Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 133/ШШ2020/00161

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Тонхил сум 5-р баг, Алтайн-Оргил гэх газарт хаягийн бүртгэлтэй, одоо Есөнбулаг сумын Баянхайрхан баг, 10-р гудамж, 29 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДИ83010914, Хулд овогт Х.Сын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 1-р баг, Баянхайрхан, 6 гудамжны 23 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Есөнбулаг сумын Баянхайрхан баг, 3-р гудамжны 25 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДЮ64032735, Дамбий овогт Ш.Чад холбогдох,

 

Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг, Шинэ-Алтай захын эзэмшлийн газарт байрлах өөрийн өмчлөлийн 242 дугаартай чингэлгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч Ш.Чын үйлдэл хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

 

“Шинэ-Алтай захад байрлах 242 номерийн чингэлгийг иргэн Х.Сын хууль бус эзэмшлээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.С, түүний өмгөөлөгч Д.А /0751/, хариуцагч Ш.Ч, түүний өмгөөлөгч Ж.Д /0865/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оноос Шинэ Алтай захад дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж, 2018 оны 11-р сар хүртэл 239 дугаартай контейнэр буюу чингэлгийг ажиллуулж байгаад 242 дугаартай чингэлгийг ажиллуулдаг Ш.Ч гэгчтэй харилцан тохиролцож хоёр чингэлэгээ солилцсон. Ингээд тухайн авсан 242 дугаарын чингэлэгээ хажуугийн 243 дугаартай чингэлэгтэй нийлүүлж дэлгүүр болгон тохижуулан, газар ашиглалтын гэрээгээ Шинэ-Алтай захтай 2019 оны 3-р сарын 21-ний өдрөөс байгуулан үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэрээг Шинэ-Алтай захтай байгуулахад Ш.Ч гэх хүн 242 дугаарын чингэлэгийн 2016, 2017, 2018 оны газар ашиглалтын түрээсийн төлбөрөө төлөөгүй байсныг түүнд хэлэхэд чи төлчих би чадахгүй гэсэн учир нэгэнт хажуугийн чингэлэгтэй нийлүүлчихсэн байсан учир төлбөрийг төлж гэрээгээ шинэчилж хийсэн. Гэтэл 2019 оны 08-р сарын 21-ний өдөр Ш.Ч гэгч нь өглөө 9 цагаас эхлэн манай дэлгүүрт орж ирж хэрүүл маргаан хийж тухайн өдөр үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож улмаар 2019 оны 08-р сарын 22-ны өдөр өглөө дэлгүүрээ онгойлгох гэтэл манай дэлгүүрийг 2 цоожоор цоожилж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд оруулж саад учруулсан. Сольж шилжүүлэн авсан 242 дугаарын чингэлэгт  үйл ажиллагаа явуулахад Ш.Ч нь саад хийж, чингэлэгийг цоожлох, хэрүүл маргаан хийх, эд зүйлээ үүдэнд овоолох зэргээр саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоолгох хүсэлттэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид харилцан тохиролцож 239, 242 дугаартай чингэлэгүүдийг сольж, Ш.Чын Шинэ-Алтай захад түрээсийн төлбөрийн 900.000 төгрөгийн өрийг би төлснөөр бид харилцан тохиролцсон. Ш.Чыг эзгүй хойгуур ийм зүйл хийсэн мэтээр худал тайлбарлаад байна. Намайг 242 номерийн чингэлгийг хажуугийн чингэлэгтэй нийлүүлж залгахад энэ хүн хараад байж байсан. Энэ нь захад түрээс төлбсөн баримтаас тодорхой харагдана. Тухайн бүртгэл он, сар, өдөртэй бөгөөд гарын үсэг зурагддаг. 