Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1041

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

            улсын яллагч Ж.Сувданчимэг,

            иргэдийн төлөөлөгч Д.Золбоо,

            хохирогч **********,

шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** холбогдох эрүүгийн 2308 00000 1206 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ********** дугаар хороо, Дамбадаржаа ****** дугаар гудамж ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ********* дугаар гудамж ***** тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 628 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ***********,*************,*****************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр найз ******, найз бүсгүй *******н нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгааг найз бүсгүйгээ ******** хардсан. Айлгая гэж бодсон боловч санамсаргүй хатгасан. Хийсэн зүйлдээ маш их харамсаж байна. Шаардлагатай бүх эмчилгээний зардлыг төлж байсан...”, хохирогч ******* “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2308 00000 1206 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 20-21 дэх тал), гэрч ********** мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 7909 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь тал), шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал),

 шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 7909 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 37-44 дэх тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 120 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Шүүгдэгч, хохирогч нар нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******** нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******** дугаар гудамж 37 тоотод найз бүсгүй ******, найз ****** нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ ******* ********* хардан маргалдаж, улмаар хайчаар ******** хүзүү хэсэгт нь хатгаж, эрүүл мэндэд нь “хүзүүнд нэвтэрч төвөнх ба цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шарх гэмтэл” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ******* “...2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** дугаар хороо Зүүнбаян-Уул ***** дугаар гудамж ****** тоотод байрлах манай гэрт найз залуу ********* бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Нэлээн сууж байгаад ******** гадаа машин руугаа ороод унтаад өгсөн, найз залуу ******** бид хоёр архи уугаад сууж байтал Энхбаяр намайг найз Мягмардоржтой хардаад элдэв янзаар хэлээд би салъя гээд нэг хэлчихсэн чинь салахгүй гэх мэтээр маргалдаж муудалцаж байгаад гал тогооны шүүгээний шургуулгаас хар, улаан өнгийн иштэй хайч аваад зүүн талын хүзүү хэсэгт 2 удаа хатгачихсан... өөр цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 20-21 дэх тал),

гэрч ******* “...19 цагийн үед... гэрт нь ороход ******гийн найз залуу **** надад би найз охиныхоо хүзүү рүү нь хайчаар хатгачихлаа гээд хэлэхээр нь юу яриад байгаа юм гэж ******.*********** хоёртой шууд гэрээс нь гараад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 7909 дугаартай “...****** биед хүзүүнд нэвтэрч төвөнх ба цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэгудаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2-3 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь тал),

Шүүгдэгч ***** яллагдагчаар өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар гудамж **** тоотод... цуг архи ууж байхдаа найз *************,********** хардаад хэрүүл маргаан үүсгээд маргалдаж муудалцаж байхдаа гал тогооны шүүгээнээс улаан, хар өнгийн иштэй хайч аваад ******** хүзүүний зүүн тал хэсэгт баруун гартаа барьж байсан хайчаар 2 удаа хатгачихсан. ****** хүзүүнээс цус гараад байхаар нь би айгаад сандрахдаа бентээр хүзүүг нь боогоод цусыг нь тогтоогоод сандарсан байдалтай байж байхад ****** гэрээс гараад найз ****** уулзсан бололтой цуг гэрт орж ирсэн... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдуүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

   

        Шүүгдэгч ******** нь хардалтын улмаас маргаан үүсгэж, гал тогооны шургуулганаас хайч аваад ******** хүзүү, хоолой хэсэгт нь хатгасан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүзүүнд нэвтэрч төвөнх ба цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Харин энэ гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд хохирогчийн амин хэсэг буюу хүзүүнд хайчаар хатгаж буй хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, цаашлаад амь насанд аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Хууль тогтоогчоос зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж Эрүүгийн хуульд аутентик тайлбар хийсэн.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хайч нь иж бүрдэл, бүтцийн хувьд ир үзүүртэй, бусдын бие махбодид гэмтэл учруулах боломжтой “зэвсэг” гэж дүгнэн ****** хайч хэрэглэн бусдын эрүүл мэндэд халдаж хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийггэм буруутай гэсэн дүгнэлт гаргасныг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Хохирогч ****** нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байр суурь илэрхийлж байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “...6 жил хорих...”, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн хүнд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ биш бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх шийдвэрлэх эрх олгосон хэм хэмжээ юм.

 

Шүүгдэгчийн найз бүсгүйтэйгээ танилцаад удаагүй хэрнээ хүзүү, хоолой хэсэгт нь хайч хэрэглэн халдаж хүнд хохирол учруулж байгаа үйлдлийн арга нь түүний нийгэмд аюултай зан төлвийн илрэл бөгөөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, мөн өмнө шүүхээр ял шийтгүүлж, ялыг биечлэн эдэлсэн боловч засрал хүмүүжил олж нийгэмшээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, хохирогч “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж заажээ.

 

Сүхбаатар дүүргийн ***** дугаар хороо, Дамбадаржаа **** дугаар гудамжны 880 тоотод оршин суугч, ганц бие эцэг ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдэж, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж ял эдлэх болсон тул түүний 2014 онд төрсөн хүү ********* асран хамгаалах хууль ёсны асран хамгаалагчийг тогтоох, байнгын хяналтдаа байлгах, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой бусад бүхий л асуудлыг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хайчийг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** хүү ******** асран хамгаалагч тогтоох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, эдлэх хорих ялыг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                           М.МӨНХБААТАР