Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Жаргал,

Хохирогч Ц.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ю.Батболд /1958/

Шүүгдэгч Б.Мөнгөншагай, түүний өмгөөлөгч Л.Амартогос /0075/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хонин онход овгийн Баярцогтын Мөнгөншагайд холбогдох эрүүгийн 201626022349 дугаартай хэргийг 2016 оны  12 дугаар сарын 01 -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх нийгмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Овоотын 5-26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан бүрэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хонин Онход овогт Баярцогтын Мөнгөншагай  /РД:ИЮ89010219/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө таксины үйлчилгээ үзүүлсэн иргэн Ц.Оюунчимэгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэд бэлгийн харьцаанд орсонгүй буюу үгэнд орсонгүй гэж илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид хөнгөн гэмтэл  учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнгөншагай  мэдүүлэхдээ: “2016 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө найз Алтанбагана Уртбаяр нарын хамт бааранд ороод шөнө 03 цагийн үед гараад найз Уртбаярыг гэрт нь хүргэж өгөхөөр такси бариад явсан. Гэр нь Өргөөгөөс хойш байдаг бөгөөд хүргэж өгөөд буцаж явж байхдаа дотор муухайраад жолоочийг зогсоод өгөөч гэж байсан. Тэгээд нэг сэрэхэд бөхийн өргөө орж байна гэсэн. Тэгээд нэг сэрэхэд таксины мөнгө өг бинзен хийнэ гэж байсан. Тэгээд би ийм их тойрсон мөнгөө өгч чадахгүй гэж хэлээд анх суусан газраа бууна гээд би жолооч Оюунчимэгтэй маргалдаад түүний нүүрэн тус газар нь цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Оюунчимэг мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 25 дугаар эмийн сангийн орчимоос Мөнгөншагай найзын хамт суусан. Тэгээд Энхбаярын замаар явж байгаад машин хүч алдаад явахгүй болсон тул нөгөө залуу нь буугаад үлдсэн. Тэгээд буцаж явж байтал Мөнгөншагай зам шахаад зогсчих хоёулаа унтая гэхээр нь би юу яриад байгаа юм гэхэд би унтлаа гээд унтаад өгсөн. Тэгээд хүн гар өргөхөөр нь аваад Зайсан хүргэж өгсөн. тэгээд Бөхийн өргөө явна гэсэн тул дөхөөд сэрээхэд юун бөхийн өргөө вэ анх суусан газраа бууна гэсэн ба бинзен дуусаж байхаар нь сэрээгээд 5000 төгрөг аваад бинзен хийгээд суусан газар нь очоод буу гэхэд би чамд санал тавьсан биз дээ, мөнгө төгрөг өгье гээ биз дээ гэхээр нь би чи юу гээд байгаа юм би амармаар байна гэхэд нүүр лүү цохиод хамар амнаас цус гарсан. Энэ залуу буугаад явсан ба утсаа машинд үлдээсэн байхаар нь цагдаа дуудсан. Хохиролд 1.600.000 төгрөг төлсөн. Одоо гомдол санал байхгүй. Шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

            Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Оюунчимэг мэдүүлэхдээ: “....Би 2016 оны 8 сарын 26-27-нд шилжих шөнийн 02 цагийн үед 25 дугаар эмийн сангаас дээшээ өгсөөд таксинд явж байтал Хаан нэртэй зочид буудлын урд үл таних 25-30 орчим насны 2 согтуу залуу намайг таксинд явах уу гэхээр нь би явна гэсэн. Тэгээд тэр 2 залуу миний машинд орж ирж суугаад хаашаа явах вэ гэтэл Өргөө явна гэсэн. Тэгэхээр нь би Энхбаярын зам руу гэр хороолол руу ороод явж байсан машин явахгүй бүр болохоо байгаад эгч нь энэ газар луу явж чадахгүй нээ, гэтэл нөгөө 2 залуугийн ард суусан залуу нь за за эгчээ ингээд би буучихъя гээд буусан. Миний машины урд суусан байсан Мөнгөншагай гэх залуу нь миний машинд үлдээд хүргүүлэх газраа хүргүүлээд таксины тооцоо хийх байсан болохоор Мөнгөншагай гэдэг залуугаас чи хаашаа явах юм гэтэл яв л гээд байсан. Тэгээд би Энхбаярын замаар уруудаж байтал Мөнгөншагай гэдэг залуу миний гуяыг бариад чи ингэс гээд нэг газар зогсчих гэхээр нь би чи настай хүнийг яагаад байгаа юм бэ гэтэл нас бол тоо хоёулаа тохиролцоё, би чиний халтуурны чинь мөнгийг, бензины чинь мөнгийг өгье гээд миний гуя, хөлнөөс бариад байхаар нь би машин барьж явж байхад чи одоо болиочээ чи гараа авч бай би зогсох газраа зам чөлөөлөөд зогсоё гээд яваад байсан. Мөнгөншагай миний машины сандалыг хойш нь хэвтүүлчихээд гараа миний гуя руу явуулж бариад чи зогсох болоогүй байна уу гээд байсан. Би бүр сандараад айгаад би зогсоно гээд л машинаа жолоодож явсаар байгаад хорооллын бичилийн зам руу орж ирээд зогсоод Мөнгөншагайг чи одоо машинаас буу өөр таксинд суу би чамаас мөнгө авахгүй гэтэл Мөнгөншагай би буухгүй хоёулаа унтъя гээд буухгүй байсан. Тэгээд Мөнгөншагай миний машинаас буулгүй унтаад өгсөн. Би Мөнгөншагайг машинаас буулгүй унтаад өгөхөөр нь бичилээс хүн гар өргөхөөр нь аваад зайсангийн хөдөө аж ахуйн их сургуулийн автобусны буудал дээр буулгаад цаашаа Мөнгөншагайг Бөхийн өргөө рүү явна гэж анхнаасаа хэлсэн юм чинь бөхийн өргөө рүү аваачиж өгнө гэж бодоод бөхийн өргөө рүү явж байгаад Баянмонгол хорооллын ойролцоо явж байгаад Мөнгөншагайг би татаж, сэрээгээд хөөе чи одоо сэр чи Бөхийн өргөө орно гэсэн биз дээ Бөхийн өргөө рүү дөхөж байна гэхэд Мөнгөншагай сэрээд юун Бөхийн өргөө вэ гэсэн. Тэгэхээр нь би Мөнгөншагайд чи Бөхийн өргөө орно гээ биз дээ гэтэл би бөхийн өргөө орохгүй би чиний машинд анх суусан газраа очно гэж хэлсэн. Тэгээд би 13 дугаар хорооллоос шууд төв замаараа ороод явсаар байгаад 25 дугаар эмийн сангийн дээшээ өгсөөд Петровисийн шатахуун түгээх станц руу машины бензин дуусаад ирж өөртөө байсан 5000 төгрөг бас Мөнгөншагайгаас нэхэж байж 5000 төгрөг аваад машиндаа бензин хийгээд Мөнгөншагайг чи одоо миний машинаас буу чиний ээж шиг хүн байж байхад ямар муухай юм бэ гэтэл Мөнгөншагай над руу би чамтай тохиролцоё гэж хэлээ биз дээ аятайхан газар зогсоод ор засаад унтая гэж хэлээд байхад гээд байсан. Би Мөнгөншагайг миний машинд анх суусан Хаан зочид буудлын гадна буулгах гэсэн боловч буулгүй яваад байхаар нь би 25 дугаар эмийн сангаар буцаж уруудаж явж байгаад эргээд 25 дугаар эмийн сан руу дээшээ өгсдөг автобусны буудал руу эргээд зогстол миний нүүр лүү нэг зүйл тас гээд л явчихсан Мөнгөншагайг чи яаж байгаа юм бэ гэтэл чи миний үгэнд орохгүй байгаа биз дээ гэхээр нь би чиний үгэнд орно гээд би бүр тэвэрч авч үнсэж чи одоо намайг битгий зод л доо би чиний үгэнд орно гэж гуйхад түрүүнээс хойш чи миний үгэнд ороод хэлснээр байсан бол би чамайг зодохгүй байсан гээд байсан. Би Мөнгөншагайгаас айгаад машинаасаа буугаад хамарнаас цус гараад ойр хавьд хүн байхгүй байсан болохоор зугатсан. Мөнгөншагай миний машинаас буугаад зугтчихсан. Би цусаа арай гэж тогтоож машиндаа суухад Мөнгөншагай миний машинд утсаа унагаачихсан байсан. Би машинаа бариад цагдаагийн газарт ирж Мөнгөншагайгийн гар утсыг өгч энэ утасны эзэн Мөнгөншагай гэдэг хүн намайг зодчихлоо гэж ирж өргөдөл өгсөн...Мөнгөншагай миний хамар луу гараараа 2 удаа, толгой руу гараараа хэдэн удаа цохисоныг нь мэдэхгүй байна. Гараараа л балбаад байсан...миний хамар хугарч, тархи хавантсан гэмтэл учирсан....Мөнгөншагай анх миний таксинд суухдаа хүнээр түшүүлж орж ирээгүй пиво уучихсан найзынхаа хамт орж ирсэн...миний машинд Мөнгөншагай 2 цаг гаран унтсан....Мөнгөншагай өөрийгөө юу хийж байгааг мэдэж л байсан. Миний машинд бараг эрүүл болтлоо л унтсан шүү дээ...тухайн үед хүн байгаагүй. Автобусны буудал дээр 2 машин байсан гүйгээд очтол хүн байхгүй байсан юм...би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Надад шүүх эмнэлэгийн дүгнэлтээс асуух зүйл гомдол санал байхгүй...би тархины томографид харуулсан, хамар гэмтсэн болохоор 2 сарын дараа хагалгаанд орно. Тархины гэмтэлдээ эмчилгээ хийлгэж байгаа. Нийт 1.600.000 төгрөгний эмчилгээ болон хагалгааны зардал, эм тариа эхний үед хэрэглэх шаардлагатай байгаа...Мөнгөншагайд маш их гомдолтой байна. Намайг биеээ хамгаалах чадваргүйг далимдуулж ээж шигээ хүнийг зодож, доромжилж, унтъя гэж татаж чангааж бэлгийн дарамтанд оруулахыг завдсан учир үнэхээр гомдолтой байна. Би бие болоод сэтгэл санааны дарамтанд маш их орсон...хэрвээ би хүнгүй газар зогссон байсан бол намайг Мөнгөншагай зодоод алах байсан байх гэж бодоод их айдаг болсон...”гэжээ. /хх 12-13 хуудас/