2018 оны 11-р сараас хойш 242-р чингэлэгийн газрын түрээсийн төлбөрийг миний бие төлж, гарын үсэг зурж байсан. 239-р чингэлэгийн газрын түрээсийг Ш.Ч төлж гарын үсэг зурж байсан. Бодит үнэн гэвэл намайг ижил бараа зараад байна гэж шалтаглан хэрүүл маргаан хийж миний чингэлэгийг цоожилж энэхүү маргаан эхэлсэн. Чингэлэг нь хөдлөх эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 111-р зүйлийн 111.2.1-т зааснаар хөдлөх хөрөнгө нь өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийн эрх шилжүүлсэн гэж үзэх учир Ш.Ч 242-р чингэлэгийг 2018 оны 11-р сард миний эзэмшилд шилжүүлж 239-р чингэлгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Х.С нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт байрлах Шинэ-Алтай захын эзэмшлийн газар дээр байрлах өөрийн өмчлөлийн 242 дугаартай чингэлэгийг Ш.Ч нь 2 давхар цоожоор цоожилж, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад нь саад болж байгаа нь хууль бус болохыг тоггоож, саад болохыг зогсоохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Шинэ Алтай захад байрладаг 242 дугаартай чингэлэг нь миний өмчлөлийнх бөгеөд би Х.Стай тохиролцож сольж шилжүүлсэн зүйл байхгүй. Урьд нь Х.С 242 дугаарын чингэлгийг зарчих гэж надаас гуйж байхад нь би зарахгүй гэсэн. Учир нь тус чингэлэгт би гэр бүлийн хүний хамт анх наймаа хийж гараагаа эхэлж байсан учир зарах бодол байдаггүй. Энэ хүн миний өмчлөлийн чингэлгийг дур мэдэн хэмхэлж, шудрага бусаар эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Миний бие 242 дугаартай номерын чингэлгийг анх хойд зах байгуулагдахад 1994 онд Улаанбаатар хотоос худалдан авчирч, наймаа хийж байгаад 2002 оноос шинэ зах дээр нүүж ирэхдээ авчирч байрлуулан одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа. 2017 оны 11 сард манай эхнэр Одончимэгийн бие өвдөж даралт харваж Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явж, зах дээр байдаг миний өмчлөлийн 2ш чингэлэг, 2 ш павилон цоожтой үйл ажиллагаа явуулаагуй байсан учир захын газар ашиглалтын татварын өр үүсэж байсан. Үүнийг захын удирдлагатай тохирч 2019 оны 6 сар, 8 сард хувааж төлснөөр 900.000 төгрөгний татвар үлдсэн. Ер нь өмнө нь өөрийн ззэмшилийн чингэлгийг 2018 онд бусдад зарж байсан бөгөөд ингэж зарахад захын удирдлагатай тохирч уулзсаны үндсэн дээр шилжүүлэх гэрээ хийж, өмнөх өр авлагаа дуусгаж шилжүүлдэг байсан. Гэтэл миний хувьд 242 номерын чингэлгийг Х.С гэдэг хүнд зарж, шилжүүлсэн зүйлгүй, өмнө нь Х.С нь 242 номерийн чингэлгээ зарчих гэж байхад нь зарахгүй гэдэг байсан. Өөр хүмүүс бас зарчих гэдэг байсан ч зараагүй. Манай гэр бүлийн хувьд 2018 онд эмчилгээ сувилгаа гэж яваад мөнгө муутай байсан, тухайн үед зах дээр үйл ажиллагаа явуулж байсан 25 дугаар павилон, 102 номерийн чингэлэг, өөрийн гэр орноо хүртэл зарж байсан боловч тэр үедээ 242 номерийн чингэлгийг заралгүй авч үлдэж байсан.

