Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 208

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Өлзий-Орших,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Өлзий-Оршихын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох эрүүгийн 1909036001015 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

........ овгийн ........... ............ 19........ оны .......... дугаар сарын ...........-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кровн” авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар баг, Өлзийтийн задгайд оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 519-04 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../;

Б.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кровн” авто засварын газрын ажлын байран дээрээ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16-17 цагийн үед амь хохирогч С.Батнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжин тус газар нэг удаа өвдөглөж, энгэр хэсгээс нь заамдаж хойш нь түлхэн доош дарж толгойн тус нь гараараа нэг удаа цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............овгийн ................ хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бт 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон нийт 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сургийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Бт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тухай эрх бүхий байгууллагад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мэдэгдэхийг прокурорт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Вондерпүүл” гэсэн бичигтэй хар өнгийн хатуу диск буюу сиди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээж, тамхины иш 1 ширхэг, газар туссан шингэн зүйлээс дээж авсан марл 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Өлзий-Орших давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Бын сэтгэл санаа хүчтэй цочрон давчидаж хүнийг алсан гэж үзэх үндэслэлтэй гэж мэтгэлцдэг...” гэж дурьджээ. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан байдаг ба харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон өмгөөлөгч миний зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр огт маргаагүй хүлээн зөвшөөрч, зөвхөн ял хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон байдаг. Өмгөөлөгч миний зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, түүнчлэн тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн зүгээс зүй бус үйлдлээр доромжилж байсан нь нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг танилцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан тус хуулийн зорилгод нийцүүлэн хорих ялын доод хэмжээний 3/2-оос багагүй хорих ялаар шийтгүүлэх боломжтой талаар санал дүгнэлт танилцуулсан байдаг. Улсын яллагчийн зүгээс өмгөөлөгчийн саналд эсрэг байр суурьгүй бөгөөд тус хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа талаараа анхан шатны шүүхэд дүгнэлт танилцуулсан боловч шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурьдаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж болно”, тус зүйлийн 1.4 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан байна. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон зүйл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл байх ба хорих ялын хэмжээ нь 8-15 жилийн хугацаатай байна. Энэ нь тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд хууль зүйн хувьд боломжтой гэж үзэхээр байна. Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд Б.Б нь амь хохирогчид ах хүний хувьд итгэж амдралын эмзэг сэдэв болох “үр хүүхэд олохгүй байгаа, дагавар хүүхэдтэй хүнтэй суусан талаараа ярьж байсан боловч тэрхүү эмзэг сэдвээр нь ажлын газрын хамт олон болон засварын газраар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийн хажууд удаа дараа доромжилж” байсан, мөн шүүгдэгч нь энэхүү амьдралын асуудлаасаа болж ихэд шаналдаг байсан төдийгүй үүнээс болж ар гэрт жижиг маргаан гарч байсан болон аав, ээж, найз нөхөд ойр дотны хүмүүстээ хэлж зөвлөлдөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг. Үүнээс аваад үзвэл, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ бусдын амь насанд халдах шууд санаа зорилгогүй байсан ба харин өөрийн үйлдэх үйлдлийн улмаас учрах хор уршигт болгоомжгүй хандсан байна. Мөн амь хохирогчид эмнэлгийн тусламж өөрийн биеэр үзүүлсэн болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Дээрхээс аваад үзвэл, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн гэмт хэргийн нөхцөл байдал болон хохирол төлсөн байдлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой юм. Шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаар аваад үзвэл, хавтас хэргийн 54-58 хуудас, гэрч хамтран амьдрагч Т.Дарьсүрэнгийн мэдүүлэг “Б.Б нь зан байдлын хувьд даруу төлөв зантай, хүнд тусархуу, найз нөхдийн дунд нэр хүндтэй, шударга, гэр бүлдээ халамжтай хүн байгаа юм. Хамт амьдарч байх хугацаанд хүүхдэд маань төрсөн эцэг шиг анхаарал халамж тавьж хайрладаг байсан ба надад гар хүрч байгаагүй. Мөн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирж байгаагүй, намайг янзан бүрийн хараал хэлж доромжилдоггүй, гэр бүлдээ анхаарал халамж сайн байдаг байсан юм” гэх, хавтас хэргийн 38-40 хуудас, ажлын газрын Д.Мөнхжаргалын мэдүүлэг “Бархас бол ажилд гайгүй, архи дарс хэрэглэж харагдаагүй. Ажлын дотор хамт олонтойгоо харьцаа сайтай хүүхэд” гэх, хавтас хэргийн 41-46 хуудас, ажлын газрын Р.Эрдэнэбаярын мэдүүлэг “Талийгаач Батням нь байнга шахуу амны уншлага болтлоо үрээ үзээд үхээрэй гэж хэлдэг байсан. ... Б.Б тэвчээд өнгөрдөг байсан. Б.Б архи тамхи хэрэглэдэггүй” гэх, хавтас хэргийн 59-61 хуудас, шүүгдэгчийн аав Д.Баярсайрханы мэдүүлэг “Миний хүү болох Б.Б нь 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймагт айлын отгон хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжээд Түвшинширээ сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2004-2013 онд суралцаж төгсөөд 2013 оноос 2016 онд Солонгос-Монголын техникийн коллежийг авто засварчин мэргэжлээр суралцан төгссөн юм. Тэгээд 2016-2017 онд Хилийн цэргийн 0132 дугаар ангид алба хаасан юм. Цэргээс халагдаж ирээд Улаанбаатар хотод авто засварын газруудад засварчин хийдэг байсан. Хамгийн сүүлд Кровн авто засварын газарт ажиллаж байсан. Зан байдлын хувьд төлөв даруу, хүнтэй нийтэч, хамт олныхоо дунд нэр хүндтэй, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Архи, тамхи хэрэглэдэггүй” гэх, хавтас хэргийн 65-66 хуудас, багш Г.Цолмонгийн мэдүүлэг “Б.Б нь манай сургуулийн авто засварчингийн ангид 2014-2016 онд суралцаж байгаад төгссөн юм. Зан байдлын хувьд аливаа ажилд зөв чиг хандлагатай, бусадтай найрсаг, анги хамт олон дотроо нэр хүнд сайтай, даалгасан ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэдэг манай тэргүүний оюутнуудын нэг юм. Бархас бол техник сэтгэлгээ сайтай, мэргэжлийнхээ хичээлүүдэд илүү сонирхолтой байсан юм. Сургуулиа төгсөхдөө улсын шалгалтаа А үнэлгээтэй өгч байсан юм” гэх, хавтас хэргийн 115 дугаар хуудас, ял шийтгэлгүй гэх тэмдэглэл, хавтас хэргийн 124 хуудас, коллежийн тодорхойлолт “Суралцаж байх хугацаандаа сурах арга барил сайн эзэмшсэн, сурах идэвхтэй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, тэргүүний суралцагч болохоо харуулсан. Зан ааш төлөв даруу, хамт олны дунд нэр хүнд сайтай, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Сургууль дүүргээс явуулсан тэмцээнд амжилттай оролцож байсан. Автомашины засварчны улсын ур чадварын уралдаанд багаараа 3 дугаар байр эзэлсэн” гэх, хавтас хэргийн 130 дугаар хуудас, сурагчийн хувийн хэрэг “хамт олны дунд нэр хүндтэй нөхөрсөг, хамтач харицааны харилцаа сайн, найз нөхөд хамт олонтойгоо эвсэг сайн харилцаатай, бие даасан даруу төлөв зантай, эелдэг сайн сурагч” гэх, хавтас хэргийн 136 хуудас, байгууллагын даргын өргөмжлөл “эрэгтэй гүйлтийн төрөлд дэд байр” гэх зэрэг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хувийн байдал сайтай нь нотлогдож байна. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдохоос өмнө өөрийн хамтран амьдрагч Т.Дарьсүрэн болон 4 настай дагавар хүүхдийн хамт амьдардаг байсан. Мөн төрсөн ээж нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд хөдөө мал дээр байдаг ба биеийн байдал их муу тухайлбал зүрх судасны өвчтэй, хэт их жинтэй, өвчний улмаас өөрөө босч алхаж чаддагүй хүн байдаг. Айлын бага хүүгийн хувиар төрсөн эх дээрээ сардаа 2 очиж бие хааг нь асарч сувилдаг байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд, эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан байна. Шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хуулиар хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон тухайн гэмт хэргийн нөхцөл байдлыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлэн ялын хэмжээг багасгах зохицуулалт ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд оруулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд оршсон байна. Иймд миний үйлчлүүлэгч Б.Бын тохиолдлын шинж чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдал, 22 настай залуу хүүхдийн хувьд цаашид засарч хүмүүжин нийгэмших байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан 5 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хоригдож байх хугацаандаа засарч, хүмүүжиж байгаа. Миний зүгээс болон ар гэрийн зүгээс хохирогчид хохирол төлбөрийг төлсөн. Цаашид талийгаачийн хоёр хүүхдэд туслаж, дэмжлэг үзүүлж байх болно. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчид оногдуулсан ялыг хуульд зааснаар хөнгөрүүлэх боломжтой бол хөнгөрүүлж өгнө үү. Надад гомдол, санал байхгүй.” гэв.