 

            Хохирогч Ц.Оюунчимэг мэдүүлэхдээ: “...миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...би шинжээч эмч О.Болороогын 2016 оны 08 сарын 31-ны өдөр гаргасан 12135 дугаар дүгнэлттэй уншиж танилцсан. Тус дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Тус дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Мөнгөншагай ганцаараа гараараа толгой, нүүр лүү цохиж зодож миний биед учруулсан...Мөнгөншагай намайг машин барьж байхад хажуунаас гуян дээгүүр гараа явуулаад байсан өөрөөр оролдсон асуудалгүй. Намайг хүнгүй газар машинаа замаас чөлөөлөөд зогс гээд уурлаад байсан тэгэж зогсоогүйд зодож танхайрсан...толгой хаяадаа өвдөнө, хамар битүүрэх зовиур байгаа...би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгө 1.6 сая төгрөг нэхэмжилж байна...”гэжээ. /хх 14 хуудас/

 

                        Гэрч Б.Пүрэвжав мэдүүлэхдээ: “....миний төрсөн ах 1989 оны 01 сарын 02-ны өдөр Завхан аймагт айлын том хүү болж мэндэлсэн. Бага насандаа Завхан аймагтаа ээж, аав, дүү нарын хамт байж байгаад гэр бүлээрээ Булган аймгийн Зулхар тосгонд шилжин амьдарч байгаад 2000 онд гэр бүлээрээ Улаанбаатар хотод ирсэн. Мөнгөншагай Нийслэлийн 97 дугаар сургуулийг төгсөөд МУБИС-д суралцаж түүх, философ, улс төрчийн ангийг 2012 онд төгсөөд Төв аймгийн Өндөр ширээт суманд 10 жилийн сургуульд нь түүхийн багш хийж байгаад 2016 оны 04 сард Улаанбаатар хотод ирсэн одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй сургуулиудад бүртгүүлсэн байгаа. Одоогоор ах, аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Овоотын 5-26 тоотод амьдарч байгаа...Б.Мөнгөншагай нь урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй...Мөнгөншагай нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй... Мөнгөншагай нь эхнэр хүүхэдгүй... Шударга зан ааштай, элдэв зангүй, буурьтай хүн....”гэжээ. /хх 16-17 хуудас/

