| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2019/00455/И |
| Дугаар | 133/ШШ2020/00091 |
| Огноо | 2020-01-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 133/ШШ2020/00091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг *** сум ***багт оршин суух, Тугтан овогт Н.Эын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг *** сум *** багт оршин суух, Тугтан овогт Н.Бэд холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Э нь 1986 оны 09 сарын 06-нд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт төсрөн. Эхнэр Н.Бтэй 2006 оны 08 сарын 01-ний өдөр гэр бүл болсон. Бидийн хамтын амьдралын хугацаанд 2006 оны 08 сарын 18-ны өдөр хүү Э.С, 2008 оны 08 сарын 20-ны өдөр хүү Э.Г нар төрсөн. Эхний жилүүдэд сайхан амьдарч байсан боловч гэр бүлээсээ тусдаа хотод ажиллах хугацаанд хардах бие биенээ үл ойлголцох зэргээс болж бидний хамтын амьдрал дуусгавар болсон. Би хүүхдийн асрамж дээр маргахгүй, нэхэмжилж авах эд хөрөнгө байхгүй тул бидний гэр бүлийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар тайлбартаа: Нөхөр Н.Этой 2006 онд гэр бүл болсон. Тэр хугацаанд том хүү Н.С нь 2006 оны 08 сарын 18-нд төрсөн харин бага хүү Э.Г нь 2008 оны 07 сарын 20-нд төрсөн. Түүнээс хойш 9 жил хамт амьдарсан. Гэр бүлийн маргаанаас болж 2015 оноос хойш тус тусынхаа амьдарлаа хөөсөн. Хоёр хүү маань миний асрамжинд байдаг хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Н.Бэд холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Н.Б нар нь 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 18 дугаартай гэрлэлтийн бүтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Тэдний дундаас 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, хүү Э-ын С төрсөн болох нь 0208003-59 дугаартай төрсний гэрчилгээний нотариотаар батлуулсан хуулбар, 2008 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, хүү Э-ын Г төрсөн болох нь 0136491-53 төрсний гэрчилгээний нотариотаар батлуулсан хуулбарууд болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, уг хугацаа дуусахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг зохигчид гаргасан байна.
Гэрлэгчдэд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явуулсан байх боловч амжилтгүй болсон, гэрлэгчид 2015 оноос хойш тусдаа амьдарч байх бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хүү Э.С, Э.Г нар нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эхийн асрамжид байгаа, мөн нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байгаа болон ахуй нөхцөл, анхаарал халамж зэргийг харгалзан Э.С, Э.Г нарыг эх Н.Бийн асрамжид үлдээх нь зүйтэй байна. Хэдийгээр зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар маргахгүй гэсэн байгаа боловч хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс шүүх хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлэхгүй, талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эод оруулах нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар /***/ *** овогт Н.Э, /РД:***/, *** овогт Н.Б нарын Говь-Алтай аймгийн *** сумын 2006 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ***-рт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, хүү Э. С, 2008 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, хүү Э. Г нарыг эх *** овогт Н. Б-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, хүү Э-ын С, 2008 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, хүү Э-ын Г нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг *** овогт Н.Эоос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлэхгүй, талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Бэд даалгасугай.
6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Н.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч Н.Эыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эод олгосугай,
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Түвшинтөрд даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН