Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0271

 

     

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Д Д Э Т******” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М******,

Маргааны төрөл: “Д Д Э Т******” ХХК-ийн зөрчилд Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М******-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 002098 дугаар шийтгэлийн хуудас оногдуулсан нь хуульд нийцсэн эсэх зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц*****, гомдол гаргагчийн өмгөөлөгч У.Х*****, хариуцагч М.М******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Д Д Э Т******” ХХК-иас Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М******-т холбогдуулан  Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М******-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 002098 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан байна.

          2. Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М******-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 002098 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 төгрөгөөр торгож, 26,174,697 төгрөгийн хохирол, нийт 27,674,697 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.

3. Гомдол гаргагч “Д Д Э Т******” ХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэл: 

1/ Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М****** нь “Д Д Э Т******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйл 1.1.4 дэх хэсэгт “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” хэсгийг зөрчсөн гэж үзэж, 1,500,000 төгрөгийн торгуульд 26 174 697 төгрөгийг хохирол, нөхөн төлбөрт гаргуулахаар болж нийтдээ 27 674 697 төгрөгийг “Д Д Э Т******” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Усны тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.27 дахь хэсэгт “ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг” гэж тодорхойлсон байдаг өөрөөр хэлбэл “Д Д Э Т******” ХХК нь ус ашиглагч биш юм. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл 1 дэх хэсэгт "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, мөн энэ хуулийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 дэх хэсэгт тусгагдсан “хуульд үндэслэх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг зөрчиж шийтгэлийн хуудсыг оногдуулсан байна.

2/ Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нөхөн төлбөрт 26 174 697 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасан. Энэ журмыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар Улсын Ерөнхий прокурор баталсан болно. Уг журмын 3 дугаар зүйл 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм, хэмжээний актыг баримталж, түүнд заасан үндэслэл, журмын дагуу хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тооцно”, мөн энэ журмын 2 дугаар зүйл 2.2 дахь хэсэгт “хохирол" гэдэг нь Зөрчлийн улмаас иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд учирсан үр дагавар байна” гэж, мөн энэ зүйлийн 2.3 дахь хэсэгт “Нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас устсан, гэмтсэн, эд хөрөнгө бараа, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээ байна” гэж тус тус тодорхойлсон байна. Хууль зүйн утгаараа нөхөн төлбөр гэдэг ойлголт нь бодит учирсан хохирол дээр яригдах асуудал болохоос биш таамгаар шийдвэрлэх зүйл биш юм.

3/ 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн шинжээч томилох эрх бүхий албан тушаалтны тогтоолын тогтоох нь хэсгийн 2.1-д “Д Д Э Т******” ХХК нь хэдэн м3 хөрсний ус татан зайлуулсныг бодит хэмжээг гаргахаар Усны газрын Усны нөөцийн хэлтсийн усны үнэ тариф, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.А*******д даалгасан. Усны газрын 2022 оны 01-р сарын 10-ны өдрийн 01/29 дугаартай Хохирол, нөхөн төлбөрийн тооцоо хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтаар усны нөөцөд учирсан хохирлыг тооцон хүргүүлсэн.

4/ Тус Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээгээр "Д Д Э Т******” ХХК нь барилгын суурийн хөрсний усыг 42.0м/цаг хүчин чадалтай насосоор өдөрт 24 цагаар 10 хоногийн хугацаанд Туул голын салаа руу шавхан зайлуулсан" гэж 10 хоногийн хугацаанд 24 цагаар ус шавхсан гэж байгаа боловч 10 хоногийн хугацааг ямар баримтыг үндэслэн тогтоосон нь тодорхой бус байна.

5/ “Д Д Э Т******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Б*******гийн мэдүүлэгт"...цагт 50м/цаг хүчин чадалтай 2 ширхэг гонномоор /насос, хоногт 2 цаг ажиллуулаад 30-40 минут амраагаад 24 цагийн хугацаагаар 3 хоног ажиллуулсан" гэсэн мэдүүлгээр 3 хоног ажиллуулсан байхад үндэслэлгүйгээр 10 хоног ус шавхсан гэж илт их хэмжээний нөхөн төлбөр тооцсон нь гомдол гаргагч “Д Д Э Т******” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон байна.