 

Прокурор П.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргаагүй. Дээрх байдлуудыг харгалзаж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэх давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд тайлбар байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кровн” авто засварын газрын ажлын байран дээрээ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16-17 цагийн үед амь хохирогч С.Батнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжин тус газар нэг удаа өвдөглөж, энгэр хэсгээс нь заамдаж хойш нь түлхэн доош дарж толгойн тус нь гараараа нэг удаа цохиж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяагийн “...миний төрсөн ах Гантулга над руу залгаад “С.Батням ухаан алдчихсан байна, хувцсаа өмсөөд гараад ир” гэж хэлсэн. Би ажлаасаа гараад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Сөүл” эмнэлэгт очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан ба манай нөхөр С.Батням нас барсан байсан. ...” /1хх 32-34/,

 

гэрч Д.Мөнхжаргалын “...намайг ажлын үүдэнд тамхи татаад зогсож байх үед маргалдах дуу нилээн чангарахаар нь эргээд хартал Бархас Батнямыг заамдаж аваад доош нь дарчихсан, гараараа цохих гээд далайж байхаар нь би очоод “хөөе Бархасаа чи яаж байгаа юм бэ, та нар боль” гэж хэлээд салгасан. Батням тухайн үед яамнаасаа цаашаагаа унаад ухаангүй хэвтсэн учир бид нар сандарсан. Бархас аягатай ус барьж ирээд Батнямын нүүр рүү цацсан боловч сэргээгүй. ...” /1хх 38-40/,

 

гэрч Р.Эрдэнэбаярын “...гэтэл Бархас амь хохирогчийн дээрээс дараад унасан. Би тухайн үед “болиоч” гэж хэлэхэд Бархас босоход амь хохирогч тамхиа барьсан чигтээ газарт унасан. Бид нар амь хохирогчийг босгож суулгахад амь хохирогч сэргэхгүй байхаар нь нүүр рүү нь ус цацсан боловч сэргээгүй. Гэтэл Бархас өргөөд сэгсрэхэд ямар ч үйлдэл хийхгүй байхаар нь арын өрөөнд оруулж даргыг дуудсан. ...” /1хх 41-43/,

гэрч П.Ганболдын “...очиход амь хохирогч суугаа байдалтай ухаангүй байх шиг байхаар нь хэвтүүлж цээж хэсэгт зүрхний иллэг хийхэд сэргэхгүй болохоор нь “Сөүл” эмнэлэг рүү Бархас, Алтан-Эрдэнэ нар авч явсан. Тэгээд хяналтын камер үзэхэд 16 цаг 26 минутын үед амь хохирогчийг Бархас нэг удаа цохиж байгаа харагдсан. ...” /1хх 47-49/,

 