 

Х.С нь 2018 оны 11 сарын ихээр надад хандаж та хэрэв зарахгүй бол би 243 номерийн чингэлгийг худалдаж авах санаатай байгаа тул 242 номерын чингэлгийг 239 дугаартай чингэлэгтэй түр сольж хэрэглэе гэж гуйхад нь би цаад санааг нь ойлгоогүй байсан байна. Би тухайн үед бодож байгаад Х.Сын 239 номерийн чингэлэг нь одоо миний үйл ажиллагаа явуулж байгаа 77 номерын павилоны урдаас харж байрладаг учир түрхэндээ болох юм байна гээд би зөвшөөрч түр сольж хэрэглэсэн. Ингээд би эхнэрийн хамт эмчилгээ хийлгэж яваад ирэхэд 243 номерийн чингэлгийг миний 242 номерын чингэлэгтэй нийлүүлсэн байсан тул би чингэлгээ авах талаар хэлэхэд Х.С би захад төлөх ёстой 242 номерын чингэлгийн өр төлбөрийг төлчихсөн, би захтай газар ашиглах гэрээ хийсэн гээд өгөхгүй байгаа. Би Х.Стай наймаа хийж чингэлгээ зарсан болон миний өрийг төл гэж захын удирдлагуудад хэлж мэдэгдэж байсан удаа байхгүй. Миний өмчлөлийн 242 дугаарын чингэлэг одоо ч миний нэр дээр бүртгэлтэй байдаг, миний зөвшөөрөлгүй Х.Ст Шинэ алтай зах өгөх эрхгүй, чингэлэг шилжүүлэх гэрээнд харилцан тохирч гарын үсэг зурсан зүйл байхгүй. 2019 оны 8 дугаар сарын 21-нд би чингэлгээ авах хүсэлт гаргаснаар маргаан гарсан. Х.С нь миний өмчлөлийн 242 номерийн чингэлгийг миний зөвшөөрөлгүй эвдэлж, өөр чингэлэгтэй нийлүүлснээр миний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулж байна. Хас банкнаас авсан зээлийн барьцаанд энэ 242 дугаарын чингэлэг бүртгэлтэй байдаг тул Х.Ст зарсан ямарч тохиролцоо гэрээ хэлцэл байхгүй. Миний өмчлөлийн чингэлэг 6.000.000 төгрөгний үнэтэй бөгөөд чингэлгийн 50 хувийг эвдэлж, өрөөсөн талыг нь авч, хаалга нугасаар нь салгаж саарал өнгийн чингэлэг байсныг шар болгож будаж өмчлөх эрхийг минь зөрчиж хохирол учируулсан тул миний өмчлөлийн шинэ алтай захад байрлах 242 номерийн чингэлгийг иргэн Х.Сын хууль бус эзэмшилээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Х.Сын нэхэмжлэлтэй Ш.Чад холбогдох Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг, Шинэ-Алтай захын эзэмшлийн газарт байрлах өөрийн өмчлөлийн 242 дугаартай чингэлгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч Ш.Чын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох,

 

Ш.Чын нэхэмжлэлтэй Х.Ст холбогдох “Шинэ-Алтай захад байрлах 242 номерийн чингэлгийг түүний хууль бус эзэмшлээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч Г.Хүэлбаатарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнхбаярт холбогдуулан Говь-Алтай аймгийн Халиун сумын 4-р багт байрлах “Хамар замын өвөлжөө”-г Б.Мөнхбаярын хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Ш.Чад холбогдуулан Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг, Шинэ-Алтай захын эзэмшлийн газарт байрлах өөрийн өмчлөлийн 242 дугаартай чингэлгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч Ш.Чын үйлдэл хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн,

 

Хариуцагч Ш.Ч нь нэхэмжлэгч Х.Ст холбогдуулан “Шинэ-Алтай захад байрлах 242 номерийн чингэлгийг түүний хууль бус эзэмшлээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.С, хариуцагч Ш.Ч нар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах “Шинэ-Алтай” ХХК-ний нэгдсэн зах дээр чингэлэг байрлуулан газар ашигласны төлбөр хураамж төлж бизнес эрхэлдэг болох нь, өөрсдийн эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулдаг 239, 242 номерийн чингэлгийг сольж үйл ажиллагаа явуулж байсан болох нь зохигчдын тайлбар, түрээсийн гэрээ /хх-3-5, 48-51/, “Шинэ-Алтай” ХХК-ний тодорхойлолт /хх-44, 47/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 0225907 дугаартай Ш.Ч, С-ийн О нарыг 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэр болсоныг 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 155-рт бүртгэгэж гэрчилгээ олгов гэсэн гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар Ш.Ч, С.О нар нь гэр бүл болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “...Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн...” заасан бөгөөд 242 дугаар павилон нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болох нь хэрэг байх 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг нотлох баримтаар харагдаж байна.