6/ Хариуцагч Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын байгаль орчны улсын байцаагч М.М******-ийн 2022 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 002098 дугаартай “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсын гол үндэслэл болгож буй нотлох баримт нь "холбогдогчийн мэдүүлэг" гэж шийтгэлийн хуудаст заасан атлаа нөхөн төлбөрийг тооцоход холбогдогчийн мэдүүлгийг үндэслээгүй нь тус шийтгэлийн хуудас хууль бус байна.

7/ Энэхүү зөрчлийн шийтгэлийн хуудас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх, 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; зарчмуудтай нийцээгүй.

Иймд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудыг ноцтой зөрчсөн Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын байгаль орчны улсын байцаагч М.М******-ийн 2022 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 0002098 дугаартай "Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч “Д Д Э Т******” ХХК нь дараах гомдлыг шаардлагыг гаргасан. Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Байгаль орчны улсын байцаагч М.М****** нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 002098 дугаартай зөрчлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Энэхүү маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Д Д Э Т******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дах зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй гэх заалтыг зөрчсөн, зөрчил үйлдсэн гэж үзсэн байдаг. Гэтэл  Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.” гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйл нь “Усны тухай хуулийг зөрчих” гэдэгт хамаарч байгаа. Тэгэхээр энэхүү зөрчлийн шинжийг Усны тухай хуульд заасны дагуу тодорхойлохоор зохицуулсан байдаг. Усны тухай хуулийн 30 дугаар зүйлд “Ус ашиглагчийн үүрэг, ус ашиглагчид тавигдах шаардлага”-ыг биелүүлсэн эсэх гэдэг зөрчлийн шинжийг тусгасан байдаг. Энэхүү хуулийн аль заалтыг зөрчиж байгаа талаар эрх бүхий албан тушаалтан зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд бүрэн дүүрэн тогтоогоогүй. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт буюу “Эрх бүхий албан тушаалтан эрх хасах шийтгэл оногдуулсан талаар зохих байгууллагад мэдэгдэж, шийдвэрийн хувийг даруй хүргүүлнэ” гэж заасан байдаг. Тус хуулийн 1.4-т заасан тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоосон байхыг хуульчилсан. “Д Д Э Т******” ХХК-ийн ус зайлуулах үйлдлийг зөвшөөрөлгүйгээр, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлсэн гэдэг энэхүү үйлдэлтэй нь холбож тайлбарладаг. Гэтэл энэ үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй буюу тусдаа өөр зөрчлийн шинжийг агуулж байна. Тэгэхээр эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4-т заасныг зөрчиж, тухайн үйлдлийг энэхүү заалтыг зөрчсөн гэж тогтоосон нь хуульд нийцээгүй, хуульд үндэслээгүй гэж үзэж байна. Тухайн зөрчлийг үйлдэхэд нэгдүгээрт: Ус ашиглагч үйлдсэн байх ёстой байдаг. Хоёрдугаарт: Ямар үүргээ зөрчсөн, ямар тавигдах шаардлагыг биелүүлээгүй байна гэдэг нь хангагдсан байх ёстой. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27 дахь хэсэгт ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг” гэж  тодорхойлсон байдаг. Гэтэл гомдол гаргагч компани нь энэхүү барилгыг барьж ашиглалтад оруулснаараа эцсийн ашиг олох зорилготой хуулийн этгээд биш. Захиалагч нь “М*****” гэдэг компани юм. Энэхүү компанитай 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш ус ашиглах зөвшөөрлийг  “М л с******” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүссэн байдаг. Үүний дагуу төрийн эрх бүхий байгууллагаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зөвшөөрлийг нь олгосон байдаг. Нотлох баримт шинжлэн судлах үед судлагдсан гэрээний дагуу хэрвээ гомдол гаргагч компани хариуцах ёстой байсан бол энэхүү зөвшөөрлийг хүсэж, үүний дагуу дүгнэлт гарах ёстой байсан. Гэтэл энэхүү зөвшөөрлийг авах, төрийн эрх бүхий байгууллагатай харилцах этгээд нь “М л с*****” ХХК буюу тухай барилгын өмчлөгч хариуцдаг байсан юм. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тухайн маргаан бүхий шийтгэлийн хуудсын нөхөх төлбөрт 26,174,797 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү нөхөх төлбөрийг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Зөрчлийн тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу явагдаагүй, бодит судалгаанд үндэслээгүй, зөвхөн хийсвэрлэх байдал буюу өмнөх 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэд 10 хоног ус зайлуулахаар тогтоосон байсан, үүнд үндэслэж хохирлын үнэлгээг тогтоосон гэж гэрч мэдүүлдэг. Гэтэл Усны нөөцөд учирсан хохирлыг нөхөн төлөх, нөхөн төлбөр тооцох аргачлалын 3 дугаар зүйлд хохирлыг хэрхэн үнэлэх зарчмыг тодорхой заасан байдаг. Үүнд хяналтын шалгалтын үр дүн, бодит судалгаа, зориулалтын багаж хэрэгслээр хийсэн хэмжилтийн үндсэнд баримтаар тогтоох зарчмыг баримтална гэж тодорхой заасан байдаг. Гэтэл баримтаар тогтоогоогүй, зөвхөн өмнөх дүгнэлтэд ийм байсан учраас энэ удаад ч гэсэн 10 хоног гэдэг байдлаар нөхөн төлбөрийг гаргасан байдаг. Үүнд яагаад маргаад байна вэ гэвэл холбогдогчоос хууль ёсны төлөөлөгч томилсон.  Энэ хүнээс хуульд заасны дагуу мэдүүлэг авч, нотлох баримтыг бүрдүүлсэн. Энэ хүн мэдүүлэхдээ “...1 цагт 50 м.куб хүчин чадалтай 2 ширхэг төхөөрөмжийг 2 цаг ажиллуулаад 30-40 минут амраагаад 24 цагаар 3 хоног ажиллуулсан...” гэж тодорхой мэдүүлсэн байхад энэхүү мэдүүлэгт үндэслээгүй нь нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй. Үүнээс шалтгаалан “Д Д Э Т******” ХХК нь ямар ч үндэслэлгүйгээр 26 сая төгрөгийг төлөх гэж байгаа нь тухайн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Тийм учраас энэхүү хуульд үндэслээгүй, хариуцагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хуульд үндэслэх тусгай зарчмыг зөрчиж, тухайн шийтгэлийн хуудсыг гаргаж шийтгэл оногдуулсан байна. Тийм учраас энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэгдүгээрт: 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ нь 2 байгууллагын хооронд байгуулагдсан. Энэ гэрээг байгуулснаас хойш хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “М л с*****” ХХК-иас ус шавхан зайлуулах хүсэлтээ гаргаад, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохих байгууллагаас зөвшөөрөл гарган, манай компани гүйцэтгэх ажил буюу хуваарийн дагуу хариуцсан ажлаа хийсэн. Мөн хавтас хэргээс нотлон баримт шинжлэн судлах буюу гэрээний нэгдүгээр заалтад барилгын зөвшөөрөлтэй холбоотойгоор тусгайлан заасан байдаг. Үүнд гүйцэтгэгч тал нь зөвхөн барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг гаргах, бусад асуудлыг захиалагч тал хариуцна гэсэн агуулгаар бичигдсэн. Үүний дагуу “М л с*****” ХХК нь зөвшөөрлөө авсан байдаг. 2021 онд хийгдэх ажил буюу 2 дугаар хавсралтаар зөвшөөрлийн агуулга бүхий үг, үсэг байхгүй байгааг нотлох баримт шинжлэн судлахад харагдаж байна. Энэ нь гэрээний хавсралтын 2 дугаар хэсэгт усны түвшин доошлуулах арга хэмжээ авна, хамгаалалтаа хийнэ, хашлагаа хийнэ, усаа тусгаарлах зэрэг ажлыг хийнэ гэдэг нь харагдаж байна. Энэ утгаараа гомдол гаргагч компани нь тухайн зөрчлийг манай байгууллага хариуцахгүй гэдэг нь харагдаж байна.