гэрч Б.Алтан-Эрдэнийн “...Бархас гэнэтхэн орж ирээд амь хохирогчийг цохих шиг болсон ба талийгаач босч ирээд сууж байсан газраа суунгуутаа тэр чигээрээ унаад ухаан алдчих шиг болсон. Бид нар сэргээх гэхэд сэргэхгүй байхаар нь Бархас өрөөнөөс аягатай ус авч ирж, амь хохирогчийн нүүр рүү цацсан ч сэргэхгүй байсан. Тэгээд түүнийг өргөөд өрөө рүү нь оруулж хэвтүүлсэн. Нүүр нь цонхийсон байдалтай байсан. ...” /1хх 51-53/,

 

гэрч М.Сайраны “...Би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа хийж байх үед 16 цаг 57 минутын үед биеийн байдал тааруу хүн ирлээ гэж манай үйлчлэгч хэлсний дагуу би тус хүнийг очиж үзэхэд 20-40 орчим насны хоёр эрэгтэй, 40 орчим насны ухаангүй эрэгтэй хүнийг хоёр талаас нь сугадсан байдалтай байсан. Үзлэг хийхэд хүүхэн хараа өргөссөн, гэрлийн урвалд өөрчлөлтгүй, амьсгалгүй, зүрхний цохилтгүй, бие нь хөрсөн байдалтай байсан. Уг өвчтөнд сэхээн амьдруулах ажиллагааг 10 минутын турш хийсэн боловч сэргээгүй тул 103 түргэн тусламжийн дугаарт мэдэгдсэн юм. ...” /1хх 62-64/,

 

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...тухайн үед Батням нь намайг “дагавар хүүхэдтэй, үрээ үзээд үхээрэй” гэх зэргээр миний эмзэг сэдвээр намайг доромжлоод байхаар нь би бачимдаад, өөрийгөө барьж дийлэхгүй болоод Батням руу очоод “чи ер нь яагаад намайг доромжлоод байгаа юм” гэж хэлээд хоёр гараараа Батнямын хувцасны энгэр хэсгээс нь заамдаад баруун өвдгөөрөө зүүн цээж хэсэг рүү 1 удаа өвдөглөөд, цааш нь машин өргөгч төхөөрөмж рүү заамдсан байдалтайгаар дараад Батнямын толгойн ар дагз хэсэг рүү баруун гарын алганы дотор хэсгээрээ 1 удаа дунд зэрэг цохисон юм. ...” /1хх 104-105/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2089 дугаартай “...Талийгаач С.Батнямын цогцост 2 тал бөмбөлгийн зулай, чамархай, дух, дагз, бага тархи, суурийн хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, 2 хажуу ховдолд цус харвалт, духны хуйханд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд ахуйд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, мөргөгдөх, унах үед үүсэх боломжтой. Баруун чамархайн зулгаралт, хэвлийн цус хуралт гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Талийгаачид задлан шинжилгээгээр зүрхний булчингийн сорвижил архаг өвчин тогтоогдлоо. Үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. ...Талийгаач нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн байдлаар нас бараад 3-5 цаг орчим болсон байна. ...” /1хх 75-78/ гэх дүгнэлт,

 

камерын бичлэгт үзлэг хийсэн “...Б.Б нь амь хохирогч Батнямын толгой хэсэгт хоёр гараараа хүрч байгаад баруун өвдөг хэсгээрээ нүүр хэсэг рүү 1 удаа өвдөглөж, заамдан цааш түлхэн амь хохирогч Батнямын дээр нь гарч, толгой хэсгийг нь доош дарж байгаа нь, ...ажлын хувцастай эрэгтэй хүн очиж, Б.Бын өмдний ар хэсгээс татахад Б.Б нь баруун гараараа амь хохирогч Батнямыг цохиж байгаа нь бичлэгт бичигдсэн байв. ...” /1хх 28-29/ гэх тэмдэглэл,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Бын амь хохирогч С.Батнямын цээжин тус газар нь нэг удаа өвдөглөж, заамдан хойш түлхэн доош дарж толгойн тус газар нь гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл учруулан, уг гэмтлийн улмаас зүрх судасны дутагдалд оруулж амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Өлзий-Орших “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх тул хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар тухайн зүйлд заасан хорих ялын хэмжээний хамгийн бага буюу 8 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Өлзий-Оршихын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Өлзий-Оршихын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

 

 ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

 ШҮҮГЧ                                                           Д.МЯГМАРЖАВ