Иймд 242 дугаартай павилон нь  Ш.Ч өмчлөлийн хөрөнгө мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

              Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “...Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ...” гэж зааснаар Х.Ст уг чинглэгийг эзэмших нь хүсэл зориг байгаа боловч хууль ёсоор мэдэлдээ авах гэсэн шаардлагыг биелүүлээгүй байх тул эзэмшил үүсээгүй байна.

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ маргаан бүхий 242 номерийн чингэлгийг өөрийн эзэмшиж, ашиглаж байсан 239 номерийн чингэлэгтэй сольсоноор талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Тухайн гэрээний зүйл болох 242 дугаартай чингэлэг нь Хас банкны Говь-Алтай салбартай 2018-10-23-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд барьцаа хөрөнгийн жагсаалтын 2 дугаар хавсралтад Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, шинэ алтай зах гудамж 242 тоотын павилон гэж бүртгэгдсэн бөгөөд Зээлийн гэрээний барьцаанд байгаа нь нотлогдож байна. 

 

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.1 дэх хэсэгт “...өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах...” гэж зааснаар 242 дугаар павилонгийг зээлийн гэрээний барьцаанд тавьсан Ш.Ч нь уг барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч 242 дугаар павилонгийн худалдаж авах, үнэ төлбөргүйгээр ашиглах байдлаар хариуцагч Ш.Чад санал тавьж байгаа байдал нь уг павилонийг томруулах, сунгаж үйлчилгээ явуулах зорилготой нь харагдаж байна. хариуцагч Ш.Ч уг байдлыг мэдсээр байж хүлээн зөвшөөрч байгаа нь Банкны өмнө хүлээсэн өөрийн эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлэлгүй Хас банкны Говь-алтай салбарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байна. Уг банк нь зээлдэгч зээлээ төлөөгүй зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээг байгуулжээ.

 

Ш.Ч нь иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй Хас банкны Говь-Алтай салбарын эрхийг зөрчиж байгаа нь зохигчдийн дунд байгуулсан худалдах худалдан авах, түр хугацаанд сольж ашиглах гэсэн хэлцэлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар бүгд хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Өөрөөр хэлбэл Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр барьцаанд байгаа барьцааны зүйлийг зохигчид хэлцэл хийж Ш.Чаас Х.Ст шилжүүлсэн байх байгаа Ш.Ч гэрээгээр хүлээсэн барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүргээ /хэн нэгэн этгээдэд шилжүүлж болохгүй, Биет байдлын доголдолд оруулж болохгүй, эрхийн зөрчилж оруулж болохгүй, өөрчилж болохгүй/ биелүүлээгүй байх тул 242 дугаартай павилонийн өмчлөгч нь Х.Сыг гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэлийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “...Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй...” гэж зааснаар дээрх 239, 242 дугаартай павилон нь буцааж өгөх боломжтой зүйл байна.

 

Хэрэв буцааж авах боломжгүй өөрийнхөө 242 дугаартай павилонгийг засварлана гэж үзэх юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар “...Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж зааснаар гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй байна.  

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар талууд маргааны зүйл болж байгаа павилонуудыг харилцан бие биедээ шилжүүлэн хэрэглэж байхаар тохиролцож байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдсон байна.

 

Хүчин төгөлдөр байгаа зээлийн гэрээний барьцаанд байгаа 242 дугаартай павилонгийг Иргэн Ш.Ч Иргэний хуулийн 157дугаар зүйлийн 157.6.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүйгээр хүчин төгөлдөр бус хэлцэл хийж нэхэмжлэгч Х.Ст шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56.5-д зааснаар тухайн павилонуудыг харилцан солилцох боломжтой байх тул Шинэ-Алтай захад байрлах 242 номерийн чингэлгийг иргэн Х.Сын хууль бус эзэмшлээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 133.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Чад холбогдуулан гаргасан Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг, Шинэ-Алтай захын эзэмшлийн газарт байрлах өөрийн өмчлөлийн 242 дугаартай чингэлгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Х.Сын үндсэн нэхэмжлэлийг,

 

“Шинэ-Алтай захад байрлах 242 номерийн чингэлгийг Х.Сын хууль бус эзэмшлээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Ш.Чын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Ш.Чаас төлсөн 133.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Ц.ҮЙТҮМЭН