 Хоёрдугаарт: Анхан шатны шүүхээс 60 хоногт багтаан шийдвэрлэх, Давж заалдах шатны шүүхээс 58 хоног буюу Зөрчлийн тухай хуулийн 58 хоногт багтаан шийдвэрлэ гэсэн шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хугацаа сунгах үүргээс чөлөөлөх шийдвэр биш юм. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд эрх бүхий албан тушаалтан, холбогдох удирдах албан тушаалтан нь прокуророос хуульд заасан 14 хоног, 30 хоногоор сунгуулах үүрэг заасан заалт нь байгаа. Энэ заалтыг зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь гомдол гаргагч байгууллагын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн захиргааны байгууллагаас гарч буй бүхий л шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар хуульд үндэслэх ёстой. Хэрвээ хуульд үндэслээгүй бол тухайн шийдвэр хууль бус байна гэдэг агуулгаар тайлбарлагдсан байдаг. Тэгэхээр манай компанид оногдуулж байгаа шийтгэл нь хууль зүйн үндэслэлгүй учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Тийм учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна” гэв.

4. Хариуцагч М.М****** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Иргэн Ц.Б-аас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл Экспогийн урд Туул гол руу бохир ус цутгаад байгаа талаар ирүүлсэн гомдол нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэст ирсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын экологийн цагдаагийн албанаас "Д Д Э Т*****" ХХК-д холбогдох зөрчлийг шалган тогтоож, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газарт хянагдаж бүртгэгдэн харьяаллын дагуу шилжин ирсэн.

2/ Уг гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг үндэслэн прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийг үндэслэн 2110000698 дугаартай зөрчлийн хэрэг нээж прокурорын хяналтан дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “М Э*****” худалдааны төвийн зүүн талд  -ийн захиалгаар “Д Д Э Т******” ХХК нь худалдаа үйлчилгээний зориулалттай 20 давхар 3 блок барилгын барилга угсралтын үйл ажиллагаа явуулж, газрын гадаргаас доош 6 метрийн гүний барилгын сууриас гарсан хөрсний усыг татан зайлуулж байсан.

Хөрсний ус татан зайлуулах үйл ажиллагаа нь “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 4 дүгээр бүлгийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтад “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 15.2-т заасан хязгаарт багтаан аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно” гэж заасан байх ба Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 326 тоот “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох хөнгөлөх тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын тайлбарт “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах тохиолдолд 7в-тэй Уул уурхайн үйлдвэрлэлд ус шавхан зайлуулахтай адилтгаж тооцно” гэж тус тус заасан байдаг.

Иймд барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах үйл ажиллагаа явуулж буй “Д Д Э Т******” ХХК нь ус ашиглагч мөн бөгөөд Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа нь зохицуулагдана.

3/ “Д Д Э Т******” ХХК-ийн хөрсний усыг шавхан зайлуулж буй үйл ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад “Д Д Э Т******” ХХКнь эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, дүгнэлтгүй, ус шавхах гэрээ байгуулаагүй, ус ашигласны төлбөр төлөөгүй зэрэг зөрчил үйлдсэн нь иргэн Ц.Б-аас ирүүлсэн мэдээлэл болон “Д Д Э Т******" ХХК-ийн ерөнхий захирал Б.Б****-ын гараар бичсэн тайлбар, хяналт шалгалтын үеийн тогтоогдсон нөхцөл байдлыг харуулсан 22 кадр бүхий фото зураг, Туул голын сав газрын 2021 оны 04 сарын 22-ны өдрийн 05/120 дугаар бүхий албан бичиг, Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/492 дугаар бүхий албан бичиг, улсад тушаах байсан ус ашигласны төлбөрийг төлөөгүй, бусад нотлох баримтуудаар зөрчил үйлдсэн нь тогтоогдсон.

Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд нөхөн төлбөрийг

мэргэжлийн байгууллагаар гаргах зохицуулалттай байх тул Нийслэлийн Байгаль орчны газраас мэргэжилтэн томилуулан Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны 03/492 тоот албан бичгээр Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцон ирүүлснийг үндэслэн 17841600 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.4 дэх заалтын дагуу 1500 нэгжээр торгож шийдвэрлэсэн.

4/ Тус компани нь эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрөн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны 128/ШШ2021/0580 тоот шийдвэрээр эрх бүхий албан тушаалтны актыг дахин гаргах талаар шийдвэрлэсэн.

Мөн тус компани нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 617 дугаар Магадлалаар Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 09 дүгээр сарын 10-ны 128/ШШ2021/0580 тоот шийдвэрийг хэвээр үлдээсэн.

5/ Уг шийдвэрийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас шинжээч томилуулж, 26174697 төгрөгийн нөхөн төлбөрийг тооцон 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/27 албан бичгээр ирүүлсэн бөгөөд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин гаргаж шийдвэрлэсэн.

6/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5 дахь / оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно./ заалт, 6 дахь /оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно/ заалтуудад шинжээчийн дүгнэлт дахин гаргах эрх нь нээлттэй байсан боловч тус аж ахуйн нэгж нь хүсэл гаргаагүй.

7/ Тус аж ахуйн нэгж нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолд хоног хугацааны талаар тусгаагүй бөгөөд Нийслэлийн байгаль орчны газрын усны мэргэжилтэн Ч.Д**** нь “Д Д Э Т******” ХХК-ийн ажилтан Э.Болорчимэгтэй 99072029 утсаар болон [email protected] цахим хаягаар мэдээлэл авч ус шавхан зайлуулсан хугацааг тооцон гаргасан байна. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 78 дугаар тогтоолоор 2021 оны 03 дугаар сарын 25-наас 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ковид-19 цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хатуу хөл хорио тогтоосон байсан тул шаардлагатай мэдээллийг утсаар болон цахим хаягаар авсан байна.

Мөн олон нийтэд ил тод мэдээлж буй "Олуулаа” нэртэй Фэйсбүүк хуудсанд “G Cr****” нэртэй хэрэглэгч 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичлэг хийж  холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргэсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улс төр.mn. NTV олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагаас утсаар холбогдож “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл Экспогийн урд талд Туул гол руу ус цутгаад байна. Энэ нөхцөл байдлыг шалгасан уу, Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар арга хэмжээ авч байгаа талаар” мэдээлэл авч байсан.

8/ Иргэн Б-аас 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр зөрчлийн талаар мэдээлсэн бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тус газар хөрсний ус шавхан зайлуулж байгаа зөрчил үргэлжлэн үйлдэгдсээр байгаа талаар мэдээлэл ирүүлж байсан нь уг аж ахуйн нэгж зөрчлийн хэрэг нээснээс хойш 14 хоног үйл ажиллагаагаа явуулсаар байсан байна./

Уг мэдээллийн дагуу “Д Д Э Т******” ХХК-ны захирал Б.Б*****-д утсаар холбогдож үйл ажиллагаагаа зогсоох талаар мэдэгдэж байсан. Тухай үед Монгол Улсын Засгийн газрын 78 дугаар тогтоолоор 2021 оны 03 дугаар сарын 25-наас 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ковид цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хатуу хөл хорио тогтоосон байсан тул утсаар холбогдож шаардлага тавьсан./

9/ Мөн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 2022 оны 01 дугаар сарын 03-ны өдөр “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл Экспогийн урд Туул голын эрэг дагуу бохир ус цутгаад байна” гэх иргэнээс ирүүлсэн мэдээлэл, Туул голын сав газрын 2022 оны 05/05 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээллийг шалгахад “Д Д Э Т******” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулахдаа барилгын сууриас гарсан хөрсний усыг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй шавхан зайлуулж буй нь тогтоогдсон тул 2210000134 тоот зөрчлийн хэрэг нээн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

10/ “Д Д Э Т******” ХХК Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа гомдол гаргаж байгаа боловч уг зөрчлийг дахин давтан үйлдэж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийг холбогдох Татварын дансанд төвлөрүүлэхгүй байгаа нь албан татвараас зайлсхийж байгаа нь харагдаж байна.

