| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоогийн Өрнөндэлгэр |
| Хэргийн индекс | 151/2016/00670/и |
| Дугаар | 223/МА2018/00004 |
| Огноо | 2018-03-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 223/МА2018/00004
| 2018 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 223/МА2018/00004 Зуунмод |
МХС-н
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2016/01028 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч МХС-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч “ҮГ” ХХК холбогдох,
“Зээл, зээлийн хүү, алдангийн нийт 48 480 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Б.Төмөр-Очир, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.
Нэхэмжлэгч МХС шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мал хамгаалах сангаас 2011 оны 06 сарын 08-ны өдрийн Хүнс хөдөө аж ахуйн сайдын А90 дүгээр тушаалаар хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг ҮГ ХХК-д олгож, 30.000.000 төгрөгийг 2,4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээл олгосон. Зээлийн төлөлтийг нэг ч хийгээгүй. Манай байгууллагаас төлөхийг удаа дараа шаардсан. 2015 онд тооцооны үлдэгдлийн баталгааг хийж, 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор багтаан төлөхөөр баталгаа хийлгэсэн. Гэтэл нэг ч төлбөр хийгээгүй. Үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 3.480.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 48.480.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчаас монгол мал хөтөлбөрийн 02201102 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаанд тавьсан гэрчилгээний дугаар 000608571400 улсын дугаартай зочид буудлын газар, склад газрын 300 м2 газар эзэмшлийн барилгуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар хүсэлт гаргаж байна.” гэв.
Хариуцагч “ҮГ” ХХК-ийн захирал Б.Төмөр-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: “МХС-н нэхэмжлэлд холбогдох зээлийн асуудал нь тус компанийн Үдлэг услалтын системд 2005-2006 онд хийсэн их засварын үлдэгдэл төлбөрийг манайд ХХААЯам төлөөгүйгээс өдий хүрсэн тул бид энэ чирэгдэл хохирлоо барагдуулж байж тэр эх үүсвэрээр төлөхөөс өөр аргагүй байдалтай байгаа юм. Энэ зээлээр тариалалт явуулахын тулд тус Үдлэг услалтын системд зайлшгүй засвар хийхэд хүрсэн ба тэнд 20-иод сая төгрөгийг зарцуулсан боловч усалгааны найдвартай байдлыг бүрэн хангаж чадаагүй улмаар үер буусны улмаас тариалсан царгасны 80% нь үерт урсан нэрвэгдэж ургац алдсан. Мөн тус компанийн захирал Б.Төмөр-Очир би тогонд цохиулсны улмаас 2 гараа 3-р зэргийн түлэгдэлд оруулж үүний улмаас 4-5 жил эмчилгээ хийлгэсэн ба огт ажил хийгээгүй учраас санхүү нэн хүндэрсэн. Иймд тус зээлийг 2 жилийн хугацаагаар түдгэлзүүлж, манай гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг хариуцагч ХХААЯамнаас Үдлэг услалтын системд 2005-2006 онд хийсэн их засварын үлдэгдэл төлбөрийг манайд эцэслэн төлсний дараагаар төлөх буюу Хүнс хөдөө аж ахуйн яам, МХС ба манай ҮГ компани гурвуул хамтдаа шийдэхэд зайлшгүй хууль хяналтын байгууллагын шийдвэр шаардлагатай байгаа болно. Төрийн захиргааны төв байгууллагын хайхрамжгүй хийгээд сонгуулиас сонгуулийн хооронд ажилладаг албан тушаалтан солигдохоор аливаа асуудлыг залгамж шинж чанараар шийдвэрлэдэггүй нэн хүнд сурталтай байдлын улмаас 2 талд ихээхэн хохирол гарсан тул бид шүүхийн байгууллагыг шударга хариуцлагыг эрх тэгш хүлээлгэх зарчмаар шийдвэрлэн иргэн байгууллагын санхүү нэн хүндэрсэн нь үер ба аюул ослын улмаас болсон бодит байдлыг хүмүүнлэг талаас нь хүндэтгэх шалтгаан болохыг харгалзан үзнэ гэж найдаж байна.” гэжээ
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-т тус тус зааснаар Үлдэгийн гэгээ ХХК-аас 48 480 000 төгрөгийг гаргуулж Мал хамгаалах санд олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Үлдэгийн гэгээ ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийн дагуу ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө буюу зээлийн гэрээний нэг хэсэг болох барьцааны гэрээний 2.1, 2.2-т заасан Зочид буудлын барилга, склад, конторын барилга, 0.4 га эзэмшил газар зэргийг худалдан борлуулах замаар гүйцэтгүүлэхийг дурдаж,
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч ҮГ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 400.305 төгрөг гаргуулж Төрийн санд оруулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч “ҮГ” ХХК-ийн захирал Б.Төмөр-Очир давж заалдах гомдолдоо: Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлд холбогдох зээлийн асуудлаар гаргасан Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 04-ны өдрийн Дугаар 151/ШШ 2016/01028 тоот шийдвэрт давж заалдах эрх сэргээсэн шүүгчийн захирамж гарсан тул дээрх шийдвэртэй холбогдох асуудлаар давж заалдаж байна.
