгалын нөхөх олговорыг 2000 онд авч байсан бөгөөд одоо авахад садан төрлийн холбоо тогтоолго гэсний дагуу тус шүүхэд садан төрөл тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Миний хувьд Зууны мэдээ сонины 2019 оны 10-р сарын 11-ний өдрийн №202-т нэхэмжлэгчээр зарлагдсан учир Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговорыг олгох асуудлыг садан төрөл тогтоох шийдвэртэй хамтад нь шийдвэрлэх талаар нэхэмжлэл гаргаж байна. Цагаатгалын нөхөх олговор 40.000.000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эгч Л.Б хотод амьдардаг. Өндөр настай хүн байгаа юм. Эгч явж чадахгүй учраас шүүх хуралдаанд өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр намайг оролцуулахаар болсон. Эгч Л.Быг хэлмэгдэгч Г.Лтэй садан төрлийн холбоотой болохыг тогтоолгож, цагаатгагдсаны нөхөн олговор 40.000.000 төгрөгийг гаргуулахаар төлөөлөл нь болж шүүх хуралдаанд оролцож байна гэжээ.
Прокурор Б.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1944, 1956 оны хүн амын тооллогоор Л.Ч, Л.Б, Л.Р, Л.Т гэх хүмүүсийн бүртгэл байгаа. Л болон Д гэх нэрээр бүртгэгдсэн байсан. Нөхөн олговрыг хувааж авах талаар нотариатаар батлуулж, гарын үсэг зурсан баримтад Л.Мэгзэм 1958 онд төрсөн гэх иргэний үнэмлэхийн хуулбар байж байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад Л.Ч, Л.Б, Л.Рэ, Л.Т нар нь одоо амьд болон нас барсан эсэх талаарх баримт дурдагдсангүй. Л.М нь Л.Бтай төрөл садангийн хамааралтай эсэх талаар лавлагаа хэргийн материалд байхгүй байна. Иймд нөхөн олговорыг авах эрх бүхий этгээдүүд нь хэн, хэн гэдэг нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн төрөл садангийн тухай лавлагаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Л-ийн овог нь Г гэж байгаа. 1933 оны хүн амын тооллогод Г гэж байсан. 1944 оны хүн амын тооллогод Гомбосүрэн гээд овгууд нь ялгаатай байна. 1944 оны хүн амын тооллогод Гомбосүрэнгийн Дэмбэрэл гэсэн нэрээр бүртгэгдсэн байна. Лын төрсөн эцэг гэх лавлагаанд Г. Л гээд сонин дээр гарсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүний нэр нь Г. Л гээд нэрний зөрүүтэй асуудал байгааг шүүх анхаарах байх гэж бодож байна. Хэдэн хүүхэд төрснөөс хэн, хэн нь амьд байгаа болон хэд нь нас барсан талаар лавлагаа байхгүй байгаа учраас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 40.000.000 төгрөгийг олгох боломжгүй, нотлох баримт дутуу байна гэж прокурорын зүгээс үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Б нь садан төрөлийн холбоо тогтоолгох, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Г.Лийн цагаатгалын нөхөх олговрын 40.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Л.Б нь Г. Л төрлийн холбоотой буюу өөрийн аав мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан нь хэрэгт баримтаар авагдсан Төрөл садангийн тухай 05/001490 дугаартай лавлагаан дээр эцэг/ эх/-ийн нэр гэсэн дээр Гомбо нэр гэсэн дээр Л, овог гэсэн дээр Тайжууд эцэг/ эх/-ийн нэр гэсэн дээр Л, нэр гэсэн дээр Б-ын эцэг мөн болохыг тодорхойлов гэжээ.
Үндэсний төв архивын 2019 оны 07 сарын 24-ны өдрийн 03-6/2894 дугаартай лавлагаанд 1933 оны хүн амын тооллогод Гонсүрэнгийн Л, 36 настай лам гэж бүртгэгдсэн, Үндэсний төв архивын 2019 оны 07 сарын 24-ны өдрийн 03-6/2896 дугаартай лавлагаанд 1944 оны хүн амын тооллогод Гомбосүрэнгийн Дэмбэрэл 47 настай эрэгтэй гэж бүртгэгдсэн, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05/001534 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаанд Гомбо Л нь 1971 оны 04 сарын 05-ны өдөр нас барсан талаар бүртгэсэн байгаа бөгөөд дээр Гонсүрэнгийн Л, Г. Д нар нь овог нэрийн зөрүүтэй бүртгэгдсэн Г.Л мөн болох нь дээрх лавлагаануудаар нотлогдон тогтоогдож байна
Иймд Г.Л нь Л.Бын эцэг буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Г.Лийг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 12 дугаа сарын 12-ны өдрийн 38 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэж, хэргийг хянаад ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын 1942 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 05/3008 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байна.
Лийн Төрбат /РД: ДР54032513/, Лийн Мэгзэм /РД:ХЗ58051308/ нар нь Улс төрийн хилс хэрэгт хэрэгт хэлмэгдсэн хүмүүс болон тэдний үр хүүхдэд нөхөн олговор олгох шийдвэр гаргасантай холбоотой эгч Л.Бд сонинд зарлуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг бүхий л эрхийг олгож байгаа талаар итгэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хийж гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 32 дүгээр тогтоолоор баталсан журмын 9 дүгээрт зааснаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийн материал бүрдүүлбэрийг хянан үзэж, холбогдох хууль журам, тогтоолд заасан материалын шаардлагыг хангасан нэхэмжлэгчдийн нэрсийг өдөр тутмын сонинд зарлаж, зарлагдсанаас хойш нэг сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэжээ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад Л.Бын нэрийг бүртгэсэн тухай Зууны мэдээ сонины 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №202/6169 дугаарт нийтэлсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор ямар нэг маргаан гараагүй, нэхэмжлэгчээс өөр хэлмэгдэгчийн нөхөх олговрыг авах эрх үүссэн, нэхэмжилсэн этгээд байхгүй байна.
Мөн түүнчлэн Говь-Алтай аймгийнсум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 14-ны 32 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч Л.Б улс төрийн хилс хэрэг хэлмэгдэгч Г.Лийн цагаатгалын нөхөх олговор нэг сая төгрөгийг авах эрхтэй байна гэж үзэж нэг сая төгрөгийг олгож шийдвэрлэж байжээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23.1-д ...Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэж заасан бөгөөд Л.Б уг заалтын дагуу орон сууцны дэмжлэг туслалцаа авч байгаагүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б тайлбарлаж байна энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т ...Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно гэж 13.2.2-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгоно гэж заасан бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж, одоо хүртэл орон сууцгүй байгаа бол дээрх хуульд зааснаар 40.000.000 төгрөг олгохоор байна.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д зааснаар хүсэлт гаргагч Л.Бын эцэг Г.Лийн цагаатгалын нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй байна гэж үзэж хүсэлтийг хангаж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Санхүү төрийн сангийн хэлтсээс 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Л.Бт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт зааснаар Гомбосүрэнгийн Лувсанддэмбэрэл нь Тайжууд овогтой Л.Бын эцэг буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоосугай.
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Санхүү төрийн сангийн хэлтсээс хэлмэгдэгч Г. Л-н нөхөх олговорт 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Тайжууд овгийн Л.Бт /РД:ДР45123106/ олгосугай.
2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