Тус аж ахуйн нэгжийн үйлдсэн зөрчил нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Усны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан “Д Д Э Т******” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан гомдлыг бүхэлд нь хүчингүй болгож хуулийн хүрээнд гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж өгнө үү.

11/ Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “Д Д Э Т******” ХХК нь ус ашиглагч биш гэж тайлбарлаж байна. Хөрсний ус татан зайлуулж байгаа ажиллагаа нь “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын тайлбарт “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд хүснэгтийн 7в-тэй адил буюу Уул уурхайн үйлдвэрлэлд ус шавхан зайлуулахтай адилтгаж тооцно” гэж заасан байдаг. Тэгэхээр Засгийн газрын тогтоолоор тусгайлан заасан байгаа учраас гомдол гаргагч компани нь ус ашиглагч мөн юм.

12/ Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 11-д “Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ” гэж заасан байдаг. “Д Д Э Т******” ХХК нь “М л с****” ХХК нь ус ашиглагч юм, манай компани нь ус ашиглагч биш юм...” гэж тайлбарлаж байна. Энэ талаар тухайн 2 компанийн хооронд байгуулсан гэрээнд “Д Д Э Т******” ХХК-ийн хариуцан ажиллах ажлын тусган оруулсан байна. Мөн иргэнээс ирүүлсэн мэдээлэл болон “Д Д Э Т******” ХХК-ийн захирал н.Батболдын гараар бичсэн тайлбарт Туул голын сав газрын захиргааны албан бичиг, Байгаль орчны газрын албан бичгээр ус ашигласны төлбөр төлөөгүй, холбогдох газруудаас зөвшөөрөл  аваагүй нь нотлогдож байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4-т зааснаар  “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” гэж заасан байдаг.

Усны тухай хуулийн 30 дугаар зүйлд ус ашиглагчийн үүрэгт ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэм хэмжээнээс хэтрүүлэн ашиглахгүй байх гэж заасан. Хэтрүүлэн ашиглахгүй байх гэдэгт “Д Д Э Т******” ХХК-ийн захирал н.Б-ын гараар бичсэн тайлбарт “...Манай компани нь гэрээгээ сунгаагүй нь үнэн...” гэж тайлбарласан байна. Үүнд ус ашиглагчийн зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан гэж үзсэн. Мөн төрд төлөх ёстой байсан төлбөрийг холбогдох байгууллагын дансанд төвлөрүүлээгүй нь Ус рашааны нөөц ашигласны болон ус бохирдуулсны төлбөр төлөх гэсэн заалтыг зөрчсөн байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн, мэргэжлийн байгууллагаар төлбөрийг нь тогтоолгож, торгуулийн арга хэмжээ авсан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч талаас шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна, хийсвэр байна, нийцэхгүй байна гэж тайлбарлаж байна. Ямар ч шинжээч өөрийн үйл ажиллагаа явуулах, дүгнэлт гаргахад бүх талаас нь судалж байгаа. Өмнөх шүүх хуралдаанд шинжээчээс “...Нотлох баримт болон гидрологийн судалгаанд үндэслэсэн, мөн гомдол гаргагч талын мэдүүлгийг авсан...” гэж тайлбарласан. Гэтэл гомдол гаргагч талаас 3 хоног гэдгийг яагаад үндэслээгүй вэ, яагаад 10 хоног гэж гаргаж байгаа вэ гэдэгт ямар ч үндэслэлгүй гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтийг бид эрх бүхий албан тушаалтан биш учраас шүүх эрхгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол гомдол гаргагч компани нь дахин шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах боломжтой байсан гэж үзэж байна. Прокуророос 58 хоногтоо багтаан зөрчлийг хэргийг явуулаагүй байна, мөн хугацаа сунгуулах үүрэгтэй байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл хуульд эрх бүхий албан тушаалтан нь прокурорт шаардлагатай нотлох баримтуудыг илгээгээд, тухайн прокурор нь үндэслэлтэй гэж үзэх юм бол прокурорын тогтоолоор хугацаа сунгах тогтоол гардаг. Мэргэжлийн хяналтын байгууллагад зөрчлийн хэрэг бүртгэлтийн тусгайлсан прокурор гэж байдаг. Тухайн прокурор нь байцаагч нартай тухай бүрд нь холбогдон, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгдөг учраас тухайн байцаагч нь прокурорт хяналтад байсан учраас хугацаа сунгах шаардлагагүй гэж үзэн шийтгэлийн хуудас гаргасан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1. Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М******-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 002098 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 төгрөгөөр торгож, 26,174,697 төгрөгийн хохирол, нийт 27,674,697 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.

          Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “ ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

          Мөн Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д “"ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана”, 28.6-д “Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ” 29 дүгээр зүйлийн 29.1-д “Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна” гэж тус тус заажээ.

          2. Гомдол гаргагч нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байхдаа барилгын сууриас гарсан хөрсний усыг Туул гол руу цутгасан, ингэхдээ дээрх хуульд заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар гаргуулаагүй, холбогдох гэрээг байгуулаагүй болох нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр холбогдогчоос авсан мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоос авсан мэдүүлэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Туул голын сав газрын захиргааны 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05/120 тоот албан бичиг зэргээр тус тус нотлогдож байна.   

          3. Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан зөрчлийг гаргасанд тооцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцжээ.

          4. Учир нь гомдол гаргагч болон “М л с” ХХК нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээний № 01 дүгээр хавсралтын 5 дугаар зүйлийн 5.4-д “хөрсний ус зайлуулалт, уснаас хамгаалах” ажлыг гүйцэтгэгч буюу гомдол гаргагч хийж гүйцэтгэхээр тохиролцсон, уг үүргийн хүрээнд дээрх ажлыг гүйцэтгэсэн, ингэхдээ захиалагч, гүйцэтгэгч нарын хэн аль нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөл/дүгнэлт, гэрээ/-ийг хуульд заасан үндэслэл журмын дагуу аваагүй байна.

5. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт нь зөвхөн барилгын захиалагчид хамаарахгүй бөгөөд тухайн зөрчлийг гаргасан аливаа иргэн хуулийн этгээдэд ижил тэгш үйлчлэх учиртай тул гомдол гаргагчийн “зөрчлийн субьект биш” гэх тайлбар үндэслэлгүй.

6. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д заасан ус ашиглагч эсэхээс үл хамаарч тухайн зөрчлийг гаргасных нь хувьд түүнд шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцжээ.

          7. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/27 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн дүгнэлтээр усны нөөцөд учирсан хохирлыг 26,174,697 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг хэмжээгээр хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр мөн хуульд нийцжээ.

          8. Хэдийгээр 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр холбогдогчоос авсан мэдүүлэгт “3 орчим хоног шавхсан” гэж мэдүүлсэн ч Н.Б***** нь гомдол гаргагчтай хамаарал бүхий этгээд буюу тухайн хуулийн этгээдэд ажилладаг, зөрчил гаргасан гэх цаг хугацаа нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор баталсан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай” тогтоолын үйлчлэлд хамаарч байсан зэрэг зөрчил үргэлжилсэн хугацааг нарийн тооцох боломжгүй байх тул өмнөх буюу Туул голын сав газрын захиргаанаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “М л с*****” ХХК-нд олгосон ус ашиглуулах дүгнэлтэд үндэслэж зөрчил гаргасан хугацаа, хохирлын хэмжээг тогтоосныг буруутгах боломжгүй байна.

          Нөгөөтэйгүүр тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 580 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 617 дугаар магадлалаар өмнөх буюу хариуцагчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл буюу зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах хугацааг 58 хоног түдгэлзүүлсэн, уг маргаан бүхий захиргааны акт дээрх хугацааны дотор гарсан байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6, 29 дүгээр зүйлийн 29.1, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д тус тус заасныг баримтлан “Д Д Э Т******” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М******-т холбогдох Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М******ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 002098 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                              

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-Э