Тус компанийн “Үдлэг” услалтын системд 2005-2006 онд хийсэн их засварын үлдэгдэл төлбөрийн үлдэгдэл 25 000 000 төгрөгийг манайд ХХААЯам төлөөгүйгээс өдий хүрсэн тул бид энэ чиглэлд хохирлоо барагдуулж байж тэр эх үүсвэрээр дээрх зээлийг төлөхөөс өөр аргагүй байдалтай байгаа тул түүний алданги 12 500 000 төгрөгийг нэмж 37 500 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл буюу энэхүү гомдлыг гаргаж байна. ХХААЯам манай "ҮГ" компанитай гэрээ байгуулан "Үдлэг" услалтын системд засварын ажилд 50000000 төгрөгийн санхүүжилт хийх байснаас, үep бууж ихээхэн хохирол гарсныг далимдуулж дараа жил ажлаа хийчих тэр үед нь олгоно гээд бид үлдэгдэл төлбөрөө авахын тулд ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүрсэн ба тэнд дахин 60 гаруй сая төгрөг зарцуулсан боловч үлдэгдэл 30 гаруй сая төгрөгийн санхүүжилтыг өдий хүртэл олголгүй биднийг чирэгдүүлэн хохироосон, зарим бичиг баримт алга болсноос нилээд цаг зарцуулж ирсэн юм.
Иймд тус шүүхийн 2016 оны 10-р сарын 04-ны өдрийн Дугаар 151/ШШ 2016/01028 тоот шийдвэрт давж заалдах эрх сэргээсэн шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргасан манай "ҮГ" компанид холбогдох асуудлаар давж заалдах шатны хурлыг хийж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, эрх зүйн маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ” Мал хамгаалах сан” нь хариуцагч “ҮГ” ХХК холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48 480 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан ба хариуцагч “ҮГ” ХХК нь 2005-2006 онд “Үдлэг” услалтын системд хийсэн их засварын үлдэгдэл төлбөрийг ХХААЯамнаас төлөөгүйгээс нэхэмжлэлд холбогдох зээлийн асуудал нь өдий хүрсэн тул энэ хохирлоо барагдуулж байж төлөхөөс өөр аргагүй байдалтай байгаа, ...манай гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг ХХААЯамнаас их засварын төлбөрийг эцэслэн төлсний дараа төлөх... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзсан байна.
Зохигчид 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагч “ҮГ” ХХК “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд “Малын таримал тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон 30 000 000 төгрөгийг 60 сар буюу 5 жилийн хугацаатай, жилийн 2,4 хувийн, сарын 0,2 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг жил бүрийн 6 сарын 1-ний дотор гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлж, гэрээний хугацаа дуусахад нийтдээ зээлийн гэрээний үндсэн үүрэг буюу зээл, хүүд 32 160 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ./хх-ийн 6-8, 13-р тал/
Дээрх гэрээнд зээлдэгч зээлийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй, хугацаа хожимдуулсан бол алданги тооцохоор талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан зохицуулалтад нийцжээ.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “ММХ”-2011/22 дугаартай барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч талын үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалжээ. / хх-ийн 9-11-р тал/
Гэрээний талууд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээг үндэслэн тухайн гэрээтэй холбоотой шаардах эрхийг нөгөө талынхаа эсрэг хэрэгжүүлэх боломжтой байдаг нь гэрээний эрх зүйн ерөнхий зарчим байдаг тул шүүх аливаа гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх харилцааг зөв тодорхойлох, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл, шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэх, гэрээний үүргийн зөрчлийг тогтоох, эрх зүйн үр дагавар зэрэгт хуульд нийцсэн дүгнэлт өгч, нэхэмжлэлийг хангах эсэхийг шийдвэрлэх учиртай.
Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай зарим асуудлын талаар дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч талуудын хооронд үүссэн зээл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцээгүй байна. Гэвч эрх зүйн шийдлийн хувьд зөв байх тул шийдвэрийг хөндөх шаардагагүй байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлдүүлэгч тал нь ХХААЯамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан, зээлдэгч талд “ҮГ” ХХК оролцож эрх бүхий этгээдүүд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан, мөн ХХААЯам гэрээг баталгаажуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардлагад нийцсэн хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч “МХС болон хариуцагч “ ҮГ” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэх нэхэмжлэгч ХХААЯамны “Мал хамгаалах сан”-гийн шаардлагын үндэслэлийг хариуцагч “ҮГ” ХХК нь тайлбар болон нотлох баримтаар үгүйсгэж маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээгээр зээлдэгчээс зээлийн гэрээний үндсэн үүргийн биелэлт болох зээл, хүү, гэрээгээр тохирсон нэмэгдэл үүрэг буюу хариуцлага болох алдангийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тус тус шаардах, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шаардах эрхтэй.
Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа гэж тодорхойлж, хууль хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талын мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нотлох баримт бүрдүүлэх ажиллагаанд шүүхийг оролцуулахаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэх явдал өөрийнх нь ажлын зохион байгуулалт, хариуцлагаас шууд хамааралтай ба шүүхийн үйл ажиллагаанаас шалтгаалсан зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх 2016 оны 06 сарын 23-ны өдөр хариуцагчид холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 07 сарын 01-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч Б.Төмөр-Очирт нэхэмжлэлийг гардуулан мөн өдрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч баримт үйлджээ. Хариуцагч нэхэмжлэлийн талаар хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Хариуцагчийн тайлбарт сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа талаар дурдагдсан боловч сөрөг нэхэмжлэлээ гаргаагүй, тайлбарт дурдсан ХХААЯамнаас авах ёстой авлага нь нэхэмжлэгч ХХААЯамны “Мал хамгаалах сан”-д хамааралтай болох нь нотлогдоогүй байна. Хэдийгээр байгууллагын бүтэц зохион байгуулалтын хувьд “Мал хамгаалах сан” нь ХХАЯамны харьяаных байх боловч ХХААЯам болон “Мал хамгаалах сан” нь эрх зүйн хувьд нэг этгээд гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөр этгээд байна.
Анхан шатны шүүх эхний шүүх хуралдааныг иргэний хэрэг үүсгэснээс хойш 48 дахь хоног дээрээ буюу 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хийхээр товлон зарласан боловч хариуцагч “ҮГ” ХХК-ийн захирал Б.Төмөр-Очирын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, сөрөг нэхэмжлэл гаргах гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2016 оны 09 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 41 хоногоор хойшлуулж хариуцагчийн эрхийг хангажээ. / хх-ийн 41-42-р тал/
2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Төмөр-Очир хүрэлцэн ирсэн боловч нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаан дахин хойшилж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийхээр товлогджээ. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргахаар ажиллаж байгаа, захирал Б.Төмөр-Очир өвчтэй гэх шалтгаанаар 28 хоногоор хойшлуулах тухай хүсэлтийг хариуцагч “ ҮГ” ХХК шүүхэд ирүүлснийг шүүх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШЗ2016/03081 дугаар захирамжаар шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмаар мэдэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулахаар шийдвэрлэсэн байна.
Дээрх ажиллагаанаас үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангасан байна.
Хэргийн оролцогчид шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах талаар хүсэлт гаргах эрхтэй хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацааг баримтлах үүрэгтэй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасан журмаар сунгаагүй атлаа 41 хоногоор хэтрүүлсэн зөрчил гаргажээ.
Шүүх хуралдааныг хойшлуулах ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацааны дотор явагдах учиртай бөгөөд шүүх хуралдаан хойшлуулах ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацааг сунгах үндэслэл болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “ҮГ” ХХК-ийн захирал Б.Төмөр-Очирын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн зохигч болох хариуцагч “ҮГ” ХХКшүүхийн шийдвэрийг гардуулах, хүргүүлэх ажиллагааг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 119.4, 119.6-д заасны дагуу явуулсан талаар хэрэгт баримт байхгүй, харин хариуцагчийн өмгөөлөгч А.Нацагдоржид 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрийг гардуулан өгсөн байна./хх-ийн 70 дугаар тал/ Хариуцагчийн өмнөөс түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг хуульд заасанд хугацааны дотор гардан авч байгаа тохиолдолд шүүх зохигч түүнд энэ эрхийг олгосон эсэхийг шалгах, түүнчлэн давж заалдах гомдлын хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ ч мөн уг асуудлыг давхар шалгах учиртай. Гэтэл хариуцагч “ҮГ” ХХК-ийн давж заалдах гомдлын хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид энэ талаар тодорхой тусгагдаагүй нь ойлгомжгүй болжээ./хх-ийн 97-99-р тал/
Нэхэмжлэгчийн хүсэлтээр анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 151/ШЗ2017/01186 дугаартай захирамж гарсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2016/01028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч “ҮГ” ХХК нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШЗ2018/00884 дугаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Ц.ӨРНӨНДЭЛГЭР