 

            Гэрч Б.Уртбаяр мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 08 сарын 26-ны орой найз Мөнгөншагай, Алтанбагана нарын хамт хорооллын Парис нэртэй бааранд 23 цаг өнгөрч байхад ороод бааранд 1 шил 0.5 литрийн архи, 1, 1 шил пиво, ус, ундаа ууцгааж бүжиглэж байгаад 03 цагийн үед харьцгаахаар гарсан. Мөнгөншагай архи уучихсан болохоор машиндаа хонохоор болсон тэгээд бид 2 такси барьж харин Алтанбагана бид 2-оос салаад явсан. Мөнгөншагай бид 2 таксинд суухад таксины жолооч нь нэг эмэгтэй хүн байсан. Мөнгөншагай тухайн үед хэд хоног нойргүй явчихсан их согтож байна унтмаар байна гэж ярьж байсан. Тэгээд ойр зуур юм ярьж байгаад би хорооллын хойно байдаг гэрийнхээ үүдэнд буугаад Мөнгөншагай нөгөө Парис баар луу буцаад явна гэж яриад такситайгаа хөдлөөд явсан. Тэгээд би гэртээ орж амарсан....би явж байхдаа ямар нэгэн яриа өрнүүлээгүй гэхдээ би буухдаа таксины жолооч эгчид манай найз сая ирсэн газартаа буцаж очно шүү гэж хэлээд буусан...таксины жолооч эмэгтэйтэй хэн нэгэн хэрэлдэж муудалцсан тийм асуудал байхгүй..Мөнгөншагай тухайн үед нэг их согтсон асуудал байхгүй байсан. Гэхдээ их хоног нойргүй таксинд явсан жоохон ядраад нойр хүрээд байна гэж хэлж байсан...хааяадаа найз нөхөдтэйгээ болон баяр ёслолын үеэр тохируулж хэрэглэдэг. Архи уусан үедээ төлөв даруу зантай байдаг...ааш зан сайтай, төлөв даруу, хүнд тусархаг эелдэг залуу...” гэжээ. /хх 18-19 хуудас/    

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №12135 дугаартай дүгнэлтэд: 1. Ц.Оюунчимэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэж дүгнэжээ. /хх 21 хуудас/

 

                        Шүүгдэгч Б.Мөнгөншагайн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хорооны тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 31, 32, 33, 34, 35 хуудас/

 

            Эмчилгээний баримт /хх 40-49 хуудас/

 

            Хохиролын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх 50 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө таксины үйлчилгээ үзүүлсэн иргэн Ц.Оюунчимэгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэд бэлгийн харьцаанд орсонгүй буюу үгэнд орсонгүй гэж илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Оюунчимэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн /хх 11-13, 14-15/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12135 дугаартай дүгнэлт /хх 21/, шүүгдэгч Б.Мөнгөншагайн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хорооны тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 31, 32, 33, 34, 35/, эмчилгээний баримт /хх 40-49/, хохиролын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх 50/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд шүүгдэгч Б.Мөнгөншагайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн нэхэмжилсэн 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

 

            Шүүгдэгч Б.Мөнгөншагайгийн анх удаа үйлдсэн хүндэвтэр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ бага, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийн “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэх хүсэлтийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

                       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Хонин онход овгийн Баярцогтын Мөнгөншагай нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хонин онход овгийн Баярцогтын Мөнгөншагайг 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн нэхэмжилсэн 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Оюунчимэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, түүнийг 3 жилийн хугацаагаар хянан харгалзан засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Мөнгөншагайд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   

 

               ДАРГАЛАГЧ

               ШҮҮГЧ                                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