Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2020/00018

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай Прокурорын газрын төлөөлөгч Б.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Шарга сум, 4 дүгээр баг, Улаан туг гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Тунгалаг рашаант” ХХК-д  холбогдох

Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, алдангид, нийт 25.353.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тунгалаг рашаант ХХК-ний захирал Г.С нь Говь-Алтай аймгийн шарга сумын Засаг дарга М.Тунгалагтамиртай 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” сарын 0.25 хувийн хүүтэй, 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн гэрээ байгуулсан байна. Гэрээ байгуулснаас хойш 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээл 3.000.000 төгрөгийг төлөх хуваарьт заасан хугацааг хэртүүлэн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлөх үндсэн зээл 2.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төлөх үндсэн зээл 2.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 605.000 төгрөгийн хүү төлөхөөс 569.900 төгрөгийн хүү төлж, 35.100 төгрөгийн хүү төлөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулан “Тунгалаг рашаант” ХХК-ний захирал Г.Стэй байгуулсан “сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-г цуцлулах. Гэрээ цуцлахтай холбоотойгоор зээлийн үндсэн төлбөр 12.000.000 төгрөг, төлөөгүй үлдсэн 35.100 төгрөгийн хүү, алданги 13.500.000 төгрөг нийт 25.535.100 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ц.Сгээс болон 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ганбаатараас Б.От тус тус олгосон итгэмжлэлд тэдгээрийг төлөөлж гарын үсэг зурах эрх огт олгогдоогүй. Иймд Б.О нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг зээл төлөөгүй, үүргээ биелүүлээгүй нь үнэн гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах ерөнхий журмыг огт баримтлаагүй байна. нэг тал нөгөө талдаа мэдэгдэх гэрээнээс татгалзах ерөнхий журмыг баримтлаагүй нь хууль зөрчсөн. Гэрээнээс татгалзах эрхээ алдаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Б.Оийн нэхэмжлэлтэй Тунгалаг рашааныт ХХК-д холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, алдангид, нийт 25.353.100 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрыг төлөөлөж хяналтын прокурор Б.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Тунгалаг рашаант ХХК-д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, алдангид, нийт 25.353.100 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын төлөөлөгч хяналтын прокурор Б.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д дахь хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын хүсэлтийн дагуу төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар хариуцагчийн эд хөрөнгийн байдал доройтсон үндэслэлээр Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, алдангид, нийт 25.353.100 төгрөгийг “Тунгалаг Рашаант” ХХК-с гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэл гаргаж байгаа хяналтын прокурор Б.Оийг Говь-Алтай аймгийн Прокурорын газрыг төлөөлөх эрхгүй, мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заассан журмыг баримтлаагүй тул зээлийн гэрээг цуцлах үндэслэлгүй гэж маргажээ.

 

Тунгалаг рашаант ХХК нь сум хөгжүүлэх сангаас зээл авсан үйл баримт нь Говь-Алтай амгийн Шарга сумын Засаг даргы орлогчХ.Төртулга, нягтлан бодогч Л.Оюунбилэг, Тунгалаг рашаант ХХК-ний захирал Г.Санхүү нарын гарын үсэг зурсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ мөн зохигчдийн төлөөлөгчдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэжээ заажээ. Прокурорын газар уг иргэний хэрэгт төрийг төлөөлөн оролцож байна. Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/231 дугаар албан бичгээр ирсэн хүсэлтийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

 Хяналтын прокурор Б.О шүүхэд төлөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ орлогч Прокурор Ц.Сгийн гарын үсэгтэй 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/416 дугаартай итгэмжлэлийн дагуу хяналтын прокурор Б.О нэхэмжлэл гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэсэн заалтыг хангаж байх тул Говь-Алтай аймгийн Прокурорын газрын төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гарах эрхтэй этгээд бөгөөд прокурор Б.О нь энэ үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. .

 

Өөрөөр хэлбэл 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ганбаатарын албан тушаалын үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэхээр орлогч прокурор Ц.Сд хариуцуулсан Монгол Улсын Ерөнхий Прокурорын  Б/252 дугаартай тушаал гарсан байх бөгөөд энэ тушаалыг үндэслэн хяналтын прокурор Б.От Говь-Алтай амгийн Прокурорын газрыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/416 дугаар албан бичгээр олгожээ.

 

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болсон гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа боловч Тунгалаг рашаант ХХК-ын эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болсон байдал нь хавтаст хэрэгт баримтаар нотлогдохгүй байна.

 

Хэрэгт  цугларсан дансны хуулгуудаас харахад хэдийгээр 3 удаа эргэн төлөлтийн хуваариас хэтэрч төлсөн байгаа боловч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлж байгаа байдал нь Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар эд хөрөнгийн байдал доройтсон гэдэг нөхцөл байдлыг үгүйсгэж байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад 3 удаа зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хоцорсон нь зээлдэгч “Тунгалаг рашаант” ХХК нь гэрээнд заасан үндсэн үүрэг болох зээлийн эргэн төлөлтийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй байдал нь иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар

гэрээнээс татгалзах үндэслэлд хамаарахаар байна.

Гэвч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж байгаа талаараа хариуцагч “Тунгалаг рашаант” ХХК-д мэдэгдээгүй буюу хуульд заасан журмыг баримтлаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.  

      

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрыг төлөөлөгж Б.Оийн нэхэмжлэлтэй, Тунгалаг рашаант ХХК-д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, алдангид, нийт 25.353.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тунгалаг рашаант ХХК-д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, алдангид, нийт 25.353.100 төгрөг гаргуулах тухай Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН